Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/02530

 

2021 оны 11 сарын 09 өдөр               Дугаар 183/ШШ2021/02530              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө-26, Сөүл бизнес төв, 0 давхар 000 тоот хаягт байрлах, А.И ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Туул гол гудамж, 00а байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Б.А /РД:ЧН00000000/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Б.А /РД:ЧН00000000/ нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 9,719,452 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч Б.А анх 2014 оны 11 сарын 14-ний өдөр Хасбанктай 0000000000 дугаартай гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийн жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Уг гэрээнд Б.А нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. 0000000000 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014.11.14-ний өдөр 0000000000-01 дугаартай Баталгаат Ипотекийн гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 70 дугаар гудамж, 27 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 35 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай 602 м.кв газрыг ипотекийн гэрээгээр барьцаалуулсан.

Хасбанк ХХК болон А.ИББСБ ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 00/00-00 тоот Факторингийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Б.А, Б.А нараас шаардах эрхийг А.И ББСБ ХХК шилжүүлэн авсан.

Зээлдэгч нар нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 560,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй. Хасбанк ХХК нь Б.А, Б.А нарыг хариуцагчаар татаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад Засаг даргын тодорхойлолтоор хаягтаа бүртгэлгүй, оршин суудаггүй гэсэн үндэслэлээр 184/ШЗ2016/00000 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Хас банк ХХК нь хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргасан байдаг ба 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж эрэн сурвалжлуулах шийдвэр гарсан. Баянгол дүүргийн Цагдаагийн 2 хэлтэс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Б.А-ийн хаягийг олж тогтоосон талаарх албан бичгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн, Б.А-ийн хаягийг нэхэмжлэгч өөрийн санаачилгаар олж тогтоосон байдаг. А.И ББСБ ХХК нь санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйлчилгээ, факторингийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй. Факторингийн үйлчилгээ үзүүлэгч нь шилжүүлэн авсан зээл дээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож авах эрхтэй байдаг боловч манай байгууллага Б.А, Б.А  нараас зээлийн үндсэн төлбөр 9,719,452 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх мөнгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Хас банк ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.А-той 0000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээ нь өрхийн хэрэглээний зориулалтаар байгуулагдсан байдаг. Тус гэрээний зээлдэгч болох Б.А-ийн төрсөн ах болох Б.А түүний хамтран зээлдэгчээр оролцсон. Зээлийн гэрээний гол нөхцөл нь 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй зээлдүүлэх ердийн нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч Б.А нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, хангайн 70 дугаар гудамж, 27 тоот хаягт байршилтай 35 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, тус тоот хаягт байршилтай газрын хамт барьцаанд тавьж, уг барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу эрх бүхий төрийн байгууллагад бүртгүүлсэн байдаг. Зээлдэгч нарын хувьд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсанд маргаагүй. Манай татгалзлын гол үндэслэл бол зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэхээсээ татгалзах хүсэлтэй байна. Иймд А.И ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Б.А, Б.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,719,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч А.И ББСБ ХХК гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч А.И ББСБ ХХК хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Хас банк ХХК болон хариуцагч Б.А, Б.А нар 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 0000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлэхээр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 0000000000-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 70 дугаар гудамж, 27 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, 35 м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын 00000000000000 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаартай 602 м.кв газрыг ипотекийн гэрээгээр барьцаалуулж, тус тус харилцан тохиролцож зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байна. /хэргийн 11-17 хуудас/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус заасантай нийцсэн, хариуцагч нар зээлийн болон барьцааны гэрээ байгуулсанд, зээлийн гэрээний зүйл 10,000,000 төгрөгийг авсан, гэрээний үлдэгдэл төлбөр 9,719,452 төгрөг болох үйл баримтын талаар тус тус маргаагүй байна.

Хас банк ХХК болон А.И ББСБ ХХК нар 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 16/20-014 дугаартай Факторингийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Б.А, Б.А нарын 0000000000 дугаар зээлийн гэрээний үүрэгт Хас банк ХХК-нд төлөх 9,719,452 төгрөгийн шаардах эрхийг шилжүүлсэн авсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 21-24 хуудас/

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, мөн хуулийн 123.8-д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч А.И ББСБ ХХК нь шаардах эрхийг шилжүүлэн авахдаа хэлцлийг Хас банктай бичгээр байгуулсан байх тул хариуцагч Б.А, Б.А нараас зээлийн гэрээний үүргийг А.И ББСБ ХХК нь шаардах эрхтэй байна

Хариуцагч нар нь Хас банк ХХК-тай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 0000000000 дугаартай зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хас банк ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 0000000000 дугаартай зээлийн гэрээний шаардах эрхээ хэрэгжүүлэхээр хариуцагч нарын хаягийг тогтоолгохоор эрэн сурвалжлуулж байсан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00000 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

Дээрх 181/ШШ2017/00000 дугаар шийдвэрийн дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хариуцагч Б.Аийн оршин суугаа хаягийг тогтоож, хариуцагч Б.А-ийн оршин суугаа хаягийг тогтоогоогүй болох нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 000-0/0000дугаар албан бичгээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, 79.2-д Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж тус тус зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 0000000000 дугаартай зээлийн гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс тасалдсан байна.

Цагдаагийн байгууллага хоёр хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхдээ хариуцагч Б.А-ийн оршин суугаа хаягийг тогтоож, хариуцагч Б.А-ийн оршин суугаа хаягийг тогтоогоогүй байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хэвээр байх бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй байна гэж шүүх дүгнэлээ. Харин нэхэмжлэгч хариуцагч Б.А-ийн оршин суугаа хаягийг өөрөө олж тогтоон шаардах эрхээ хэрэгжүүлсэн байгааг шүүх буруутгах үндэслэлгүй байна. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хэвээр байсан байх ба хариуцагч нарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхээс татгалзсан татгалзал үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд хариуцагч Б.А, Б.А нараас зээлийн гэрээний үүрэгт 9,719,452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123 дугаар зүйлийн 123.8 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.А, Б.А нараас 9,719,452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.И ББСБ ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 170,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 170,462 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.И ББСБ ХХК -нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                       Ц.ОЮУНБИЛЭГ