Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00450

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00451

 

МАГАДЛАЛ022.03.

 

Н- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/02479 дугаар шийдвэртэй, Н- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д- ХХК болон О.Н, П.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 472,144,466.04 төгрөг гаргуулах, барьцаа болон баталгааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пагмадулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

П.О 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлж 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дууссан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01974 дугаар шийдвэрээр П.Ог эрэн сурвалжилсан. О.Н, Х.Хулганбаатар, П.О нар хамт зээл хүссэн өргөдөл гаргаж байсан ба уг зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скуэр 501 дугаар байр, 1103 тоот хаягт байрлах, 3 өрөө 115 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг байгуулахад охин Х.Хатанзаяагийн хууль ёсны төлөөлөгч О.Н, Х.Хулганбаатар нар гарын үсэг зурсан. Иймд П.Огээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 202,980,821.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,576,162.61 төгрөг, нийт 440,556,984.53 төгрөг төлөхөөс түүний төлсөн 20,038,450 төгрөгийг хасч 420,518,534.53 төгрөг анх нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хүү 40,504,109.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,100,821.92 төгрөг, нийт 469,123,466.04 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг, бүгд 472,144,466.04 төгрөгийг гаргуулна. Зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа болон баталгааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Д- ХХК болон П.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

П.О нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Н- ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаанд нийт 20,038,450 төгрөгийг зээлийн хүүд төлсөн. Бизнесийн үйл ажиллагааны доголдол, бусад шалтгааны улмаас зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх боломжгүй талаар Н- ХХК-ийн захиралтай уулзсан. 2020 оны 12 дугаар сард зээлийн төлбөрт Баянзүрх дүүргийн Нарантуул захын ард байрлах 1 болон 2 өрөө шинэ орон сууцыг гараашийн хамт зээлийн төлбөрт өгөхөөр тохиролцсон боловч хэсэг хугацааны дараа авах боломжгүй талаар мэдэгдсэн. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дууссан боловч нэхэмжлэгчийн шударга бус үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах ёстой. Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцож үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилсэн нь угтаа 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш төлөгдөөгүй байсан зээлийн төлөх дүнг их хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн байна. Зээлийн гэрээний 6.1.1, 10.2-т заасан зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр гэрээнд заах ёстой. Гэтэл зээлийн гэрээний 2.2.5-д ...нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа төлөөгүй зээл, үндсэн өрийн үлдэгдлээс тооцно... гэж заасан тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

Доргио-Интернэйшнл ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан бөгөөд Корона вируст халдварын улмаас Хятад ажилчдыг Монгол улсад оруулж ирүүлж чадаагүйгээс компанийн үйл ажиллагаа доголдож зээлийн төлбөрийг төлж чадаагүй. Үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүүд 37,226,479 төгрөг, нийт 237,226,479 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд байдлын гэрчилгээ авахад өндөр төлбөртэй байсан тул Доргио-Интернэйшнл ХХК нь авч чадаагүй гэжээ.

 

3. Хариуцагч О.Нийн тайлбар, татгалзлын агуулга:

Зээлийн гэрээгээр авсан мөнгөн хөрөнгийг захиран зарцуулаагүй. П.Огийн хүсэлтээр орон сууцыг барьцаанд тавьсан. Зээлийн гэрээнд охин Х.Хатанзаяаг хамтран зээлдэгчээр нэрийг оруулан гэрээг байгуулсан. Х.Хатанзаяад орон сууцыг зээлийн барьцаанд тавих талаар мэдэгдээгүй. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд Хүүхдийн эрхийн тухай хууль, Олон улсын конвенцуудыг ноцтой зөрчихөөр байна. Барьцааны зүйлээр үүргийг хангуулах нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин цар тахлын буюу давагдашгүй хүчин зүйлийг харгалзан хүүг, нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцож шаардлагатай. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 02/522 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр Лэлминерал ХХК нь бусад этгээдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нь тогтоогдсон. Энэ компани нь П.Огийн компани бөгөөд нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөөр энэ компанийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн. Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаар Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай тогтоолоор Монгол улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж буй гуравдагч орны иргэн, харьяалалгүй хүнийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон. Нэхэмжлэлийн шаардлага зээлийг мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэн эсхүл шууд барьцааны зүйлээр хангуулахаар нэхэмжилсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй болон хүүхдийн эрхийг хязгаарласан барьцааны гэрээ байгуулсныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 115,520,454 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч П.Огээс нийт 356,624,012 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н- ХХК-д олгож, Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.О шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд баталгааны гэрээний дагуу Доргио-Интернэйшнл ХХК-аас 356,624,012 төгрөгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч П.О шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон 501 байр, 1103 тоотод байрлах, улсын эрхийн Ү-2206058114 дугаартай, 115 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,676,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Огээс улсын тэмдэгтийн хураамжид 1,941,070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч П.Огийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. П.О нь Нэшнл финанс ББСБ ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаанд нийт 20,038,360 төгрөгийг зээлийн хүүд төлсөн. Бизнесийн үйл ажиллагааны доголдол, бусад шалтгааны улмаас зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болсон талаар Н- ХХК-д мэдэгдсэн. Тодруулбал, нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээг сунгаагүй, зөвхөн гэрээний үүрэгт тохиролцсон хүүг төлөхөөр маргасан байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, мөн хуулийн 221 дүгээр зүйлд Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээ дуусгавар болгож болно гэж, мөн хуулийн 221.2 дахь хэсэгт Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж, Иргэний хуулийн 220 дугаар зүйлд Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан.

Зээлдэгч нь зээлдүүлэгч талд хандан зээлийн гэрээг цуцлах хүсэлтээ илэрхийлж байсан бөгөөд хугацаа хэтрүүлсэн шалтгаан нь Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоон, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн үйл ажиллагаанд хязгаарлалт хийснээс болсон.

Хариуцагч гэрээ цуцлах талаар мэдэгдсэн байхад нэхэмжлэгч өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжтой эсэх талаар арга хэмжээ аваагүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй.

П.О нь зээлийн гэрээнд зааснаар 200,000,000 төгрөгийг, хүүгийн хамт 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ зөрчиж 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байтал нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 6.1.1, 10.2-т заасан зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн.

Иймд гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүүг шаардах эрхгүй. Зээлийн төлбөрт үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүүд 37,226,479 төгрөг, нийт 237,226,479 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 356,603,011.94 төгрөгөөс 237,226,479 төгрөгийн төлбөрийг хангаж, 119,376,532.94 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлээр татгалзал гэрээ дуусгавар болгох асуудлаар дүгнэж үзсэнгүй. Зээлийн хүүг дүгнэж үзсэнгүй мөн хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байсан гээд энэ хэрэг маргаанд ямар ч хамаагүй, гэрээнд ч хамаагүй өөр компанийн арбитраар тогтоогдсон баримтыг үндэслэж гомдол гаргаад байгаа. Энийг зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрүүдээр хариуцагчийг олсон баримт байгаа. Хугацаа сунгасан сунгуулаагүй дээр маргаан байхгүй зөвхөн үндсэн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүүний тооцоо байгаа. Бид 50 хувиас алданги нэхэмжлэхээ больсон гэж давж заалдах шатны гомдолдоо бичсэн. Хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарлаад байгаа тэр нь үнэн бол баримтаар нотлогдох ёстой. Бар, ресторан, аялал жуулчлал хил хаагдахтай холбоотой гэх ийм үйл ажиллагаа шиг яваагүй байсан бол бид ойлгоно. Гэтэл энэ ямар ч хамааралгүй зөвхөн өөр компанийн баримтыг оруулж ирж ярианы түвшинд тайлбар хэлдэг. Хариуцагчаас эвлэрэх нөхцөл байдлын талаар яригддаг. Хариуцагчийг бид хугацаа хожих нөхцөл байдалтай өнөөдрийг хүртэл явж байгаа гэж үзэж байна. Иймд гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байгаа гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Уг шийдвэрийн 115,520,454 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дүгнэлт, үндэслэл болон 57,760,227 төгрөгт холбогдох хэсэгт гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаас гадна хэргийн оролцогч хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, шудрага ёсны зарчимд нийцээгүй. Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн. Шүүх хуралдааны явцад хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэсэгт холбогдуулан тайлбар гаргах боломж олгоогүй. Хариуцагчийн татгалзлын үндэслэл нотлох баримтгүй байхад шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь заалтыг хэрэглэж, хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд орсон нь буруугүй гэж дүгнэж 115,520,454 төгрөгийг нэхэмжлэгч шаардахгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч 2020 оны 03 дугаар сарын 10-наас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны үүргийг хариуцахгүй гэж дүгнэсэн нь буруу.

Шүүх дээрх цаг хугацааны эрсдэлийг талуудад адил хэмжээгээр тооцож дүгнэх байсан. Шүүхээс хариуцагчийг буруугүй гэж үзэж байгаа цаг хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай холбоо барих арга хэмжээ авч байсан, хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаар нэхэмжлэгч хандаж эрэн сурвалжлуулж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Манай зүгээс зээлийн хүүгийн 50 хувийг гаргаж өгөхгүй. П.О олдохгүй эрэн сурвалжлагдах хүн биш, цагдаад мэдэгдэж олсон гэж шүүхэд буруу тайлбарласан. Монгол улсад их хөрөнгө оруулалт хийж байгаа компанийг Д.Ганболд сайн мэдэж байгаа. Иймд нэг талыг барьсан ийм асуудал ярьж болохгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тогтоогдсон үйл баримтын талаар

1.а. Нэхэмжлэгч Н- ХХК нь хариуцагч Д- ХХК, О.Н, П.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 200,000,000 төгрөг, зээлийн хүү 243,484,931.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,676,984.53 төгрөг, нийт 489,161,916.04 төгрөгөөс төлсөн 20,038,450 төгрөг хасаж 469,123,466 төгрөг, хохиролд өмгөөлөгчийн хөлс, нотариатын зардал 3,021,000 төгрөг, бүгд 472,144,466 төгрөг гаргуулах, барьцаа болон баталгааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 237,226,479 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

1.б. Н- ХХК болон П.О нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 004 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч Н- ХХК нь зээлдэгч П.Од 200,000,000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч нь 200,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сарын 3,5 хувийн хүүгийн хамт гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. (хх-ийн 12-14)

 

1.в. Зээлдүүлэгч Нэшнлфинанс ХХК нь зээлийн гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг зээлдэгч П.Од 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлэн өгсөн болох нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дотоод шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байна. (хх-ийн 15)

 

1.г. Зээлдэгч П.О 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн, улмаар зээлдүүлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 019/025 дугаар шаардах хуудсаар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөгдөөгүй байгаа зээлийн төлбөр 269,180,546 төгрөгийг бүрэн төлөхийг мэдэгдсэн, мөн Н- ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.О, О.Н нарыг тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/01974 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилсан байна. (хх-ийн 26-27, 55)

 

1.д. Хариуцагч П.О нь зээлийн гэрээний хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүүд 57,264,838 төгрөг төлөхөөр тохиролцсоноос 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 6,904,200 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 7,134,250 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 20,038,450 төгрөг төлж, гэрээний хугацаанд төлөх зээлийн хүү 37,226,388 төгрөгийг төлөөгүй үйл баримтын талаар зохигчид маргаангүй болно. (хх-ийн 14х)

 

1.е. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан ба гэрээний 2.3-т зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү сарын 3.5 хувь, жилийн 42 хувь байна гэж хэтэрсэн хугацааны хүүгийн талаар тохиролцсон нь хуульд нийцсэн байна.

 

Мөн гэрээний 2.5-д Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний байна. Нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа төлөгдөөгүй зээл, үндсэн өрийн үлдэгдлээс тооцно... гэж тус тус талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн тул хариуцагч нар нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний тооцоолол дээр ямар нэгэн маргаан байна уу гэсэн даргалагчийн асуултад байхгүй гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. (хх-ийн 124)

 

Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцож зээл, гэрээний хугацаан дахь зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын талаар

2.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

2.б. Хариуцагч тал ....Корона вируст халдварын улмаас Хятад ажилчдыг Монгол улсад оруулж ирүүлж чадаагүйгээс компанийн үйл ажиллагаа доголдож зээлийн төлбөрийг төлж чадаагүй..... гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар, татгалзалтай холбоотой ямар нэгэн нотлох баримт гаргаж ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж чадаагүй байна.

 

Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ковид-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс улбаалан хатуу хөл хорио тогтоож, хилийн боомтуудын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан нь нийтэд илэрхий үйл баримт мөн боловч уг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд хариуцагчийн ямар төрлийн бизнесийн үйл ажиллагаа хэрхэн өртсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

2.в. Мөн хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг Д- ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх байдлыг, зээлийн гэрээг цуцлах, өөрчлөлт оруулах талаар зээлдүүлэгчид хүсэлт гаргаж, мэдэгдэж байсан гэх байдлыг нотолсон баримтаа гаргаж өгөөгүй байна.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэл

3.а.Хариуцагч П.О нь 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргийг зөрчсөн буюу зээлийн гэрээний үүргийн зөрчлийг Ковид-19 халдварын тархалтаас өмнө гаргасан, түүнчлэн, хариу тайлбар, татгалзлаа нотлоогүй байхад анхан шатны шүүх давагдашгүй хүчин зүйлийн улмаас хариуцагч нь зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд нийт 115,520,454 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

 

3.б. Нэхэмжлэгч Н- ХХК нь хариуцагч Д- ХХК, О.Н, П.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 200,000,000 төгрөг, зээлийн хүү 243,484,931.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,676,984.53 төгрөг, нийт 489,161,916.04 төгрөгөөс төлсөн 20,038,450 төгрөг хасаж 469,123,466 төгрөг шаардсан байх боловч зээл 200,000,000 төгрөг, зээлийн гэрээний хугацааны хүү 37,226,388 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү /2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр 1 жил, 10 сар, 23 хоног/ 159,366,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,919,999 төгрөг нийт 428,513,053 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

3.в. Гэвч нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмжээ 57,760,227 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан тул давж заалдах гомдлын хэмжээгээр хязгаарлах нь талуудын зарчимд нийцнэ. Иймд хариуцагч нараас 414,384,239 төгрөгийг /356,624,012 + 57,760,227/ хариуцагч нараас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Н- ХХК нь хариуцагч П.О зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүйтэй холбоотой нотариатын зардалд төлсөн 21,000 төгрөгийг хохиролд тооцож, өмгөөлөгчийн ажлын хөлс 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

4. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг зээлдүүлэгч Н- ХХК болон О.Н, Х.Хатанзаяа нарын хооронд байгуулж Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр (17012) 501 дугаар байр, 1103 тоот хаягт байрлах Х.Хатанзаяа, О.Н нарын өмчлөлийн 115 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг барьцаалжээ. (хх-ийн 19-20)

 

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Энэ талаар талууд давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

5. Н- ХХК болон Доргио-Интерэйшнл ХХК-ийн хооронд баталгааны гэрээг байгуулж П.Огийн зээлийн гэрээний үүргийг хангахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэж зааснаас үзэхэд зээлдэгч П.О нь Н- ХХК-аас авсан зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон тохиолдолд баталгаа гаргагч нь уг төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын талаар

6.а.Зээлийн гэрээний зөрчил үүссэн байхад зээлдүүлэгч гэрээг цуцлаагүйгээс зээлдэгчийн төлөх төлбөр нэмэгдсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэгч гэрээний хугацаа өнгөрснөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь зээлдэгчийг гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөхгүй, нэхэмжлэлийг багасгах эрх зүйн үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дэх хэсэгт заасан зарчмыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

6.б. Түүнчлэн гэрээ цуцлах талаар мэдэгдэж байсан, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулахыг зээлдүүлэгчээс шаардаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 220 дугаар зүйлийн 220.4, 221 дүгээр зүйлийн 221.2 дах хэсэгт заасан зохицуулалтыг шүүх хэрэглээгүй гэсэн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/02479 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч П.Огээс 414,384,239 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н- ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 57,739,227 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ... 356,624,012... гэснийг ... 414,384,239 ... гэж

4 дэх заалтын ... 1,941,070... гэснийг ... 2,229,976... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 446,760 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 754,833 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ