Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2021/02960

 

2021 оны 12 сарын 14 өдөр            Дугаар 183/ШШ2021/02960           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Д.Э.Э.Г.Ф.М ХХК- /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, өөрийн байранд байрлах, Г ХХК /РД:0000000/-д холбогдох,

19,224,988 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Х нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э.Э.Г.Ф.М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Г ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол улсаас Герман улс руу 1MYG000 ачааг явуулж тухайн үед үйлчилгээний хөлсийг нэхэмжлэгчид төлөөгүй. Учир нь хариуцагч нь манай найдвартай түнш байсан тул зардлаа авахгүйгээр ачааг явуулсан. 1MYG000 ачааны нийт төлбөр 5,878,666 төгрөг болсон.

Мөн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсаас 1MYG000 ачааг Америкийн нэгдсэн улс руу 7 хайрцаг ачаа тээвэрлүүлсэн. 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тээвэрлэлтийн хөлс, Америк дахь дотоод зардал нийт 4,249,758 төгрөгийг төлсөн. Харин 1MYG000 дугаар барааны гаалийн татвар 4,239 ам.доллар буюу 13,346,322 төгрөгийг Г ХХК нь төлөөгүй болно. Уг гаалийн татварын зардлыг манай Америк дахь салбар төлж барагдуулсан. Компанийн зүгээс төлбөр тооцоогоо барагдуулах талаар удаа дараа шаардлага тавихад удахгүй төлж, хариуцсан ажилтантай холбоо бариулах болно гэсээр өнөөдрийг хүрсэн. Хариуцагч тал төлбөрийг анхнаасаа төлөх талаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан үзлэгээр тогтоогддог. Инкотермс буюу Олон улсын худалдааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн ороогүй, тээвэрлэлт хийхэд анхнаасаа талууд энэ талаар тохиролцоогүй. Иймээс эдгээр төлбөрийг бараа хүлээн авагчаас авах ёстой гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд ачаа тээвэрлэлтийн нийт зардал болох 19,224,988 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Г ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Г ХХК нь 2018 оны 11 дүгээр сард Монгол улсаас Герман улс руу ачаа тээвэр явуулсан. Г ХХК нь уг ачаа тээврийг буюу ноолууран бүтээгдэхүүнийг Герман улсын Kashchmirkind GBR компани руу тээвэрлүүлсэн. Kashchmirkind GBR компани нь уг ачааны төлбөр болох 5,878,666 төгрөгийн зардлыг төлөхөөр Г ХХК-тай тохиролцсон тул уг төлбөр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Мөн Г ХХК нь 2019 оны 5 дугаар сард Монгол улсаас Америкийн нэгдсэн улс руу Америкийн нэгдсэн улсад оршин суудаг Монгол улсын иргэнтэй тохиролцож ноолууран бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчээр тээвэрлүүлсэн. Уг ачаа тээвэрлүүлсэн тээврийн хөлс болох 4,249,758 төгрөгийг Г ХХК нэхэмжлэгчид төлсөн. Харин уг Америкийн нэгдсэн улс руу тээвэрлүүлсэн ачаа тээврийн гаалийн татварыг ачаа хүлээн авагч этгээд бүрэн төлөхөөр хариуцагчтай тохиролцсон байдаг тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй. Барааг Инкотермсийн дагуу тээвэрлүүлсэн тул нэхэмжлэгчийн шаардаж байгаа төлбөрийг бараа хүлээн авагч нар төлөх ёстой. Иймд ачаа хүлээн авагч этгээд нь холбогдох тээврийн зардал болон гаалийн татварыг төлөх үүрэгтэй байхад нэхэмжлэгч сайн дураараа төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй ... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Г ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 19,224,988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Д.Э.Э.Г.Ф.М ХХК гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны тов зохигчдод мэдэгдсэн байна.

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Э.Э.Г.Ф.М ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол улсаас Герман улс руу 1MYG000 дугаар ачааг тээвэрлүүлсэн. Уг ачаа тээвэрлүүлсэн нийт зардал 5,878,666 төгрөг болсон. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсаас Америкийн нэгдсэн улс руу 1MYG000 дугаар ачааг тээвэрлүүлсэн. 1MYG000 дугаар ачааны Америк дахь дотоод зардал нийт 4,249,758 төгрөгийг Г ХХК төлсөн. Харин 1MYG000 дугаар барааны гаалийн татвар 4,930.30 ам.доллар буюу 13,346,322 төгрөгийг Г ХХК нь төлөөгүй байна. Инкотермс буюу Олон улсын худалдааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн ороогүй, тээвэрлэлт хийхэд анхнаасаа талууд энэ талаар тохиролцоогүй. Иймээс эдгээр төлбөрийг бараа хүлээн авагчаас авах ёстой гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нийт 13,346,322 төгрөгийг Г ХХК-иас гаргуулж өгнө үү... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Г ХХК нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа ... Г ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол улсаас Герман улс руу 1MYG000 дугаар ачаа, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсаас Америкийн нэгдсэн улс руу 1MYG000 дугаар ачааг тус тус нэхэмжлэгчээр тээвэрлүүлсэн. Герман улсын Kashchmirkind GBR компани нь ачаа тээвэрлүүлсэн зардал 5,878,666 төгрөгийг төлөхөөр Г ХХК-тай тохиролцсон тул нэхэмжлэгч уг Kashchmirkind GBR компаниас нэхэмжлэх эрхтэй. 1MYG000 дугаар ачаа тээвэрлүүлсэн Америк дахь дотоод зардал нийт 4,249,758 төгрөгийг Г ХХК төлсөн. Харин 1MYG000 дугаар барааны гаалийн татвар 4,930.30 ам.доллар буюу 13,346,322 төгрөгийг Америкийн нэгдсэн улс дахь бараа хүлээн авагч төлөхөөр Г ХХК-тай тохиролцсон. Бараа нийлүүлэх нөхцөл Инкотермсийн дагуу гүйцэтгэгдсэн тул гарсан зардлыг бараа хүлээн авагч буюу худалдан авагч нар төлөх ёстой. Иймээс нэхэмжлэгч бусдын өмнөөс төлбөр төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Зохигчид Г ХХК-ийн захиалгаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол улсаас Герман улс руу 1MYG000 дугаар ачаа, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсаас Америкийн нэгдсэн улс руу 1MYG000 дугаар ачааг тус тус нэхэмжлэгч Д.Э.Э.Г.Ф.МХХК-иар тээвэрлүүлсэн, Герман улс руу 1MYG000 дугаар ачаа тээвэрлүүлэхэд гарсан зардал 5,878,666 төгрөг, Америкийн нэгдсэн улс руу 1MYG000 дугаар ачааг тээвэрлүүлсэн зардал 13,346,322 төгрөг болсон тус тус зардлын нэхэмжлэх болон тооцоололд, Kashchmirkind GBR компани, Америкийн нэгдсэн улсад бизнес эрхэлдэг Монгол улсын иргэн буюу худалдан авагч нар барааг тус тус хүлээн авсан, Америк дахь дотоод зардал 4,249,758 төгрөгийг Г ХХК-иас нэхэмжлэгч Д.Э.Э.Г.Ф.М ХХК-нд төлсөн үйл баримтад маргаагүй байна.

Харин Герман улс руу 1MYG000 дугаар ачааг тээвэрлүүлсэн нийт зардал 5,878,666 төгрөг, Америкийн нэгдсэн улс руу 1MYG000 дугаар ачааг тээвэрлүүлсэн гаалийн татвар 4,930.30 ам.доллар буюу 13,346,322 төгрөгийг хариуцагч нь бараа нийлүүлэх нөхцөл Инкотермсийн дагуу тээвэрлүүлсэн. Иймээс гарсан зардлыг худалдан авагч нар төлөхөөр заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Инкотермс нь гадаад худалдааны бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйл ажиллагааг журамлаж, зохицуулсан олон улсын хэмжээнд ашиглагддаг дүрэм билээ. Инкотермс нь хууль биш дүрэм учраас хүчээр дагаж мөрдөх, мөн шийтгэл хүлээх гэсэн ойлголт байдаггүй. Харин талууд өөрсдийн хийсэн худалдааны гэрээний үндэс болгож инкотермсийн тохирох нөхцөлүүдийг ашиглаж худалдааны гэрээгээ байгуулахад нь нийтлэг харилцааг зохицуулахаар хийгдсэн юм.

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт бараа нийлүүлэх нөхцөлийг FCA нөхцөлөөр талууд тохиролцсон тул Инкотермсийн дүрмийн дагуу худалдан авагч тээврийн болон гаалийн зардлыг төлөх ёстой гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна. /хэргийн 33 хуудас/

FCA гэдэг нь худалдан авагчийн томилсон тээвэрлэгч эсвэл хувь хүний мэдэлд барааг хүлээлгэн өгдөг. Өөрөөр хэлбэл бараа, бүтээгдэхүүнийг худалдагчийн (эсвэл талуудын тохирсон) нэрлэсэн газрын хүргэлт өгөх цэг дээр худалдан авагчийн сонгосон тээвэрлэгч эсвэл хувь хүний мэдэлд очсоноор эрсдэл худалдагчаас худалдан авагч руу шилжих нөхцөл юм.           

Зохигчдын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй, хариуцагч Г ХХК буюу худалдагч нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Америкийн нэгдсэн улс руу тус тус ноолууран бүтээгдэхүүнийг худалдан авагчийн бараа авах цэгт хүргүүлэхээр тус тус нэхэмжлэгч буюу тээвэрлүүлэгчтэй тохиролцсон байна. Эндээс дүгнэвэл худалдан авагч нар бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээвэрлэгчийг буюу нэхэмжлэгч Д.Э.Э.Г.Ф.МХХК сонгоогүй байх ба талуудын хооронд бараа нийлүүлэх FCA нөхцөл үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл бараа нийлүүлэх FCA нөхцөл нь худалдан авагч өөрөө бараа тээвэрлэгчийг сонгож бараагаа хүлээн авч, эрсдэлийг өөртөө шилжүүлэн авдаг нөхцөл байдаг тул тээврийн зардал, гаалийн татварыг худалдан авагч Инкотермсийн дүрмийн дагуу төлдөг болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр Герман улс руу 1MYG000 дугаар ачааг тээвэрлүүлсэн, Америкийн нэгдсэн улс руу 1MYG000 дугаар ачааг тээвэрлүүлсэн экспортын буюу борлуулалтын гэрээг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хангаж, тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 7254 дугаар захирамжаар шийдвэрлэсэн байна. /хэргийн 125 хуудас/

Захирамжид заагдсан баримт болох экспортын буюу борлуулалтын гэрээ /худалдах, худалдан авах/-г хариуцагч буюу худалдагч Г ХХК худалдан авагч нартай байгуулаагүй болохыг хариуцагч шүүхэд тайлбараар ирүүлсэн байна. /хэргийн 131 хуудас/

Энэхүү экспортын буюу борлуулалтын гэрээг гэх арилжааны гэрээгээр худалдагч, худалдан авагч талууд бараа нийлүүлэх нөхцөл болох Инкотермсийн дүрмээс баримтлах нөхцөлүүдээс өөрсдөдөө тохирох нөхцөлийг сонгон авч, бараа тээвэрлэлтээс үүсэж болох эрсдэл, зардлыг харилцан тохиролцож, бараа нийлүүлэх нөхцөл тээвэрлэгчид ойлгомжтой болох үндэслэл болох байжээ. Гэтэл талууд Инкотермсийн дүрэмд заасан бараа нийлүүлэх EXW нөхцөл болох худалдагч бараа, бүтээгдэхүүнийг худалдан авагчийн барааг авахаар тохирсон цэгт буулгадаг нөхцөлөөр бараа тээвэрлэсэн харилцаа зохигчдын хооронд үүссэн байна. Өөрөөр хэлбэл тээвэрлэгчийг худалдагч буюу Г ХХК сонгож, барааг хүлээн авах цэгт тээвэрлэгч хүргэж өгсөн бараа нийлүүлэх нөхцөл үүссэн байна. Иймд зохигчид бараа нийлүүлэх нөхцөлийг Инкотермсийн дүрэмд зааснаар тохиролцсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй буюу Инкотермсийн дүрэмд заасан FCA нөхцөлөөр бараа тээвэрлэгдээгүй байна.

Худалдан авагч нарын сонгосон тээвэрлэгч барааг тээвэрлээгүй, худалдагч Г ХХК-ийн сонгосон тээвэрлэгч Д.Э.Э.Г.Ф.М ХХК барааг хүргэх цэгт нь хүргэж, тээвэрлүүлсэн эрх зүйн харилцаанд нэхэмжлэгч хариуцагч нар оролцсон, нэхэмжлэгч эрх зүйн харилцаанд анх орохдоо Инкотермсийн дүрмийн дагуу тээвэр, гаалийн зардлын төлбөрийг худалдан авагч төлөх талаар мэдэгдэж, хүсэл зоригоо нэхэмжлэгчид илэрхийлээгүй, төлбөр төлөх хүсэл зоригоо хариуцагч Г ХХК нэхэмжлэгч Д.Э.Э.Г.Ф.М ХХК-нд илэрхийлж байсан болох нь тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 5781 дугаар захирамжийн дагуу хийгдсэн үзлэгээр бэхжигдсэн байна. /хэргийн 45,52-53 хуудас/

Нөгөөтэйгүүр худалдагч буюу Г ХХК өөрийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах арилжааны харилцаанд оролцохдоо худалдан авагчтай бараа нийлүүлэх нөхцөлөө Инкотермсийн дүрэмд зааснаар тохиролцох, уг тохиролцоог дундын үйлчилгээ үзүүлж буюу тээвэрлэгч гэх мэт газруудад ойлгомжтой байдлаар хүсэл зоригоо илэрхийлж гэрээний харилцаанд оролцох нь шударга ёсонд нийцнэ. Гэтэл хариуцагч буюу худалдагч нь худалдан авагчтай Инкотермсийн дүрэмд заасан бараа нийлүүлэх нөхцөлөө тохиролцож гэрээ байгуулаагүй, бараа нийлүүлэх нөхцөл FCA нөхцөл гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг бөглөсөн боловч худалдагч өөрөө тээвэрлэгчийг сонгон авч Инкотермсийн дүрэмд заасан EXW нөхцөлөөр бараа тээвэрлэгджээ. Иймд тээвэрлэлт хийлгэхээр Д.Э.Э.Г.Ф.М ХХК-ийг худалдан авагч сонгоогүй, худалдан авагч нар Д.Э.Э.Г.Ф.МХХК-тай эрх зүйн харилцаанд оролцоогүй байхад нэхэмжлэгч Д.Э.Э.Г.Ф.М ХХК-ийг худалдан авагч нараас тээврийн болон гаалийн зардлыг нэхэмжлэх ёстой гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-т ...Илгээмжийн гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан байна.

Ачаа, илгээмжийг нэг газраас нөгөө газарт найдвартай хүргэх, хэрэгцээ гарсан үед илгээмжийн асуудлыг зохицуулах, тухайн тээвэрлэлтэд ямар тээвэрлэлт зохицох, ямар замаар тээвэрлэх зэргийг мэдээгүй байгаагийн зэрэгцээ ачаа, илгээмжийг хүлээн авагчид хүрэх хүртэл олон гэрээ байгуулах шаардлагатай болдог ба илгээгч энэ талаар нарийн мэдлэгтэй тул бусдад ашигтай гэрээг хариу төлбөртэйгөөр байгуулж, өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар гуравдагч этгээд /дамжин тээвэрлэлт, гааль, татвар/-тэй гэрээ байгуулах замаар ачаа, илгээмжийн тээвэрлэлтийг зохион байгуулах этгээд байх юм.

Илгээмжийн гэрээний үндсэн шинж нь ачааг илгээх, өөрийн нэрийн өмнөөс, захиалагчийн зардлаар, ачаа илгээх ажлыг тус тус гүйцэтгэх ба илгээмжийн гэрээ байгуулснаар илгээгч нь ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах үүргийг хүлээдэг

Түүнчлэн ачааг илгээх зохион байгуулалтад тээврийн хэрэгсэл ба замыг тогтоох, тээвэрлэлтийг гүйцэтгэх этгээд, эсхүл компанийг сонгон авах, ачааг илгээхэд шаардлагатай тээвэрлэлтийн гэрээг болон бусад гэрээг байгуулах, захиалагчийн нэрийн өмнөөс шаардлагатай зардлыг төлөх, тээвэрлэлтийг гүйцэтгэх этгээд эсхүл компанид зааварчилгаа өгөх үүрэг хамаарч байна.

Тээвэрлэлт нь гэрээний үндсэн үүрэг байхаар талууд тохиролцсон бол илгээгч нь тээвэрлэгч болох ба Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.8-д ...Гэрээнд өөрөөр заагаагүй бол илгээгч илгээмжийг өөрийн зардал, хэрэгслээр тээвэрлэж болно. Энэ тохиолдолд илгээгч нь тээвэрлэгчтэй нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд энэ нь захиалагчийн эрх ашгийг үл хөндөнө... гэж зааснаар илгээгч буюу Д.Э.Э.Г.Ф.МХХК тээвэрлэгч байх бөгөөд талууд гэрээндээ тээвэрлэлт буюу ноолууран бүтээгдэхүүнийг Монгол улсаас Герман улс руу, Монгол улсаас Америкийн нэгдсэн улс руу хүргэхээр тохирчээ.

Иймд хариуцагч Д.Э.Э.Г.Ф.М ХХК нь Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1-т ...Илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй... гэж зааснаар гэрээний үндсэн үүрэг болох тээвэрлэлт буюу ачааг хүргэх үүргийг хүлээсэн гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримт, үйл баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд тэдний хооронд илгээмжийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний үндсэн шинжийг агуулсан байх тул Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-т заасан илгээмжийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т зааснаар гэрээний нэг тал нөгөө талд гэрээ байгуулах саналаа илэрхийлж, 195.2-т заасан гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөлийг тохирсон байх ба мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-т ...Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ... гэж зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Зохигчид Г ХХК-ийн захиалгаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол улсаас Герман улс руу 1MYG000 дугаар ачаа, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсаас Америкийн нэгдсэн улс руу 1MYG000 дугаар ачааг тус тус хүргэх үүргийг нэхэмжлэгч гүйцэтгэсэн, ачааг хүлээн авсан, Герман улс руу 1MYG000 дугаар ачаа тээвэрлүүлэхэд гарсан зардал 5,878,666 төгрөг, Америкийн нэгдсэн улс руу 1MYG000 дугаар ачааг тээвэрлүүлсэн зардал 13,346,322 төгрөг болсон тус тус зардлын нэхэмжлэх болон тооцоололын талаар талууд маргаагүй, харин Инкотермсийн дагуу төлбөрийг худалдан авагч төлөх ёстой гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тул Герман улс руу 1MYG000 дугаар ачааг тээвэрлүүлсэн нийт зардал 5,878,666 төгрөг /хэргийн 180-183 хуудас/, Америкийн нэгдсэн улс руу 1MYG000 дугаар ачааг тээвэрлүүлсэн гаалийн татвар 4,930.30 ам.доллар буюу 13,346,322 төгрөг /хэргийн 185 хуудас/ нийт 19,224,988 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 5781 дугаар захирамжийн дагуу хийгдсэн үзлэгээр бэхжигдсэн гадаад хэл дээрх баримтыг Эм Ай И Си ХХК-ийн орчуулагч Я.О орчуулсан баримт хэргийн 52, 171-193 хуудаст авагдсан бөгөөд нэхэмжлэгч өөрт шаардлагатай холбогдох гадаад хэл дээрх авагдсан нотлох баримтыг орчуулж хуульд заасан шаардлага хангуулсан тул эдгээр баримтыг шүүх нотлох баримтын хүрээнд үнэлсэн болно. Харин үзлэгээр хэрэгт нотлох баримтаар бэхжигдсэн боловч гадаад хэл дээр авагдсан үлдэх баримтыг нэхэмжлэгч ач холбогдолгүй гэж шүүхэд тайлбарлан, орчуулаагүй нотлох баримтыг шаардлага хангаагүй үндэслэлээр шүүх үнэлээгүй болно.

Шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 7254 дугаар захирамжийн дагуу хийгдсэн үзлэгийн гадаад хэл дээрх баримтыг орчуулагч Д.И орчуулж, нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэргийн 125, 147-149,156 хуудаст авагдсан болно.

Орчуулагч нарыг шүүхээс томилж, хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. /хэргийн 146, 150, 195 хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасныг баримтлан баримтлан хариуцагч Г ХХК-иас 19,224,988 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э.Э.Г.Ф.М ХХК-нд олгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 254,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э.Э.Г.Ф.М ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОЮУНБИЛЭГ