Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2022/00824

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: С  овогтой Ж ийн Б гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 3 тоотод байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, 100/2 дугаар байр, 31 тоотод оршин суух, регистрийн дугаар ГЮ73101774, Хутаг өндөр овогтой Лхагважавын Гангэрэл,

 

Үнэ хаялцуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулах, эд хөрөнгийн үнийг 17.150.000 төгрөг болгосныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Гангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1523 дугаар шийдвэрээр надаас 139.881.089 төгрөг гаргуулж иргэн Л.Гангэрэлд олгохоор шийдвэрлэсэн ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний эзэмшлийн Тоёота хайландер /Toyota highlander/ маркийн, 14-09 УНВ улсын дугаартай автомашиныг маань надаас үнийн санал авахгүйгээр, зөвхөн төлбөр авагчаас үнийн санал авч, шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба шинжээч 24.500.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1523 дугаар шийдвэрт миний бие давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан. Өнөөдрийг хүртэл хугацаанд би хяналтын шатны шүүхийн тогтоолыг хүлээн аваагүй байна. Гэтэл энэ хугацаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний автомашиныг дуудлага худалдаанд оруулж, одоо 17.150.000 төгрөгөөр үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний автомашины зах зээлийн ханш нь 30.000.000 төгрөг байгааг цахим сайтаас авсан мэдээллээс харж болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийг хүчингүй болгож, автомашин үнэлсэн үнэлгээний процесс ажиллагааг хууль бус болохыг тогтоож, автомашиныг 17.150.000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Анх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас процессийн ажиллагаа явуулж байхад Ж.Б нь Уг машин эвдэрхий гэж тайлбар хэлж байсан. Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байх боловч манай байгууллагыг буруутгах ямар ч үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнийн саналаа өгөөд явах бүрэн боломжтой байсан. Тухайн машин нь үнэлэгдээд, худалдан борлогдоогүй тээврийн хэрэгсэл байгаа юм. Үнэлгээ хийхдээ манайх хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэгч үзэж байгаа бол энэ талаарх нотлох баримтаа өгөх ёстой. Үнэлгээ хүчингүй болгуулах шүүхийн асуудал дуусмагц 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 2 удаа дуудлага худалдаа явуулсан боловч уг тээврийн хэрэгсэл зарагдаагүй. Хуульд үнэлгээг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор гомдол гаргах ёстой байдаг. Тиймээс энэхүү хугацааг хэтрүүлсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас процессын алдаа гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Гангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машиныг дуудлага худалдаанд оруулах хүртэлх процесс хууль ёсны дагуу явагдсан. Миний зүгээс үнэлгээний мөнгийг өөрөө төлж, үнэлгээ хийлгүүлсэн. Үнэлгээ хийлгэхэд ямар газраас хэрхэн яаж холбогдсон талаарх баримтууд бүгд байгаа. Үнэлгээ тогтооход албан бичгээр Ж.Бд мэдэгдсэн. Тэр албан тоот дээр Та энэ машинаа 1 сарын дотор өөрөө худалдан борлуулах боломжтой, энэ хугацаа өнгөрвөл дуудлага худалдаа явуулна гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 жил болоход нэхэмжлэгчээс төлбөрт ямар ч мөнгө авсангүй. Нэхэмжлэгч хуулийн цоорхойг ашиглан төлбөр барагдуулах ажиллагааг санаатайгаар удаашруулж байна. Энэ хэргийг урьд өмнө гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул энэ нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй гэжээ.

 

 

 

4. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4-180/25516 дугаар мэдэгдэл, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/01 дугаар Үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4-180/4774 дүгээр мэдэгдэл, мөн газрын 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 4-180/2484 дүгээр мэдэгдэл, Үнэгүй.мн сайтын зарын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/01523 дугаар шийдвэр, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 001-01 дугаартай Барьцааны гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл, иргэн Л.Гангэрэлийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэмэлт тайлбар, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, Ж.Бгаас М.Идэрхангайд олгосон 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 672 дугаар итгэмжлэл, өмгөөлөгч Идэрхангай гэсэн харилцан ярианы хуулбар, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 001 дугаартай Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Ж.Бгаас Я.Гансүхэд олгосон итгэмжлэл зэргийг тус тус ирүүлсэн.

 

 

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1-180/31 тоот итгэмжлэл, 20290976 дугаар Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг-ийн хуулбар нийт 82 хуудас баримт авагдсан.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/01523 дугаар шийдвэрээр хариуцагч Ж.Бгаас 139.027.999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Гангэрэлд олгохоор шийдвэрлэж, уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байна.

 

3. Ингээд уг ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Ж.Бгийн эзэмшлийн Тоёота хайландер /Toyota highlander/ маркийн, 14-09 УНВ улсын дугаартай автомашиныг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжилж, мөн өдөр хураан авсан байх ба 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 4-180/1734 тоот болон 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 4-180/1876 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ж.Бгаас дээрх автомашины үнэлгээний саналаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч тэрээр үнийн санал ирүүлээгүй ажээ.

 

4. 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1/2 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилж, тус байгууллагаас үнэлгээний тайлангаа 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ирүүлснийг хүлээн авсан.

 

5. Тухайн өдрөө буюу 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт үнэлгээний тайланг танилцуулж, 4-180/2484 тоот мэдэгдлээр мэдэгдсэн ба нэхэмжлэгч Ж.Б Би биечлэн очиж чадахгүй, шуудангаар явуул гэснийг шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгажээ.

 

6. Дээрх шинжээчийн дүгнэлтийг буюу автомашины үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Ж.Б 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд хандсан байх ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/01136 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1277 дугаар магадлал, мөн Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2021/00768 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

7. Хэдийгээр хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Өмнө нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр учир Ж.Бгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэсэн санал гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Гансүх Зөвхөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн нэхэмжлэл гаргаагүй, одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээгээр тогтоосон 24.500.000 төгрөгийн 70 хувь болох 17.150.000 төгрөгөөр хоёр дахь үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулах гэж байгаа үнэлгээ болон дуудлага худалдаа зохион байгуулж буй процесс ажиллагаатай холбоотой гомдол гаргасан хэмээн тайлбарласан тул энэхүү хэргийг хуульд заасан үндэслэлээр хянаж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

8. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12/57 дугаар Үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Өнөөдөр сонинд зар нийтлүүлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4-180/22236 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгчийн насанд хүрсэн охин Г.Бүжинлхамд гардуулан өгсөн, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр анхны үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулагдсан боловч оролцогч ирээгүй байна.

 

9. Дахин ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/01 тоот Үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай тогтоол үйлдэгдэж, автомашины үнэлгээг 17.150.000 төгрөг буюу үнэлгээний үнийн дүнг 30 хувиар бууруулан, хоёр дахь үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулахаар тогтоож, мэдэгдлийг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр охин Г.Бүжинлхамд гардуулан өгсөн, гэвч 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хоёр дахь үнэ хаялцуулах дуудлага худалдаанд дэнчин ирээгүй тул дэнчин авах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл хэргийн 113 дугаар талд авагджээ.

 

10. Дээрх үнэ хаялцуулах ажиллагаа буюу албадан худалдан борлуулах ажиллагаа нь Иргэний хуулийн 197 дугаар зүйл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байх ба автомашины үнийг тогтоосон үнээс 30 хувиар тооцон бууруулж худалдахаар шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр хуульд нийцсэн, мөн нэхэмжлэгч 17.150.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо 7 хоногийн дотор гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний талаар өмнө нь гомдол гаргаж шийдвэрлүүлсэн тул тухайн асуудлаар хөрөнгө худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй байна.

 

11. Иймд Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.26, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.4, 64 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үнэ хаялцуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулах, эд хөрөнгийн үнийг 17.150.000 төгрөг болгосныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

 

 

13. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2022/02967 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.    Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.26, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.4, 64 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үнэ хаялцуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулах, эд хөрөнгийн үнийг 17.150.000 төгрөг болгосныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2022/02967 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА