Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2022/00646

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Р ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

 

 

Хариуцагч:  Э ХХК-д холбогдох

 

 

 

Бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөрт тооцон авсан орон сууцнуудын талбайн зөрүү 45.863.000 төгрөг, алданги 22.931.500 төгрөг, нийт 68.794.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, Э.Сайнсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 1. Нэхэмжлэгч РХХК нь хариуцагч ЭХХК-д холбогдуулан бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөрт тооцон авсан орон сууцнуудын талбайн зөрүү 45.863.000 төгрөг, алданги 22.931.500 төгрөг, нийт 68.794.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Тус компани нь ЭХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр №5/2016051300 дугаартай Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба манай компаниас 25 клограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцөрийг 129.800 төгрөг, 21 килограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцөрийг 118.000 төгрөг, 16 килограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцөрийг 96.800 төгрөгөөр тооцож, нийт 1.222.600.000 төгрөгийн хөөсөнцөр нийлүүлэх, хариуцагч ЭХХК-иас төрбөрийг 100 хувь бартераар буюу хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр тооцож хийхээр тохиролцсон. Гэтэл тухайн гэрээний дагуу хариуцагчаас 680.000.000 төгрөгийн үнэ бүхий 206 метр квадрат талбай бүхий Кинг тауэр 117-122 тоотод байрлах, 2 гаражийг шилжүүлэн өгсөн. Бусад хөрөнгийг шилжүүлээгүй тул дахин 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр №5/2017080400 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр РХХК нь 25 клограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцөрийг 129.800 төгрөг, 21 килограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцөрийг 118.000 төгрөг, 16 килограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцөрийг 96.800 төгрөгөөр тооцож, нийт 926.800.000 төгрөгийн хөөсөнцөр нийлүүлэх, харин ЭХХК нь төлбөрийг 100 хувь бартераар тооцож үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу бид Хдүүргийн 11 дүгээр хороо, Кинг тауэр хотхоны 124 дүгээр байрны 4-122 тоотод байрлах, 124 метр квадрат талбай бүхий орон сууцыг 272.600.000 төгрөгөөр, мөн хотхоны 125 дугаар байрны 2-203 тоотод байрлах, 64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 185.000.000 төгрөгөөр, мөн хотхоны 117 дугаар байрны 122 тоотод байрлах, 206 метр квадрат талбай бүхий орон сууцыг 618.000.000 төгрөгөөр тус тус тооцон хүлээн авсан. Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр талбайн хэмжилт хийх эрх бүхий этгээд болох Эй Ди Интернэшнл ХХК-иар хэмжилт хийлгэхэд 124 дүгээр байрны 122 тоот орон сууцны талбайн зөрүү 4,12 метр квадрат буюу 11.948.000 төгрөг, 125 дугаар байрны 203 тоот орон сууцны талбайн зөрүү 4,35 метр квадрат буюу 12.615.000 төгрөг, 117 дугаар байрны 122 тоот орон сууцны талбайн зөрүү 7,12 метр квадрат буюу 21.300.000 төгрөг, нийт 45.863.000 төгрөгийн зөрүү гарсан. Мөн Бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний 5.2-т зааснаар алданги 0,5 хувиар тооцоход 22.931.500 төгрөг, нийт 68.794.500 төгрөг байх тул хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

2. Хариуцагч ЭХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, Э.Сайнсанаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. РХХК нь доголдол илэрснээс хойш хугацаандаа гомдлоо гаргаагүй гэж үзэж байгаа. Гэрээний дагуу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тухайн орон сууцуудыг хүлээж авсан боловч уг үл хөдлөх эд хөрөнгийн талбайд 3 жилийн дараа хэмжилт хийсэн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах хугацааг баримтлаагүй байна. РХХК нь 2 орон сууцыг шилжүүлж авахдаа орон сууц хүлээн авах акт үйлдсэн байдаг. Энэ актан дээр хэзээ энэ байрыг хүлээлгэж өгсөн бэ гэдэг нь тодорхой харагдана. РХХК нь өөрөө орон сууцыг хүлээж авахдаа шалгаж авах үүргээ биелүүлээгүй. Мөн хэрэгт РХХК-ийн гэрчилгээ нь эх хувиараа байдаггүй, хуулбар хувь нь байдаг. РХХК-ийн хөлсөлсөн гээд байгаа хэмжилтийн компани нь хэмжилт хийх эрхтэй этгээд болох нь тогтоогдохгүй байна. Тиймээс энэ компанийг хэмжилт хийсэн эсэх, хэмжилт хийх эрхтэй эсэх нь тогтоогдохгүй байна. Иймд энэ хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байна. Нөгөөтэйгүүр, РХХК-тай байгуулсан гэрээнүүдэд алдангийн зохицуулалт ерөөсөө байдаггүй. Тухайн үед гэрээ байгуулахад талууд алданги тооцох зохицуулалтыг тусгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

3. Нэхэмжлэгчээс хавтаст улсын тэмдэгтийн хураамж 358.200 төгрөг төлсөн баримт, РХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компанийн захирал Н.Энхтөрийн иргэний үнэмлэхний хуулбар, РХХК-иас В.Мандахад олгосон 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн итгэмжлэл, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №05/2016051300 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №05/2017080400 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар, иргэн Н.Энхтөр, ЭХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15-000149 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний хуулбар, мөн иргэн Н.Энхтөр, ЭХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 15-000651 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний хуулбар, Эй Ди Интернэшнл ХХК-ийн Хдүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхотны Кинг тауэр барилгын 124 дүгээр байрны 122 тоот, 117 дугаар байрны 122 тоот, 125 дугаар байрны 203 тоотод байрлах орон сууцанд хэмжилт хийсэн тухай дүгнэлт зэргийг тус тус ирүүлсэн.

 

 

 

4. Хариуцагч талаас ирүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-50/, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 02/2021-058 дугаартай Итгэмжлэл /хх-51/, хариу тайлбар /хх-56/, Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх 2020 оны 1 дүгээр сард үйлдсэн баримт /хх-57/, Хдүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхотны Кинг тауэр барилгын 125 дугаар байрны 203 тоотод байрлах 64 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай Байр хүлээлцэх акт, Хдүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхотны Кинг тауэр барилгын 124 дүгээр байрны 122 тоотод байрлах, 94 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай Байр хүлээлцэх акт-ын хуулбарууд /хх-58-61/ хэрэгт авагдсан.

 

 

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухай баримт хэргийн 90-92 дугаар талд, мөн улсын тэмдэгтийн хураамж 301.680 төгрөг төлсөн баримт хэргийн 89 дүгээр талд авагдсан.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

 

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч РХХК болон хариуцагч ЭХХК-ийн хооронд 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 05/2017080400 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, РХХК нь 25 клограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцөрийг 129.800 төгрөг, 21 килограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцөрийг 118.000 төгрөг, 16 килограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцөрийг 96.800 төгрөгөөр тооцож, нийт 926.800.000 төгрөгийн хөөсөнцөр нийлүүлэх, харин ЭХХК нь төлбөрийг 100 хувь бартераар буюу Хдүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны Кинг тауэр хорооллын 124 дүгээр байрны 122 тоот, 94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 272.600.000 төгрөгөөр, мөн хаягт байрлах, 125 дугаар байрны 203 тоот, 64 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг 185.600.000 төгрөгөөр, мөн хаягт байрлах, 126 дугаар байрны 102 тоот, 141 метр квадрат талбай бүхий 4 өрөө орон сууцыг 408.900.000 төгрөгөөр, мөн хаягт байрлах, Х апартментын С блокны 2 дугаар давхар, 10 тоот, 30 метр квардрат талбай бүхий 1 өрөө орон сууцыг 59.700.000 төгрөг, нийт 926.800.000 төгрөгөөр тооцож авахаар тус тус тохиролцжээ.

 

 

 

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийн доголдлын талаарх шаардлага гаргажээ.

 

 

 

4. Хэдийгээр худалдах-худалдан авах гэрээний дагуу 4 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн байх боловч бодит байдал дээр Хдүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны Кинг тауэр хорооллын 124 дүгээр байрны 122 тоот, 94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн хаягт байрлах, 125 дугаар байрны 203 тоот, 64 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн хаягт байрлах, 117 дугаар байрны 122 тоот, 206 метр квадрат талбай бүхий 4 өрөө орон сууцыг шилжүүлэн авсан, хүлээлгэн өгсөн талаараа талууд маргахгүй байна.

 

 

 

5. Мөн хэргийн 58-61 дүгээр талд авагдсан баримтаар 124 дүгээр байрны 122 тоот, 94 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болон 125 дугаар байрны 203 тоот, 64 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 1 дүгээр сард Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дотор нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангүй бүртгэлээр нийлж, тооцоо дуусгахаар акт үйлджээ.

 

 

 

6. Ингэж үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан эд хөрөнгийн доголдлын талаархи шаардлага гаргах эрхтэй байсан боловч нэхэмжлэгч РХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандаж, уг шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

 

 

7. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илэрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-т заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.

 

 

 

8. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Манай компаниас эд хөрөнгийн доголдлын талаарх гомдлоо хариуцагч ЭХХК-д гаргасан ба хуулийн зөвлөх Базарсадтай уулзуулсан. Базарсад нь Байрны гэрчилгээгээ аваад ир, солиод өгье гэсэн. Гэвч манай талаас байрны гэрчилгээгээ өгөх ямар ч боломжгүй байсан тул талууд тохиролцож чадаагүй гэх тайлбарыг шүүх хуралдааны үеэр гаргасан ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй буюу нэхэмжлэгч худалдагчид холбогдуулан доголдлын талаарх шаардлагаа гаргаж байсан талаараа нотлоогүй.

 

 

 

9. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр №5/2017080400 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ болон байр хүлээлцэх актын арын хэсэгт бичигдсэн Худалдан авагч тал орон сууцыг хүлээн авснаар хүлээх эрх, үүрэг, зөвлөмж гэх баримтуудаас үзэхэд худалдагч тал буюу ЭХХК нь шилжүүлэн өгч буй орон сууцны талаарх баталгаат хугацаа тогтоогоогүй байх бөгөөд нэхэмжлэгч талаас тухайн орон сууцнуудын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргаж ирүүлээгүй тул хэрэгт авагдсан 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дотор тооцоог дуусгах тухай Тооцооны үлдэгдэлийн баталгаа-г үндэслэж, уг баримтын дагуу талууд 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр орон сууцнуудыг хүлээлгэж өгсөн, хүлээн авсан гэж үзсэн болно.

 

 

 

10. Нэхэмжлэгч РХХК нь Эй Ди интернэшнл ХХК-иар 2020 оны 3 дугаар сарын 02, 28-ны өдрүүдэд дээрх 3 орон сууцны талбайн хэмжилтийг хийлгэсэн талаарх дүгнэлтийг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн боловч тухайн хэмжилт хийсэн Эй Ди интернэшнл ХХК нь орон сууцны талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн дээрх баримтуудыг үнэлээгүй болно.

 

 

 

11. Нэхэмжлэгч РХХК нь Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 5.2-т зааснаар алданги 22.931.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тухайн гэрээний 5.2 дахь заалтыг үзэхэд РХХК нь гэрээнд заасан хугацаандаа хөөсөнцөрийг нийлүүлээгүй бол худалдан авагч ЭХХК-д төлөх алдангийн хэмжээг зохицуулсан байх тул уг заалтыг нэхэмжлэгчийн хүлээн авсан орон сууцны талбайн зөрүү, түүний алданги гаргуулахад төсөөтэй хэрэглэх боломжгүй байна.

 

 

 

12. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д заасныг баримтлан хариуцагч ЭХХК-д холбогдох Бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөрт тооцон авсан орон сууцнуудын талбайн зөрүү 45.863.000 төгрөг, алданги 22.931.500 төгрөг, нийт 68.794.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч РХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч РХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659.880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

 

 

14. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2021/07962 тоот болон 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2022/00551 тоот захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан ба энэхүү захирамж нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдэхийг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д заасныг баримтлан хариуцагч ЭХХК-д холбогдох Бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөрт тооцон авсан орон сууцнуудын талбайн зөрүү 45.863.000 төгрөг, алданги 22.931.500 төгрөг, нийт 68.794.500 /жаран найман сая долоон зуун ерэн дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч РХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч РХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659.880 /зургаан зуун тавин есөн мянга найман зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2021/07962 тоот болон 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2022/00551 тоот шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжууд нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдэхийг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА