Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00966

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00966

 

ТБК ХХК-ийн

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/00881 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ТБК ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Т.Д-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,888,940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Т.Д-аас 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 05700470 дугаартай зээлийн гэрээгээр зээл 4,583,330 төгрөг,

1.2. Хүү 6,943,750 төгрөг,

1.3. Алданги 2,291,660 төгрөг,

1.4. Эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 13,888,940 төгрөгийг гаргуулна.

Т.Д- нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тус компанитай 05700470 тоот зээлийн гэрээ, фидуцийн гэрээ тус тус байгуулж 4,583,330 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, Тоёота приус /Toyota prius/ 20 маркийн, 42-76 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч хуваарийн дагуу төлөөгүй. Т.Д- үүргээ гүйцэтгээгүй 1,485 хоног хугацаа хэтрүүлсэн ба зээлдэгч 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Фидуцийн гэрээний 3.5-д Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил, ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж, ашиглана гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд Т.Д- зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямар ч үр дүнгүй, автомашин устаж, одоо хаана байгаа нь тодорхойгүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон гэжээ.

 

2. Хариуцагч талаас тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйл, 235 дугаар зүйлийн 235.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т.Д-аас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 4,583,330 төгрөг, зээлийн хүү 6,943,750 төгрөг, алданги 2,291,660 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 13,888,940 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБК ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ТБК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Д-аас 227,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТБК ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг бичгээр гаргасан боловч өмгөөлөгч авах эрхээр хангаагүй.

4.б. Нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг сунгаагүй байхад хүү, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 13,888,940 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасч өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Хэргийн материалд тухайн зээлийн хөрөнгөөс хүлээж авсан тооцооны хуудас нотлох баримтаар авагдсан. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Хурлын товыг хариуцагчийн албан ёсны хаягаар удаа дараа мэдэгдэж байсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад албан ёсны хариу тайлбар гаргаагүй, шүүхээс дуудахад ирээгүй, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэгт зураагүй. Зээлийн тооцооллын хувьд алдангийг төлөхгүй байх хууль зүйн үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1.1. Нэхэмжлэгч ТБК ХХК нь Т.Д-д холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №05700470 тоот зээлийн гэрээгээр зээл 4,583,330 төгрөг,

1.2. Хүү 6,943,750 төгрөг,

1.3. Алданги 2,291,660 төгрөг,

1.4 Эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 13,888,940 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. /хх1-2/

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

2.а. Хариуцагч Т.Д- нь ТБК ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр №05700470 тоот зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл зээлж авсан талаар талууд маргаангүй. /хх6-7/

 

2.б. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар №05700470 дугаартай фидуцийн гэрээг байгуулж, Тоёота приус-20 маркын 42-76 УБЕ улсын дугаартай эд хөрөнгийг барьцаанд бариулсан гэрээ хэрэгт бичгээр авагдсан. /хх8-9/

 

2.в. Зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, удаа дараа сануулсан, фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй талаарх тайлбарыг нэхэмжлэгч тал гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчид нэхэмжлэлийг гардуулан өгсөн боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

2.г. Талууд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний хугацаа дууссан байна.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагаас зээл 4,583,330 төгрөг, хүүд 6,943,750 төгрөг, алданги 2,291,660 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийтдээ 13,888,940 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч 1,000,000 төгрөгийг хасч тооцуулна, зээлийн гэрээний хугацаа сунгаагүй байхад хүү, алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

 

4. Зохигч зээлийн тооцоолол дээр маргаантай байна.

4.а. Дээр дурдсанаар талууд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний хугацаа дууссан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн биелэгдээгүй үүрэг 4,583,330 төгрөгийн хэмжээнд хүү, анз тооцож шаардлага гаргах эрхтэй юм.

 

4.б. Нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд хариуцагчийн биелүүлбэл зохих үндсэн төлбөр 4,583,330 төгрөг байсныг хариуцагч үгүйсгээгүй. Хариуцагчийн төлвөл зохих зээл 4,583,330 төгрөг, хүү 1,759,670 төгрөг, нийт 6,343,000 төгрөг байх бөгөөд анхан шатны шүүхээс хариуцагчаас алдангид 2,291,660 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Иймд хариуцагчийн нийт төлвөл зохих үүргийн хэмжээг зээл 4,583,330 төгрөг +хүү 1,759,670 төгрөг +алданги 2,291,660 төгрөг, нийт 8,634,660 төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэж маргаж байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 сарын хугацаанд үргэлжилсэн, өмгөөлөгч авах хангалттай хугацаа байсан гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хариуцагчийн эрхийг хязгаарлаагүй.

 

6. Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй байх тул мөн хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2022/00881 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Д-аас 8,634,660 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТБК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,254,280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

 

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 227,400 /хоёр зуун хорин долоон мянга дөрвөн зуу гэснийг 153,105 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Ш.ОЮУНХАНД