Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00953

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ж.Сэмжид, шүүгч Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 0 хэсэг, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Г-ийн Н /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 00 хэсэг 00 тоот хаягт оршин суух, Б овогт Г-ын С /РД:0000000000/-т холбогдох,

 

Засварын зардалд шилжүүлсэн 2 393 500 төгрөг, эд зүйлд учирсан гэм хорын хохиролд 1 000 000 төгрөг, нийт 3 393 500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, засварын зардалд дутуу төлсөн 358 600 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Г.С, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Г.С-ийн нөхөр болох Э.Б-тай орон сууцаа хөлслүүлэх тухай ярилцаж, аман хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээр би өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 0 хэсэг 0-00 тоот 14 м.кв орон сууцыг 0 жилийн хугацаатай, 0 сарын 160 000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон. 5 дугаар сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөгийг миний дансруу 1 жилийн байрны түрээс гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Түрээслэн орох үедээ 7 дугаар сарын 15 гэхэд хариуцагч тал 17 400 000 төгрөгөөр тухайн орон сууцыг худалдаж авах талаар ярилцсан ч хэлсэн хугацаандаа авах боломжгүй болсон тухайгаа хэлсэн. Тухайн үед мөнгөний нэн яаралтай хэрэгцээ байсан тул тухайн орон сууцыг өөр хүмүүст зарах болсон тухайгаа хэлэхэд хариуцагч тал миний орон сууцанд дураараа хандаж, надад хэлэхгүйгээр хуучин эд зүйлсийг гарган хаяж, нийт 3 792 400 төгрөгийн засвар хийсэн тухайгаа баримтаар үзүүлж тухайн мөнгийг өгөхгүй бол байрыг суллаж өгөхгүй гэж хэлсэн. Ингээд Г.С-ийн 600 000 төгрөгийн үнэ бүхий душ, бойлуурыг тайлж авах, мөн угаалгын өрөөний угаалтуур, суултуур хоёрыг хуучин байсан суултуур, угаалтуурыг суурилуулан шинийг нь авч явахаар тохирсон боловч хаяцан тул үлдээхээр болсноо хэлсэн. 269 500 төгрөгийн үнэ бүхий барилгын туслах материал болон угаалгын өрөөний хэрэгслүүдийг Г.С хариуцахаар болж, миний зүгээс үлдсэн засварын мөнгө болох 2 393 500 төгрөгийн үнэ бүхий замаск, эмульс, будаг шингэлэгч будаг, хаалга болон хаалганы суулгалт, 3 ширхэг паар болон шугам хоолой, паркет болон паркетын булан, 2 ширхэг хөшиг, 4 ширхэг гэрлийн авжурыг, түрээсийн төлбөрийн буцаалт болох 1 520 000 төгрөгийн хамт нийт 3 918 500 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн. Тухайн айлыг ямар ч хохиролгүй болгож өгсний дараа шөнөөр нүүж явахдаа 885 500 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг паарыг надад хэлэлгүйгээр тайлан авч, нойлын өрөөг хүн ашиглах боломжгүй болгож, тогны утсыг сугалан авч тоггүй болгон үлдээсэн байсан. Иймд бусдын эд хөрөнгөд дураараа хандаж маш их гэм хор учруулсан тул хариуцагчид шилжүүлсэн 2 393 500 төгрөгийн засварын төлбөрийг буцаан гаргуулна. Мөн хуучин эд зүйлийн гэм хорыг арилгуулах, гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирол 1 000 000 төгрөг нийт 3 393 500 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.С би 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Г.Н-той Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 хэсэг, 2-12 тоот 14 м.кв орон сууцыг 17 400 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 2 400 000 төгрөгийг Хаан банкин дахь Г.Н-гийн 0000000000тоот дугаартай дансанд шилжүүлж, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг цалингийн зээл авч төлж барагдуулахаар тохиролцож, тухайн байранд нүүж орсон. Нүүж орсны дараа 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тухайн байранд цонхны чулуун тавцан 2 ширхэг 196 000 төгрөг, паркетан шал 498 000 төгрөг, хаалга 400 000 төгрөг, хаалга суулгалт 70 000 төгрөг, душ болон бойлуур 600 000 төгрөг, холигч 130 000 төгрөг, паар 3 ширхэг 780 000 төгрөг, разетка болон унтраалга 6 ширхэг 32 000 төгрөг, суултуур 160 000 төгрөг, будаг, замаск, ажилчдын хөлс, сан, бусад урсгал зардал гэх мэт тооцвол нийт 4 277 100 төгрөгийн засвар хийсэн. Гэтэл Г.Н тухайн байрыг өөр хүнд 19 000 000 төгрөгөөр худалдсан талаар мэдэгдсэн ба байрыг нэн даруй суллаж өгөхийг шаардсан. Байрны урьдчилгаа 2 400 000 төгрөгөөс 3 сарын түрээсийн 450 000 төгрөгийг суутгаж 1 520 000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хөшиг, гэрлийн мөнгө гэж 398 000 төгрөг, засварын зардалд 2 000 000 төгрөг, нийт 3 918 500 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Паркет шахах ажлын хөлс, будаг эмульс, замаск хийсэн ажлын хөлс, шаврын ажил хийсэн зардал, дулааны шугам, сан хийхэд гарсан зардалд нийт 600 000 төгрөгийг Г.Н-гоос аваагүй ба 4 277 100 төгрөгөөс 3 918 500 төгрөгийг шилжүүлсэн боловч 358 600 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тухайн байрыг суллаж өгөхдөө разетка, холигч, эр хаалт, эм үзүүр, булан, шугамын труба, хаалт, тройник, цонхны чулуун тавцан, авжур, паркет, хаалга зэрэг нийт 2 157 100 төгрөгөөр тооцогдох материал, засварыг үлдээж зарим материал эд зүйлсээ авч явсан. Ингэхдээ өөрсдийн авч тавьсан 3 ширхэг паар, душ болон бойлуурыг авсан ч хүн ашиглах боломжгүй болгон үлдээж тогны утсыг нь сугалсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Байрны урьдчилгаа 2 400 000 төгрөгөөс 3 сарын түрээсийн 450 000 төгрөгийг суутгаж 1 520 000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хөшиг, гэрлийн мөнгө гэж 398 000 төгрөг, засварын зардалд 2 000 000 төгрөг, нийт 3 918 500 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Паркет шахах ажлын хөлс, будаг эмульс, замаск хийсэн ажлын хөлс, шаврын ажил хийсэн зардал, дулааны шугам, сан хийхэд гарсан зардал нийт 600 000 төгрөгийг Г.Н-гоос аваагүй ба 4 277 100 төгрөгөөс 3 918 500 төгрөгийг шилжүүлсэн боловч 358 600 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд хариуцагч Г.Н-гоос 358 600 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Анх надад үзүүлсэн засваруудын мөнгийг би бүгдийг төлсөн. Гэхдээ ажлын хөлс өгсөн талаар надад хэлээгүй. Бүх төлбөрийг өгч байхад өөрсдийн үзүүлсний дагуу паараа тайлж авч явснаас болж өвөлжин, хаваржин халаалтгүй байснаас болоод байр тэр чигтээ хөлдөж, одоо засвар хийсэн ажил нь ямар ч үр дүнгүй байдалд хүрсэн. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Н-гийн Хаан банк дахь 0000000000 тоот дансны 2021.05.18-2021.05.21 өдрийн дансны хуулга, мөн 0000000000 тоот дансны 2021.08.20-2021.08.25-ны өдрийн дансны хуулга, Төрийн банк дахь 0000000000тоот дансны 2021.08.25-ны өдрийн хуулга, фото зураг, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хавтаст хэргийн 8-20 дугаар талд авагдсан зарлагын баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Хариуцагчаас 11 хуудас зарлагын баримт, засвар хийхээс өмнөх болон дараах үеийг харуулсан гэх фото зураг, Нтой харилцсан зурвас, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан. Тэмдэглэл гэх 2 хуудас баримт нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 хэсэг 2-12 тоот орон сууц болон хариуцагч Г.Сийн нөхөртэй Г.Н-гийн утсаар ярьсан ярианы бичлэгт, хариуцагчийн хүсэлтээр түүний гар утсанд Г.Н-той харилцсан зурваст үзлэг хийх, гэрчээр А.Р-ыг асуух ажиллагааг шүүх гүйцэтгэсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Г.С-т холбогдуулан засварын зардалд шилжүүлсэн 2 393 500 төгрөг, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1 000 000 төгрөг нийт 3 393 500 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч засварын зардлын үлдэгдэл 358 600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... хариуцагч Г.С-ийн орон сууцанд хийсэн засварын зардлыг төлсөн байхад нүүхдээ паар салгаж авч явснаас байр хөлдөж хийсэн засвар нь үр дүнгүй болсон тул засварын зардал шилжүүлсэн мөнгө болон эд хөрөнгөд учирсан хохирлыг гаргуулна... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ...Г.Н-той Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 0 хэсэг, 0-00 тоот 14 м.кв орон сууцыг 17 400 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, тухайн байранд нийт 4 277 100 төгрөгийн засвар хийсэн. Гэтэл Г.Н тухайн байрыг өөр хүнд 19 000 000 төгрөгөөр худалдсан талаар мэдэгдсэн ба байрыг нэн даруй суллаж өгөхийг шаардсан. 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хөшиг, гэрлийн мөнгө гэж 398 000 төгрөг, засварын зардалд 2 000 000 төгрөгийг тус тус миний дансанд шилжүүлсэн. Бид тохиролцож тухайн байранд разетка, холигч, эр хаалт, эм үзүүр, булан, шугамын труба, хаалт, тройник, цонхны чулуун тавцан, авжур, паркет, хаалга зэрэг нийт 2 157 100 төгрөгөөр тооцогдох материал, засварыг үлдээж, зарим материал эд зүйл болох өөрсдийн авч тавьсан 3 ширхэг паар, душ болон бойлуурыг авсан. Душийг салгахад доод суур гэмтэнэ гэдгийг хэн аль нь мэдэж байсан. Хуучин байсан паарыг нь үлдээсэн... гэж шаардлагыг үгүйсгэсэн.

 

4. Хариуцагч засварын зардалд дутуу шилжүүлсэн 358 600 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэж сөрөг шаардлагын үндэслэлээ тайлбарласан ба нэхэмжлэгч паар салгаж явсанаас орон сууцанд хийсэн засвар үр дүнгүй болсон гэж сөрөг шаардлагыг няцаасан.

 

5. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 0 хэсэг, 0-00 тоот 14 м.кв орон сууцыг 17 400 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож байсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байх боловч худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлын хувьд гэрээний зүйлийн шинж байдлаас шалтгаалан тусгай нөхцөл тавигддаг ба тодруулбал үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар бичгийн хэлбэрээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага хангасан байх учиртай.

 

Дээрх хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл нь хийсэн үеэсээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу ...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн... хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.

 

Харин нэхэмжлэгчийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Г.С-ийн нөхөр болох Э.Б-тайтухайн орон сууцыг сарын 160 000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай хөлслөхөөр тохирсон гэх тайлбар, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 800 000 төгрөгийг байрны түрээс гэх утгаар, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 600 000 төгрөгийг жилийн түрээс үлдэгдэл гэх утгаар нэхэмжлэгч Г.Н-д шилжүүлсэн шилжүүлэг, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Г.С-ийн 5071387294 тоот дансанд 1 520 000 төгрөгийг С-д байрны түрээсийн буцаалт гэх утгаар шилжүүлэг зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбоогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан ба мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3, 294.6-д эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно. Орон сууц хөлслөх гэрээг цуцлах шаардлагаа хөлслүүлэгч бичгээр гаргана гэж заасан.

 

Гэрээ цуцлах үндэслэл, журмыг нэхэмжлэгч Г.Н баримтлаагүй, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 3 сарын хөлс 450 000 төгрөгийг суутган 1 520 000 төгрөгийг хариуцагч Г.С-ийн дансанд С-д байрны түрээсийн буцаалт гэх утгаар шилжүүлснээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөгийг байрны засварын мөнгө 2-12 тоот гэх утгаар, мөн өдөр 398 500 төгрөгийг хөшиг, гэрлийн мөнгө С гэх утгаар тус тус хариуцагчид шилжүүлсэн байгаагаас дүгнэхэд хөлслүүлэгч буюу нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгээр хариуцагч хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийн зардлаар засвар хийсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 ...талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй... гэж заасан ба нэхэмжлэгч гэрээ дуусгавар болсны дараа хариуцагчид төлсөн засварын зардал 2 398 500 төгрөгийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлээ ...хариуцагч паар болон душийг салгаж авснаар тухайн орон сууцыг ашиглах боломжгүй болж эд хөрөнгөд хохирол учирсан... гэж тайлбарлаж байх боловч тухайн хохирол учирсан гэх Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 0 хэсэг, 0-00 тоот орон сууцны өмчлөгч болохоо нэхэмжлэгч Г.Н баримтаар нотлоогүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан.

 

Зохигчид тухайн орон сууцыг бусдад худалдсан талаар тайлбарладаг ба нэхэмжлэгч эд хөрөнгийн өмчлөгч биш тохиолдолд түүнийг хохирол хүлээсэн этгээд гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчид холбогдуулан гэм хорын хохирол шаардах эрхгүй болно.

 

Хариуцагч нь тухайн орон сууцанд нийт 2 157 100 төгрөгөөр тооцогдох материал, засварыг үлдээж, 3 ширхэг паар болон душ, бойлуурыг салган авсан талаар тайлбарладаг. Нэхэмжлэгчээс 2 398 500 төгрөгийг засварын зардалд хариуцагчид шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг засварын зардалд 358 600 төгрөгийг дутуу шилжүүлсэн гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд дээрх үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-ий хариуцагч Г.С-т холбогдуулан гаргасан 3 393 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Г.С-ийн 358 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69 246 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 11 800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ж.СЭМЖИД

 

Д.ЭНХЦЭЦЭГ