Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/00706

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч:  Б овогтой Н ын Т ын нэхэмжлэлтэй

 

 

 

Хариуцагч:  У д холбогдох

 

 

 

Тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 2 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганцэцэг, Б.Ялгуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 1. Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Уд холбогдуулан Тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Н.Т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Миний бие Монгол Улсын Эрчим хүчний яамнаас У руу шилжин 2015 оны 1 дүгээр сараас эхлэн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хуулийн зөвлөхөөр ажилласан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/226 дугаар тушаалаар тус хэлтэстээ хуулийн ахлах мэргэжилтнээр томилогдсон. Гэтэл 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаандаа хууль болон компаниас баталсан журам, дүрмийг мөрдөж, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж, ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ажилласан. Гэтэл тус Б/16 тоот тушаалаар надад ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хөдөлмөрийн дотоод журамд заасан болон ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэгт тусгагдсан ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй гүйцэтгэсэн, мөн Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, сахилгын ноцтой зөрчил гаргасан хэмээгээд ажлаас халсан. Ёс зүйн зөвлөлд иргэн С.Лхагвадулам, Өөдөө байгаль ХХК, Монватер ХХК-иас ирүүлсэн өргөдлийн талаар хэлэлцсэн бөгөөд тухайн өргөдөлд дурдсан асуудал нь Утай 2017, 2018 онуудад гэрээ байгуулаагүй, Монватер ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тайлангаа өгч чадаагүй, Өөдөө байгаль ХХК нь 2020 оны 1, 2, 3 дугаар улирлын тайлан хугацаа хоцорсон гэсэн үндэслэлээр аваагүй, С.Лхагвадулам нь 2017, 2018, 2019 оны гэрээ, тайланг аваагүй хэмээн намайг ашиг сонирхлын зөрчилтэй тул арга хэмжээ тооцуулж өгнө үү гэсэн агуулгатай байдаг. Хариуцагч нь хувийн орон сууцны конторуудтай үйлчилгээний төлбөр төлөх гэрээ байгуулан ажилладаг ба олгох төлбөрийг Эрчим хүчний зохицуулах хороогоор урьд онд нь батлуулж, гэрээ байгуулсны үндсэн дээр олгодог зардал юм. Хэрэв тухайн компаниудтай гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний 1.3-т Тайлан ирүүлэхдээ өмнөх улирлын тайлантай давхцуулахгүй байх бөгөөд хэрэв давхцсан, засвар үйлчилгээ үзүүлээгүй, урлирал болгон тайлангаа ирүүлж, дүгнүүлээгүй бол гэрээг дүгнэхгүй байх үндэслэлтэй болно гэж, мөн 3.9, 3.10 дахь заалтуудад төлбөр олгохгүй гэж тодорхой заасан байдаг. Гэтэл өргөдөл дээр дурдсан асуудал нь аль 2017, 2018, 2019 онууд болон 2020 оны 7 дугаар сард болсон үйл баримтын талаар бичсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаа өнгөрсөн байхад 2021 оны 1 дүгээр сард надад сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Мөн тус өргөдөл гаргасан байгууллагуудаас гэрээний заалтыг зөрчиж, гэрээнд заасан тайлангаа ирүүлээгүй гэсэн хууль ёсны шаардлага тавьсан шаардлагыг хайхрахгүйгээр намайг хэл амаар доромжилж, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би тэднийг хэл амаар доромжлох нь байтугай, уулзаагүй бөгөөд 2020 оны 7 дугаар сард би ээлжийн амралттай байсан. Түүнчлэн У нь жил бүр ажилтан, албан хаагчдаараа тайлан хамгаалуулдаг бөгөөд 2020 оны жилийн эцсийн тайлангаа би 94 хувь гүйцэтгэсэн үнэлгээтэй байсан. Дээрх нөхцөл байдлаас үзвэл ямар ажил, чиг үүрэгт тусгагдсан ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй гүйцэтгэсэн болох нь тодорхойгүй, ёс зүйн зөвлөлд ирүүлсэн 3 өргөдөлд тусгагдсан асуудал нь тогтоогдохгүй, үндэслэлгүй байхад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 36.487.917 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулж өгнө үү гэжээ.

 

 

 

2. Хариуцагч Уйн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганцэцэг, Б.Ялгуун нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Н.Т тус компанид ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалтгүй гүйцэтгэсэн, Эрчим хүчний салбарын ажилтны ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь зохих шалгалтуудаар тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Манай компанид анх ажилд орохдоо дагалдан ажилтны түр гэрээ байгуулаад сургалтад хамрагдаад шалгалт өгөхийн өмнө мэргэжлийн инженер, сургалтын инженер зэрэг ажилтнуудад шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд шалгалтын өдрийг товлоод шалгалт авдаг. Шалгалт авч тэнцсэнээр шалгалтын комисс хуралдаад тэмдэглэл үйлддэг. Үүн дээр шийдвэрлэсэн байдлаа бичдэг. Шалгалтад тэнцсэн уг өдөр зэрэг дэв, цалин урамшууллыг тогтоогоод жинхлэн томилдог. Дагалдан ажилтны түр гэрээ нь албан тушаалд жинхлэж тэнцэх хүртэл хугацаанд хүчинтэй байдаг. Шалгалтад тэнцсэн өдрөөс хойш цалин урамшуулал, зэрэг дэвийг нь олгоод явдаг. Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар ажил олгогч тушаал гаргаснаар цалин хөлсийг тооцно гэж байна. Гэтэл хөдөлмөрийн дотоод журмын 4.6-д Шалгалт өгч тэнцэх хүртэл хугацаанд дагалдан ажилтны хугацаатай гэрээ байгуулна гэж, 4.9-д Ажлын байр өөрчлөгдвөл шинэ ажилтны дагалдан хугацааг тогтоож, тогтоосон хугацаанд шалгалтад хамрагдаж тэнцсэн бол сарын үр дүнгийн шагналт цалин авах эрх нь үүснэ гэж заасан байгаа. Гэтэл манай байгууллага Н.Тыг ажиллаж байх хугацаанд 1920 ажилтантай байгаад 2 ажилчдаас гомдол ирсэн. Бидний шагнал цалин, урамшууллыг дутуу бодож оруулсан байна гэсэн гомдол ирсэн. Асуудлыг тодруулж арга хэмжээ авах тухай гэсэн үйлдвэрчний эвлэлийн бичиг ирсэн байдаг. Манайхаас асуудлыг тодруулахад шалгалтаа өгч тэнцсэн ажилтны үр дүнг дутуу тооцсон болохыг тогтоосон ба тухайн ажилтнуудыг албан тушаалд нь ажиллуулж, мэргэжлийн зэрэг дэв, шагналт цалинг нөхөн олгохоор шийдвэрлэсэн. Ажилтан 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шалгалтдаа тэнцсэн байхад 8 хоногийн дараа захирлын тушаал гарснаар цалин хөлсийг бодож эхэлсэн зэрэг алдаа зөрчилтэй байсан. Н.Т өөрөө хэлж байна. Тушаал гаргасан өдрөөр нь цалин хөлсийг нь олгож эхэлнэ гэж хэлсэн. Хэрэгт авагдсан Б/636 тоот албан бичигт 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шалгалт өгч тэнцсэн хүнийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс цалин хөлсийг олгоно гэж хэлсэн боловч тушаал нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан зэрэг Н.Т асуудлыг өөрийн үзэмжээр шийдэж байгаа нь тогтоогдсон. Ингээд захирлын зөвлөлийн хурал болоод хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгасан чиг үүргийг зөрчсөн гээд Захирлын тушаал гарснаар шагналт цалин авах эрх үүснэ гэж дур мэдэн өөрчилсөн ажилтан Н.Тод арга хэмжээ авах нь зүйтэй гэж зөвлөлийн шийдвэр гарсан. Ажиллаж байх хугацаандаа Н.Т нь маш олон ажилтнуудын эрх ашгийг зөрчиж тушаал шийдвэр гаргаж байсан. Манайх хувийн конторуудтай гэрээ хийж улирлаар ажлыг нь дүгнэж хамтран ажилладаг. Манайх дүүрэг бүрт хувийн контортой. Тухайн конторын ажлыг тэдгээрийн ирүүлсэн тайлангаар дүгнэж төлбөр мөнгийг нь шилжүүлдэг. Тайланг хуулийн мэргэжилтэн болон холбогдох ажилтан дүгнээд гэрээ сунгах эсэхийг шийддэг. Гэтэл Н.Т нь ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажлыг өөрөө аваад, нөгөө ажилтныг Би авна, намайг байхгүйд битгий ав гээд тайланг авахуулдаггүй байсан. Тухайн асуудлаар Пюр хаус ХХК гэх мэт байгууллагаас эхнээсээ гомдол ирүүлсэн. Манай дотоод аудитын албанаас шалгаад дүгнэлт гаргасан. Өөрөө Намайг байхгүй хооронд ирээд явсан учир би амарч байгаа хүн яаж авах юм бэ гэж хэлсэн. Угаасаа Н.Т тайланг авах эрхгүй хүн юм. Н.Т ажилтнуудыг энэ мэтээр маш ихээр дарамталдаг байсан. Өөрийнх нь ажиллаж байгаа болон бусад хэлтсээс лавлахад энэ хүний талаар маш муу санал өгсөн байдаг. Захиргааны хэлтсийн хуулийн мэргэжилтэн Н.Т нь бусадтай ёс зүйгүй харьцдаг гэсэн шийдвэр дотоод аудитаас гарсантай холбоотой Ёс зүйн зөвлөл хуралдаад уг ажилтанд холбогдуулан дүгнэлт гаргасан. Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол холбогдох төрийн байгууллагад мэдэгдэнэ гэж заасан байдаг. Энэ асуудал нь гэмт хэргийн шинжтэй байж болохуйц байсан тул Авилгатай тэмцэх газарт 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шалгуулахаар өргөдөл гаргасан. Гэтэл энэ хооронд Н.Тын бусдаас 1.000.000 төгрөгийн хахууль авсан үйлдэл илэрсэн. Авилгатай тэмцэх газраас Гэмт хэрэг гарахад нөлөөлөх шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай бичгийг манайд ирүүлсэн. Ерөнхийдөө манай байгуулагаас энэ хүнийг ёс зүйн зөрчилтэй гэж үзсэн. Н.Т нь 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас халагдсан. Гэтэл 2020 оны 1 дүгээр сарын 18-25-ны өдрүүдэд өвчтэй байсан гэх акт дараа нь гаргаж ирдэг. Гэтэл энэ актаа тухайн үедээ удирдагад мэдэгдээгүй байсан. Өвчтэй байсан акт байгаа талаараа гэнэтхэн 2021 оны 11 дүгээр сард буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн. Тухайн үед хатуу хөл хориотой байсан байхад актаа яаж авсан нь тодорхойгүй байдаг. Н.Т нь өөрөө байгууллагын нууцын ажилтан. Нууцын ажилтныг халахад Тагнуулын ерөнхий газраас санал авдаг, үүний дагуу Тагнуулын байгууллагаас асуухад албан бичгээ явуулаарай гэсэн, бид саналаа хүргүүлсэн. Сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр хууль зөрчөөд байна гэсэн зүйлийг нэхэмжлэгч ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, үр дүн нь ажилгүй болж байгаа. Улын дээд шүүхээс хөдөлмөрийн маргаан шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар зөвлөмж гарсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд үүнийг ноцтой зөрчилд тооцно гэж заасан байгаа. Нэхэмжлэгч би юу зөрчсөн юм бэ гэсэн зүйлийг ярьж байна. Нэхэмжлэгч сахилгын ноцтой зөрчил гаргасан талаар тушаалд дурдсан. Эрчим хүчний салбарын ажилтны ёс зүйн дүрмийн 2.1-д Тухайн байгууллагын ажилтан үйл ажиллагаандаа ийм ийм зарчмуудыг баримтлана гээд тухайн зарчмыг зөрчвөл сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэсэн байдаг. Зарчим ч гэсэн хэм хэмжээ, тиймээс зарчмыг зөрчсөн нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. Хэд хэдэн зөрчил гаргаад байгаа юм шиг харагдаад байна. Байгууллагад ирсэн гомдлыг шалгах явцад бусад зөрчил нь илэрсэн. Н.Тын гаргасан хэд хэдэн зөрчилд Бичвэрийн алдаа гарлаа гээд тушаал, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам дээр акт, магадлагаатай байгаа бол тухайн өдрийн урд өдрийн 18 цагаас өмнө мэдэгдээрэй гэсэн зүйлийг заасан байгаа. Бид нар 1900 гаруй ажилтнаас хэн нь ямар асуудалтай болохыг тогтоох боломжгүй. Тухайн тохиолдолд энэ хүн жагсаалтаараа гэртээ хатуу хөл хорионд ажиллаж байсан. Хатуу хөл хорионы үед бүгд гэрээсээ ажиллаж байсан, бидэнд акттай байсан талаараа урьдчилж мэдэгдээгүй. Мэдэгдсэн гэдгээ ч өөрөө нотолж чадахгүй байна. Гэнэт хэргийн явц дунд акт гарч ирсэн. Тэр акт нь нэхэмжлэгч гэрээсээ ажиллах хуваарьтай байсантай давхарддаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч байгууллагтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй, гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа нь Өмгөөллийн тухай хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байна гэжээ.

 

 

 

3. Нэхэмжлэгчээс талаас дараах баримт ирүүлсэн. Үүнд улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт /1 дүгээр хавтасны 5 дугаар тал/, Уйн гүйцэтгэх захирлын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийнэ Б/16 тоот тушаалын болон хавсралтын хуулбар /1 дүгээр хавтасны 6, 95 дугаар тал/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтасны 7 дугаар тал/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ирүүлсэн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1 дүгээр хавтасны 44 дүгээр тал/, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШЗ2021/14260 дугаар захирамжаар авагдсан Уйн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтасны 47 дугаар тал/, тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/226 дугаар тушаалын хуулбар /1 дүгээр хавтасны 48, 93 дугаар тал/, тус компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б/20 дугаар тушаалын хуулбар /1 дүгээр хавтасны 49 дүгээр тал/, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар /1 дүгээр хавтасны 50-55 дугаар тал/, тус компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/66 дугаар Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаалы болон уг хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /1 дүгээр хавтасны 56-77 дугаар тал/, Ажлын байрны тодорхойлолт-ын хуулбар /1 дүгээр хавтасны 78-84, 116-122 дугаар тал/, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн огноо бүхий Эмнэлгийн магадлагаа-ны хуулбар /1 дүгээр хавтасны 87 дугаар тал/, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ажилтнуудын 2020 оны ажлын тайланг дүгнэх тухай үнэлгээний хуудас /1 дүгээр хавтасны 91-92 дугаар тал/, тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/248 дугаартай тушаалын хуулбар /1 дүгээр хавтасны 94 дүгээр тал/, Өөдөө байгаль ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гүенбаатарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл /1 дүгээр хавтасны 96 дугаар тал/, иргэн С.Лхагвадуламын өргөдөл /1 дүгээр хавтасны 97-100 дугаар тал/, Монватер ХХК-ийн захирал Т.Энхбаатарын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан өргөдөл, уг өргөдөлд хавсарган ирүүлсэн Үйлчилгээний төлбөр төлөх гэрээ дүгнэх тухай бичиг, мөн 2019 оны дундын өмчлөлийн цахилгаан щитэнд хийсэн засвар үйлчилгээний ажлын тайлан гэх баримт /1 дүгээр хавтасны 101-115 дугаар тал/, Уйн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/169 дүгээр тушаалаар батлагдсан Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам-ын хуулбар /1 дүгээр хавтасны 123-125 дугаар тал/, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Уйн Ёс зүйн зөвлөл-ийн илтгэх хуудасны хуулбар /1 дүгээр хавтасны 126-127 дугаар тал/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаартай тогтоолын хуулбар /1 дүгээр хавтасны 172-173 дугаар тал/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ирүүлсэн иргэн Н.Т, өмгөөлөгч Г.Нацагдорж нарын Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдлын хуулбар /1 дүгээр хавтасны 246-248 дугаар тал/ зэрэг болно.

 

 

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас ирүүлсэн Уйн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2021/07 дугаартай Итгэмжлэл /1 дүгээр хавтасны 9 дүгээр тал/, хариуцагчийн хариу тайлбар /1 дүгээр хавтасны 14 дүгээр тал/, Уйн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/09 дугаартай Итгэмжлэл /1 дүгээр хавтасны 15 дугаар тал/, Уйн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/30, 2021/28 дугаартай Итгэмжлэл /1 дүгээр хавтасны 36-37 дугаар тал/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн аваад тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2021/15355 дугаар захиражийн дагуу авагдсан Авлигатай тэмцэх газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03/13652 дугаар албан бичиг /1 дүгээр хавтасны 138 дугаар тал/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаар мэдэгдэл /1 дүгээр хавтасны 139 дүгээр тал/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 442 дугаар албан бичиг, албан бичигт хавсарган ирүүлсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/517 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтасны 141-154 дүгээр тал/, Уйн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/36 дугаар Итгэмжлэл /1 дүгээр хавтасны 163 дугаар тал/, Б.Нэргүйг үндсэн ажлын байранд шилжүүлэн ажиллуулах тухай тушаалынг төслийн хуулбар /1 дүгээр хавтасны 165-166 дугаар тал/, Захиргаа, хүний нөөцийн хуулийн ахлах мэргэжилтэн Н.Тын ёс зүйн байдлын талаар хэлтсийн ажилтнуудаас авсан санал асуулгын дүн гэх баримт /1 дүгээр хавтасны 167 дугаар тал/, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний хуулбар /1 дүгээр хавтасны 168-171 дүгээр тал/, Уйн захирлын зөвлөлийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар тэмдэглэлийн хуулбар /1 дүгээр хавтасны 175-179 дүгээр тал/, Уйн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 1/79 дүгээр Авлигатай тэмцэх газар-т хүргүүлсэн албан бичгийн хуулбар /1 дүгээр хавтасны 180 дугаар тал/, Ковид-19 халдварт өвчин дотоодод тархсантай холбоотой хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор ажлын цагаар 3 ээлжинд ажиллах хуваарь-ийн хуулбар /1 дүгээр хавтасны 217 дугаар тал/, Уйн Тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1/53 тоот албан бичгийн хуулбар /1 дүгээр хавтасны 219 дүгээр тал, 2 дугаар хавтасны 1 дүгээр тал/, өмгөөлөгч Б.Галхүүтэй хариуцагчийн төлөөлөгч нар байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1 дүгээр хавтасны 221-224 дүгээр тал/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ирүүлсэн Өөдөө байгаль ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Гүенбаатарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл /1 дүгээр хавтасны 235-236 дугаар тал/, Монватер ХХК-ийн захирал Т.Энхбаатарын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан өргөдөл /1 дүгээр хавтасны 237-238 дугаар тал/, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаар тушаал, түүний хавсралт буюу Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм-ийн хуулбар /1 дүгээр хавтасны 241-244 дүгээр тал/, хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн Уйн захирлын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/112 дугаар Компанийн албан хэрэг хөтлөлтийн журам батлах тухай тушаал, хавсралтын хамт /2 дугаар хавтасны 43-57 дугаар тал/, Уас Үйлдвэрчний эвлэлийн хороонд хүргүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2/2409 дүгээр албан бичгийн хуулбар /2 дугаар хавтасны 58 дугаар тал/, тус компанийн Дотоод аудитын албанаас хийсэн шалгалтын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Илтгэх хуудас /2 дугаар хавтасны 58-62 дугаар тал/, Уйн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн албан бичиг /2 дугаар хавтасны 63-64 дүгээр тал/, Шагналт цалин олгосон тухай хүснэгт /2 дугаар хавтасны 66 дугаар тал/, ажилтан М.Эрдэнэцэцэг, Б.Алтанчимэг нарын 2020 оны 10-11 дүгээр сарын цалингийн баримт, ажилд томилсон шийдвэр, ажлын байр, албан тушаалд жинхлэн томилж, мэргэжлийн зэрэг, мэргэшлийн групп олгох тухай тушаалын хуулбар, шалгалтад тэнцсэн ажилтнуудын нэрс, шалгалтад тэнцсэн ажилтнуудын нэрс, цалингийн нэмэгдэл тооцсон баримт, Уйн мэдлэгийн шалгалтын комиссын хурлын тэмдэглэл /2 дугаар хавтасны 67-82 дугаар тал/, Пюрхаус ХХК-ийн ажилтан С.Лхагвадуламын гаргасан өргөдлийн хариу гэх баримт /2 дугаар хавтасны 83-84 дүгээр тал/ зэрэг баримтууд авагдсан.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Н.Тод Уйн гүйцэтгэх захирлын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11.11, Хөдөлмөрийн дотоод журмын 4.42, 11.2.5, 11.2.5.1, 11.2.5.8, Хөдөлмөрийн гэрээний 7.4.4, 7.4.4.1, 7.4.4.8 дахь заалт, 2020 он 12 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаартай Захирлын зөвлөл-ийн шийдвэр, 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Ёс зүйн зөвлөл-ийн шийдвэрийг тус тус үндэслэсэн.

 

 

 

3. Мөн тухайн тушаалд ажлаас халах сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хөдөлмөрийн дотоод журамд заасан болон ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэгт тусгагдсан ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй гүйцэтгэсэн, Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн сахилгын ноцтой зөрчил гаргасан хэмээх хоёр үндэслэлээр ногдуулсан ажээ.

 

 

 

4. Уд Өөдөө байгаль ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, Пюрхаус ХХК-ийн ажилтан С.Лхагвадуламын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, Монватер ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус тус гаргасан гомдлын дагуу тус компанийн Ёс зүйн зөвлөл-өөс 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан Итгэх хуудас-аар Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм-ийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.6-д заасныг буюу Хүнлэг, энэрэнгүй, шударга ёсыг дээдлэх, мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах, ёс суртахууны үлгэр, дууриалалтай ажиллах, аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх, тэгш байдлыг хангах зарчмыг ажилтан баримтлан ажиллана гэснийг зөрчсөн хэмээн дүгнэжээ.

 

 

 

5. Хэдийгээр дээрх ёс зүйн дүрмийн 1.3 дахь хэсэгт Энэ дүрмийн 2.1-т заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ гэж заасан байгаа боловч тухайн Өөдөө байгаль ХХК, Пюрхаус ХХК, Монватер ХХК-ийн өргөдөлд дурдсанаар 2019 оны тайлан болон 2020 оны 1, 2 дугаар улирлын ажлын тайланг 2020 оны 7 дугаар сард хүлээн аваагүй, зохисгүй үйлдэл гаргасан гэх гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тухай хуульд заасан хугацааг хэтрүүлж, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Н.Тод сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

 

 

6. Мөн нэхэмжлэгчийг Ажлын байрны тодорхойлолт-д дурдсан Компанийн үйл ажиллагаа болон хууль эрхийн актууд хуулийн хүрээнд шийдвэрлэгдэж байгаад хяналт тавих, компаниас гарч буй тушаал, шийдвэр, журам, эрхийн акт нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцсэн байх, компаниас боловсруулсан тушаал шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж зөвлөгөө өгөх, гүйцэтгэх захирлын А, Б тушаалуудын төслийг хянаж, хууль эрх зүйн хүрээнд хяналт тавих үүргээ хоёр ба түүнээс дээш удаа биелүүлээгүй гэж үзэхдээ Уйн Техникийн бодлого зохицуулалтын хэлтсийн инженер Мөнхөөгийн Эрдэнэцэцэг, Батзоригийн Алтанчимэг нарын хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусгавар болгож, ажилд нь томилохдоо 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шалгалт өгч тэнцсэн байхад Хөдөлмөрийн дотоод журмын 4.9-д зааснаар үр дүнгийн шагналт цалинг тооцуулж олгох заалтыг зөрчиж, М.Эрдэнэцэцэгт шагналт цалинг шалгалт өгч тэнцсэн өдрөөс, харин Б.Алтанчимэгт томилогдсон тушаал гарсан өдрөөс хойш шагналт цалинг олгуулж, тушаалын үндэслэлээ хянаагүй гэж хариуцагч тайлбарласан.

 

 

 

7. Энэ талаар хариуцагч байгууллагын Дотоод аудитын алба-наас хийсэн шалгалтын илтгэх хуудас /2 дугаар хавтасны 58-62 дугаар тал/ 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гарсан байх ба уг итгэх хуудсаас үзэхэд нэхэмжлэгч Н.Тын ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн дүгнэсэн зүйлгүй, харин Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн холбогдох мэргэжилтэн тушаалыг хугацаа хожимдуулан гаргасан, тушаалын үндэслэл, захирамжлах хэсгийн заалтууд хоорондоо зөрүүтэй гарсан, тушаалын хавсралтын агуулга зөрүүтэй гаргасан гэж дүгнэжээ.

 

 

 

8. Өөрөөр хэлбэл, хариуцагч Уйн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн холбогдох мэргэжилтэн гээд нэр дурдаагүй байгаа бөгөөд үүнд нэхэмжлэгч Н.Т буруутай гэсэн дүгнэлт хийгдээгүй байх тул үүнийг үндэслэн Н.Тод Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хөдөлмөрийн дотоод журамд заасан болон ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэгт тусгагдсан ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр арга хэмжээ авсныг зөвтгөх боломжгүй байна.

 

 

 

9. Шүүх хуралдааны үеэр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан боловч тушаалд энэ талаар тусгаагүйгээс гадна ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учирсан, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутааж эрх, ашиг сонирхолд нөлөөлхүйц сөрөг үр дагавар буй болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

 

 

10. Мөн тушаалд 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Ёс зүйн зөвлөл-ийн шийдвэрийг үндэслэв гэсэн атал хэргийн 1 дүгээр хавтасны 126-127 дугаар талд Илтгэх хуудас авагдсан, илтгэх хуудас нь гүйцэтгэсэн ажил үүргийн явц, үр дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах зорилгоор үйлдэгддэг албан бичиг бөгөөд үүнийг Шийдвэр гэж үзэхгүй болно.

 

 

 

11. Хэргийн 87 дугаар талд Н.Т нь 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр олгогдсон эмнэлгийн магадлагаараар тухайн өдрөөс хойш 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд өвчтэй байсан нь тогтоогдсон ба энэхүү баримтыг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулсан шүүхийн тогтоол хэргийн 1 дүгээр хавтасны 172-173 дугаар талд авагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг хариуцагч зөрчсөн байгааг дурдах нь зүйтэй.

 

 

 

Хэдийгээр энэ талаар бидэнд мэдэгдээгүй хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргах боловч Н.Тын өвчтэй байсныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаан хойшилсон баримт хэрэгт авагдсан тул энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

 

 

12. Хэргийн 1 дүгээр хавтасны 94 дүгээр талд Н.Тод 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн төрийн болон компанийн нууц хамгаалах ажилтны ажил үүргийг хавсруулан ажиллуулах тухай Уйн гүйцэтгэх захирлын 2018 оны Б/248 дугаар тушаал авагдсан байх ба Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь нууц хамгаалах ажилтныг чөлөөлөх, өөр ажил, албан тушаалд шилжүүлэх бол тагнуулын байгууллагын саналыг авсан байна гэснийг мөн хариуцагч зөрчиж, Тагнуулын байгууллагын саналыг авахгүйгээр дараагийн нууц хамгаалах ажилтнаар Б.Урангоо томилогдсоныг мэдэгдсэн байна /2 дугаар хавтасны 1 дүгээр тал/.

 

 

 

13. Иймд нэхэмжлэгч Н.Тын гаргасан гэх сахилгын зөрчилд арга хэмжээ авах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хөдөлмөрийн дотоод журамд заасан болон ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэгт тусгагдсан ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй гүйцэтгэсэн болох нь тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Уйн гүйцэтгэх захирлын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Тыг тус компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Хуулийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

 

 

 

14. Нэхэмжлэгчийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 36.487.917 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

 

 

15. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Н.Тын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

16. Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч Уд даалгаж шийдвэрлэлээ.

 

17. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тод, 36.487.917 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 340.389 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Уйн гүйцэтгэх захирлын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Тыг тус компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Хуулийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Уас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 36.487.917 /гучин зургаан сая дөрвөн зуун наян долоон мянга есөн зуун арван долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тод олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар Н.Тын ажилгүй байсан 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Уд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Уас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тод, мөн 340.389 /гурван зуун дөчин мянга гурван зуун наян ес/ төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА