Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 216/МА2018/00026

 

         Б.Л нарын нэхэмжлэлтэй

         иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2018/00192 дугаар шийдвэртэй, Б.Л нарын нэхэмжлэлтэй Б.Б холбогдох өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7-р байрны 13, 14 тоотод байрлах, 3 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр, мөн тус багийн нутаг дэвсгэрт байрлах, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрын өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай  иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Д болон өмгөөлөгч Ж.Ж нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Ж, нарийн бичгийн дарга Х.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Л, Б.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч бидний төрсөн ах Б.Б 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан. 2003 онд эхнэрээсээ салаад түүнээс хойш ганц бие амьдарч, эгч дүүс бид тусалж амьдарч байсан. Энэ хугацаанд ах дүү, төрөл төрөгсөд бид өөрсдийн хөрөнгө, мөнгө, орлогоо нэмэгдүүлэхээр Япон улс руу ээлжлэн явж арилжаа наймаа хийж, зарим нь Говьсүмбэр аймагт Япон барааны дэлгүүр ажиллуулах зэргээр нэгдэн ажиллаж байсан. Талийгаач Б.Б нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 13 тоот орон сууцыг 2008 онд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 14 тоот орон сууцыг 2016 онд худалдан авч, улмаар үйлчилгээний зориулалт бүхий газрыг эзэмшихээр 2012 онд худалдан авсан. Бид талийгаачийн хүү Б.Б хэдийгээр аав, ээж нь салсан боловч ах дүү нарын нинжин зөөлөн сэтгэлээр тусалж, дэмжихийг бодож Япон улс руу 2 удаа явуулсан. Мөн талийгаачийг нас барсны дараа түүний сургалтын төлбөрийг төлж, хэрэглээнийх нь бүх зардлыг өгдөг байсан. Талийгаач Б.Б өнгөрсний дараа бид хоорондоо ярилцаад, нэг жилийн дараа өвийн хугацаа нээгдэхэд, Б.Б аавынх нь амьдарч байсан гал голомт болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 13 тоот, 3 өрөө орон сууцыг түүнд өгч, 7 дугаар байрны 14 тоот орон сууц болон газрыг бид өөрсдөө авахаар түүнтэй ярилцаж, тохиролцсон.

Гэтэл Б.Б нь хэт шунаг, увайгүй зангаасаа болж, аавынхаа төрөл төрөгсөд бидний чадлаараа босгосон үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг өөрийн болгож авсан байсан. Үл хөдлөх эд хөрөнгө газрын гэрчилгээ бидний нэр дээр байдгийг мэдсээр байж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хаясан гэж хэлээд ахин гэрчилгээ авсан байсан. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа гэрчилгээнүүдийг хуурамчаар хүчингүй болгуулж, өөрийн өмчлөлдөө шилжүүлж, өвлөгчийн гэрчилгээг хууль бусаар олж авсан. Энэ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар бусдыг хуурч мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.

Б.Б бусармаг байдлын талаар ах дүү төрөл төрөгсөд бид нар 2018 оны 03 дугаар сард өмгөөлөгчтэй нотариатч дээр очоод, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлснийг мэдсэн. Нотариат дээр очсоны дараа Улаанбаатар хотод очиж Б.Б уулзаж, бидний хэлэлцэж ярилцсанаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг чи өөрөө авч үлд, харин бидэнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 14 тоот орон сууц болон газрыг буцаан өг гэж шаардсан. Тухайн үед Б.Бнь үүнийг зөвшөөрөөд, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 18 нас хүрэхээрээ үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлнэ гэж тохиролцсон. Тэгээд Б.Б нь сураг тасарсан. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 18 нас хүрснийх нь дараа мессэж бичсэн боловч хариу өгөөгүй. Б.Б нь аавынхаа эд хөрөнгийг өвлөж авахдаа биш, үрэн таран хийж, зарж борлуулах зорилготой байгааг нь Фэйсбүүк хаягт 3 өрөө байр зарна гэсэн зараар мэдсэн бөгөөд мөн газрыг түүний ах Б.А нь 30,000,000 төгрөгөөр зарна гээд хүнд үзүүлээд явж байхыг нутгийн хүмүүс хэлсэн учраас бид зарж борлуулах сонирхолтой байгааг нь мэдэж авсан. Бид эдгээр хөрөнгөө 75,000,000 төгрөгөөр үнэлж, хууль бусаар өмчилж авсан гэж үзэж байгаа учраас өөрсдийн өмчлөлийн асуудлыг сэргээлгэхийг хүсэж байна.

Иймд Б.Б олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгө болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 13, 14 тоот орон сууц болон Онцгой байдлын хойно, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрын өмчлөгчөөр Б.Б төрсөн эгч Б.Л, төрсөн дүү Б.Д нарыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б нь нэхэмжлэлд дурдсаны дагуу ээжтэйгээ хамт амьдарч байсан. Аав Б.Б байнга холбоотой байдаг байсан. Говьсүмбэр аймагт аав дээрээ ирж очин амьдардаг байсан ба аавыгаа нас барахаас өмнө аавтайгаа хамт амьдарч байсан. Б.Б нь өөрийн хүч хөдөлмөрөөр тодорхой хэмжээний хөрөнгийг бий болгон өмчилж байсан бөгөөд тухайн хөрөнгийг бий болоход нэхэмжлэгч нар болон найз нөхөд, бусад хамаатан садангууд түүнд тусалсаныг үгүйсгэхгүй. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 13 тоот орон сууцыг талийгаачийн ажил явдал дээр ах дүү хамаатан садан нь Б.Б эзэмшлийнх гэдгийг мэдсэн байдаг.

Нэхэмжлэлд дурдаж байгаа зүйлүүд нь үндэслэлгүй. Учир нь талийгаач Б.Б нь хууль ёсны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан. Монгол улсын ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй. Талийгаач Б.Б өмчлөх эрх үүссэний хувьд өвлөх эрх нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг өөртөө агуулдаг. Иймээс тухайн хүний хүсэл зоригоос шалтгаалж захиран зарцуулах эсэх нь Б.Б өөрийнх нь асуудал юм. Нэхэмжлэгч талын хөрөнгө гэдэг нь нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

 Анхан шатны шүүх : Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Б холбогдох өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байрны 13, 14 тоотод байрлах, 3 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, мөн тус багийн нутаг дэвсгэрт байрлах, Онцгой байдлын хойно үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрын өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Л нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Л нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 22-ны 192 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах учир нь:

Уг шүүхийн шийдвэр нь ИХШХТШХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. хх- 4-р хуудсанд С сумын -р баг, -р байрны  тоот 65,5 м2  өрөө байрны V-рт  бүртгэгдсэн  -ртай 2016 оны 8 сарын 24-ний  өдөр олгогдсон хүчин төгөлдөр гэрчилгээний хуулбар байдаг бөгөөд гэтэл хариуцагч Б.Б нь энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн хэмээн худал мэдүүлж 2017 оны 11 сарын 30-ны өдөр  -ртай гэрчилгээг авсан байдаг болно. Уг гэрчилгээг улсын бүртгэгчээс олгохдоо хх-н 43-р хуудсанд авагдсан өдрийн шуудан сонины 2017 оны 11 сарын 29-ний өдрийн 255-р бүхий мэдээллийн хэрэгслээр хүчингүй болгосон баримтыг үндэслэсэн байдаг ба гэтэл энэ нь ганцхан энэхүү сониноор хүчингүй болсноор хуулийн хүчин төгөлдөр нөхцөлд хамаарахгүй бөгөөд өөрөөр хэлбэл уг зарын бичгийг үндэслэж Улсын бүртгэлийн ерөнхий  газрын даргын тушаалаар давхар хүчингүйд тооцогдож, дахин олгогдох эрх үүсдэг болох хууль зүйн шаардлага зөрчигдсөнийг шүүхээс анхаарч дүгнэлт хийгээгүйн гадна хүчин төгөлдөр гэрчилгээ нэхэмжлэлд хавсрагдсан байхад хүчингүй болгож шинээр олгогдсон гэрчилгээгээр бүхнийг дүгнэж хариуцагч Б.Бнь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг  гаргуулахдаа бусдыг хуурч мэхэлж гаргуулсан гэх үндэслэлээр үл хөдлөх хөрөнгүүдийг өвлүүлэхээр олгосон гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзсэн нь илтэд хууль зөрчсөн нэг талын баримтлалаар хандсан өрөөсгөл ойлголт болохыг анхаарна уу.

2. хх-н 5-р хуудсанд Б.Б нэр дээр олгогдсон -ртай 2012 оны 3 сарын 09-ний өдөр олгогдсон газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээний хуулбар байхад мөн хариуцагч Б.Б энэ бүх бичиг баримтуудыг үрэгдүүлсэн хэмээн хуурч мэхлэх замаар авсан 2018 оны 5 сарын 01-ний өдрийн -ртай гэрчилгээг үндэслэн олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөрт тооцсон нь учир дутагдалтай өөрөөр хэлбэл хамгийн анх олгогдсон хүчин төгөлдөр гэрчилгээний хуулбаруудыг нотлох баримтын хүрээнд харьцуулж үнэлэлт, дүгнэлт хийж чадаагүй болно.

3. Шүүхээс Б.Б эзэмшил бүхий -р байрны  тоот 65.5 м2 талбайтай орон сууцны 2016 оны 8 сарын 24-ний  өдөр олгогдсон -ртай улсын бүртгэлийн гэрчилгээний талаар нотлох баримтын хүрээнд огт үнэлж дурдаагүй нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзнэ гэсэн заалттай зөрчилдөж байгаа болно. Өөрөөр хэлбэл шүүхээс зөвхөн уг гэрчилгээнүүдийг хаяж гээгдүүлсэн гэх шалтгаанаар 2017 оны 11 сарын 30-нд олгогдсон гэрчилгээнүүдийг нотлох баримтанд хамруулан дүгнэсэн нь хуулийн хэрэглэгээг буруу ойлгож хэрэглэх нэг нөхцөл болсон хэмээн үзэж байна.

4. Уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нар нь дундаасаа хөрөнгө гаргаж уг хөрөнгүүдийг худалдаж авсан гэх боловч энэхүү тайлбартаа ИХШХШТХ-н 25.2.2, 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ нь дээр дурдсан 14 тоот байрны хүчин төгөлдөр гэрчилгээний хуулбарыг хуурамчаар авсан гэрчилгээтэй харьцуулж үнэлж, дүгнээгүй орхигдуулсан болох үндэслэл /мөн газрын гэрчилгээний хувьд ч хүчин төгөлдөр гэрчилгээ байсаар атал дахин олгогдсон гэрчилгээгээр бүхнийг дүгнэж энэхүү нотлох баримтуудын талаар нэг ч үг үсэг дурдагдаж үнэлэгдээгүй болох үндэслэл, улмаар 14 тоот байрыг Б.Д нар нь тухайн үед буюу 2016 оны 08 сарын 23-ны өдөр тэдний япон барааны дэлгүүрийг ажиллуулж уг орлогоо дэлгүүрийн худалдагч болох Б нэр дээр нээсэн ХААН банк дахь дансанд төвлөрүүлдэг байсантай холбогдуулж Б.Д 5 сая төгрөг, Б.Л 4 сая төгрөгийг нийлүүлж үлдэгдэл 1 сая төгрөгийг уг данснаас  нэмж 10 сая төгрөгийг Б.Б нэр дээр Б шилжүүлж байсан баримт мөн давхар нотолгоо болох Б мэдүүлэг зэргийг ор үндэсгүйгээр үгүйсгэсэнтэй холбоотой болохыг анхаарна уу. Мөн энэхүү мөнгөн шилжүүлгийг давхар нотлуулахын тулд өмгөөлөгчөөс гэрчээр О гэгчийг асуулгах хүсэлтийг гаргаж байсан боловч шүүхээс уг хүсэлтийг хангахаас татгалзсан атлаа дээрх нотлох баримтуудыг үгүйсгээд байгаа нь ойлгомжгүй илт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт болно. Үүнтэй уялдуулж шүүхээс дундын өмчлөгч бидний эрхийн асуудлыг зөрчиж Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан заалтыг илтэд буруугаар тайлбарлаж хэрэглэсэн хэмээн үзэж байна.

5. Мөн хх-н 193-196-р хуудсанд авагдсан нотлох баримтуудын талаар уг шүүхийн шийдвэрт огт дурьдагдаж үнэлэгдээгүй бөгөөд өөрөөр хэлбэл энэхүү баримтууд нь бидний хүсэлтээр хэрэгт авагдсан уг маргааны гол хэсэг болох 13 тоот байрыг Б.Б өмнөөс Б.Л нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлж улсын бүртгэлийн хэлтэст өгч Жи Эл Би компанитай орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийж уг компанид мөнгийг төлж түүний өмнөөс гарын үсэг зурж эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээллийг өөрийн гараараа бичиж өгч байснаа нотолсон баримт байсан болохыг шүүх анхаарч үзээгүй болно. Үүнтэй холбогдуулж уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээн дээр зурсан гарын үсэг Б.Б биш болохыг нотолж шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгсөн нэхэмжлэгч бидний хүсэлт, нотлох баримтандаа түүний иргэний үнэмлэхний хуулбарыг өгч шаардлагатай тохиолдолд уг гарын үсгийг харьцуулан дүгнэх боломжтой болохыг бичиж өгсөн боловч энэ бүх нотлох баримтуудын талаар огт дүгнэгдээгүй нь харамсалтай болохыг анхаарна уу.

6. Нэхэмжлэгч бидний гомдлын гол үндэслэл нь 14 тоот орон сууц нь хэдийгээр Б.Б нэр дээр байдаг байсан боловч ах дүү бид 3-ын дундын хөрөнгө оруулалтаар буй болсон үл хөдлөх хөрөнгө учраас бид 2-т олгогдох хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээг хуулийн хүрээнд тооцуулж зохих ёсны үнэлэлт дүгнэлт хийлгүүлэхийг хүсч байна. Иймд энэ үндэслэлээр уг хэргийг дахин хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Хариуцагч Б.Б нь талийгаач эцэг Б.Б нь  нэр дээр түүний өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон үйлчилгээний зориулалт бүхий эзэмшлийн газар зэргийг хуульд зааснаар өвлөн, өвийг хүлээн авч улмаар өөрийн  өмчлөх, эзэмших эрхэд шилжүүлсэнтэй  холбогдон маргаан үүссэн байна.

Гэхдээ хариуцагч Б.Б нь нас барагчийн төрүүлсэн хүүхэд учир Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны буюу эхний ээлжийн өвлөгч, харин нэхэмжлэгч нар нь нас барагчийн эгч, дүү нар байх тул мөн хуулийн 520.1.2-т зааснаар хоёрдугаар ээлжийн өвлөгч нар болох талаар  талууд маргаагүй.

Гагцхүү  нэхэмжлэгч нар нь  үл хөдлөх эд хөрөнгө болон үйлчилгээний зориулалт бүхий эзэмшлийн газар зэргийг хамтын хөдөлмөрийн үндсэн дээр дундын хөрөнгө оруулалтаар худалдан авч бий болгосон, эдгээр гэрчилгээнүүд нь бидэнд эх хувиараа байгааг мэдсээр байж  хариуцагч нь гээгдүүлсэн хэмээн худал мэдээлж дахин гаргуулж өвлөгчийн гэрчилгээг хууль бусаар олж авсан, эдгээр хөрөнгүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учир өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож,  үл хөдлөх эд хөрөнгүүд болон газрын өмчлөгчөөр тогтоолгох гэсэн  агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан байх ба хариуцагч нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй хэмээн  маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлйн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянан үзлээ.

Хэргээс  үзэхэд : Талийгаач Б.Б  нь Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын -р байрны   тоот  өрөө орон сууцны өмчлөгч болох нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн  мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-109/, 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ц.О байгуулсан орон сууц худалдах,худалдан авах гэрээ /хх-142/, 2016 оны 08 дугаар сарын 24-нд олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-4/, 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ж Э Б ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээ/хх-136/, 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх-134/, кассын орлогын баримт /хх-135/, 2008 оны 11 дүгээр  сарын 03-нд олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн   гэрчилгээ /хх-139/ зэргээр тогтоогдож байна.

Улмаар  дээрх -р байрны  тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн эрхийн гэрчилгээ /хх-4, 139/-нүүдэд ганц талийгаач Б.Б нэр бичигдсэн, “нэг хүний өмч”  гэж тэмдэглэгдсэн байх тул  Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг болон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 4.2 дахь хэсэгт зааснаар  энэхүү үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч  нь талийгаач Б.Б байна.

Мөн  тэрээр Говьсүмбэр аймаг С сумын дугаар багийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын хэлтсийн хойно байрлах  м2  газрын эзэмшигч болох нь 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн  мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-110/, 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д.О байгуулсан “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” /хх-143/, 2012 оны 03 дугаар сарын 09-ний “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” /хх-55/, газрын байршлын кадастрын зураг, нэгж талбарын хил, заагийг газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт /хх-55-59/, 2012 оны 03 дугаар сарын 09-нд олгогдсон 0354533 дугаартай газар эзэмших эрхийн  гэрчилгээ /хх-5/ зэргээр тогтоогдож байна.

Талийгаач  Б.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан байх бөгөөд нас барсны бүртгэлийн лавлагаа нь хэргийн 8 дугаар талд авагдсан байна. 

Талийгаач Б.Б нь эхнэр, нэг хүүтэй байсан байх ба  гэрлэгчид 2011 оны 02 дугаар сарын 15-нд  гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Б-г эх Н.М нь асрамжид үлдээж, эцэг Б.Б нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн /хх-34/, ба үүнээс хойш тэрээр нас барах хүртлээ  ганцаар амьдарч байсан байна. /хх-6/

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэнэ.

Хариуцагч Б.Б нь талийгаач Б.Б  төрсөн хүү болох нь гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр /хх-34/, Б.Б төрсний болон иргэний үнэмлэхний хуулбар /хх-53/ зэргээр тогтоогдож байна.

Иймд Б.Б Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач Б.Б хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагч Б.Б нь хууль ёсны өвлөгчийн хувьд өв нээгдсэнээс хойш буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-нд талийгаач Б.Б өмчлөлийн -р байрны тоот орон сууцнуудын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд  болон газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг гээгдүүлсэн хэмээн зарлуулж /хх-43/, улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээг талийгаач Б.Б нэрээр дахин гаргуулсан /хх-79,74/, уг  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд болон талийгаач Б.Б нас барсны гэрчилгээ болон Б.Б төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг үндэслэн нотариатч 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өвлөх эрхийн 008, 009 дугаартай гэрчилгээ /хх-77-н ар, 78, 72-н ар, 73/-нүүдийг Б.Б олгосон,  үүний дараа түүнд  7р байрны 14, 13 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-79, 75/ -нүүд олгогдсон,

Мөн Б.Б нь  талийгаач Б.Б тус аймгийн С сумын -р  баг Онцгой байдлын хэлтсийн хойно байрлах үйлчилгээний зориулалттай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн зарыг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  Өдрийн сонинд өгснөөр  “хүчингүйд тооцов” гэж зарласан, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт “газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г гаргуулах өргөдлийг  2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан, үүний дагуу талийгаач Б.Бгазар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцож, талийгаач Б.Б нэр дээр  тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ дахин олгогдсон,  Б.Б газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөл гаргасан, улмаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.Б газар эзэмшүүлэх гэрээ /хх-62/ байгуулж, түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон эдгээр баримтуудыг үндэслэн нотариатч 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б.Б өвлөх эрхийн 010 дугаартай гэрчилгээ олгосон  байна.

Энэ нь Б.Б 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өдрийн сонинд өгсөн зар, Өдрийн сонины хуулбар /х-42,43/, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гаргасан өргөдөл /хх-44/, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох тухай” тушаал /хх-47/, талийгаач Б.Б 000618830 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-48/, Б.Б гэрчилгээ болон кадастрын зурагны  үнэ төлсөн мөнгөн шилжүүлэг /хх-50/, газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөл /хх-51/, Б.Бтөрсний болон иргэний үнэмлэх, талийгаач Б.Б нас барсны гэрчилгээний хуулбарууд /хх- 53/, Б.Б эрх шилжүүлсний үнэ төлсөн мөнгөн шилжүүлэг /хх-60/, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай” захирамж /хх-69/, газар эзэмшүүлэх гэрээ /хх-62/,  газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-61-68/, өвлөх эрхийн гэрчилгээ /хх-52/ зэргээр тогтоогдож байна.

Дээрх үйл баримт болон гэрчилгээ олгогдсон цаг хугацааны байдал зэргээс үзэхэд хариуцагч Б.Б нь талийгаач Б.Б нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг гээгдүүлсэн хэмээн зохих газруудад хандсаны улмаас  талийгаач Б.Бнэр дээр дахин олгогджээ.

Энэ нь эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасан “бүртгэлийн гэрчилгээг хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд энэ тухай нотлох баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр 30 хоногийн дотор шинээр  бичиж  олгоно” гэснийг зөрчөөгүй, нийцэж байх тул хариуцагч Б.Б бусдад худал мэдээлж, хуурч мэхлэх замаар  гэрчилгээнүүдийг дахин гаргуулсан гэж үзэх үндэслэлгүй. 

Мөн хариуцагч Б.Б нь талийгаач Б.Б хууль ёсны өвлөгчийн хувьд өвлүүлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд болон  эзэмшлийн газар зэргийг өөрийн  өмчлөл, эзэмшилд шилжүүлэх замаар  хүлээн авсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-н “энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан, ...эсхүл нотариат ...д өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэсэн,

Хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-н “хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат,...-д  гаргана” гэсэн,   

Хуулийн 531.2-н “хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно” гэсэн,

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-н “өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэсэн,

Мөн хуулийн 43.4-н “өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заах бөгөөд түүнийг тогтоохдоо Иргэний хуулийн 522, 531, 533 дугаар зүйлийг баримтална” гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй байна.

Харин нэхэмжлэгч тал нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлын үндэслэлийнхээ талаар : Бид давж заалдах гомдлынхоо тодорхой хэсгээс татгалзаж, зөвхөн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдолтой хэсэг, хууль хэрэглээний талаар гомдлыг танилцуулна, мөн газрын асуудал дээр шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байгаа, ... Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3-р багийн нугтаг дэвсгэрт байрлах 7-р байрны 14 тоот орон сууцны 000427115 дугаартай 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон анхны гэрчилгээ, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин олгогдсон гэрчилгээний хуулбаруудыг хооронд нь харьцуулан нотлох баримтын хүрээнд үнэлж дүгнээгүй, мөн улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар хүчингүй болж байж дахин гэрчилгээ олгогдох хуулийн шаардлага зөрчигдсөнийг анхаараагүй, ... уг байр нь Б.Б нэр дээр байдаг ч ах, дүү бид нарын дундын хөрөнгө оруулалтаар бий болсон,  япон барааны дэлгүүр нээн ажиллуулж байсан, энэхүү 7-14 тоот байрны талаар гаргасан гомдлоо дэмжиж байна, ... тухайн байрны хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, тогтоолгох, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч нарын анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, давж заалдах гомдлын агуулга зэргээс үзэхэд хэдийгээр нэхэмжлэгч нар нь маргаж буй 7-р байрны 14 тоот 3 өрөө орон сууцыг ах дүү нар хамтын хөдөлмөрийн үндсэн дээр дундын хөрөнгө оруулалтаар худалдан авч бий болгосон байж болох ч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн гэрч Б.Б мэдүүлгээр Б.Л нар нь мөнгө шилжүүлж гэж үзэж болох ч энэ нь өөр бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсон байх учиртай тул дан ганц гэрчийн мэдүүлэг нотлох баримт болохгүй юм.

Тухайлбал, нэхэмжлэгч Б.Л нар нь Б.Б гэгчийн дансанд дэлгүүрийн орлого болон мөнгөө төвлөрүүлдэг гэж тайлбарлаж байх боловч ямар банкны, хэдэн тоот дансанд хэдийгээс хэдий хүртэл хугацаанд хичнээн төгрөг хуримтлуулсан нь тодорхойгүй, мөн 7-р байрны 14 тоот орон сууцыг худалдан авахад Б.Л нь 4.0 сая төгрөг, Б.Д 5.0 сая төгрөг, Б.Б 5.0 сая төгрөг тус тус нийлүүлж худалдан авсан,  эдгээр мөнгийг Б.Б гэгчийн данс руу шилжүүлсэн гэх боловч үүнийг нотолсон ямар нэгэн  бичгийн баримтууд хэрэгт огт авагдаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” болохыг  хуулиар хэргийн оролцогч нарт үүрэг болгосон. Тиймээс нэхэмжлэгч нар нь энэхүү хуульд  заасан үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь буруу биш байна.

Түүнчлэн хэргийн 4 дүгээр талд авагдсан буюу 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “хүчингүй”-д тооцогдсон  талийгаач Б.Б анх 2016 оны 08 сарын 24-ний өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0000427115 дугаартай /7-р байрны 14 тоот/ гэрчилгээнд “нэг хүний өмч”  гэж тэмдэглэгдсэн зэргээс үзэхэд  нэхэмжлэгч нарыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөгч  гэж үзэх боломжгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын  давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин анхан шатны шүүх нь нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч Б.Б өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд болон түүний эзэмшлийн үйлчилгээний зориулалттай газар зэргийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахыг хориглож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 634 дугаартай шүүгчийн захирамж /хх-96/ гаргасан байх ба уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд энэхүү шүүгчийн захирамж хэвээр байна гэж дурдсан байх тул энэхүү захирамжийн талаар шийдвэрийн тогтоох хэсэгт дурдаагүй нь шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2018/00192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533000 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                             ШҮҮГЧИД                                О.ОДНЯМАА

                                                                             Х.БАЙГАЛМАА