Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00254

 

 

 

 

 

 

 

2023 01 27 210/МА2023/00254

 

 

*** , *** нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/03453 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** , *** нарын нэхэмжлэлтэй, хариуцагч *** , *** т холбогдох, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Нэг талаас төлбөр авагч *** нөгөө талаас төлбөр төлөгч *** ХХК, барьцаалуулагч *** , *** ХХК нар 2020 оны 04 сарын 15-ны өдөр *** "А" дугаартай эвлэрлийн гэрээг байгуулж *** ХХК нь зээл, хүүгийн төлбөрт 3,813,034,718 төгрөгийг *** инд төлөх, хэрэв төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон. 2020 оны 05 сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 183/Ш32020/06896 дугаартай "Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай" шүүгчийн захирамж гарган улмаар 2020 оны 08 сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Шүүхийн гүйцэтгэх хуудас гарснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийг илт зөрчиж бидний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна. Нэхэмжлэгч *** болон *** нь хaa байгаа нь мэдэгдэхгүй буюу сураггүй алга болоогүй, эрэн сурвалжлагдаагүй, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, эсхүл барьцаа хөрөнгийг нуун дарагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан, оргон зайлахаар оролдоогүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, удаа дараагийн хөл хорио, санхүүгийн хямрал, валютын ханшийн өсөлт, саарал, хар жагсаалт гэх мэт гадаад, дотоодын нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр бизнесийн хэвийн үйл ажиллагаа тасалдаж, орлого тасарсан ч гэлээ бид санхүүгийн үүрэг, гэрээ, сахилга батыг эрхэмлэн ухамсарлаж авсан зээлээ эргүүлэн төлөхөөр барьцаа хөрөнгүүдээ гадаадын болон дотоодын аж ахуй нэгж, байгууллага болон хувь хүнд бүтнээр нь, эсхүл хэсэгчлэн худалдан борлуулахаар ажиллаж байна. Бидний зүгээс гадаад, дотоодын олон хүчин зүйлээс шалтгаалж гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй нь үнэн. Гэвч "тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй" гэх үндэслэлээр иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болохгүй бөгөөд дээрх үндэслэлээр иргэн *** болон иргэн *** нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл мөн. Иймд нэхэмжлэгч нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгож, гадаадад зорчих эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч *** хариу тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг холбогдох журмын дагуу эрх түдгэлзүүлэх Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч томилж байгаа. Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоол 2020 оны 09 сарын 16-ны өдөр гарсан бөгөөд 2020 оны 09 сарын 09-ний өдөр мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Нэхэмжлэгч талаас 2021 оны 05 сард ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байдаг. Ахлах шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэдгийг дурдаад, ажиллагаа хуулийн дагуу хэвийн явагдсан гэдэг утгаар гомдлыг хүлээн авахаас татгалзсаныг эс зөвшөөрч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс ...тогтоол хуульд нийцэж байна, төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш буюу 2021 оны 09 сарын хугацаанд төлбөрөөс нэг ч төгрөг өгөөгүй, мөн биелүүлээгүй байх тул албадлагын арга хэмжээ авсан нь хуульд нийцэж байна... гэсэн хариуг 2021 оны 06 сарын 08-ны өдөр өгсөн. Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Нэхэмжлэгч нар 2021 онд нэхэмжлэл гаргасныг шүүх буцааж, 2021 оны 11 сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгчид итгэмжлэл олгогдоогүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчээс шалтгаалах асуудал болохоос шүүхийн буюу шийдвэр гүйцэтгэх байгууллагын процессын эсвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүссэн асуудал биш юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авах хугацаа өнгөрсөн. 2021 оны шүүгчийн захирамж гарснаас 2 сарын дараа нэхэмжлэл гаргах хугацаа байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч *** хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 6896 дугаар захирамжаар *** ХХК, *** ХХК, *** нараас 3,843,034,718 төгрөг гаргуулж *** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 09 сарын 02-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч *** ХХК, *** ХХК-ийн захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч *** , *** нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулан өгч, тэмдэглэлээр баталгаажуулсан. Дурдсан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарлах болохыг *** тоот мэдэгдлээр мэдэгдэж, баталгаат шуудангийн хаягаар хүргүүлж, тэмдэглэлээр баталгаажуулсан. *** , *** нар тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу гадаадад зорчих эрхийг 2020 оны 09 сарын 16-ны өдрийн *** тоот тогтоолоор түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.15, 44.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *** , *** нарт холбогдох гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх тухай *** , *** нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.а. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Нэхэмжлэгч нарын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан үндэслэлүүд огт байхгүй, нэхэмжлэгч *** болон *** нар хаа байгаа нь мэдэгдэхгүй буюу сураггүй алга болоогүй, эрэн сурвалжлагдаагүй, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, эсхүл барьцаа хөрөнгийг нуун дарагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй. Төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй, эсхүл оргон зайлсан, оргон зайлахаар оролдоогүй.

5.б. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, удаа дараагийн хөл хорио, санхүүгийн хямрал, валютын ханшийн өсөлт, саарал, хар жагсаалт гэх мэт гадаад, дотоодын нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр бизнесийн хэвийн үйл ажиллагаа тасалдаж, орлого тасарсан ч гэлээ бид санхүүгийн үүрэг, гэрээ, сахилга батыг эрхэмлэн ухамсарлаж авсан зээлээ эргүүлэн төлөхөөр барьцаа хөрөнгүүдээ гадаадын болон дотоодын аж ахуй нэгж, байгууллага болон хувь хүнд бүтнээр нь, эсхүл хэсэгчлэн худалдан борлуулахаар ажиллаж байна. Үүнийг ч шийдвэр гүйцэтгэх алба болоод төлбөр авагч мэдэж байгаа. Бидний зүгээс гадаад, дотоодын олон хүчин зүйлээс шалтгаалж гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй нь үнэн. Гэвч "тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй" гэх үндэслэлээр иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болохгүй бөгөөд дээрх үндэслэлээр иргэн *** болон иргэн *** нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл мөн.

5.в. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт ...тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болно гэж хуулийн үг, үсгийг орхигдуулан, утга санааг алдагдуулан тайлбарласанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6.   Хариуцагч нар давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч *** , *** нар хариуцагч *** , *** т холбогдуулан 2020 оны 09 сарын 16-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай *** дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 15, 57/

 

3.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 183/ШЗ2020/06896 дугаар захирамжаар *** ХХК-ийн төлөөлөгч *** , *** ХХК-ийн төлөөлөгч *** , *** нар *** ХХК-ийн шаардсан 3,813,034,718 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2020 оны 07 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, ийнхүү төлөөгүй тохиолдолд *** ийн өмчлөлийн *** тоот хаягт байрлах 270 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /*** /, мөн хаягт байрлах 450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө /***/, мөн хаягт байрлах 450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /***/, мөн хаягт байрлах 129.54 м.кв талбайтай автомашины гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө /***/, *** ХХК-ийн эзэмшлийн *** байрлах 951 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газар /нэгж талбарын дугаар ***/, *** тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай газар /нэгж талбарын дугаар *** / зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсоныг баталсан байна. /хх 18-19/

 

4.   Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаатай холбоотойгоор Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 сарын 16-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай *** дугаар тогтоолоор *** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч *** , *** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч *** нарын гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

5.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлж болохоор зохицуулжээ.

Төлбөр төлөгч нар шүүгчийн захирамжаар бусдад 3,813,034,718 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн, мөн шүүгчийн захирамж гарсан өдөр буюу 2020 оны 05 сарын 12-ны өдрөөс хойшхи хугацаанд аливаа төлбөр төлөөгүй нөхцөл байдал хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасан ... эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлд хамааруулан үзэхээр байна.

Иймд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 сарын 16-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай *** дугаар тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1-д заасантай нийцсэн гэж үзэх ба улмаар хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

6.   Харин ...нэхэмжлэгч *** нь хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ. Учир нь:

6.а. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт ...ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж зохицуулсан ба нэхэмжлэгч тал Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 06 сарын 08-ны өдрийн Гомдолд хариу өгөх тухай 04/1223 тоот албан бичгийг хэзээ хүлээн авсан болох нь хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна. Энэ тохиолдолд хугацааг шүүхэд гомдол гаргагч талд ашигтайгаар тоолно;

6.б. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт ...тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж зохицуулсан ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 09 сарын 09-ний өдөр Төлбөр төлөгч гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас-ыг нэхэмжлэгч *** , *** нарт мөн өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, энэ тухай тэмдэглэл үйлдсэнийг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 сарын 16-ны өдрийн Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай *** дугаар тогтоолын талаар мэдэгдсэн гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/03453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.НЯМБАЗАР