Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2022/00881

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц овогтой Т рын Д д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 13.888.940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 1. Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч Т.Дд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 13.888.940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Гэрэлтогтох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Т.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус компанитай 05700470 тоот Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус байгуулж 4.583.330 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота приус /Toyota prius/ 20 маркийн, 42-76 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Т.Д үүргээ гүйцэтгээгүй 1485 хоног хэтрүүлсэн ба зээлдэгч 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил, ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж, ашиглана гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд Т.Д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямар ч үр дүнгүй, автомашин устаж, одоо тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байна. Иймд Т.Даас 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 05700470 дугаартай зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 4.583.330 төгрөг, зээлийн хүү 6.943.750 төгрөг, алданги 2.291.660 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70.200 төгрөг, нийт 13.888.940 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 227.400 төгрөг төлсөн баримт, ТХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ТХХК-ийн А.Тэмүүжинд олгосон итгэмжлэл, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 05700470 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн мөн дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, Барьцаат зээлийн тооцооны хуудас гэх баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00835 дугаар шийдвэрийн хуулбар тус тус ирүүлсэн.

 

 

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас иргэн Д.Батмөнхөд олгосон 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 114 дугаартай Итгэмжлэл ирсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд ТХХК болон иргэн Т.Д нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 05700470 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн мөн дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус байгуулагдаж, гэрээний дагуу хариуцагч Т.Д 5.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота приус /Toyota prius/ 20 маркийн, 42-76 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна.

 

 

 

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуц/-ийн гэрээ байгуулагджээ.

 

 

 

4. Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон боловч хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул гэрээний дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

 

 

5. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх боловч нэхэмжлэгч ТХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан байх тул мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан ба уг хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолох тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэв.

 

Үүнтэй холбоотой нэхэмжлэгчээс гарсан зардал 70.200 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

 

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр эхэлж, хариуцагч Т.Дд 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан танилцуулсан боловч тэрээр ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

 

7. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйл, 235 дугаар зүйлийн 235.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Т.Даас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 4.583.330 төгрөг, зээлийн хүү 6.943.750 төгрөг, алданги 2.291.660 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70.200 төгрөг, нийт 13.888.940 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

 

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ТХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Даас 227.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТХХК-д олгоно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйл, 235 дугаар зүйлийн 235.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Т.Даас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 4.583.330 төгрөг, зээлийн хүү 6.943.750 төгрөг, алданги 2.291.660 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70.200 төгрөг, нийт 13.888.940 /арван гурван сая найман зуун наян найман мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТХХК-д олгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ТХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.400 /хоёр зуун хорин долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Даас 227.400 /хоёр зуун хорин долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТХХК-д олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА