Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/00483

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, Ус 0 байр, 00 тоот хаягт оршин суух, А овогт А-ын Ц /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Нархан хотхон, 00 өөрийн байранд байрлах, Б ХХК /РД:0000000/-д холбогдох,

 

551 126 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр иргээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манайх 2016 оны 02 дугаар сард Алтай констракшны байранд нүүж орсон бөгөөд Б ХХК гэх хувийн орон сууцны контор орон сууцны ус, дулааныг төлбөрөөс гадна ашиглалтын зардал авч байгаа гэсний дагуу төлбөрийг төлж байсан. Б СӨХ-рүү шилжсэнийг мэдээгүй бөгөөд СӨХ-ийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд биш байсан. Банкинд данс нээлгээд тамга тэмдэгтэй үйл ажиллагаа явуулах ёстой байтал өөрсдийн шунахай сэдлээр өөрсдийн данс руу хийгээд Баянзүрхийн нэр дээр байсан айлуудыг Хан-Уул дүүргийн Б гэх СӨХ руу шилжүүлээд банкнаас миний нэрийг хасуулсан байсан. 2016 оны 02 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сар дуустал 23 сарын СӨХ-ны мөнгийг хууль бусаар иргэн надаас сар бүр авч байсан тул энэ хугацаанд нийт СӨХ-ны төлбөр гэж авч байсан 551 126 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үүгэжээ.

 

Хариуцагч БХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Алтай констракшны барьсан барилгуудыг манай компани ерөнхийд нь хариуцаж ажилладаг. Тухайн үед СӨХ байгуулагдаагүй байсан учраас манайх давхар СӨХ-ны үйл ажиллагааг хариуцаж байсан. Тэр үед оршин суугчдын зөвшөөрлөөр гарын үсгийг цуглуулсны үндсэн дээр СӨХ-ны үйл ажиллагааг явуулж төлбөрийг холбогдох зардлуудад нь зарцуулж байсан. Манай байгууллага барилгуудын ус, дулааныг хариуцахын хажуугаар давхар барилгын үйл явц жигдэртэл СӨХ-ны үйл ажиллагааг хариуцах тухай оршин суугчдын зөвшөөрлийг авсан байсан бөгөөд ямар ч үйл ажиллагаа явуулахгүйгээр мөнгийг нь хурааж авсан зүйл байхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчээс Б ХХК-д 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх, Б СӨХ-д 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд төлсөн төлбөрийн баримтуудыг, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргасан ба Төрийн банкны 2021.07.26-ны 000/0000 тоот албан бичиг, БСӨХ-ны 00/00 дугаар гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хорооллын сууц өмчлөгчдийн холбоо гэх бичгийн нотлох баримт, Б СӨХ-ны 2017 оны 04 сарын цалингийн баримт, Төрийн банкны төлбөр төлсөн түүх гэх 2 хуудас баримт, эдгээр баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан үндэслэлгүй төлсөн 551 126 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 215 726 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 335 400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч СӨХ-ны төлбөр авах эрхтэй этгээд биш атлаа үндэслэлгүйгээр ашиглалт засвар үйлчилгээний зардал авч байсны мэдээд шүүхэд хандсан. 2016 оны 02 сараас 2018 оны 01 сарын дуустал хугацаанд 551 126 төгрөгийг үндэслэлгүй авсан тул буцаан гаргуулна... гэж, хариуцагч ...оршин суугчдын зөвшөөрлөөр гарын үсгийг цуглуулсны үндсэн дээр СӨХ-ны үйл ажиллагааг явуулж төлбөрийг холбогдох зардлуудад нь зарцуулж байсан. Ямар ч үйл ажиллагаа явуулахгүйгээр мөнгийг нь хурааж авсан зүйл байхгүй гэж татгалзлын үндэслэлээ тус тус тайлбарласан байна.

 

3. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь шаардлага, үндэслэлээ нотлохоор Б ХХК-д 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд 215 726 төгрөг, БСӨХ-д 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд 335 400 төгрөгийг тус тус төлсөн төлбөрийн баримтуудыг нотлох баримтуудаар гаргаж өгсөн.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж тус тус заасан.

 

Хариуцагч Б ХХК Сууц өмчлөгчдийн холбоог хуульд заасан үндэслэл журмаар байгуулаагүй байсан үйл баримтын талаар маргаагүй, харин ...оршин суугчдын зөвшөөрлөөр гарын үсгийг цуглуулсны үндсэн дээр СӨХ-ны үйл ажиллагааг явуулж төлбөрийг холбогдох зардлуудад нь зарцуулж байсан... гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Б ХХК-иас 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд шилжүүлсэн 215 726 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 2 сараас хариуцагч компани СӨХ-ны төлбөр авах эрхгүй гэдгийг мэдсэн гэж тайлбарласан ба Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж заасан бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс үүснэ гэж заасан тул нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзлээ.

 

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч А.Ц-гоос шилжүүлсэн 215 726 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул хариуцагчаас 215 726 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч А.Ц нь 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд 335 400 төгрөгийг Б СӨХ-д төлсөн байх ба БСӨХ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд саруул хороолол 112.113, Алтай хаус 87, 89, 90, Зайсан 26, Нархан 65 байруудыг хамруулан сууц өмчлөгчдийн холбоог 2018 оны 03 сарын 22-ны бүртгүүлэн болох нь хэрэгт авагдсан 00/00 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч солих, хамтран хариуцагч оролцуулах зэрэг санал хүсэлт гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд БСӨХ-нд төлсөн төлбөрийг хариуцагч Б ХХК-иас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 335 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-иас 215 726 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 335 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 17 183,78 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7 122 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ