Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/02479

 

 2021 оны 11 сарын 02 өдөр           Дугаар 183/ШШ2021/02479            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу-22, Тэкко ХХК байр, 0000 тоотод байрлах, НФ ББСБ ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 00 дугаар байр, 000 тоотод оршин суух, Б овогт Д.Р /РД:УС00000000/;

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо 6-р хороолол, 00-00 тоотод байрлах, Д-И ХХК /РД:0000000/;

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 501-0000 тоотод оршин суух, Г-М овогт Л.Ц /РД:ЧД00000000/ нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 472,144,466.04 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон баталгааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А, хариуцагч Д.Рболон Д-И ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч НФ ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Д.Р болон Л.Ц, Х.Х нар нь 2018.11.05-ны өдөр үл хөдлөх хөрөнгө барьцаалж, 200,000,000 төгрөг зээлэх хүсэлт тавьсан бөгөөд Д.Р нь зээлийн гэрээ байгуулсан. Д.Р-гээс нийт 420,518,534.53 төгрөг болон зээлийн гэрээний 5.2.9-д холбогдох зардлыг хариуцах үүргийн дагуу өмгөөлөгчийн ажлын хөлс, 3,000,000 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг нийт 423,539,534.53 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Зээлдэгч Д.Р нь 2018.11.06-ны өдөр №004, 004/А, 004/Б тоот зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлж, Худалдаа хөгжлийн банкны 000000000 дугаар дансаар 2018.11.07-ны өдөр 200,000,000 төгрөгийг хүлээж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2019.11.06-ны өдөр дууссан, тохиролцсон хугацаанд ямар ч төлбөр хийгдэхгүй, янз бүрийн шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар байсан тул гэрээний үүргийг шаардаж шүүхэд хандсан боловч шүүгчийн 2020.07.03-ны өдрийн 183/Ш32020/09857 дугаар захирамж гарч, түүнийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.03-ны өдрийн 181/ШШ2020/00000 дугаар шийдвэрээр Д.Р-г эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн.

Барьцааны гэрээний үүргийн тухайд: Л.Ц нь нөхөр Х.Хболон Д.Рнарын хамтаар зээл хүссэн өргөдөл гаргаж байсан ба уг зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй нөхцөлд өөрийн амьдардаг ХУД-ийн 11 -р хороо Тайм скуэр/17012/ 501 дугаар байрны 0000 тоот 3 өрөө 115 м.кв талбай бүхий орон сууц болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2018.11.06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээг байгуулахад охин Х.Хатанзаяагийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц, Х.Хнар гарын үсэг зурж, уг хэлцлийг хүлээн зөвшөөрснөө бичгээр илэрхийлсэн. Л.Ц нь зээлдэгч Д.Р нь зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй нөхцөлд 2018.11.06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ"-ний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тохиролцсон бөгөөд энэхүү гэрээний нөхцөл бий болсон тухай мэдэгдэж, шаардаж байсан төдийгүй түүнийг төлөөлөн нөхөр Х.Хнь биеэр ирж уулзаж байсан. 2018.11.06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний дагуу Л.Ц-ээс гэрээний үүрэг буюу зээлдэгчийн биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байна.

Иймд Д.Р-гээс зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 202,980,821.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,576,162.61 төгрөг, нийт 440,556,984.53 төгрөгөөс хариуцагч Д.Р 20,038,450 төгрөгийг төлснийг хасаад 420,518,534.53 төгрөг дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хүү 40,504,109.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,100,821.92 төгрөг нийт 469,123,466.04 төгрөгийн үүргээ биелүүлээгүйгээс гарах ёсгүй зардалд өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг нийт 472,144,466.04 төгрөгийг гаргуулахаар, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр барьцаа болон баталгааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шийдвэрлэж өгнө үү... гэв.

Хариуцагч Д.Р болон Д-И ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.П нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Д.Р нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр НФ ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авсан. Гэрээний хугацаанд нийт 20,038,450 төгрөгийг зээлийн хүүд тооцон төлсөн бөгөөд бизнесийн үйл ажиллагааны доголдол, бусад шалтгааны улмаас зээлийг хуваарьт хугацаанд эргэн төлөх боломжгүй байдалд хүрсэн. Энэ талаараа НФ ББСБ ХХК-ийн захирал Г-ой удаа дараа уулзаж, ярилцаж байсан бөгөөд энэ нөхцөл байдлын талаар мэдэж байсан болно. 2020 оны 12 сард зээлийн төлбөрт Баянзүрх дүүргийн Нарантуул захын ард байрлах шинээр баригдсан 1 өрөө байр, 2 өрөө шинэ байруудыг гарашийн хамт зээлийн төлбөрт өгөхөөр тохиролцож, нэхэмжлэгчийн зүгээс уг байруудыг очиж үзэж байсан боловч хэсэг хугацааны дараа авах боломжгүй талаар мэдэгдсэн. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дугаар сарын 06-ны өдөр дууссан боловч манай зүгээс зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхгүй боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй ч энэ нь нэхэмжлэгчийн шударга бус үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах ёстой. Хэдийгээр хариуцагч ийнхүү уг хугацаандаа зээлийг төлөөгүй байхад нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцож үндсэн зээлийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилсэн нь угтаа 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс хойш төлөгдөөгүй байсан зээлийн төлөх дүнг их хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан. Тодруулбал, хариуцагч Р нь зээлийн гэрээнд зааснаар 200,000,000 төгрөгийг, хүүгийн хамт 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ зөрчиж 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байтал нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.2-т заасан зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс улбаалан нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, тийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус байна. Нөгөө талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувь /3,5х20%=0.7/-иас хэтрүүлэхгүйгээр гэрээнд тохирох ёстой байхад талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2.5-д ...нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа төлөөгүй зээл, үндсэн өрийн үлдэгдлээс тооцно... гэж заасан нь нэмэгдүүлсэн хүүг тохирохдоо хууль бус аргыг хэрэглэсэн байх тул энэ талаар тохиролцоогүй, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэх үндэслэлтэй. Зээлийг Д-И ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан бөгөөд ковидын улмаас Хятад ажилчдыг Монгол улсад оруулж ирүүлж чадаагүйгээс буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас компанийн үйл ажиллагаа доголдож, зогсонги байдалд орж төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй. Зээлийн гэрээ байгуулсанд маргахгүй, гэрээний төлбөрт үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүүд 37,226,479 төгрөг, нийт 237,226,479 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Д-И ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд зориулж уг зээлийг авсан тул баталгааны гэрээний дагуу шаардсан шаардлагыг зөвшөөрч байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд байдлын гэрчилгээ авахад өндөр төлбөртэй байсан тул авч чадаагүй, давагдашгүй хүнд байдал нь нийтэд илэрхий үйл баримт байсан тул заавал гэрчилгээ авах шаардлагагүй. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хэт өндөр давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлийн төлбөрийг төлөөгүй, хэт өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь шударга ёсонд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн зарим зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шаардах эрхийн хугацааг нягтлан үзэж, шийдвэрлэж өгнө үү... гэв.

Хариуцагч Л.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Л.Ц миний хувьд дээрх зээлийг яг өөрийн хувийн хэрэгцээнд болон бизнест зарцуулаагүй. Улсын төсвөөр Томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн гэж надад болон манай гэр бүлийн хүнд ойлгуулсан Д.Р-гийн хүсэлт, бусад нөхцөл байдлыг ойлгож, дэмжиж өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанд тавьсан. Тус орон сууцанд би, нөхөр насанд хүрээгүй бага насны охины хамт амьдардаг. Зээлийн гэрээнд охин Хатанзаяаг хамтран зээлдэгчээр нэрийг оруулан гэрээг байгуулсан нь иргэний эрхзүйн бүрэн чадамжгүй этгээдтэй гэрээ байгуулсан гэж үзэж болохоор байгаа бөгөөд цаашид хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг дээрх гэрээгээр хязгаарлахад чиглэгдэж байна. Охин Х.Х-д орон сууцыг зээлийн барьцаанд тавих талаар бид огт мэдэгдээгүй. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхээс шийдсэн нөхцөлд Хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж, Олон улсын конвенцуудыг ноцтой зөрчихөөр байна. Х.Хатанзаяаг гэрээний нэг тал болгож барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь хүүхдийг амьжиргааны наад захын хэрэгцээнээс хагацуулахаар байгаа тул барьцааны зүйлээр үүргийг хангуулах нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин хариуцагч Д.Р-гээс зээлдэгч тал цар тахлын буюу давагдашгүй хүчин зүйлийн хугацааны хүүг, нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцож шаардлага гаргах нь зүйд нийцэх юм. Зээлийн болон Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний аль, алинд давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлийг тусгаагүй нь гэрээнд зээлдэгч хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Тус ББСБ-аас зээл авсан Д.Р-гээс бизнес нь дэлхий дахинд үүссэн Цар тахлын шууд нөлөөллийн улмаас доголдон үйл ажиллагаа нь зогссоноос үүдэн зээлээ төлөх боломжгүй болоод байна гэж надад тайлбарлаж байгаа болно. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 00/000тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр Лэлминерал ХХК нь бусад этгээдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон. Энэ компани нь хариуцагч Д.Р-гийн компани бөгөөд нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөөр энэ компанийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн, улмаар энэ компаниас олох орлогоос зээлийг төлөхөөр төлөвлөж байсан. Иймд 2020-01-31-ний өдрийн ЗГ-ын хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай 39-р тогтоолын 1.1 дэх заалт Монгол улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж буй гуравдагч орны иргэн, харьяалалгүй хүнийг 2020-12-31 -ний өдөр хүртэл хугацаанд Монгол улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосугай гэсэн зохицуулалтаас эхлэн зээлийн үндсэн болон нэмэгдэл хүүг хасаж зээлийг нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага зээлийг мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэн эсхүл шууд барьцааны зүйлээр хангуулахаар нэхэмжилсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг, хүүхдийн жам ёсны эрхийг хязгаарлах байдлаар байгуулсан барьцааны гэрээг үндэслэн шаардсан барьцаагаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч НФ ББСБ ХХК нь хариуцагч Д.Р-, Д-ИХХК, Л.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 472,144,466.04 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон баталгааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

Нэхэмжлэгч НФ ББСБ ХХК нь хариуцагч Д.Р-д холбогдуулан

1. 2018 оны 11 дугаар сарын 06-ны өдөр 004 дугаар зээлийн гэрээний үндсэн үүрэгт 200,000,000 төгрөг, хүү 202,980,821.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,576,162.61 төгрөг нэхэмжилснээс хариуцагчийн төлсөн төлбөр 20,038,450 төгрөгийг хасаж үлдэх 420,518,534 төгрөг дээр гарах ёсгүй зардалд өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг нийт 423,539,534.53 төгрөгийг гаргуулахаар,

Хариуцагч Д-ИХХК, Л.Ц нарт холбогдуулан

2. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 004/Б дугаартай баталгааны гэрээний дагуу Д-ИХХК-иар үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

3. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 004/А дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон 501 байр 0000 тоотод байрлах, улсын эрхийн Ү-0000000000 дугаартай, 115 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулж өгчээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 004 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 243,484,931.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,676,984.53 төгрөг, нийт 489,161,916 төгрөгөөс хариуцагчийн төлсөн төлбөр 20,038,450 төгрөгийг хасаж үлдэх 469,123,466 төгрөг дээр гарах ёсгүй зардалд өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг ба нэхэмжлэлийн шаардлагаа 48,604,932 төгрөгөөр ихэсгэж, нийт 472,144,466.04 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. /хэргийн 81 хуудас/

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Хариуцагч Д.Р нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 004 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээгээр НФ ББСБ ХХК нь 200,000,000 төгрөгийг бизнесийн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зориулалтаар, сарын 3,5 хувь, жилийн 42 хувийн хүүтэй, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 1 жил буюу 12 сарын хугацаатай зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хэргийн 12-14 хуудас/

Шүүх дээрх зээлийн гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэж, зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс НФ ББСБ ХХК нь дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Р-гийн Худалдаа хөгжлийн банк дах 000000000 тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хэргийн 15 хуудас/

Гэрээ байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш хариуцагч Д.Р 20,038,450 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн графикийг хариуцагч Д.Р зөрчиж, төлбөр төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэг, зардалд нийт 472,144,466.04 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг нэхэмжлэгч гаргасан ба зээлийн гэрээ байгуулсан, гэрээний зүйл 200,000,000 төгрөгийг авсан, гэрээний төлбөрт төлөгдсөн үнийн дүн, зээл тооцооллын асуудлаар тайлбар гаргаж Зохигчид маргаангүй байна.

Харин хариуцагч Д.Р нь зээлийг Д-И ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж бизнесийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар зээл авсан, ковидын улмаас Хятад ажилчдыг Монгол улсад оруулж ирүүлж чадаагүйгээс үйлдвэрийн ажил зогсонги байдалд орсон. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас компанийн үйл ажиллагаа доголдож, зогсонги байдалд орж төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд байдлын гэрчилгээ авахад өндөр төлбөртэй байсан тул авч чадаагүй, давагдашгүй нөхцөл байдал нь нийтэд илэрхий үйл баримт байсан тул заавал гэрчилгээ авах шаардлагагүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч НФ ББСБ ХХК нь 004 дугаар зээлийг Д-И ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж бизнесийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар хариуцагч Д.Р-д олгосонд маргахгүй. Хариуцагч нь Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд байдлын гэрчилгээ аваагүй тул хариуцагч Д.Р-гийн татгалзлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримтад хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Хятад, Сингапур, Тайланд, Америкийн нэгдсэн улс гэх мэт 213 улсад халдвар бүртгэгдсэн тухай, Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ковид-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар Шадар сайд, Улсын онцгой байдлын дарга Ө.Э мэдээлж байжээ.

Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ковид-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс улбаалан хатуу хөл хорио, хилийн боомтуудын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд уг давагдашгүй хүчин зүйлийн улмаас хариуцагч Д.Р зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас бүхэлдээ болоогүй байна гэж шүүх үзэж 2020 оны 7 дугаар сараас 07-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны нийт 115,520,454 төгрөгийн зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Зохигчдын хооронд байгуулсан 004 дугаар зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд хариуцагч Д.Р төлөөгүй, үүргийн зөрчил гаргасан байх тул үндсэн зээл 200,000,000 төгрөг, 2018.12.07-ны өдрөөс 2020.06.07-ны өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 156,603,011.94 төгрөгийг хариуцагч Д.Р-гээс шаардсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.3-т заасныг зөрчөөгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт нийт 356,603,011.94 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. /хэргийн 16 хуудас/

Иргэний хуулийн 219 дүгээр 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байх тул нотариатын зардалд гарсан 21,000 төгрөгийг хариуцагч Д.Р-гээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. Харин өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрх нь нэхэмжлэгч байгууллагын эрх тул гарах ёсгүй зардал гэж шүүх үзэхгүй бөгөөд өмгөөлөгчийн ажлын хөлсөнд шаардсан 3,000,000 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч Д-И ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Дамба овогтой Рагчаахүү мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 66 хуудас/

Д-И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пагамдулам 004 дугаар зээлийн гэрээний дагуу авсан зээлийг Д-И ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж бизнесийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зориулалтаар авсан тул баталгааны гэрээний дагуу төлбөрийг төлөх шаардлагын талаар Д-ИХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй байна.

НФ ББСБ ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 004/Б дугаартай Баталгааны гэрээг Д-И ХХК-тай Иргэний хуулийн 234 дугаар зүйлийг үндэслэн байгуулжээ. Шүүхээс банк, банк бус санхүүгийн байгууллага нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасан агуулгаар банкны баталгааны гэрээ байгуулсан эсэхийг тодруулахад нэхэмжлэгч Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан баталгааны гэрээний зохицуулалтад заасан агуулгаар баталгааны гэрээг Д-ИХХК-тай байгуулсан гэж шүүхэд тайлбарлаж байна. Банк, банк бус санхүүгийн байгууллага нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан агуулгаар баталгааны гэрээ байгуулах эрх нь хуульд зааснаар нээлттэй байх бөгөөд талуудын хооронд байгуулсан баталгааны гэрээ Иргэний хуулийн 234.1, 234.2-т заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Иймээс Д-И ХХК-иас баталгааны гэрээний дагуу 004 дугаар зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул баталгааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх 004 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон 501 байр 0000 тоотод байрлах, улсын эрхийн Ү-0000000000 дугаартай, 115 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалж, НФ ББСБ ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал М.О, эдийн засагч Б.О-Э барьцаалуулагчийг төлөөлж Л.Ц, Х.Х-г төлөөлж түүний эх, эцэг нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 004/А дугаартай барьцааны гэрээнд гарын үсэг зурж, гэрээг барьцаалбарт бүртгүүлж, баталгаажуулсан хүчин төгөлдөр барьцааны гэрээ байна. /хэргийн 19-22 хуудас /

Уг 004/А дугаартай барьцааны гэрээний үл хөдлөх хөрөнгө нь Х. Х/РД:УТ00000000/, Л. Ц /РД:ЧД00000000/ нарын өмч болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хэргийн 21 хуудас/

Х.Х нь 2010 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн байх бөгөөд Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д 7-гоос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д эрх зүйн чадамжгүй хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж зааснаар Х.Х-гийн эх Л.Ц болох нь хариуцагч Л.Ц-ийн тайлбар, Х.Х-ын зээл хүсэх тухай харилцагчийн өргөдөл зэргээр тус тус тогтоогдож байх тул хариуцагч Л.Ц нь Х.Х-г төлөөлөн хариу тайлбар, татгалзлаа ирүүлсэн нь хуульд нийцжээ.

Мөн хуулийн 17.2-т 7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ гэж заажээ. Нэхэмжлэгч НФ ББСБ ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 004/А дугаартай барьцааны гэрээг байгуулахдаа насанд хүрээгүй Х.Хатанзаяаг төлөөлөн түүний эцэг, эхээс нь зөвшөөрөл авч, тэдгээр нь барьцааны гэрээнд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 17.2-д заасантай нийцсэн байна

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Д.Р-гээс нийт 356,624,012 төгрөг (356,603,011.94+21,000)-ийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Р356,624,012 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол баталгааны гэрээний дагуу Д-ИХХК-иас 356,624,012 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн нэхэмжлэгч Д.Р356,624,012 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон 501 байр 0000 тоотод байрлах, улсын эрхийн Ү-0000000000 дугаартай, 115 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115,520,454 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1., 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 115,520,454 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Р-гээс нийт 356,624,012 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НФ ББСБ ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4. дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Р шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд баталгааны гэрээний дагуу Д-ИХХК-иас 356,624,012 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Д.Р шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон 501 байр 0000 тоотод байрлах, улсын эрхийн Ү-0000000000 дугаартай, 115 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,676,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Р-гээс улсын тэмдэгтийн хураамжид 1,941,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                       Ц.ОЮУНБИЛЭГ