Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/ма2022/01141

 

 

 

 

 

 

 

 

2022 06 15 210/МА2022/01141

 

 

С ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/00833 дугаар шийдвэртэй, С ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б , К н нарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202023118 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 54-108 тоот хаягт байрлах 10 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг С ХХК -д буцаан шилжүүлэхийг даалгах, уг талбайг түрээслэн олсон ашиг 144,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А, хариуцагч Д.Б , хариуцагч нарын өмгөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: К н, Д.Б нар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө үйлчилгээний зориулалттай барилгын 1 дүгээр давхарын 10 м.кв талбай 108 тоот лангууг худалдан авсан. Гэтэл онцгой байдлын газраас мэдэгдэл ирсэн гэх шалтгаанаар дээрх худалдан авсан талбайгаас татгалзаж, 83,760,000 төгрөгийг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01049 дугаар шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан атлаа гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхгүй, бараа худалдаж бусдад түрээслүүлсэн байдалтай өөрсдөө байдаггүй. С ХХК -ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас өмчлөх эрхийн асуудлыг шүүх шийдвэрлэлгүй орхисон нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Уг талбайг гэрээнээс татгалзсаны үр дагаварт үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх асуудлыг шийдээгүй байгаа учир шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэж боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй. Түрээслэгч нь талбайг сарын 1 500 000 төгрөгөөр түрээсэлдэг болохоо хэлж байсан тул 2014 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ашигласан түрээсийн орлого болох 144 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202023118 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 54-108 тоот хаягт бүртгэлтэй 10 м.кв талбайн өмчлөх эрхийг С ХХК -д буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Д.Б миний бие нөхөр К ны хамт С ХХК -аас 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө үйлчилгээний зориулалттай барилгын 1 дүгээр давхарын 108 тоот 10 м.кв талбайг 83,760,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэвч тухайн талбайг зориулалтын дагуу ашиглах боломжгүй талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан тул гэрээнээс татгалзаж, төлбөрийг гаргуулахаар шаардсаныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 онд 11 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Шийдвэрт заасан төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн талбайн өмчлөх эрхийг С ХХК -д шилжүүлнэ. Сүүлийн нэг жилийн хугацаанд н.Өнөрбатад талбайг сарын 1,500,000 төгрөгөөр түрээсэлсэн талаар маргахгүй, гэвч ямар үндэслэлээр 144,000,000 төгрөг нэхэмжилсэн нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Одоо талбайг зарж төлбөр төлнө гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Учир нь тухайн асуудлыг шүүх шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК -ийн хариуцагч Д.Б , К н нарт холбогдуулан гаргасан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202023118 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 54-108 тоот 10 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, 144,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,454,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны шийдвэрээр С ХХК болон Д.Б , К н нарын өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202023118 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хэлбэрээр эсхүл бусад байдлаар гаргаж шүүхээр шийдвэрлүүлж байгаагүй. Гэтэл хариуцагч тал өөрсдөд ашигтайгаар тайлбарласан байх ба шүүх хуулийг тайлбарлаж хэрэглэсэн. Тухайн төлбөрийг С ХХК -аас гаргуулах шийдвэр гарсан явдал нь хожим С ХХК тэдгээрт шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөө буцаан шаардах эрхийг үгүйсгэх, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохооргүй байтал шүүх энэ талаар дүгнээгүй. Иймд шүүх нэгэнт шийдвэрлэсэн асуудал гэж нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж байна. Уг нэхэмжлэлийн шаардлыг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй тул аль ч утгаараа анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны байх шинжийг хангаагүй. Түүнчлэн, хариуцагч нь тухайн өмчлөлийн талбайг сард дунджаар 1,500,000 төгрөгөөр бусад этгээдэд түрээслүүлэн ашиг олсон талаар маргахгүй гэж тайлбарласан байхад уг асуудал тогтоогдоогүй, нотлогдоогүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанд талууд хангалттай мэтгэлцэж, тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. Энэ маргаан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэрлэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь 83,000,000 төгрөгийг өгснөөр доголдолтой эд хөрөнгөө шилжүүлэн авах эрх нь үүсэх байтал эсрэг тайлбарууд гаргасаар 10 жил гаруй маргасан. Хариуцагч тал өнөөдрийг хүртэл хохирсоор ирсэн. Манайхыг түрээслэн ашиг олсон гэж тайлбарласан. Ашиглах боломжгүй объект байсан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хүлээж авахгүй 2-3 удаа буцаасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дахин шүүхэд хандсанаар шүүх хүлээн авч үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д.Б , К н нарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202023118 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 байр, 108 тоот хаягт байрлах 10 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг С ХХК -д буцаан шилжүүлэхийг даалгаж, уг талбайг түрээслэн олсон ашиг 144,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

4. С ХХК нь Д.Б , К н нартай 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг гэрээгээр худалдагч нь Чингэлтэй дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах peace tower оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 1 дүгээр давхарын 108 тоот, 10 м.кв талбайг шилжүүлэх, худалдан авагч нь 83,760,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх15-16/

Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн бөгөөд хариуцагч нар төлбөр тооцоог дуусган уг хөрөнгийг хүлээн авч, улмаар Д.Б , К н нар 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2202023118 дугаартай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40 50 мянгат /15172/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 байр, 108 тоот хаягт байршилтай 10 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрх Д.Б , К н нарт шилжсэн, хөрөнгийн үнэд 83,760,000 төлөгдсөн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /хх15-16, 66/

5. Д.Б , К н нарын нэхэмжлэлтэй хариуцагч С ХХК -д холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, учирсан хохиролд 133,452,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01049 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК -аас 83,760,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б , К н нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 49,692,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх18-23/

6. С ХХК нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх бөгөөд шүүх нэхэмжлэгч нарын худалдах, худалдан авах гэрээг цуцалж, уг үнийг хариуцагчаас буцаан гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт ...аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчид дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх талаар заагаагүй байна.

7. Шүүх нэхэмжлэгч С ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01049 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн гэрээний гүйцэтгэл болох 83,760,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул талбайн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь талбайг бусдад түрээслүүлэн ашиг орлого олсон гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх талбайг түрээслэж олсон ашиг 144,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

8. Шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг өмнөх шүүхийн шийдвэрээр буюу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01049 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэгдсэн гэж үзэж шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсгийг баримтласныг хасч өөрчлөх нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах peace tower оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 1 дүгээр давхарын 108 тоот, 10 м.кв талбайн өмчлөх эрхийг С ХХК -д буцаан шилжүүлэхийг даалгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зураг гүйцэтгэх үүрэгтэй гэж заажээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт ...Шийдвэр гүйцэтгэх арга, журмыг заана гэсний дагуу шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ өмнө нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01049 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн төлбөрийн үүргийг зэрэг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгахаар тусгах үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/00833 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202023118 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 54-108 тоот 10 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг нэхэмжлэгч С ХХК -д буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Б , К н нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 144,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийн дагуу хариуцагч Д.Б , К н нарын эрхийн улсын бүртгэлийн Ү-2202023118 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 54-108 тоот 10 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөх эрхийг нэхэмжлэгч С ХХК -д буцаан шилжүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2016/01049 дугаартай нэхэмжлэгч С ХХК -аас 83,760,000 төгрөг гаргуулж хариуцагч Д.Б , К н нарт буцаан төлөх шийдвэрийг нэгэн зэрэг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай. гэж нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2 дах заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч Д.Б , К н нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,296,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.ЦОГТСАЙХАН