Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 134/ШШ2018/00192

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 65 дугаар байр, 31 тоотод оршин суух, Х овогт Б.Л

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 23 дугаар байр, 4 тоотод оршин суух, Х овогт Б.Д нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байр, 13 тоотод оршин суух, Ө овогт Б.Б –д холбогдох

Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байрны 13, 14 тоотод байрлах, 3 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, мөн тус багийн нутаг дэвсгэрт байрлах, Онцгой байдлын хойно үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрын өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, гэрч Б.Б, П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л, Б.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч бидний төрсөн ах Б.Б 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан. 2003 онд эхнэрээсээ салаад түүнээс хойш ганц бие амьдарч, эгч дүүс бид тусалж амьдарч байсан. Энэ хугацаанд ах дүү, төрөл төрөгсөд бид өөрсдийн хөрөнгө, мөнгө, орлогоо нэмэгдүүлэхээр Япон улс руу ээлжлэн явж арилжаа наймаа хийж, зарим нь Говьсүмбэр аймагт Япон барааны дэлгүүр ажиллуулах зэргээр нэгдэн ажиллаж байсан. Талийгаач Б.Б нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 13 тоот орон сууцыг 2008 онд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 14 тоот орон сууцыг 2016 онд худалдан авч, улмаар үйлчилгээний зориулалт бүхий газрыг эзэмшихээр 2012 онд худалдан авсан. Бид талийгаачийн хүү Б.Б хэдийгээр аав, ээж нь салсан боловч ах дүү нарын нинжин зөөлөн сэтгэлээр тусалж, дэмжихийг бодож Япон улс руу 2 удаа явуулсан. Мөн талийгаачийг нас барсны дараа түүний сургалтын төлбөрийг төлж, хэрэглээнийх нь бүх зардлыг өгдөг байсан. Талийгаач Б.Б өнгөрсний дараа бид хоорондоо ярилцаад, нэг жилийн дараа өвийн хугацаа нээгдэхэд, Б.Б аавынх нь амьдарч байсан гал голомт болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 13 тоот, 3 өрөө орон сууцыг түүнд өгч, 7 дугаар байрны 14 тоот орон сууц болон газрыг бид өөрсдөө авахаар түүнтэй ярилцаж, тохиролцсон.

Гэтэл Б.Б нь хэт шунаг, увайгүй зангаасаа болж, аавынхаа төрөл төрөгсөд бидний чадлаараа босгосон үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг өөрийн болгож авсан байсан. Үл хөдлөх эд хөрөнгө газрын гэрчилгээ бидний нэр дээр байдгийг мэдсээр байж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хаясан гэж хэлээд ахин гэрчилгээ авсан байсан. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа гэрчилгээнүүдийг хуурамчаар хүчингүй болгуулж, өөрийн өмчлөлдөө шилжүүлж, өвлөгчийн гэрчилгээг хууль бусаар олж авсан. Энэ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар бусдыг хуурч мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.

Б.Б бусармаг байдлын талаар ах дүү төрөл төрөгсөд бид нар 2018 оны 03 дугаар сард өмгөөлөгчтэй нотариатч дээр очоод, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлснийг мэдсэн. Нотариат дээр очсоны дараа Улаанбаатар хотод очиж Б.Б уулзаж, бидний хэлэлцэж ярилцсанаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг чи өөрөө авч үлд, харин бидэнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 14 тоот орон сууц болон газрыг буцаан өг гэж шаардсан. Тухайн үед Б.Бнь үүнийг зөвшөөрөөд, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 18 нас хүрэхээрээ үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлнэ гэж тохиролцсон. Тэгээд Б.Б нь сураг тасарсан. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 18 нас хүрснийх нь дараа мессэж бичсэн боловч хариу өгөөгүй. Б.Б нь аавынхаа эд хөрөнгийг өвлөж авахдаа биш, үрэн таран хийж, зарж борлуулах зорилготой байгааг нь Фэйсбүүк хаягт 3 өрөө байр зарна гэсэн зараар мэдсэн бөгөөд мөн газрыг түүний ах Б.А нь 30,000,000 төгрөгөөр зарна гээд хүнд үзүүлээд явж байхыг нутгийн хүмүүс хэлсэн учраас бид зарж борлуулах сонирхолтой байгааг нь мэдэж авсан. Бид эдгээр хөрөнгөө 75,000,000 төгрөгөөр үнэлж, хууль бусаар өмчилж авсан гэж үзэж байгаа учраас өөрсдийн өмчлөлийн асуудлыг сэргээлгэхийг хүсэж байна.

Иймд Б.Б олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгө болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 13, 14 тоот орон сууц болон Онцгой байдлын хойно, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрын өмчлөгчөөр Б.Б төрсөн эгч Б.Л, төрсөн дүү Б.Д нарыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б нь нэхэмжлэлд дурдсаны дагуу ээжтэйгээ хамт амьдарч байсан. Аав Б.Б байнга холбоотой байдаг байсан. Говьсүмбэр аймагт аав дээрээ ирж очин амьдардаг байсан ба аавыгаа нас барахаас өмнө аавтайгаа хамт амьдарч байсан. Б.Б нь өөрийн хүч хөдөлмөрөөр тодорхой хэмжээний хөрөнгийг бий болгон өмчилж байсан бөгөөд тухайн хөрөнгийг бий болоход нэхэмжлэгч нар болон найз нөхөд, бусад хамаатан садангууд түүнд тусалсаныг үгүйсгэхгүй. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 13 тоот орон сууцыг талийгаачийн ажил явдал дээр ах дүү хамаатан садан нь Б.Б эзэмшлийнх гэдгийг мэдсэн байдаг.

Нэхэмжлэлд дурдаж байгаа зүйлүүд нь үндэслэлгүй. Учир нь талийгаач Б.Б нь хууль ёсны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан. Монгол улсын ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй. Талийгаач Б.Б өмчлөх эрх үүссэний хувьд өвлөх эрх нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг өөртөө агуулдаг. Иймээс тухайн хүний хүсэл зоригоос шалтгаалж захиран зарцуулах эсэх нь Б.Б өөрийнх нь асуудал юм. Нэхэмжлэгч талын хөрөнгө гэдэг нь нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л, Б.Д нар нь хариуцагч Б.Б холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байрны 13, 14 тоотод байрлах 3 өрөө орон сууцнууд, мөн тус багийн нутаг дэвсгэрт байрлах, Онцгой байдлын хойно үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрын өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч тал нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдохгүй, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байрны 13, 14 тоотод байрлах 3 өрөө орон сууцнууд, мөн тус багийн нутаг дэвсгэрт байрлах, Онцгой байдлын хойно үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрын өмчлөгчөөр тус тус тогтоолгох шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан.

Мөн хуулийн 108.2-т зааснаар дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нар нь дундаасаа хөрөнгө гаргаж, дээрх хөрөнгүүдийг худалдаж авсан гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Учир нь, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байрны 13 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээгээр талийгаач Б.Б нь “Жи Эл Би” ХХК-иас худалдаж авсан, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байрны 14 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр Б.Б нь Ц.О худалдан авсан, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Онцгой байдлын хойно үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон 2537 м.кв газрыг Б.Б нь З.О шилжүүлж авсан болох нь гэрээний талууд хэсгээс харагдах бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.  

Мөн дээрх эд хөрөнгүүдийг өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээ талийгаач Б.Б нэр дээр байгаа, мөнгөн шилжүүлгийн баримтуудад Б.Б гэж мөнгө шилжүүлсэн байгаагаас үзэхэд дундын өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдохгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан.

Маргаан бүхий 7-13, 7-14 тоотод байрлах орон сууцнуудын өмчлөх эрх талийгаач Б.Б нэр дээр байх бөгөөд үүнийг үндэслэн Б.Б өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. 

Шүүх хуралдааны явцад гэрч Б.Б нь 7-14 тоот орон сууцыг худалдаж авахад нэхэмжлэгч Б.Л 4 сая төгрөг, Б.Д 5 сая  төгрөг шилжүүлж, өөрөө 1 сая төгрөг нэмж, нийт 10 сая төгрөгийг Б.Б нэрээр Ц.О дансанд шилжүүлсэн гэж мэдүүлсэн боловч цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаагаас гадна энэ нь өөр бусад бичгийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Л, Б.Д нар нь гэрч Б.Б дансруу өөрсдийн данснаас мөнгө шилжүүлсэн гэх боловч холбогдох нотлох баримтаар давхар нотлогдоогүй болно. Үүнээс үзэхэд гэрчийн мэдүүлгийг үндэслэн дээрх хөрөнгийг дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзэх боломжгүй юм.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нь Б.Л Япон улсад ажиллаж амьдардаг, Б.Д нь нялх хүүхэдтэйн улмаас үл хөдлөх хөрөнгүүдийг талийгаач Б.Б нэр дээр авсан гэх боловч үүнийгээ мөн холбогдох баримтаар нотлоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч нарын хөрөнгийг хууль бусаар эзэмшсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2.Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч энэхүү шаардлагын үндэслэлээ үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээ байсаар байхад хариуцагч Б.Б нь гээгдүүлсэн гэж хуурч мэхэлж, дахин гэрчилгээ гаргуулсан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлсон. 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”, 520.1.2 дахь хэсэгт “дээрх өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, зээ” зэрэг нь хууль ёсны өвлөгч бөгөөд адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасан байна.

Хуульд заасны дагуу Б.Б нь нас барагчийн төрсөн хүүхэд байх бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 008 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 7-13 тоотод байрлах, 65.5 м.кв талбайтай, Ү-1902001829 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг өвлөхөөр, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 009 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 7-14 тоотод байрлах, 65.5 м.кв талбайтай, Ү-1902001830 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг өвлөхөөр, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, Онцгой байдлын хэлтсийн хойно үйлчилгээний зориулалт бүхий 2537 м.кв газрыг эзэмшихээр өвлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан өвлөх эрхийн гэрчилгээнүүд, шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн нотариатч П.А мэдүүлэг зэрэгт баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Б нь нас барагчийн дээрх эд хөрөнгийг нэгдүгээрт өвлөх эрх бүхий этгээд болох нь 0000911843 тоот төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбаруудаар нотлогдсон болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх бөгөөд нэхэмжлэгч нар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаагүй бөгөөд эх хувийг гээгдүүлсэн гэж бусдад худал мэдээлж, дахин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан талаар холбогдох байгууллагад гомдол гаргаагүй, улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчмын дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байна.

Иймд хариуцагч Б.Б нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахдаа бусдыг хуурч мэхэлж гаргуулсан гэх үндэслэлээр үл хөдлөх хөрөнгүүдийг өвлүүлэхээр олгосон гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Б холбогдох Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 7 дугаар байрны 13, 14 тоотод байрлах, 3 өрөө орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох, мөн тус багийн нутаг дэвсгэрт байрлах, Онцгой байдлын хойно үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгогдсон газрын өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Л, Б.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Л, Б.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.НАРАНЧИМЭГ