Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2022/00947

 

 

 

 

 

 

 

 

2022 05 18 210/МА2022/00947

 

 

Н.Т нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд, бүрэлдэхүүнд шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/00679 дугаар шийдвэртэй, Н.Т нэхэмжлэлтэй У ХХК -д холбогдох

Тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие Эрчим хүчний яамнаас У ХХК руу шилжин 2015 оны 01 дүгээр сараас эхлэн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хуулийн зөвлөхөөр ажилласан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/226 дугаар тушаалаар тус хэлтэст хуулийн ахлах мэргэжилтнээр томилогдсон. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаанд хууль болон компанийн дүрэм, журам, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж, ажлын алдаа дутагдал гаргаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж ажилласан. Гэтэл тус Б/16 тоот тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг хангалтгүй гүйцэтгэсэн мөн Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Хариуцагч нь хувийн орон сууцны конторуудтай үйлчилгээний төлбөр төлөх гэрээ байгуулан ажилладаг ба олгох төлбөрийг Эрчим хүчний зохицуулах хороогоор урьд онд нь батлуулж, гэрээ байгуулсны үндсэн дээр олгодог зардал юм. Хэрэв тухайн компаниудтай гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний 1.3, 3.9, 3.10 дахь заалтуудад төлбөр олгохгүй гэж тодорхой заасан. Гэтэл дээр дурдсан асуудал нь 2017, 2018, 2019 он болон 2020 оны 07 дугаар сард болсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаа өнгөрсөн байхад 2021 оны 01 дүгээр сард надад сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн хууль ёсны шаардлага тавьсан шаардлагыг хайхрахгүйгээр намайг хэл амаар доромжилж, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2020 оны 07 дугаар сард ээлжийн амралттай байсан. Түүнчлэн 2020 оны жилийн эцсийн тайланг 94 хувьтай гүйцэтгэсэн үнэлгээтэй байсан. Дээрх нөхцөл байдлаас үзвэл ямар ажил, чиг үүрэгт тусгагдсан ажил үүргийг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй гүйцэтгэсэн болох нь тодорхойгүй, ёс зүйн зөвлөлд ирүүлсэн 3 өргөдөлд тусгагдсан асуудал нь тогтоогдохгүй байхад зөрчил гаргасан гэж үзсэн. Иймд тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 36,487,917 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Н.Т нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг хангалтгүй гүйцэтгэсэн, ажилтны ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн нь тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Анх ажилд орохдоо дагалдан ажилтны түр гэрээ байгуулсан бөгөөд албан тушаалд жинхлэн шалгалтад тэнцэх хүртэл хугацаанд хүчинтэй байх ба хөдөлмөрийн дотоод журмын 4.6, 4.9-д хэсэгт тодорхой зохицуулсан. Гэтэл Н.Т ыг ажиллаж байх хугацаанд шагнал цалин, урамшууллыг дутуу бодсон асуудлаар ирүүлсэн гомдлыг шалгахад шалгалтаа өгч тэнцсэн ажилтны үр дүнг дутуу тооцсон болохыг тогтоож нөхөн олгохоор шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан Б/636 тоот албан бичгээр буруу бодсон болох нь тогтоогдсон. Ингээд захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж ажилтан Н.Т од арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Ажиллаж байх хугацаандаа Н.Т нь удаа дараа ажилтнуудын эрхийг зөрчсөн тушаал шийдвэр гаргасан. Манайх хувийн конторуудтай гэрээ байгуулж улирлаар ажлыг дүгнэдэг. Гэтэл Н.Т нь ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу тайланг би авна, намайг байхгүйд битгий ав гэж авахуулдаггүй байсан. Тухайн асуудлаар гомдол ирүүлж дотоод аудитын албанаас шалгаж Н.Т нь бусадтай ёс зүйгүй харьцдаг гэсэн шийдвэр гарсантай холбоотойгоор Ёс зүйн зөвлөл хуралдаж дүгнэлт гаргасан. Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болохуйц байсан тул Авилгатай тэмцэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шалгуулахад бусдаас 1,000,000 төгрөгийн хахууль авсан үйлдэл илэрч түүнийг ёс зүйн зөрчилтэй гэж үзсэн. Н.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас халагдсан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 18-25-ны өдрүүдэд өвчтэй байсан гэх актыг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн. Тухайн үед хатуу хөл хориотой байсан байхад акт хэрхэн авсан нь тодорхойгүй. Эрчим хүчний салбарын ажилтны ёс зүйн дүрмийн 2.1-д заасан зарчмыг зөрчсөн нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. Хатуу хөл хорионы үед бүгд гэрээсээ ажиллаж байсан, бидэнд акттай байсан талаар урьдчилж мэдэгдээгүй. Акт нь нэхэмжлэгч гэрээсээ ажиллах хуваарьтай байсантай давхарддаг гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар У ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Т ыг тус компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч У ХХК -аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 36,487,917 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т од олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар Н.Т ажилгүй байсан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХК -аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Т од, мөн 340,389 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн Төрийн сангийн 100200100941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д хувийн конторуудтай холбоотой асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй гэсэн байна. Тухайн асуудлыг гомдол гаргаагүй бол мэдэх боломжгүй байсан. Хувийн конторуудаас гомдол гаргаснаар уг асуудлыг мэдэж шалган Ёс зүйн зөвлөлөөс Н.Т ыг Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан тул арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Ёс зүйн зөвлөлийн шийдвэр нь үндэслэлтэй болохыг Авлигатай тэмцэх газраас манай байгууллагад ирүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаартай мөрдөгчийн мэдэгдлээр батлагдсан. Иймээс хувийн конторын гомдол ирснээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцохоор байна.

2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7, 8-д дотоод аудитын албанаас хийсэн шалгалтын илтгэх хуудаст У ХХК -ийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн холбогдох мэргэжилтэн гээд нэр дурдаагүй бөгөөд үүнд нэхэмжлэгч Н.Т буруутай гэсэн дүгнэлт хийгдээгүй тул Н.Т од уг үндэслэлээр арга хэмжээ авсныг зөвтгөх боломжгүй байна гэжээ. Н.Т буруу учраас холбогдох арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нотлогдоно. Мөн Н.Т ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар үндсэн зорилтын 2.1-т компаниас гарч буй тушаал, шийдвэрийн төслийн хууль, эрх зүйн үндэслэлийг хянаж, зөвлөгөө өгөх, 2.4-т гүйцэтгэх захирлын А, Б тушаалуудын төслийг хянаж, хууль эрх зүйн хүрээнд хяналт тавьж ажиллах үүрэгтэй байна. Албан хэрэг хөтлөлтийн журам-ын 6.4.7-д Гүйцэтгэх захирлын тушаалын хууль, эрх зүйн үндэслэл зөв эсэхийг хянаж саналаа өгөх, мөрдөж буй дүрэм, журамд нийцүүлэн гаргуулах ажлыг хуулийн зөвлөх хариуцна гэж заасан. Энэ талаар шүүх бүхэлд нь харьцуулж дүгнээгүй.

3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-т тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцаа шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлөөр ажлаас чөлөөлсөн гэх боловч тушаалд тусгаагүйгээс гадна ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учирсан, бизнесийн бас ажил хэргийн нэр хүндийг нь гутааж эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагавар буй болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн байна. Н.Т нь ёс зүйн дүрэмд заасан ноцтой зөрчил гаргасан Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мөрдөгчийн мэдэгдлээр тогтоогдсон байна. Мөн ахлах хуулийн мэргэжилтнийг өөрийг нь халж байгаа тул сахилгын тушаалын төсөл боловсруулж, хянах өөр хүн байгаагүй. Тиймээс өөр хүн боловсруулах шаардлага гарсан.

4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т ёс зүйн зөвлөл хэлэлцэж илтгэх хуудас гаргасан. Энэ нь шийдвэр биш гэж үзжээ. Тус илтгэх хуудас бол ёс зүйн зөвлөлөөс гаргасан шийдвэр бөгөөд Н.Т од арга хэмжээ авах зүйтэй гэж шийдвэрлэсэн.

5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т Шүүх хурал эмнэлгийн магадлагааг үндэслэж хойшилсон нь ажилтныг ажлаас халахтай шалтгаант холбоогүй. Шүүх уг үндэслэлийг ажилтныг эгүүлж томилох үндэслэл болгон дүгнэж байгаа нь ойлгомжгүй.

6. Мөн манай байгууллагаас Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн хувийн конторуудын гомдлын дагуу үүсгэсэн эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл иргэний хэргийн шүүх хурлыг түдгэлзүүлэх захирамж гаргалгүй процесс алдсан.

7. Н.Т нь Эрүүгийн хэрэгт 2021 оны 02 дугаар сард шалгагдаж эхэлснээрээ түүний ажлыг түдгэлзүүлж, цалин хөлс зогсохоор байхад 14 сарын ажилгүй байх хугацааны цалин хөлс олгож шийдвэрлэсэн нь 1999 оны Хөдөлмөрийн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.

8. Авлигатай тэмцэх газарт Н.Т од гаргасан гомдол үндэслэлтэй болох нь нотлогдсон бөгөөд энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол хэрэгт ач холбогдолтой байхад шүүх хэзээ тогтоол гаргасныг огт дүгнээгүй.

9. Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нэгэнт тогтоогдсон. Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийг компани болон нийт ажилчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий хариуцлагатай албан тушаал болох ахлах хуулийн мэргэжилтнээр ажиллах ёстой гэж анхан шатны шүүхийн дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн хүрээнд үнэлээгүй, маргааны үйл баримтад бодитой зөв дүгнэлт өгч чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч У ХХК -д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...ёс зүйн зөрчил гаргаагүй, ажил, үүргээ хоёр буюу түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэсэн нь үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарласан байна.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ..ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, эрчим хүчний салбарын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдсон гэж маргажээ.

 

4. Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч байгууллагын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажлаас буруу халсан тухай гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааны дотор нэхэмжлэгч шүүхэд гаргасан байна. /хх-6/

 

5. У ХХК -ийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалаас үзэхэд Н.Т ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11.11, Хөдөлмөрийн дотоод журмын 4.42, 11.2.5, 11.2.5.1, 11.2.5.8, Хөдөлмөрийн гэрээний 7.4.4, 7.4.4.1, 7.4.4.8 дахь заалт, 2020 он 12 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаартай Захирлын зөвлөлийн, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг тус тус үндэслэл болгосноос гадна хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хөдөлмөрийн дотоод журамд заасан болон ажлын байрны тодорхойлолтын чиг үүрэгт тусгагдсан ажил, үүргийг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй гүйцэтгэсэн, Эрчим хүчний салбарын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн гэсэн үндэслэл заажээ. /хх6/

 

6. У ХХК -ийн Ёс зүйн зөвлөл нь Н.Т од холбогдуулан Өөдөө байгаль ХХК, Пюрхаус ХХК, Монватер ХХК-иудын гаргасан 2019 оны тайлан болон 2020 оны 1, 2 дугаар улирлын ажлын тайланг 2020 оны 7 дугаар сард хүлээн аваагүй, зохисгүй үйлдэл гаргасан гэх гомдлыг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хэлэлцэж, Н.Т ыг Эрчим хүчний салбарын төрийн өмчит байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.6-д заасныг зөрчсөн гэж үзсэн байна. Анхан шатны шүүх уг зөрчилтэй холбогдуулан дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах тухай хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх буруутгах боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь дээр дурьдсан компаниуд 2020 оны 07 дугаар сард болсон үйл баримтын талаар гомдол гаргасан, үүнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байхад зөрчлийг тогтоосон байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7. Харин анхан шатны шүүх У ХХК -ийн захирлын зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаар тэмдэглэл, мөн компанийн дотоод аудитын албаны 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн илтгэх хуудас зэрэг бичмэл баримтыг /2хх 58-62/ үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна гэж дүгнэлээ. Учир нь хэргийн баримтаас үзэхэд хуралд тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд оролцсон байхаас гадна уг бичмэл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн уг тэмдэглэлээс үзэхэд тухайн байгууллагын ажилтан М.Эрдэнэцэцэг, н.Алтанчимэг нарт олговол зохих шагналт цалинг буруу тооцсон тушаал гаргасан гэх гомдлыг хэлэлцсэн байх бөгөөд энэ нь Н.Т буруутай үйлдлээс болсон гэж үзсэн байна. /1хх 175-179/

 

Өөрөөр хэлбэл, ажилтан М.Эрдэнэцэцэг, Б.Алтанчимэг нарыг ажилд нь томилохдоо 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шалгалт өгч тэнцсэн байхад Хөдөлмөрийн дотоод журмын 4.9-д зааснаар үр дүнгийн шагналт цалинг тооцуулж олгох заалтыг зөрчиж, М.Эрдэнэцэцэгт шагналт цалинг шалгалт өгч тэнцсэн өдрөөс, харин Б.Алтанчимэгт томилогдсон тушаал гарсан өдрөөс хойш шагналт цалинг олгуулж, тушаалын үндэслэлээ хянаагүй зөрчил гаргасан байна.

 

Түүнчлэн, Н.Т ажиллаж байсан хуулийн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод зааснаар нь тэрээр эрх зүйн актын хууль зүйн үндэслэлийг зөв тогтоох зорилгын хүрээнд нэгжүүдээс боловсруулж буй тушаалын төсөл, журам, заавар, эрхийн акт, хөдөлмөрийн харилцаатай холбоотой тушаал шийдвэрийн төслийг хянах, санал өгөх, боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээд байх тул дээрх зөрчилд Н.Т буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /1хх 78-84/

Иймд эдгээр зөрчилд хариуцлага тооцсон У ХХК -ийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2022/00679 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул У ХХК -д холбогдуулан гаргасан тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Н.Т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 410,590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ЦОГТСАЙХАН