Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2022/00833

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Алтанбогд цогцолбор 0-0 тоот хаягт байрлах, С ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Оранж таун АОС 0-00 тоот хаягт оршин суух, Н овогт Д-ын Б /РД:000000000/,

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Оранж таун АОС 0-00 тоот хаягт оршин суух, К/РД:0000000 /-д холбогдох,

 Эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 00-000 тоот хаягт байрлах 10 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг СХХК-д буцаан шилжүүлэхийг даалгах, уг талбайг түрээслэн олсон ашиг 144 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, түүний өмгөөлөгч Э.У, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Ж, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компаниас иргэн К, Д.Б нарт Чингэлтэй дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс Тауэр оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 0 дүгээр давхрын 10м.кв 000 тоот шилэн павильоныг худалдсан юм. Гэтэл онцгой байдлын газраас мэдэгдэл ирсэн гэсэн шалтгаанаар дээрх худалдан авсан талбайгаасаа татгалзан манай компаниас талбай худалдан авсан мөнгө болох 83 760 000 төгрөгийг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/00000 дугаар шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан атлаа гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхгүй өнөөдрийг хүртэл уг талбайд гоо сайхны бараа худалдах үйл ажиллагаа явуулж ашигласаар байгаа. Манай зүгээс тус газарт удаа дараа очиж уулзахад бусдад түрээслүүлсэн байдалтай өөрсдөө байдаггүй. Түрээслэгч нь талбайг сарын 1 500 000 төгрөгөөр түрээсэлдэг болохоо хэлж байсан тул 2014 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ашигласан түрээсийн орлого болох 144 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гаргуулж өгнө үү. Анх шүүхэд гэрээний зүйл болох 000 тоот талбайг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагаа өөрчилж, эрхийн улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 0 дугаархороо, Энхтайвны өргөн чөлөө 00-000тоот хаягт бүртгэлтэй 10 м.кв талбайн өмчлөх эрхийг С ХХК-д буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2012 онд Чингэлтэй дүүргийн 0 дугаархороонд байрлах Пийс Молл худалдаа үйлчилгээний талбайг худалдах зорилгоор 2010 онд худалдаа үйлчилгээний талбайг иргэн К, Д.Б нартай гэрээг байгуулж 83 700 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, өмчлөх эрхийг шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа К, Д.Б нар Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаж, худалдан авсан талбайг шатны доор байдаг гэх үндэслэлээр, мөн м.кв дутуу байна гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу шүүх хэргийг хянан шийдвэрлээд гэрээнээс татгалзсаныг баталж, 83 700 000 төгрөгийг СХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэр өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр, шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа хийгдээд явж байгаа. Манай компанийн төлөөлөгч н.Гүнжээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад өмчлөх эрхээ шилжүүлж аваад худалдан борлуулаад мөнгийг гаргаж өгье гэсэн боловч одоог хүртэл эрх шилжиж ирээгүй бөгөөд талбайг хариуцагч нар хууль бусаар барьцаалж байгаа гэх тайлбарыг гаргаад байдаг. Өмчлөх эрхээ шилжүүл худалдан борлуулмаар байна гээд очоод уулзах гэтэл дандаа өөр хүмүүс түрээсэлж байдаг. 2021 онд өмчлөх эрхээ буцаан шилжүүлье, талбайг худалдан борлуулъя гэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. 144 000 000 төгрөгийн ашгийг 2014 оноос хойш тооцож, сарын 1 500 000 төгрөгөөр талбайг түрээслэх зах зээлийн ханш нь гэж үзэж байгаа. Хариуцагч хариу тайлбартаа нэг жилийн хугацаанд л түрээсэлсэн гэх тайлбар өгдөг. Чингэлтэй дүүргийн шүүх хэргийг шийдвэрлэсэн ч СХХК-ний зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байсан учраас өмчлөх эрхийн асуудлыг шүүх шийдвэрлэлгүй орхисон нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдсэн гэж үзэж байгаа. Уг талбайг гэрээнээс татгалзсаны үр дагаварт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх асуудлыг шийдээгүй байгаа учир шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэж боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна... гэв.

 

Хариуцагч болон хариуцагч Кы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Б миний бие нөхөр Кы хамт СХХК-аас 2012 оны 12 сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороонд байрлах Пийс молл төвийн 0 давхарт худалдаа үйлчилгээний 10 м.кв талбайг 83 760 000 төгрөгөөр худалдаж авсан. Төлбөрөө 100 хувь бэлэн өгсөн. Гэвч тухайн талбайг зориулалтын дагуу ашиглах боломжгүй талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан тул гэрээнээс татгалзаж, төлбөрийг гаргуулахаар шаардсаныг шүүх 2016 онд 11 сарын 15-ны өдөр шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч тухайн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Шийдвэрт заасан төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн талбайн өмчлөх эрхийг СХХК-д шилжүүлнэ. Сүүлийн нэг жилийн хугацаанд Ө гэх хүнд талбайг сарын 1 500 000 төгрөгөөр түрээсэлсэн талаар маргахгүй гэвч ямар үндэслэлээр 144 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх заалтуудад өмчлөгч гэж хэн бэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. 2017 онд шүүхэд хэлэлцэгдэж байхад сөрөг нэхэмжлэл гаргаад явах боломж байсан. Анх Д.Б, К 2 талбайг өмчлөх эрхийн гэрчилгээ авсан үеэс л талбайг ашиглах боломжгүй гэсэн тул шүүхээр шийдвэрлүүлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 30, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд төлбөрийг 50, 50 хувиар төлөхөө СХХК хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Түүнээс одоо талбайг зараад төлбөрөө төлнө гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Учир нь тухайн асуудлыг шүүх шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа... гэв.

 

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.13-ны өдрийн 182/ШЗ2021/00000 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2021.10.13-ны өдрийн 182/ШТ2021/00197 дугаар гомдол шийдвэрлэх тухай тогтоол, 2012.12.30-ны өдрийн 12/12/30 дугаар худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.15-ны өдрийн 182/ШШ2016/00000 дугаар шийдвэр, Д.Б, Ж.С нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2015.02.05-ны өдрийн 15/0000 дугаартай С ХХК-иас Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт залруулга хүргүүлэх тухай албан тоот, 2015.01.22-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, 2 хуудас фото зураг, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.12.02-ны өдрийн 0-000/00000 дугаар албан тоот, Төлбөр төлөгчийн банкин дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, харилцан тохиролцох тухай гэх гар бичмэл баримт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Нэхэмжлэгч СХХК нь хариуцагч Д.Б, К нарт холбогдуулан гаргасан Эрхийн улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 0-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 00-000тоот 10 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, 144 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

2.   Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нар гэрээнээс татгалзсан атлаа гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлээгүй, талбайг бусдад түрээслэн ашиг олж байгаа тул өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, 2014 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд сарын 1 500 000 тооцон нийт 144 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна... гэж тайлбарлаж байна.

 

3.   Хариуцагч ...гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх ёстой. СӨХ-д төлдөг тогтмол зардал гардагтай холбоотой сүүлийн нэг жилийн хугацаанд талбайг түрээслүүлсэн. 144 000 000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргав.

 

4.   Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2012 оны 12 сарын 30-ны өдөр 12/12/30 дугаар худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 0 дугаархорооны нутаг дэвсгэрт байрлах Peace tower оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 1-р давхрын №000 тоот, нийт 10 м.кв /дундын өмчлөлийн талбайн хамт/ талбайг 83 760 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тус тус тохиролцсон. Худалдан авагч буюу хариуцагч Д.Б, Кнар гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж, худалдагч тал болох СХХК нь талбайг 2015 оны 01 сарын 22-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэн хүлээлгэн өгсөн байна.

 

Гэрээний зүйл болох үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Б, Кнар 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000369645 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнээс худалдан авагч буюу Д.Б, Кнар нь талбайг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, доголдолтой гэх шалтгаанаар татгалзаж, хохирол шаардсаныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/00000 дугаар шийдвэрээр гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээний үүрэгт төлсөн 83 760 000 төгрөгийг худалдагч СХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч СХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/00000 дүгээр шийдвэрийг биелүүлээгүй байгаа болох нь зохигчдын тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.12.02-ны өдрийн 0-000/00000дугаар албан тоотоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцааж өгөх үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан.

 

Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч СХХК нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн гэрээний гүйцэтгэл болох 83 760 000 төгрөгийг хариуцагч нар буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул Эрхийн улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 0 дугаархороо, Энхтайваны өргөн чөлөө 00-000тоот 10 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч нараас шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн ...нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийг буцаан шилжүүлнэ... гэх татгалзал үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүхийн ажиллагаанд хэлэлцэгдсэн маргааны талаар гаргасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол хэргийн оролцогчид хэн аль нь дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг хариуцагч нарт төлснөөр хариуцагч нар өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үр дагавар хуулиар үүсэх атал шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн асуудлаар зохигчид дахин маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч 2014 оноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 96 сарын түрээсийн төлбөр сарын 1 500 000 төгрөгөөр тооцон, нийт 144 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүргийн хүрээнд шаардаж байна гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан баримтаас талбайг хариуцагч нарт 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээлгэн өгч, 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Д.Б, Кнар өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ба 2014 оноос 2021 хүртэл хугацаанд хариуцагч нар маргаан бүхий талбайг бусдад түрээслэн 144 000 000 төгрөгийн ашиг болсон гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй.

 

Хариуцагч нар сүүлийн нэг жилийн хугацаанд уг талбайг сарын 1 500 000 төгрөгөөр түрээслүүлсэн үйл баримтын талаар маргаагүй боловч нэхэмжлэгч нь 96 сарын хугацаанд тогтмол талбайг түрээслүүлэн ашиг олсон болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тэрээр шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгч СХХК-ийн хариуцагч Д.Б, Кнарт холбогдуулан гаргасан Эрхийн улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 0 дугаархороо, Энхтайваны өргөн чөлөө 00-000тоот 10 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, 144 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч СХХК-ийн хариуцагч Д.Б, Кнарт холбогдуулан гаргасан Эрхийн улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 0 дугаархороо, Энхтайваны өргөн чөлөө 00-000тоот 10 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, 144 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 454 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ