Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/00976

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Шинэ өглөө хотхоны 23 дугаар байр, 20 тоотод оршин суух, регистрийн дугаар, С овогтой А-ийн Ц,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Шинэ өглөө хотхоны 23 дугаар байр, 20 тоотод оршин суух, регистрийн дугаар, З овогтой Б-ийн О нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Их тойруу 62-т байрлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-т байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдох,

 

Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саруултөгөлдөр, хариуцагч Шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Анхтуяа, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Ц, Б. нар хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус холбогдуулан Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А.Ц, Б. нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ц, Б. нарт холбогдох эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар байгуулсан эвлэрлийн гэрээг тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2020/06896 дугаар захирамжаар баталгаажуулж, улмаар 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас гарч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэн, одоо ажиллагаа хийгдэж байна. Бидний хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ойлгож, хүндэтгэлтэй хандаж ирсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт тогтмол очиж, цар тахалын үед өөрөөс шалтгаалах боломжит арга хэмжээг авсаар ирсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасныг шийдвэр гүйцэтгэгч илт зөрчиж, бидний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна. Бид хаана байгаа нь мэдэгдэхгүй сураггүй алга болоогүй, эрэн сурвалжлагдаагүй, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зүйлгүй, барьцаа хөрөнгийг нуун дарагдуулаагүй байхад оргон зайлж болзошгүй хэмээн гадаадад зорчих эрхийг хязгаарласанд нь гомдолтой байна. Бид өөрийн үүргээ ухамсарлаж, зээлийн эргэн төлөлтийг хийхийн тулд барьцаа хөрөнгөө зарж борлуулахаар худалдан авагчийг хайж байгаа ба энэ талаар шийдвэр гүйцэтгэгч болон төлбөр авагч нар мэдэж байгаа. Гэвч Тавин сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хөрөнгийн шаардлагатай хэмээн шууд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь бидний эрх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2544 тоот тогтоолыг хүчингүй болгож, бидний гадаадад зорчих эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

 

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6896 тоот захирамжаар хариуцагч Эс Пи Си Эм Ойл ХХК, Свийтстандарт ХХК, А.Ц нараас 3.813.034.718 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 193 тоот шийдвэрээр Эс Пи Си Эм Ойл ХХК, Свийтстандарт ХХК, А.Ц нараас 6.891.795.729 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үүсгэн, төлбөр төлөгч Эс Пи Си Эм Ойл ХХК, Свийтстандарт ХХК-ийн захирал А.Ц, Б. нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн мэдэгдэл өгсөн. Мэдэгдэлд дурдсан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлэхийг 20291048/221 тоот мэдэгдлээр мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлсэн, энэ талаар тэмдэглэлд тусгасан. Төлбөр төлөгч Эс Пи Си Эм Ойл ХХК, Свийтстандарт ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б., А.Ц нар тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар гадаадад зорчих эрхийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2544 тоот тогтоолоор түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

3. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Анхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6896 тоот захирамжаар хариуцагч Эс Пи Си Эм Ойл ХХК, Свийтстандарт ХХК, А.Ц нараас 3.813.034.718 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөр төлөх үүргээ төлбөр төлөгч-иргэн, хуулийн этгээдээс 2 жилийн хугацаанд биелүүлээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийг үндэслэн албадлагын арга хэмжээ тогтоосон тул гадаадад зорчих эрхийг сэргээх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 

 

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 04/1223 дугаар Гомдлын хариу, А.Цээс С.Саруултөгөлдөрт олгосон итгэмжлэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2544 дүгээр тогтоолын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2021/14316 дугаар захирамжийн хуулбар зэргийг хавсарган ирүүлсэн, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саруултөгөлдөрийн ирүүлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 21/05/15 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, А.Цээс С.Саруултөгөлдөрт олгосон итгэмжлэл, Б.гаас С.Саруултөгөлдөрт олгосон итгэмжлэл, А.Цийн Интермед эмнэлэгт өгсөн шинжилгээний хариу 4 хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2021/14316 дугаар захирамжийн эх хувь, Эс Пи Си Эм Ойл ХХК, Свийтстандарт ХХК-ийн 20, 2021 оны татварын тайлан 4 хуудас баримтыг тус тус ирүүлсэн.

 

 

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Мөнхцэцэгт олгосон итгэмжлэл, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20291048 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-той хувийн хэргийн хуулбар буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ГХ2020/00777 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2020/06896 дугаар Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2020/10903 дугаар Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20291048 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэглэл, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2 хуудас, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20291048/221 дугаартай Төлбөр төлөгч гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай санал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2544 дүгээр Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас Д.Анхтуяад олгосон итгэмжлэл зэрэг баримт ирсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2020/06896 дугаар Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар хариуцагч Эс Пи Си Эм Ойл ХХК, Свийтстандарт ХХК, А.Ц нараас 3.813.034.718 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийн хамт гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үүсчээ.

 

3. Шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 221/01 тоот мэдэгдэлдээ 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлбөр төлөхийг даалгасан атлаа 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төлбөр төлөгч нарт гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх болсноо мэдэгдэж, Ахлах шийдвэр гүйцэтгэгчээс мөн өдрөө Шийдвэр гүйцэтгэх алба руу саналаа хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлнэ гэснийг зөрчиж, төлбөр төлөгчийн эрхийг хөндсөн байна.

 

Гэвч төлбөр төлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2544 тоот тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан 14 хоногийн дотор гомдол гаргаагүй байх тул А.Ц, Б. нарын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

4. Мөн хэрэгт авагдсан баримтаар А.Ц, Б. нар тухайн тогтоолыг гарснаас хойш 8 сарын дараа гомдол гаргаж, уг гомдлыг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Ахлах шийдвэр гүйцэтгэгч /хэргийн 29 дүгээр тал/, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч /хэргийн 4 дүгээр тал/ хянан шийдвэрлэсэн, мөн шүүх 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тухайн гомдлыг хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Өөрөөр хэлбэл, энэхүү Шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 2544 дүгээр тогтоолд төлбөр төлөгч нар хуульд заасан хугацаандаа гомдол гаргаагүй, уг хугацааг хэтрүүлсэн.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/199 дүгээр тушаалаар батлагдсан Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, тоо бүртгэл хөтлөх журам-ын 3.4-т Төлбөр төлөгчийн хувийн болон албан ажлаар гадаад улсад зорчих, эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагаар явах тохиолдолд зорчих эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцлуулах хүсэлтийг гаргаж болно. Хүсэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба, хэсэг энэ зүйлийн 3.1-т заасны дагуу санал ирүүлнэ гэж, 3.5-д Энэ зүйлийн 3.4-т заасан саналд төлбөр төлөгчийн гадаад улс явах болсон үндэслэлийг нотолсон хурал, зөвлөгөөний хөтөлбөр, урилга, виз, өөрөө эмчилгээ хийлгэх болсон, эсхүл гэр бүлийн гишүүн гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай гэр бүлийн гишүүнийг асрах болсныг нотолсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт, оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолтыг хавсаргасан байна гэж заажээ.

 

Тэгэхээр нэхэмжлэгч А.Ц нь өвчний учир гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай тухай дээр журамд дурдсан баримтаа бүрдүүлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанд хандаж болохоор байна.

 

6. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгч тогтоолд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул А.Ц, Б. нарын Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Ц, Б. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэгч А.Ц, Б. нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлднь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Ц, Б. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА