Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1213

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын -  тоотод оршин суух, А.Н-,

Нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум 7-р баг, Майхантын 5-р гудамж, 66а тоотод оршин суух, Жоод овогт Алагийн Ариунаа нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан

 

Капитал зууч ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэхийг  хүссэн гомдлын шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд, шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал зууч ХХК-ны төлөөлөгч Я.Батбаяр, нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч А.Н-, А.Ариунаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнбат нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нар нь өөрийн өмч болон үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс маш доогуур гаргасан талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үнэлгээний талаар тайлбар хийхэд Үл хөдлөх хөрөнгө Ү2003014866 дугаарт бүртгэлтэй Дархан сумын 7 баг майхантын 4-64а тоот хувийн сууц агуулахыг “Капитал зууч”ХХК 36,304,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Байрыг 2010 онд баригдсан. Дулааны шугам 18 сая төгрөгөөр татсан. Мансарттай хүн амьдрах боломжтой 2 давхар 168 м.кв талбайтай байшин, блокон хашаатай тухайн үед 45,000,00 төгрөгөөр баригдсан, 380 квт цахилгааны шугам татсан. Газар нь гэрчилгээтэй 500 м.кв газрын байршлийн хувьд бараг хотын А зэрэглэл гэж болохуйц газар юм. Тухайн үедээ 11 сая төгрөгөөр нийт 77 сая төгрөгөөр босгосон эд хөрөнгийг 40,657,000 төгрөгөөр дутуу үнэлсэн гэж үзэж байна.Ү-200301019 дугаартай 13 дугаартай их сургуулийн 2-30 тоот газартай хувийн орон сууц, хашаа байгаа. 2006 онд 15 сая төгрөгөөр бариулсан тог цахилгаанд төвийн дулаан бохир цэвэр усны шугамд холбогдсон. Тохилог орон сууц бөгөөд дулаан цэвэр усыг тухайн үед 20 сая төгрөгөөр хийлгэсэн, граштай байр, нийт өртөг нь 102 сая төгрөгөөр үнэлж байгаа. Дархан сум 7 баг Майхантын 5-6 7 тоотод байрлах бетон суурьтай 2 давхар 280 м.кв ердийн галлагаатай орон сууц, 580 м.кв газрын гэрчилгээтэй, орон сууц бохирын шугамтай, бүх төрлийн үйлчилгээндээ ойр, дэлгүүрийн зориулалттай байр дотор нь байгаа. Гэтэл 90 сая төгрөгийн байрыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Дараагийнх нь Дархан сумын 16 баг Мангиртын 7 тоот хашаа,  байшин. Газрын гэрчилгээтэй 2 айлын 1604 м.кв талбай бүхий блокон хашаатай газрын үнэ 10 сая төгрөг, 380 квт-ын шугам татсан 35 м.кв блокон ханатай орон сууцыг 8 сая төгрөг барьсан. Бүгд 16,836,000 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл байшин хашаанд бидний гаргасан зардал 29 сая төгрөг байхад зөрүү 12,144,000 төгрөгөөр доогуур үнэлсэн тул дахин үнэлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Ц.Сандагдорж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамханд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Капитрон банкны барьцаанд зээлийн барьцаанд байгаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн хангуулах хугацаа өгсөн боловч хугацаандаа зээлээ төлөөгүй учир барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Үнийг саналыг нэхэмжлэгч нараас авсан боловч банк хүлээн зөвшөөрөөгүй тул хөндлөнгийн үнэлгээчнээр 2018 оны 6 сарын 11 өдөр Капитал зууч ХХК-г томилсон тогтоол гарсан. 2018 оны 9 сарын 13 өдөр үнэлгээний тайланг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Хууль ёсны дагуу үнэлгээ гаргуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Капитал зууч ХХК-ны төлөөлөгч Я.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөрөнгөө үнэлүүлсэн хүмүүс хойрго хандаж мэдээллээ гаргаж өгөхгүй байсан тул бид үнэлгээ хийдэг аргачлалын дагуу хийсэн. Газрын үнэлгээг орчны байршлын харгалзаж хийсэн. Үнэлгээ маань зах зээлийн үнэлгээ тогтоох гэж байгаа гэх боловч албадан борлуулах үнэлгээ учир яг зах зээлийг үнэлгээгээр үнэлэх боломжгүй аль аль талыг харгалзан хийсэн. Хөрөнгүүдийг газар дээр нь очоод үзэхэд байшингийн дизайн өнгө үзэмж муутай байсан тул энэ байдлыг харгалзан үнэ цэнийг бууруулсан тал байгаа. Зарим нэг эд хөрөнгө үнэлээгүй гэсэн байна лээ. Дэлгүүрийн барилга бол өөр хүний өмч гэж Наранцэцэг тайлбарласан, шинжээч томилох тогтоол дээр тухайн дэлгүүрийн барилгыг үнэлэх талаар тусгаагүй байсан тул үнэлээгүй.

Газрын эрүүл тэгш биш уруу байрлалтай байсан. 64а тоотод 2 машины граш байсан. Үүнийг бас үнэлүүлэхгүй барьцааны хөрөнгө биш гэсэн байдлаар ойлгуулсан. Байшингийн хувьд хүний анхаарал татах хэмжээний биш байсан тул үнэ буурсан. 2010 онд баригдсан барилгууд байсан гэх боловч тухайн үед ямар зардал гарсныг мэдэхгүй, энэ талаар Наранцэцэг болон Ариунаа нараас тайлбар өгөөгүй бүх байр сав цоожтой байсан тул орж үзэж боломж хомс байсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гомдол гаргагч А.Н-, А.Ариунаа нар нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Капитал зууч ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн гомдлын шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэллийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Капитал зууч ХХК-ыг татан оролцуулсан бөгөөд Капитал зууч ХХК-ны захирал Ц.Батбаяр шүүх хуралдаанд ...барилгын бүрэн нөхөн сэргээлтийн өртгөөс ашиглалтын хугацааны элэгдлийг хасаж үлдэгдэл өртгийг гаргасан бөгөөд барилгын байршил, чанар байдалд үнэлгээчний зүгээс үнэлэлт өгч зохих итгэлцүүрээр тохируулга хийж барилгын эцсийн үнэлгээг гаргасан, ШШГА-ын тогтоолд заасан эд хөрөнгүүдэд шинжээчийн дүгнэлт гаргасан гэж тайлбар гаргасан болно.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 349 дугаартай Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар Капитрон банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй А.Н-, А.Ариунаа нарт холбогдуулан 85 359 673 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт хариуцагч нар нь 85 359 673 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна, хэрэв хугацаандаа төлж барагдуулахгүй бол зээлийн барьцааны гэрээнд заагдсан үл хөдлөх хөрөнгүүд болох хариуцагч А.Н-ийн өөрийнх нь өмчлөлийн 1. Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Майхантын 4-р гудамжны 64-а тоотод байрлах, 102,0 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003014866 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц болон 60мкв талбатай, агуулах байрны хамт, 2. Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Майхантын 4-р гудамжны 64-а тоотод байрлах, 513,0 мкв талбатай, улсын бүртгэлийн Г-2003005445 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 3. Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, Их сургуулийн 2-р гудамжны 30 тоотод байрлах, 1330,0 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003010198 дугаарт бүртгэгдсэн, 64,0 мкв талбайтай хувийн сууц, 4. Дархан-Уул аймаг Дархан сум 13-р баг, Их сургуулийн 2-р гудамжны 30 тоотод байрлах, 1330,0 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-2003000266 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 5. Дархан-Уул аймаг Дархан сум 13-р баг, Их сургуулийн 2-р гудамжны 30 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2003017573 дугаарт бүртгэгдсэн, 52,0 мкв талбайтай автомашины гарааж, 6. Дархан-Уул аймаг Дархан сум 15-р баг, Мангиртын 6-р хэсэг, 7-р гудамжны 07 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2003017571 дугаарт бүртгэгдсэн, 35,0 мкв талбатай хувийн сууц, 7. Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангиртын 6-р хэсэг, 7-р гудамжны 7 тоотод байрлах, 1604 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-2003001039 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, хамтран хариуцагч А.Ариунаагийн өмчлөлийн 1. Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Майхантын 5-р гудамжны 66-а тоотод байрлах, 208,0 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003014281 дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, 2. Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Майхантын 5-р гудамжны 66-а тоотод байрлах, 508,0 мкв талбайтай, улсын бүртгэлийн Г-2003005425 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар зэргээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн дээрх шүүгчийн захирамжийг хариуцагч нар биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч Капитрон банкны хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 4228 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 683 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол үйлдэж, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн төлбөр төлөгч А.Н-т, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч А.Ариунаа нарт мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн, 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Эд хөрөнгө тус бүрт битүүмжлэх тухай тогтоол, Эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэн битүүмжлэн, хураасан байна.

 

            Төлбөр төлөгч А.Н-ийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан үнийн санал, төлбөр авагч Капитрон банкны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан шинжээч томилуулах хүсэлт, төлбөр төлөгч А.Н-ийн үнийн санал, Капитрон банкны 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдэд шинжээч томилуулах хүсэлтийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 17070199/09 дугаартай тогтоолоор эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор Капитал зууч ХХК-ыг томилсон байна.

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсвэл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэх бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно, 49 дүгээр зүйлийн 49.4.2-т төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх, 49.4.3-д төлбөр төлөгчийн болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ гэсэн хуулийн шаардлагын дагуу төлбөр төлөгч А.Н-, А.Ариунаа нарын хөрөнгийг битүүмжилж, үнийн саналын дагуу шинжээч томилсон нь дээрх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Капитал зууч ХХК-ны 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Үнэлгээний тайлангаар А.Н-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг, Мангиртын 6-р хэсэг, 2 дугаар гудамжны №7 тоотод байрлах 35,0 мкв талбай бүхий хувийн сууцны байшин, 1604,0 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож ирүүлсэн тайлангаар дээрх эд хөрөнгийн өнөөгийн үнэ цэнэ 16 836 000 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхантын 4 дүгээр гудамжны №64а тоотод байрлах 162,0 мкв талбай бүхий хувийн сууцны байшин, складны барилга, 513 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 36 343 000 төгрөг, Дархан сумын 13-р баг, Их сургуулийн 2 дугаар гудамжны №30 тоотод байрлах 64,0 мкв талбай бүхий хувийн сууцны байшин, 52 мкв талбай бүхий автогражийн барилга, 1330 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 45 800 000 төгрөг, Дархан сумын 7-р баг, Майхантын 5-р гудамжны №66а тоотод байрлах 208,0 мкв талбай бүхий хувийн сууцны байшин, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнэ 27 610 000 төгрөгөөр тус тус үнэлж  үнэлгээний тайлан ирүүлснийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлбөр төлөгч А.Ариунаа, А.Н- нарт мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч А.Ариунаа, А.Н- нар нь үнэлгээний тайлантай танилцаж 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр үнэлгээтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг нь хүлээн авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч А.Ариунаа, А.Н- нар нь үнэлгээний тайланд тусгагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Майхантын 4 дүгээр гудамжны №64а тоотод байрлах 162,0 мкв талбай бүхий хувийн сууцны байшин, складны барилга, 513 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь А зэрэглэлийн газар бөгөөд анх худалдаж авахдаа 11 сая төгрөгөөр авсан байхад хэт доогуур үнээр үнэлсэн, Дархан сумын 13-р баг, Их сургуулийн 2 дугаар гудамжны №30 тоотод байрлах 64,0 мкв талбай бүхий хувийн сууцны байшин, 52 мкв талбай бүхий автогражийн барилга, 1330 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 45 800 000 үнэлсэн нь хэт доогуур үнэлсэн, хувийн сууц 15 сая төгрөгөөр баригдсан, төвийн дулаантай, цэвэр усанд холбогдсон байхад хэт доогуур үнэлсэн, Дархан сумын 7-р баг, Майхантын 5-р гудамжны №66а тоотод байрлах 208,0 мкв талбай бүхий хувийн сууцны байшин, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнэ 27 610 000 төгрөгөөр үнэлсэн гэтэл зөвхөн газар нь л 30 сая төгрөгийн үнэтэй, дэлгүүрийн зориулалттай барилга баригдсан, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р баг, Мангиртын 6-р хэсэг, 2 дугаар гудамжны №7 тоотод байрлах 35,0 мкв талбай бүхий хувийн сууцны байшин, 1604,0 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 16 836 000 төгрөгөөр үнэлсэн гэтэл энэ барилгыг нь барихад гарсан зардал 29 сая төгрөг болсон гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, өөрөөр хэлбэл хэт багаар үнэлсэн гэх ямар үндэслэл байгаа, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь үнэтэй гэдгээ нотолж чадаагүй, энэхүү шаардлагын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд гомдол гаргагч А.Н-, А.Ариунаа нарын Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ны үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Гомдол гаргагч А.Н-, А.Ариунаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Цэрэнбат, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шийдвэр гүйцэтгэгч Н.Бадамханд, шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитал зууч ХХК-ны төлөөлөгч Я.Батбаяр нар шүүх хуралдаанд төлөөлөн оролцсон болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар 122.4-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч А.Н-, А.Ариунаа нарын Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан гаргасан Капитал зууч ХХК-ны үнэлгээний тайланг хүчингүйд тооцуулах, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Д.АЛТАНТУЯА