Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01198

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Н гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00953 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Н гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.С т холбогдох, 3,393,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 358,600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Г.Н нь 2021 оны 05 сарын 18-ны өдөр хариуцагч Г.С ийн нөхөр болох Э.Б тай орон сууц хөлслүүлэх тухай аман хэлцэл хийсэн. Өөрийн өмчлөлийн ... 14 м.кв орон сууцыг 1 жилийн хугацаатай, 1 сарын 160,000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон. Хариуцагч талаас 2021 оны 05 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг Г.Н гийн данс руу 1 жилийн байрны түрээс гэх гүйлгээний утгатай шилжүүлсэн. Хариуцагч тал 17,400,000 төгрөгөөр тухайн орон сууцыг худалдаж авах талаар ярилцсан ч авах боломжгүй болсон тухайгаа хэлсэн. Тухайн үед яаралтай мөнгөний хэрэгцээ байсан тул тухайн орон сууцыг өөр хүмүүст худалдах болсон тухайгаа хэлсэн. Хариуцагч нь Г.Н гийн өмчлөлийн орон сууцанд дураараа хандаж, түүнд хэлэхгүйгээр хуучин эд зүйлсийг гарган хаяж, нийт 3,792,400 төгрөгийн засвар хийсэн тухай баримт үзүүлж, тухайн мөнгийг өгөхгүй бол байрыг суллаж өгөхгүй гэж хэлсэн. Ингээд 600,000 төгрөгийн үнэ бүхий душ, бойлуурыг тайлж авах, мөн хуучин байсан угаалтуур, суултуурыг суурилуулан шинийг нь авч явахаар тохиролцсон боловч хаясан тул үлдээхээр болсноо хэлсэн. Г.С нь 269,500 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хариуцахаар болж, миний зүгээс үлдсэн засварын мөнгө болох 2,393,500 төгрөгийн үнэ бүхий замаск, эмульс, хаалга, 3 ширхэг пар болон шугам хоолой, паркет, хөшиг, абажурын үнийг түрээсийн төлбөрийн буцаалт болох 1 520,000 төгрөгийн хамт нийт 3,918,500 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн. Тухайн айлыг ямар ч хохиролгүй болгож өгсөн боловч нүүж явахдаа 885,500 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг парыг хэлэлгүйгээр тайлан авч, 00-н өрөөг хүн ашиглах боломжгүй болгож, тогны утсыг сугалан авч тоггүй болгон үлдээсэн. Иймд бусдын эд хөрөнгөд дураараа хандаж гэм хор учруулсан тул хариуцагчид шилжүүлсэн 2,393,500 төгрөгийн засварын төлбөрийг буцаан гаргуулна. Мөн гэм хорыг арилгуулах, гэм хор учрахаас өмнөх байдалд сэргээх буюу учирсан хохирол 1,000,000 төгрөг, нийт 3,393,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: 2021 оны 05 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Г.Н той ... 14 м.кв орон сууцыг 17,400,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. 2021 оны 05 сарын 19-ний өдөр 2,400,000 төгрөгийг Хаан банк дахь Г.Н гийн 0000000000 тоот данс руу шилжүүлж, үлдэгдэл 15,000,000 төгрөгийг цалингийн зээл авч төлөхөөр тохиролцож, тухайн байранд нүүж орсон. 2021 оны 05 сарын 21-ний өдрөөс эхлэн тухайн байранд цонхны чулуун тавцан 2 ширхэг 196,000 төгрөг, паркетан шал 498,000 төгрөг, хаалга 400,000 төгрөг, хаалга суулгалт 70,000 төгрөг, душ болон бойлуур 600,000 төгрөг, холигч 130,000 төгрөг, пар 3 ширхэг 780,000 төгрөг, разетка болон унтраалга 6 ширхэг 32,000 төгрөг, суултуур 160,000 төгрөг, будаг, замаск, ажилчдын хөлс, сан, бусад зардал гэх мэт нийт 4,277,100 төгрөгийн засвар хийсэн. Гэтэл Г.Н тухайн байрыг өөр хүнд 19,000,000 төгрөгөөр худалдсан талаар мэдэгдсэн ба байрыг нэн даруй суллаж өгөхийг шаардсан. Байрны урьдчилгаа 2,400,000 төгрөгөөс 3 сарын түрээс 460,000 төгрөгийг суутгаж, 2021 оны 08 сарын 20-ны өдөр 1,520,000 төгрөг, 2021 оны 08 сарын 25-ны өдөр хөшиг, гэрлийн мөнгө гэж 398,000 төгрөг, засварын зардалд 2,000,000 төгрөг, нийт 3,918,500 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Тухайн байрыг суллаж өгөхдөө разетка, холигч, эр хаалт, эм үзүүр, булан, шугамын труба, хаалт, тройник, цонхны чулуун тавцан, абажур, паркет, хаалга зэрэг нийт 2,157,100 төгрөгөөр тооцогдох материал, засварыг үлдээж, өөрсдийн авч тавьсан 3 ширхэг пар, душ болон бойлуурыг авсан ч хүн ашиглах боломжгүй болгон үлдээж, тогны утсыг нь сугалсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Сөрөг нэхэмжлэлийн агуулга: Байрны урьдчилгаа 2,400,000 төгрөгөөс 3 сарын түрээс 460,000 төгрөгийг суутгаж 1,520,000 төгрөг, хөшиг, гэрлийн мөнгө гэж 398,000 төгрөг, засварын зардалд 2,000,000 төгрөг, нийт 3,918,500 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Паркет шахах, будаг эмульс, замаск, шаврын ажил хийсэн хөлс, дулааны шугам, сан хийхэд гарсан зардал нийт 600,000 төгрөгийг Г.Н гоос аваагүй ба 4,277,100 төгрөгөөс 3,918,500 төгрөгийг шилжүүлсэн учир 358,600 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд хариуцагч Г.Н гоос 358,600 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

4.   Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: Анх надад үзүүлсэн засваруудын мөнгийг бүгдийг төлсөн. Гэхдээ ажлын хөлс өгсөн талаар надад хэлээгүй. Бүх төлбөрийг өгч байхад параа тайлж авч явснаас болж өвөлжин, хаваржин халаалтгүй байснаас болоод байр тэр чигтээ хөлдөж, одоо засвар хийсэн ажил нь ямар ч үр дүнгүй байдалд хүрсэн. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Н гийн хариуцагч Г.С т холбогдуулан гаргасан 3,393,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Г.С ийн 358,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 69,246 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 11,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

6.   Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ... хэсэг, 2-12 тоотод Г.С сайн дураар засвар хийсэн. Засварын төлбөрт 2,393,500 төгрөг шилжүүлсэн боловч 885,500 төгрөгийн үнэ бүхий парыг зөвшөөрөлгүй авч явсан. Пар авч явснаас үүдэн 1,000,000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан. Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг бүрэн засварлаж худалдсан байхад нэхэмжлэх эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь худалдан борлуулахаас өмнө гэм хор учирсан, байрны засвар хийгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Гэм хор учруулсан нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Г.С т холбогдуулан засварын зардалд шилжүүлсэн 2,293,500 төгрөг, эд зүйлд учирсан хохирол 1,000,000 төгрөг, нийт 3,293,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, засварын зардалд дутуу шилжүүлсэн 358,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1, 57-58, 92-93/

 

3.   Талууд 2021 оны 05 сарын 18-ны өдөр орон сууц хөлслүүлэх, хөлслөх аман хэлцэл хийж, уг хэлцлээр Г.Н нь ... 14 м.кв талбайтай орон сууцыг 1 жилийн хугацаатай Г.Наранчимэгийн эзэмшилд шилжүүлэх, Г.Наранчимэг нь 1 сарын 160,000 төгрөгийн хөлс төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ. Улмаар талууд орон сууц хөлслөх гэрээг 2021 оны 08 сарын 20-ны өдөр цуцалсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

4.   Засварын зардалд шилжүүлсэн 2,293,500 төгрөг, эд зүйлд учирсан хохирол 1,000,000 төгрөг, нийт 3,293,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Засварын зардалд нийт 2,293,500 төгрөгийг буцаан шилжүүлсэн боловч орон сууцнаас гарахдаа хариуцагч нь 3 ширхэг радиаторыг тайлж авч явсны улмаас орон сууц хөлдөж, засвар үр дүнгүй болсон... гэх агуулгаар тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан Зарлагын баримт-ууд, Хаан банк дахь 0000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зургийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр хариуцагч тал нийт 2,984,500 төгрөгийн үнийн дүн бүхий засан сайжруулалтыг /радиатор 885,500, замаск 18,000, эмульс 50,000, угаалтуур 95,000, суултуур 160,000, холигч 125,000, душ 400,000, бойлур 200,000, хуйлдаг хөшиг 285,000, разетка 17,000, абажур 55,000, чулуун тавцан 196,000, паркет 498,000/ хийсэн, орон сууцнаас гарахдаа душ, бойлур, 3 ширхэг радиатор зэрэг нийт 1,485,500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг салган авч явсан, нэхэмжлэгч тал засан сайжруулалтын зардалд нийт 2,398,500 төгрөгийг хариуцагчид буцаан шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдож байна. /хх 6-7, 22-31, 46-55, 60-83, 96/

Үүнээс гадна хэрэгт авагдсан фото зургийн хуулбар, засварын ажлыг хийсэн гэрч А.Р гийн өгсөн Би байранд нь бүрэн засвар хийсэн, хана, тааз, шал, гал тогоо, бүгдэд нь засвар хийсэн. Ажлаа дуусаад 500,000 төгрөгийн хөлс авсан. Би супер засвар хийж чадахгүй тул өндөр үнээр засдаггүй юм гэх мэдүүлэг зэргээр Зарлагын баримтуудад ороогүй бусад зардлууд гарсан. Хаалганы үнэ 400,000 төгрөг, засварын ажлын хөлс зэрэг зардлууд баримтгүй гарсан гэх хариуцагч талын тайлбарыг үнэн зөв гэж үзлээ. /хх 21, 59/

Харин өнхрүүш, шпатель, зүлгүүр, зүлгүүрийн гар, дэвсгэр, 00 угаагч зэрэг болон барааны нэр тодорхойгүй зарим зардлыг засан сайжруулалтын зардал гэж үзэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл орон сууцны засан сайжруулалтад хариуцагчаас нийт 3,884,500 төгрөгийн зардал гаргасан, үүнээс нийт 1,485,500 төгрөгийн эд зүйлийг хариуцагч салган авч явсан, нэхэмжлэгч нь нийт 2,398,500 төгрөгийг буцаан шилжүүлсэн байх тул засан сайжруулалт, салган авч явсан эд зүйлийн талаар зохигчдын хооронд тооцоогүй гэж үзэхээр байна. /3,884,500 1,485,500 2,398,500 = 500/

Талууд гэрээг 2021 оны 08 сарын 20-ны өдөр цуцалсан учир пар авч явснаас орон сууц хөлдсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нь орон сууц хөлдөхгүй байх арга хэмжээг өөрөө авах боломжгүй байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд нийт 3,293,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

5.   Засварын зардалд дутуу шилжүүлсэн 358,600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд.

Өмнө дурдсанчлан засан сайжруулалтад хариуцагчаас нийт 3,884,500 төгрөгийн зардал гарсан, хариуцагч нийт 1,485,500 төгрөгийн эд зүйлийг салган авч явсан, нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 2,398,500 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул 358,600 төгрөгийг дутуу шилжүүлсэн гэж үзэх боломжгүй, улмаар сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

6.   Зохигчдын хооронд үүссэн маргаан нь орон сууц хөлслөх гэрээтэй холбоотой, уг гэрээг цуцалсантай холбоотой маргаан байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/00953 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...289 дүгээр зүйлийн 289.2.5, 497 дугаар зүйлийн 497.1... гэснийг ...227 дугаар зүйлийн 227.1... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 69,246 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Д.НЯМБАЗАР