Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00881

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00881

 

 

Ж.Б-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/00824 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үнэ хаялцуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулах, эд хөрөнгийн үнийг 17,150,000 төгрөг болгосныг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1523 дугаар шийдвэрээр надаас 139,881,089 төгрөг гаргуулж иргэн Л.Г-д олгохоор шийдвэрлэсэн ба НШШГГ- Тоёота хайландер /Toyota highlander/ маркийн, 14-09 УНВ улсын дугаартай автомашиныг маань үнийн санал авахгүйгээр, зөвхөн төлбөр авагчаас үнийн санал авч, шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба шинжээч 24,500,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1523 дугаар шийдвэрт миний бие давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан. Өнөөдрийг хүртэл хугацаанд би хяналтын шатны шүүхийн тогтоолыг хүлээн аваагүй байна. Гэтэл энэ хугацаанд НШШГГ-, автомашиныг дуудлага худалдаанд оруулж, одоо 17,150,000 төгрөгөөр үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний автомашины зах зээлийн ханш нь 30,000,000 төгрөг байгааг цахим сайтаас авсан мэдээллээс харж болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийг хүчингүй болгож, автомашин үнэлсэн үнэлгээний процесс ажиллагааг хууль бус болохыг тогтоож, автомашиныг 17,150,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Анх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж байхад Ж.Б- нь Уг машин эвдэрхий гэж тайлбар хэлж байсан. Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байх боловч манай байгууллагыг буруутгах ямар ч үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнийн саналаа өгөөд явах бүрэн боломжтой байсан. Тухайн машин нь үнэлэгдээд, худалдан борлогдоогүй тээврийн хэрэгсэл байгаа юм. Үнэлгээ хийхдээ манайх хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэгч үзэж байгаа бол энэ талаарх нотлох баримтаа өгөх ёстой. Үнэлгээ хүчингүй болгуулах шүүхийн асуудал дуусмагц 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 2 удаа дуудлага худалдаа явуулсан боловч уг тээврийн хэрэгсэл зарагдаагүй. Хуульд үнэлгээг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор гомдол гаргах ёстой байдаг. Тиймээс энэхүү хугацааг хэтрүүлсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас процессын алдаа гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Машиныг дуудлага худалдаанд оруулах хүртэлх процесс хууль ёсны дагуу явагдсан. Миний зүгээс үнэлгээний мөнгийг өөрөө төлж, үнэлгээ хийлгүүлсэн. Үнэлгээ хийлгэхэд ямар газраас хэрхэн яаж холбогдсон талаарх баримтууд бүгд байгаа. Үнэлгээ тогтооход албан бичгээр Ж.Б-д мэдэгдсэн. Тэр албан тоотод Та энэ машинаа 1 сарын дотор өөрөө худалдан борлуулах боломжтой, энэ хугацаа өнгөрвөл дуудлага худалдаа явуулна гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 жил болоход нэхэмжлэгчээс төлбөрт ямар ч мөнгө авсангүй. Нэхэмжлэгч ажиллагааг санаатайгаар удаашруулж байна. Энэ хэргийг урьд өмнө гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул энэ нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.26, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.4, 64 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох Үнэ хаялцуулах дуудлага худалдааг хүчингүй болгуулах, эд хөрөнгийн үнийг 17,150,000 төгрөг болгосныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2022/02967 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж миний эзэмшлийн хураагдсан автомашины үнэлгээг хууль бусаар тогтоосон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх миний хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нараас тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, эд хөрөнгийн үнийг 17,150,000 төгрөг болгосныг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 135-136/

 

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/01523 дугаар шийдвэрээр хариуцагч Ж.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 139,027,999 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Г-д олгож шийдвэрлэсэн байна. /хх 35-38/

 

4.а. Төлбөр төлөгч Ж.Б- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, Ж.Б-гийн эзэмшлийн Тоёота хайландер /Toyota highlander/ маркийн, 14-09 УНВ улсын дугаартай автомашиныг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр битүүмжилж, мөн өдөр хураан авсан байх ба 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4-180/1734 тоот болон 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4-180/1876 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ж.Б-гаас дээрх автомашины үнэлгээний саналаа ирүүлэхийг мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй байх бөгөөд төлбөр авагчийн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон, шинжээч автомашиныг 24,500,000 төгрөгөөр үнэлсэн баримт авагдсан.

/хх57-89/

 

4.б. Ж.Б- нь тус үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/01136 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1277 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2021/00768 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /хх95-102/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхээр, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр заасан.

 

5. Ж.Б- нь эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байх ба хөрөнгийн үнэлгээний талаар мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар өмнө нь гомдол гаргасныг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12/57 тоот Үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол болон 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4-180/22236 тоот мэдэгдлээр төлбөр төлөгчид үнэ хаялцуулах дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагт тус газрын 200 тоот өрөөнд зохион байгуулах талаар мэдэгджээ. /хх104-105/ Уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

6. Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дугаар зүйлд нийцэх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2022/00824 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД