Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00611

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00611

 

 

 “Д.Э.Э.Г.Ф.М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14ий өдрийн 183/ШШ2021/02960 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Д.Э.Э.Г.Ф.М” ХХК-ийн хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гаргасан 19,224,988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Д.Э.Э.Г.Ф.М” ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Г” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол улсаас Герман улс руу 1MYG495 тоот ачааг явуулж тухайн үед үйлчилгээний хөлсийг нэхэмжлэгчид төлөөгүй. Учир нь хариуцагч нь манай найдвартай түнш байсан тул зардлаа урьдчилж авахгүйгээр ачааг явуулсан. 1MYG495 тоот ачааны нийт төлбөр 5,878,666 төгрөг болсон. Мөн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсаас 1MYG543 тоот 7 хайрцаг ачаа АНУ руу тээвэрлүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тээвэрлэлтийн хөлс, Америк дахь дотоод зардал нийт 4,249,758 төгрөгийг төлсөн. Харин 1MYG543 тоот ачааны гаалийн татвар 4,239 ам.доллар буюу 13,346,322 төгрөгийг “Г” ХХК нь төлөөгүй болно. Уг гаалийн татварын зардлыг манай Америк дахь салбар төлж барагдуулсан. Компанийн зүгээс төлбөр тооцоогоо барагдуулах талаар удаа дараа шаардлага тавихад удахгүй төлж, хариуцсан ажилтантай холбоо бариулах болно гэсээр өнөөдрийг хүрсэн. Хариуцагч тал төлбөрийг төлөх талаар анхнаасаа харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог. Инкотермс буюу олон улсын худалдааны хэлэлцээрт Монгол улс нэгдэн ороогүй, тээвэрлэлт хийхэд талууд энэ талаар анхнаасаа тохиролцоогүй. Иймээс эдгээр төлбөрийг бараа хүлээн авагчаас авах ёстой гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн татгалзлыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд ачаа тээвэрлэлтийн нийт зардал болох 19,224,988 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Г ХХК нь 2018 оны 11 дүгээр сард ноолууран бүтээгдэхүүнийг Герман улсын Kashchmirkind GBR компани руу тээвэрлүүлсэн. Kashchmirkind GBR компани нь уг ачааны төлбөр болох 5,878,666 төгрөгийн зардлыг төлөхөөр Г ХХК-тай тохиролцсон тул төлбөр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Мөн Г ХХК нь АНУ-д оршин суудаг Монгол улсын иргэнтэй тохиролцож 2019 оны 05 дугаар сард Монгол улсаас АНУ руу ноолууран бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчээр тээвэрлүүлсэн. Уг ачаа тээвэрлүүлсэн тээврийн хөлс болох 4,249,758 төгрөгийг Г ХХК нэхэмжлэгчид төлсөн. Харин АНУ руу тээвэрлүүлсэн ачаа тээврийн гаалийн татварыг ачаа хүлээн авагч этгээд бүрэн төлөхөөр хариуцагчтай тохиролцсон тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй. Ачааг Инкотермсийн дагуу тээвэрлүүлсэн тул нэхэмжлэгчийн шаардаж байгаа төлбөрийг бараа хүлээн авагч нар төлөх ёстой. Иймд ачаа хүлээн авагч этгээд нь холбогдох тээврийн зардал болон гаалийн татварыг төлөх үүрэгтэй байхад нэхэмжлэгч сайн дураараа төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-аас 19,224,988 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д.Э.Э.Г.Ф.М” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 254,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д.Э.Э.Г.Ф.М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “Г” ХХК нь Герман улсын худалдан авагч болох “Kashchmirkind GBR компанитай, АНУ-ын худалдан авагч болох АНУ-д оршин суух иргэн Чимэдлувсантай илгээмжийн гэрээний харилцаанд орж, ноолууран бүтээгдэхүүн худалдан авагч нь ачаа тээвэр захиалагчийн хувьд тээврийн зардалтай холбоотой бүх төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл шүүх “Г” ХХК нь өөрийн зардлаар ачаа тээврийг гүйцэтгүүлэхээр болсон гэж буруу үндэслэл гаргасан. Мөн “Г” ХХК нь “Д.Э.Э.Г.Ф.М” ХХК-д ачаа тээврийн төлбөр төлөхөөр тохиролцсон гэж шүүгч шууд өөрийн үзэл бодлоо тулган хэргийг  нэхэмжлэгч талд ашигтай байдлаар шийдвэрлэсэн. “Г” ХХК нь ачаа тээврийн төлбөрийг хариуцна гэж ямар ч санал гаргаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл ачаа тээврийн төлбөрийг төлөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Тэр ч үүднээс ноолууран бүтээгдэхүүн худалдан авсан этгээд болох Герман улсын “Kashchmirkind GBR компани нь захиалагчийн хувьд, мөн ачаа тээвэртэй холбоотой бүх зардлыг төлөх үүргийг хүлээсний хувьд “Ди Эйч Эл” компаний Герман улс дахь салбар компанид ачаа тээврийн төлбөрт 1628.33 еврог 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлж ачаагаа хүлээн авсан байдаг. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Герман улсын “Kashchmirkind GBR компани нь ачаагаа авахдаа “Ди Эйч Эл глобал форвардинг” компанид төлбөр төлсөн баримтыг шүүгч үзлэгээр баталгаажуулсан боловч уг баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэртээ огт дурдаагүй орхигдуулсан байдаг. Мөн хариуцагчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүгч захирамжаар хангаж, улмаар Герман улсын “Kashchmirkind GBR” компани “Д.Э.Э.Г.Ф.М” компанид төлбөр төлсөн эсэхийг тодорхой болгох зорилгоор “Д.Э.Э.Г.Ф.М” ХХК болон түүний Герман улс дахь салбар компаний 11 дүгээр сарын банкны дансны хуулгыг гаргуулахаар захирамж гаргасан. Гэвч “Д.Э.Э.Г.Ф.М” ХХК нь албан бичгээр банкны дансны хуулгыг өгөх боломжгүй гэж тайлбар гаргаж захирамж бүрэн хангагдаагүй байдаг. Дээрх үндэслэлүүдээр шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, мөн Иргэний хуулийн 407, 408 дугаар зүйлүүдийг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар буруу тайлбарлаж шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, үнэн зөв гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар нэгэн алдаа дутагдал байхгүй. Талууд тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг амаар байгуулсан. Энэ гэрээний дагуу ХБНГУ болон АНУ-д байгаа этгээдэд барааг 100 хувь биет байдлын доголдолгүй хүлээлгэн өгсөн. Энэ үйл баримт дээр “Г” ХХК-аас маргадаггүй. “Г” ХХК нь ХБНГУ болон АНУ-д байгаа этгээдээс төлбөрөө 100 хувь авсан байдаг. “Ди Эйч Эл” компани гадаад улсын хуулийн этгээд учир дансны хуулгыг гаргаж өгөх боломжгүй гэдэг албан ёсны тайлбарыг гаргаж өгсөн. Энэ нь хэргийн 164 дүгээр талд баримтаар авагдсан. “Д.Э.Э.Г.Ф.М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг мөн хавсаргаж өгсөн. Хэргийн баримтаас харахад “Г” ХХК-ийн удирдлагууд байнга солигддог. Энэ нь хэргийн 24, 25, 26 дугаар талд байгаа баримтуудаас харагдана. Тухайн үеийн удирдлагууд нэхэмжилсэн төлбөрийг 100 хувь төлнө гэдгээ илэрхийлж байсан. Үүнтэй холбоотойгоор албан ёсоор үзлэг хийлгэсэн. АНУ дахь дотоод зардал 4,249,758 төгрөгийг “Г” ХХК өөрсдөө хүлээн зөвшөөрч төлсөн. Үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэгтэй. Үүний дагуу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2.а. Нэхэмжлэгч “Д.Э.Э.Г.Ф.М” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулж хөлс 19,224,988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.б. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ““Г” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол улсаас Герман улс руу 1MYG495 тоот ачааг явуулж тухайн үед үйлчилгээний хөлсийг нэхэмжлэгчид төлөөгүй... Мөн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсаас АНУ руу тээвэрлүүлсэн 1MYG543 тоот ачааны гаалийн татвар 4239 ам.доллар буюу 13,346,322 төгрөгийг “Г” ХХК нь төлөөгүй болно.” гэж тайлбарлажээ.

 

2.в. Хариуцагч “Г” ХХК нь ““Kashchmirkind GBR компани нь ачааны төлбөр болох 5,878,666 төгрөгийн зардлыг төлөхөөр Г ХХК-тай тохиролцсон тул төлбөр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... АНУ руу тээвэрлүүлсэн ачаа тээврийн гаалийн татварыг ачаа хүлээн авагч этгээд бүрэн төлөхөөр хариуцагчтай тохиролцсон тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.

 

3.а. Хэргийн үйл баримт болон зохигчдын тайлбараас дүгнэхэд “Г” ХХК нь “Д.Э.Э.Г.Ф.М” ХХК-аар ХБНГУ-ын ““Kashchmirkind GBR компани руу болон АНУ-д оршин суух иргэн рүү ачаа тээвэрлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /хх 33-34, 75, 77/

 

3.б. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор ХБНГУ руу ачаа тээвэрлэсэн хөлс 5,878,666 төгрөгийн нэхэмжлэх, АНУ-ын гаалийн татвар 13,346,322 төгрөгийн “нэхэмжлэх”, сав баглаа боодлын “жагсаалт”, “нэхэмжлэх”, “урьдчилсан нэхэмжлэх” зэрэг баримтыг /хх 7-8, 184-191/, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гаалийн бүрдүүлэлт хийх итгэмжлэл, гүйлгээний баримт гэх баримтыг герман хэлнээс орчуулсан орчуулгын хамт, нэхэмжлэх зэрэг баримтыг шүүхэд гаргасан байна. /хх 33, 79, 112, 133/

 

4.а. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй дээрх баримтаар “Д.Э.Э.Г.Ф.М” ХХК “Г” ХХК-ий ачааг ХБНГУ руу тээвэрлэсэн хөлс 5,878,666 төгрөг , АНУ-ын гаалийн татвар 4239 ам.доллар буюу 13,346,322 төгрөг, тээврийн нөхцөл EXW гэх нөхцөл байдал, хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй дээрх баримтаар “Kashchmirkind GBR компани “Ди Эйч Эл глобал форвардинг” компанид тээврийн хөлс 1628.33 евро төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

4.б. Нэхэмжлэгч нь “Kashchmirkind GBR компани “Ди Эйч Эл глобал форвардинг” компанид тээврийн хөлс 1628.33 евро төлсөн талаархи гүйлгээний баримт гэх герман хэлнээс орчуулсан баримтыг үгүйсгэж, хөлс аваагүй гэж тайлбарласан тул хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх “Ди Эйч Эл глобал форвардинг”  компаний Герман дахь салбарын эзэмшдэг бүх банкны дансны хуулгыг ирүүлэхийг нэхэмжлэгчид даалгасан боловч нэхэмжлэгчийн зүгээс уг нотлох баримтыг гарган өгөх боломжгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Kashchmirkind GBR компани “Ди Эйч Эл глобал форвардинг” компанид тээврийн хөлс 1628.33 евро төлсөн талаархи баримтыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй, уг баримтыг эс зөвшөөрсөн үндэслэл, тайлбараа нотлоогүй тул дээрх нотлох баримтыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх хууль зүйн боломжтой байна.

 

4.в. Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.2 дахь хэсэгт зааснаар илгээмжийн гэрээнд даалгаврын гэрээний журам нэгэн адил үйчлэх бөгөөд 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт “Даалгавар өгөгч нь ... даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй” гэж заасан. “АНУ руу тээвэрлүүлсэн ачаа тээврийн гаалийн татварыг ачаа хүлээн авагч этгээд төлнө” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн бараанд гаалийн татварт 4239 ам.доллар буюу 13,346,322 төгрөгийг төлсөн нь АНУ-ын гаалийн татварын нэхэмжлэхээр тогтоогдож байна.

 

5. Дээр дурьдсан үндэслэлээр “Г” ХХК-аас 19,224,988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Д.Э.Э.Г.Ф.М” ХХК-ийн нэхэмжлэлээс 13,346,322 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, 5,878,666 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/02960 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “407.1” гэсний дараа “407.2, 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт” гэж нэмж, “19,224,988” гэснийг “13,346,322” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлээс 5,878,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “254,100” гэснийг “224,682” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Г” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                          

                ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                 Д.БЯМБАСҮРЭН