Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/00059

 

 

 

 

 

 

 

 

 

А.Цогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/02229 дугаар шийдвэртэй,

А.Цогийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох,

551,126 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Цо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2016 оны 02 дугаар сард Алтай констракшны байранд нүүж орсон бөгөөд тэр үед “Б” ХХК гэсэн хувийн орон сууцны контор орон сууцны ус, дулааны төлбөрөөс гадна СӨХ болон цахилгааны төлбөрийг авч байсан. Уг асуудалтай холбогдолтой хууль тогтоомжийг судлаад үзэхэд тухайн орон сууцны сууц өмчлөгчид нь өөрсдөө сайн дурын үндсэн дээр СӨХ байгуулан гэрчилгээ авч, төлбөр хураамжаа тогтоосны үндсэн дээр хураах байтал сайн дураараа хувийн орон сууцны контор энэ төлбөрийг авч байсан.

2016 оны 10 дугаар сараас 2018 оны 02 дугаар сар хүртэл “Төрийн банк” ХХК-аар дамжуулан хариуцагч байгууллагын дансанд 15 удаагийн төлөлт хийсэн. Барилгын компаниуд барилгыг улсын комисс хүлээж авсны дараа оршин суугчдадаа СӨХ байгуул хэмээн хүлээлгэн өгөх ёстой. Гэтэл хариуцагч ямар ч гэрчилгээ байхгүй байхад хүмүүсээс мөнгө авах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй. Хуулиараа СӨХ байгуултал барилга барьсан компани ашиглалтын үйл ажиллагааг хариуцна гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тиймээс зүгээр л оршин суугчдад нь даатгаад орхих ажлыг өөрсдөө сайн дураараа, хууль бусаар хийсэн учраас 2016 оны 02 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарыг дуустал хууль бусаар иргэн надаас сар бүр авч байсан нийт 551,126 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтай констракшны барьсан барилгуудыг манай компани ерөнхийд нь хариуцаж ажилладаг. Тухайн үед СӨХ байгуулагдаагүй байсан учраас манайх давхар СӨХ-ийн үйл ажиллагааг нь хариуцаж байсан. Тэр үед оршин суугчдын зөвшөөрлөөр гарын үсгийг цуглуулсны үндсэн дээр СӨХ-ийн үйл ажиллагааг явуулж төлбөрийг холбогдох зардлуудад нь зарцуулж байсан. Манай байгууллага барилгуудын ус, дулааныг хариуцахын хажуугаар давхар барилгын үйл явц жигдэртэл СӨХ-ийн үйл ажиллагааг хариуцах тухай оршин суугчдын зөвшөөрлийг авсан байсан бөгөөд ямар ч үйл ажиллагаа явуулахгүйгээр мөнгийг нь хурааж авсан зүйл байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус хариуцагч Б ХХК-иас 551,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Цогийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 183,78  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Б” ХХК хувийн орон сууцны контор нь өөрт ямар ч хамааралгүй СӨХ-ны ажлыг шунахай сэдэлтэйгээр дур мэдэн хэрэгжүүлж сууц өмчлөгч миний эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл хийж төлбөр авч байсан нь хуульд огт нийцээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт огт хамааралгүй Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг хэрэглэж, илт буруу шийдвэр гаргасан байна. СӨХ-ны тухай Иргэний хууль болон бие даасан тусдаа хуультай атал ямар ч хамааралгүй мөн хуулийн дээрх заалтуудыг хэрэглэсэн нь гагцхүү хуульд нийцүүлж шийдвэрлэнэ гэснийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Мөн шүүх хурал 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болсон бөгөөд шүүгч хуулийн хугацаандаа шийдвэр гаргахгүй цааргалж явсаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр туслах нь шийдвэр бэлэн болсон тухай надад утсаар мэдэгдэж 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч А.Цо нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан үндэслэлгүй төлсөн 551,126 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

А.Цо нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор “Б” ХХК-д 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэлх, “Бадамлах өргөө” СӨХ-д 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд төлсөн төлбөрийн баримтуудыг нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.

 

Нэхэмжлэгч А.Цо нь 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд “Бадамлах өргөө” СӨХ-д төлсөн төлбөрийн баримтуудыг үндэслэн хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Төрийн банкны тэмдэг дарагдсан баримтад бичигдсэн “Бадамлах өргөө” СӨХ гэж тодорхойлсон үйл ажиллагааг хэн эрхэлдэг, уг баримтаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгө хариуцагч байгууллагад орсон эсэхийг тодруулах учиртай.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/02229 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,183 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДАВААДОРЖ

 

                                          ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА