Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 13

 

А.Н- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01066/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж , шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1213 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Н-, А.А- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

“Капитал зууч ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбатын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд, гуравдагч этгээд Капитал зууч ХХК-ийн төлөөлөгч Я.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч  А.Н-, А.А-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат нар шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ:

           Нэхэмжлэгч нар нь өөрийн өмч болон үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс маш доогуур гаргасан талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үнэлгээний талаар тайлбар хийхэд Үл хөдлөх хөрөнгө Ү2003014866 дугаарт бүртгэлтэй Дархан сумын 7 баг майхантын 4-64а тоот хувийн сууц агуулахыг Капитал зууч ХХК 36.304.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Байрыг 2010 онд баригдсан. Дулааны шугам 18 сая төгрөгөөр татсан. Мансарттай хүн амьдрах боломжтой 2 давхар 168 м.кв талбайтай байшин, блокон хашаатай тухайн үед 45.000.000 төгрөгөөр баригдсан, 380 квт цахилгааны шугам татсан. Газар нь гэрчилгээтэй 500 м.кв газрын байршлын хувьд бараг хотын А зэрэглэл гэж болохуйц газар юм. Тухайн үедээ 11 сая төгрөгөөр нийт 77 сая төгрөгөөр босгосон эд хөрөнгийг 40.657.000 төгрөгөөр дутуу үнэлсэн гэж үзэж байна.Ү-200301019 дугаартай 13 дугаартай их сургуулийн 2-30 тоот газартай хувийн орон сууц, хашаа байгаа. 2006 онд 15 сая төгрөгөөр бариулсан тог цахилгаанд төвийн дулаан бохир цэвэр усны шугамд холбогдсон. Тохилог орон сууц бөгөөд дулаан цэвэр усыг тухайн үед 20 сая төгрөгөөр хийлгэсэн, граштай байр, нийт өртөг нь 102 сая төгрөгөөр үнэлж байгаа. Дархан сум 7 баг Майхантын 5-6 7 тоотод байрлах бетон суурьтай 2 давхар 280 м.кв ердийн галлагаатай орон сууц, 580 м.кв газрын гэрчилгээтэй, орон сууц бохирын шугамтай, бүх төрлийн үйлчилгээндээ ойр, дэлгүүрийн зориулалттай байр дотор нь байгаа. Гэтэл 90 сая төгрөгийн байрыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Дараагийнх нь Дархан сумын 16 баг Мангиртын 7 тоот хашаа,  байшин. Газрын гэрчилгээтэй 2 айлын 1604 м.кв талбай бүхий блокон хашаатай газрын үнэ 10 сая төгрөг, 380 квт-ын шугам татсан 35 м.кв блокон ханатай орон сууцыг 8 сая төгрөг барьсан. Бүгд 16.836.000 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл байшин хашаанд бидний гаргасан зардал 29 сая төгрөг байхад зөрүү 12.144.000 төгрөгөөр доогуур үнэлсэн тул дахин үнэлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Капитрон банкны барьцаанд зээлийн барьцаанд байгаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулах хугацаа өгсөн боловч хугацаандаа зээлээ төлөөгүй учир барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Үнийг саналыг нэхэмжлэгч нараас авсан боловч банк хүлээн зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн үнэлгээчнээр 2018 оны 6 сарын 11 өдөр Капитал зууч ХХК-г томилсон тогтоол гарсан. 2018 оны 9 сарын 13 өдөр үнэлгээний тайланг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Хууль ёсны дагуу үнэлгээ гаргуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд  “Капитал зууч” ХХК-ийн төлөөлөгч Я.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:

Хөрөнгөө үнэлүүлсэн хүмүүс хойрго хандаж мэдээллээ гаргаж өгөхгүй байсан тул бид үнэлгээ хийдэг аргачлалын дагуу хийсэн. Газрын үнэлгээг орчны байршлын харгалзаж хийсэн. Үнэлгээ маань зах зээлийн үнэлгээ тогтоох гэж байгаа гэх боловч албадан борлуулах үнэлгээ учир яг зах зээлийг үнэлгээгээр үнэлэх боломжгүй аль аль талыг харгалзан хийсэн. Хөрөнгүүдийг газар дээр нь очоод үзэхэд байшингийн дизайн өнгө үзэмж муутай байсан тул энэ байдлыг харгалзан үнэ цэнийг бууруулсан тал байгаа. Зарим нэг эд хөрөнгө үнэлээгүй гэсэн байна лээ. Дэлгүүрийн барилга бол өөр хүний өмч гэж А.Н- тайлбарласан, шинжээч томилох тогтоол дээр тухайн дэлгүүрийн барилгыг үнэлэх талаар тусгаагүй байсан тул үнэлээгүй. Газар нь эрүүл тэгш биш уруу байрлалтай байсан. 64а тоотод 2 машины граш байсан. Үүнийг бас үнэлүүлэхгүй барьцааны хөрөнгө биш гэсэн байдлаар ойлгуулсан. Байшингийн хувьд хүний анхаарал татах хэмжээний биш байсан тул үнэ буурсан. 2010 онд баригдсан барилгууд байсан гэх боловч тухайн үед ямар зардал гарсныг мэдэхгүй, энэ талаар А.Н- болон А.А- нараас тайлбар өгөөгүй бүх байр сав цоожтой байсан тул орж үзэх боломж хомс байсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1213 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар 122.4-д тус тус заасныг баримтлан  нэхэмжлэгч  А.Н-, А.А- нарын Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан гаргасан “Капитал зууч” ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ...барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс маш их доогуур үнэлсэн, мөн зарим үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлээгүй орхисон гэх үнэлүүлэхээр гомдож дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан юм. Бидний гаргасан нийт зардлаас 186.391.000 мянган төгрөгөөр дутуу үнэлэгдсэн байх тул дахин шинжээч томилуулан үнэлүүлэхээр шаардлага тавьсан боловч анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүх хурал дээр үл хөдлөх хөрөнгө болох орон сууцтай хамт хашааны дотор баригдсан дэлгүүрийн барилга, хоёр автомашины граж зэргийг үнэлээгүй орхисон, үүнийг яах талаар шийдвэр гүйцэтгэгч Бадамхандаас шүүгч асуухад “нураагаад авна биз” гэж тайлбарлаж байгааг шүүхээс залруулсангүй.

Энэ хөрөнгүүдийн цаана олон айл өрх, олон ам бүл, хүмүүсийн ирээдүйн амьдрал, хувь заяа байгааг харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд Иргэний хуулийн 85-р зүйлийн 85-ын 2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн бүрдэл болох Дархан сумын 7-р баг, Майхантын 4-64а тоот дахь 2 машины граж, тус баг дахь 5-66а тоот дахь дэлгүүрийн барилга зэрэг үнэлээгүй хөрөнгүүдийг хамт үнэлүүлэх, А зэрэглэлийн болон дэд бүтэц татаж / 380-ын шугам, халуун, хүйтэн ус, бохирын шугам зэрэг/ өртөг шингээсэн газрын үнийг бодитой тогтоолгох шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шинжээч томилж үнэлгээг дахин хийлгэж өгнө үү гэв.          

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч А.Н-, А.А- нар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 4-64а тоот хувийн сууц, Майхантын 5-6 7 тоотод байдаг 280 мкв галлагаатай  орон сууц, 16 дугаар баг, Мангиртын   7 тоот хашаа, байшин,  газрыг хэт доогуур  үнэлсэн  тул  дахин үнэлүүлэхийг шаарджээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

            Капитрон банкны Дархан салбар нь А.Н-, А.А- нараас  зээлийн гэрээний үүрэгт  85.359.673 төгрөг  гаргуулах,  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар гаргасан  шаардлагыг   хариуцагч  нар хүлээн зөвшөөрч энэ талаар  эвлэрэн хэлэлцсэнийг баталж, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. \хэргийн  81 дүгээр тал\

            А.Н-, А.А- нар тохирсон хугацаа өнгөрсөн боловч  зээлийг төлөөгүй байсан  тул “Капитрон  банк”-ны Дархан салбар  шүүхийн шийдвэрийг албадан биелүүлүүлэхээр  хүсэлт гаргасныг шүүх хангаж  \хэргийн  80 дугаар тал\, гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт  ирүүлснээр \ хэргийн  79 дүгээр тал\  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  эхэлсэн нь  тогтоогджээ.

            Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Майхантын 4-64а тоот хувийн  сууц, агуулах байр, газар, Их сургуулийн 2 дугаар гудамж  30 тоот  хувийн сууц, газар, автомашины граж,  Мангиртын 6-7 дугаар гудамжны 07 тоот  хувийн сууц газар, Майхантын 5-66а тоот хувийн сууц, газар зэрэг хөрөнгүүдийг битүүмжлэн эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, талууд үнийн талаар тохиролцоогүй тул үнэлгээ  хийлгүүлэхээр “Капитал зууч” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

             “Капитал зууч” ХХК нь тусгай зөвшөөрлийн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж,  өртгийн хандлагын аргаар буюу “Барилга, байгууламжийн  нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх” аргачлалын дагуу тооцож барилгын нөхөн сэргээлтийн  өртгийг гаргаж, Монгол улсын Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам”-ын дагуу  ашиглалтын  хугацааны элэгдлийг зохих  нормативын дагуу  тооцон, нөхөн сэргээлтийн өртгөөс хасч  үлдэгдэл өртгийг  гаргаж, 

1. А.Н-ийн өмчлөлийн Их сургуулийн  2 дугаар гудамж, 30 тоотын  64.0 м.кв талбай бүхий хувийн сууцны байшин  23.000.000 төгрөг,

52.0 м.кв талбай бүхий  автогаражийн  барилга 7.000.000 төгрөг,

1330 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар 11.970.000 төгрөг,

бетонон хашаа  800.000 төгрөг,

блокон хашаа 2.880.000 төгрөг,

хашааны гүйдэг төмөр хаалга  150.000 төгрөг,

2. А.Н-ийн өмчлөлийн Мангиртын 6 дугаар хэсэг 7 дугаар гудамж, 7 тоотын  хувийн сууцны байшин  8.000.000 төгрөг,

гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар  5.614.000

блокон хашаа  3.072.000

хашааны  гүйдэг төмөр хаалга 150.000

3. А.Н-ийн өмчлөлийн  7 дугаар баг, Майхантын 4-р гудамж, 64А тоотын 102 м.кв талбай бүхий хувийн сууц  25.300.000 төгрөг

Складын  барилга  7.800.000 төгрөг

Гэр бүлийн хэрэгцээний газар  2.565.000 төгрөг

Блокон хашаа 528.000 төгрөг

Хашааны гүйдэг төмөр  хаалга 150.000 төгрөг

4. Ж.Отгонсүрэн, А.А-  нарын өмчлөлийн 7 дугаар баг, Майхантын  5 дугаар гудамжны 66А тоотын  208 м.кв талбай бүхий  хувийн сууцны байшин 25.000.000 төгрөг

Гэр бүлийн хэрэгцээний газар 2.610.000 төгрөгөөр үнэлсэн  ба  холбогдох нотлох баримт  хэрэгт авагджээ.

Дээрх байдлаас  дүгнэхэд  Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь гүйцэтгэлийн ажиллагааг Иргэний хуулийн  177 дугаар зүйлийн 177.1,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  55 дугаар зүйлийн  55.2.2-т заасанд нийцүүлж явуулсан байна.

Нэхэмжлэгч А.Н-, А.А- нар төлбөрт хураагдсан эд хөрөнгийг  “шинжээч ... зах зээлийн үнэ, ханшаас доогуур үнэлсэн...”  гэх нэхэмжлэлийн шаардлага тайлбараа нотлоогүй  байна.

Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1. 40.2 дахь хэсэгт заасаар үнэлжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдлын үндэслэлдээ: “...зарим  үл хөдлөх эд хөрөнгийг  үнэлээгүй орхисон,  ...  хашаанд байгаа  дэлгүүрийн барилга, хоёр автомашины гаражийн барилгыг үнэлээгүй...” гэж  дурджээ.

Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах  үндэслэлийн нэг нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байдаг. Дархан-Уул аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн  2016 оны  02 дугаар сарын 24-ны өдрийн  349 дүгээр захирамжид дээрх гомдолд дурдсан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг  хангуулахаар заагаагүй байх тул нэхэмжлэгчийн  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж  дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                                    

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                    С.ЭНХЖАРГАЛ