Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00705

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00705

 

 

 

А.ИББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/02530 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.ИББСБ ХХК-ийн хариуцагч Б.А, Б.А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 9,719,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.ИББСБ ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч Б.А анх 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хас банктай 1700006985 дугаартай гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Уг гэрээнд Б.А нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. 1700006985 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1700006985-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 70 дугаар гудамж, 27 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201034094 дугаартай, 35 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2201024051 дугаартай, 602 м.кв газрыг ипотекийн гэрээгээр барьцаалуулсан. Хас банк болон А.ИББСБ ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 16/20-14 тоот факторингийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Б.А, Б.А нараас шаардах эрхийг А.ИББСБ ХХК шилжүүлэн авсан. Зээлдэгч нар нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 560,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй. Факторингийн үйлчилгээ үзүүлэгч нь шилжүүлэн авсан зээл дээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож авах эрхтэй байдаг боловч манай байгууллага Б.А, Б.А нараас зээлийн үндсэн төлбөр 9,719,452 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.    Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Зээлдэгч нарын хувьд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсанд маргаагүй. Манай татгалзлын гол үндэслэл бол зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэхээсээ татгалзах хүсэлтэй байна. Иймд А.ИББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.А, Б.А нараас 9,719,452 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.ИББСБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 170,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 170,462 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.ИББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлын үндэслэл болсон хөөн хэлэлцэх хугацаанд эрх зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй тул хариуцагч нарын төлөөлөгчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн байна. Хариуцагч нарын хаяг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тодорхой болчихсон, хөөн хэлэлцэх хугацааны тасалдал дуусчихсан байхад Хас банк ХХК, мөн факторингийн гэрээгээр шаардах эрх олж авсан А.ИББСБ нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт зааснаар 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй ба хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иймд хариуцагч нарын зүгээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалздаг. Гэтэл анхан шатны шүүх эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр биелэгдээгүй, нэг хариуцагчийн хаягийг цагдаагийн байгууллага олоогүй тул хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоогүй гэж үзсэн нь ойлгомжгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсгийг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч А.ИББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. А.ИББСБ ХХК нь хариуцагч Б.А, Б.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,719,452 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч А.ИББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Б.А, Б.А нар Хас банк ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1700006985 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр Б.А, Б.А нар 10,000,000 төгрөгийг жилд 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг барагдуулахаар, зээлийн үндсэн төлбөр болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь гэрээний үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж тохиролцсон бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 70 дугаар гудамжны 27 тоот 35 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн дүүрэг, хороо, Овоот 70 дугаар гудамжны 27 тоот 602 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалжээ. /хх 11-18/

5. Зээлдүүлэгч Хас банк ХХК болон нэхэмжлэгч А.ИББСБ ХХК 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 16/20-014 дугаартай факторингийн гэрээ байгуулж, гэрээгээр А.ИББСБ ХХК дээрх зээлийн болон барьцааны гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсан, зээлдэгч нар 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш төлбөр хийгээгүй, энэ хугацаанд 560,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө нэхэмжилжээ.

6. Анхан шатны шүүх Хас банк ХХК болон хариуцагч нарын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл, нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалтыг зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж зохицуулжээ.

8. Зээлдэгч нар зээл авсан талаар маргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж гомдол гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч Хас банк ХХК хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШЗ2016/07191 дүгээр захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, зээлдүүлэгч хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/01219 дүгээр шийдвэрээр хариуцагч нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага хариуцагч нарыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж хариуцагч Б.Аийн хаягийг олж тогтоон 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 303-5/2136 дугаар албан бичгээр шүүхэд мэдэгджээ. /хх-70, 97, 99-100/

9. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тул Хас банк ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, цагдаагийн байгууллага хариуцагч Б.Аийн хаягийг олж тогтоосон боловч хариуцагч Б.Аийн хаягийг тогтоогоогүй тул хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсоогүй, энэ үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

10. Зээлдэгч нар үндсэн зээл 9,719,452 төгрөгийн төлбөртэй талаархи нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

11. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

12. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/02530 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.А, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 170,461 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД  Ц.ИЧИНХОРЛОО

  

Д.БЯМБАСҮРЭН