Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 9

 

К М ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00748/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1217 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “К М” ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Л-, Ж.Б- нарт холбогдох

“Зээлийн төлбөр 27.078.316,83 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Нэхэмжлэгч “К М” ББСБ ХХК-аас:

Х.Л- нь 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “К М” ББСБ ХХК-тай байгуулсан ЗГ1105/14/03/002 дугаартай зээлийн гэрээний дагуу 5000 ам долларыг, 30 хоногийн 4 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлд 4.416,33 ам доллар буюу тухайн өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн дагуу 10.625.336,67 төгрөг, хүүнд 5.771,43 ам доллар буюу 13.885.598,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.067,11 ам доллар буюу 2.567.381,29 төгрөг нийт 11.254,87 ам доллар буюу 27.078.316,86 төгрөгийн өр төлбөртэй байгаа тул хариуцагч нараас гаргуулна гэж анх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байснаа хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний хүүг 2,5 хувиар тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 5 дугаар сарын 21-ний байдлаар 9.806,40 ам доллар буюу 23.593.413 төгрөг болгон багасгаж  нэхэмжилжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдоос:

“К М” ББСБ ХХК-тай хариуцагч Х.Л-, Ж.Б- нар байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний 1.2 дахь заалтанд “Зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 30 хоногт 4,0 хувь байх ба Кива зээлийн санхүүжилт олгосон өдрөөс эхлэн зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 2,5 хувь болно” гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлд зээлийн хүүг 4,0 хувиар бодож нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин үндсэн зээлийн үлдэгдлээ төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувьд гэрээний 1.2 дахь заалтанд заагдсанаар 2,5 хувиар бодож тооцох ёстой гэж үзэж байна. Нэгэнт нэхэмжлэгч тал зээлийн хүүг 04 хувь буюу өндрөөр бодож байгаа тул нэхэмжлэлийн тухайн хэсэгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч нарын зүгээс “К М” ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 27.078.316,83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 17.000.000 төгрөгийг сар бүр 350.000 төгрөг төлөх байдлаар эвлэрэх саналыг тавьж байна. ...долларын ханшийг бодохдоо 2014 онд зээлийн гэрээ байгуулсан гэтэл 4 жилийн дараах ханшаар бодож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна харин тухайн үеийн буюу 2014 оны долларын ханшаар төлөх саналтай гэж тайлбар гаргасан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1217 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Л-, Ж.Б- нараас 23.593.413 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К М” ББСБ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.3341,58 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 275.917 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ам.долларын ханшийг хэт өндрөөр бодож нэхэмжпэсэнд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг минь хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрээс 2.593.413 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.       

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “К М” ББСБ ХХК нь хариуцагч Х.Л-, Ж.Б- нарт холбогдуулан үндсэн зээлд 4 416,33 ам доллар буюу тухайн өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн дагуу 10 625 336,67 төгрөг, хүүнд 5 771,43 ам доллар буюу 13 885 598,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 067,11 ам доллар буюу 2 567 381,29 төгрөг нийт 11 254,87 ам доллар буюу 27.078.316,86 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж, 9 806,40 ам доллар буюу 23.593.413 төгрөг болгон багасгаж нэхэмжилжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь долларын ханшийг бодохдоо 2014 онд зээлийн гэрээ байгуулсан гэтэл 4 жилийн дараах ханшаар бодож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Х.Л-, Ж.Б- нараас 23.593.413 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К М” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч тал “...нэхэмжлэгч тал ам.долларын ханшийг хэт өндрөөр бодож нэхэмжипсэн нь үндэслэлгүй” гэж давж заалдах гомдол гаргасан байна.

Хэргийг хуульд зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч “К М” ББСБ ХХК нь хариуцагч Х.Л-, Ж.Б- нар нь харилцан тохиролцож байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр 5000 ам долларын зээлийг, 36 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар, сарын 4 хувийн хүүтэй байх ба Кива зээлийн санхүүжилт олгогдсон өдрөөс эхлэн зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 2,5 хувь байхаар, нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүний 20 хувь байхаар тусгажээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дууссан үйл баримт тогтоогдсон байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч зээлийн хүүг 04 хувиар бодож нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дараа нь 2,5 хувиар тооцож, нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах үндэслэл болсон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрх ...эрхтэй гэсэн шаардлагыг зөрчөөгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэсний дагуу хариуцагч Х.Л-, Ж.Б- нар нь гэрээнд заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар 1 ам долларыг 2.405,92 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг төгрөгт хөрвүүлж ирүүлснийг хариуцагчийн төлөөлөгч нь зөвшөөрөхгүй, гэрээ байгуулагдсан үеийн ханшаар тооцно гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, ... тооцно” заажээ.

Тухайн үеийн ханш гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн Монгол банкнаас зарласан ханшийг ойлгох бөгөөд энэ үеийн ханшаар шүүх нэхэмжлэлийн үнийг тогтоосон байна.

Иймд хариуцагчийн ...нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ам.долларын ханшийг хэт өндрөөр бодож нэхэмжилсэн байх тул гомдолтой 2.593.413 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн... гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн гомдлыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56.450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                    С.ОЮУНЦЭЦЭГ