Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01007

 

 

 

 

 

 

 

 

2022 05 25 210/МА2022/01007

 

 

 

РУ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/00646 дугаар шийдвэртэй РУХХК-ийн нэхэмжлэлтэй, Эко констракшн ХХК-д холбогдох бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөрт тооцон авсан орон сууцнуудын талбайн зөрүү 45,863,000 төгрөг, алданги 22,931,500 төгрөг, нийт 68,794,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч компани нь Эко констракшн ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр №5/2016051300 дугаартай бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, манай компаниас 25 килограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцрийг 129,800 төгрөг, 21 килограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцрийг 118,000 төгрөг, 16 килограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцрийг 96,800 төгрөгөөр тооцож, нийт 1,222,600,000 төгрөгийн хөөсөнцөр нийлүүлэх, хариуцагч Эко констракшн ХХК-аас төлбөрийг 100 хувь бартераар буюу хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр тооцож төлөхөөр тохиролцсон.

Гэрээний дагуу хариуцагчаас 680,000,000 төгрөгийн үнэ бүхий 206 метр квадрат талбай бүхий Кинг тауэр хотхоны 117-122 тоотод байрлах, 2 гараашийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн. Бусад хөрөнгийг шилжүүлээгүй тул дахин 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр №5/2017080400 дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр РУХХК нь 25 килограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцрийг 129,800 төгрөг, 21 килограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцрийг 118,000 төгрөг, 16 килограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцрийг 96,800 төгрөгөөр тооцож, нийт 926,800,000 төгрөгийн хөөсөнцөр нийлүүлэх, Эко констракшн ХХК нь төлбөрийг 100 хувь бартераар тооцож үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэхээр тохиролцсон.

Гэрээний дагуу бид Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Кинг тауэр хотхоны 124 дүгээр байрны 4-122 тоотод байрлах, 124 метр квадрат талбай бүхий орон сууцыг 272,600,000 төгрөгөөр, мөн хотхоны 125 дугаар байрны 2-203 тоотод байрлах, 64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 185,000,000 төгрөгөөр, мөн хотхоны 117 дугаар байрны 122 тоотод байрлах, 206 метр квадрат талбай бүхий орон сууцыг 618,000,000 төгрөгөөр тус тус тооцон хүлээн авсан.

Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр талбайн хэмжилт хийх эрх бүхий этгээд болох Эй Ди Интернэшнл ХХК-аар хэмжилт хийлгэхэд 124 дүгээр байрны 122 тоот орон сууцны талбайн зөрүү 4,12 метр квадрат буюу 11,948,000 төгрөг, 125 дугаар байрны 203 тоот орон сууцны талбайн зөрүү 4,35 метр квадрат буюу 12,615,000 төгрөг, 117 дугаар байрны 122 тоот орон сууцны талбайн зөрүү 7,12 метр квадрат буюу 21,300,000 төгрөг, нийт 45,863,000 төгрөгийн зөрүү гарсан.

Мөн бараа, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 5.2-т зааснаар алданги 0,5 хувиар тооцоход 22,931,500 төгрөг, нийт 68,794,500 төгрөгийг хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: РУХХК нь доголдол илэрснээс хойш хугацаандаа гомдлоо гаргаагүй. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тухайн орон сууцуудыг хүлээж авсан боловч уг үл хөдлөх эд хөрөнгийн талбайд 3 жилийн дараа хэмжилт хийсэн. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах хугацааг баримтлаагүй. РУХХК нь 2 орон сууцыг шилжүүлж авахдаа орон сууц хүлээн авах акт үйлдсэн. РУХХК нь орон сууцыг хүлээж авахдаа шалгаж авах үүргээ биелүүлээгүй.

Мөн хэрэгт РУХХК-ийн гэрчилгээ нь эх хувиараа авагдаагүй, тус компанийн хөлсөлсөн гэх хэмжилтийн компани нь хэмжилт хийх эрхтэй этгээд болох нь тогтоогдохгүй байна. Иймд тус компанийг хэмжилт хийсэн эсэх, хэмжилт хийх эрхтэй эсэх нь тогтоогдохгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байна.

РУХХК-тай байгуулсан гэрээнүүдэд алдангийн талаар зохицуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эко констракшн ХХК-д холбогдох Бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөрт тооцон авсан орон сууцнуудын талбайн зөрүү 45,863,000 төгрөг, алданги 22,931,500 төгрөг, нийт 68,794,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч РУХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч РУХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659.880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.а.Талуудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд РУХХК нь худалдагч, Эко Констракшн ХХК нь худалдан авагч гэсэн эрх зүйн байдалтай оролцсон бөгөөд худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу бага хэмжээтэй байр шилжүүлсэн байхад Ран- Уул ХХК-ийг орон сууцны худалдан авагч гэж тооцож Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг төсөөтэй хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь РУХХК нь гэрээний төлбөрт хүлээн авсан орон сууцны баталгаат хугацааг тогтоох, Эко Констракшн ХХК нь худалдан авагч атлаа иргэний хуульд заасан худалдагчийн үүргийн хүлээж баталгаат хугацаа тогтоох боломжгүй.

4.б. Эко Констракшн ХХК нь жижиг талбайтай орон сууцыг РУХХК-д гэрээний төлбөрт шилжүүлж, дутуу төлсөн мөнгөний хэмжээгээр өөрийн зардлыг бууруулж хөрөнгөжсөн ба үүнийг нуун дарагдуулсан тул РУХХК нь гэрээний дагуу төлөх төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхээ алдаагүй. Энэ тохиолдолд иргэний хуульд заасан гэрээний хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий зохицуулалт үйлчилнэ.

4.в.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд орон сууцны талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрлийг хуульчлаагүй. Хэрэгт авагдсан орон сууцны талбайн хэмжилтийн дүгнэлтэд дарагдсан тамга дээр Зураг төслийн Эй Ди Интернэйшнл ХХК гэж бичигдсэн байна. Хуулийн этгээдийн тамгыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.9 зүйлийн 15.5.9-д заасан тамга, тэмдэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй компани үйлдвэрлэсэн.

Мөн тус дүгнэлтэд мэргэшсэн инженер Э.Хаш-Эрдэнэ тусгай дугаар бүхий дардсыг дарсан. Шүүх Эй Ди Интернэйшнл ХХК-ийн орон сууцны талбайн хэмжилтийн дүгнэлтийг үнэлэх эсэхийг шийдвэрлэхдээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Засгийн газраас баталсан тамга, тэмдэг ашиглах эрх зүйн актыг хэрэглээгүй.

Дээрх үндэслэлээр РУХХК нь бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу тохирсон төлбөрийн дутуу төлсөн төлбөр буюу шилжүүлсэн орон сууцны талбайн зөрүү болох 45,863,000 төгрөгийг Эко Констракшн ХХК-аас шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбар: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний талуудыг зөв тогтоосон. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасны дагуу худалдан авсан эд хөрөнгө доголдолтой тохиолдолд 6 сарын дотор гомдол гаргахаар хуульчилсан. Мөн уг хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2 дэх хэсэгт заасны дагуу аж ахуй нэгжийн үйл ажиллагааны хүрээнд авч байгаа тохиолдолд нэн даруй шалгах үүрэгтэй.

Гэтэл РУХХК нь Эко констрашн ХХК-ийн адил аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг ба нэхэмжлэгч нь төлбөрийг бартерийн нөхцөлөөр хүлээж авахдаа шалгаж авах үүргээ хэрэгжүүлээгүй.

2015, 2017 онуудад орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан боловч 2020 онд Эй ди интернэшнл ХХК-аар хэмжилт хийлгэсэн байна. Шүүх хугацаандаа гомдлын шаардлага гаргаагүй талаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Эй ди интернэшнл ХХК-ийн дүгнэлтийг хүчинтэй, хүчингүй талаар ярих үндэслэлгүй. Уг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ байдаггүй. Тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн тодорхойлолт, лавлагаа байхгүй, хэрэгт авагдаагүй.

Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.7-д заасны дагуу геодизи зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд зайлшгүй тусгай зөвшөөрөлтэйгөөр хэрэгжүүлнэ. Тус компанийн хэрэгжүүлж байгаа хэмжилт хийх үйл ажиллагаа тусгай зөвшөөрлийн хүрээнд хийхээр зохицуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад өөрчлөлт оруулав.

 

2. Талууд 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр РУХХК нь 25 килограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцрийг 129,800 төгрөгөөр, 21 килограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцрийг 118,000 төгрөгөөр, 16 килограммын нягтаршилтай 1 метр куб хөөсөнцрийг 96,800 төгрөгөөр тус тус тооцож, нийт 926,800,000 төгрөгийн хөөсөнцөр нийлүүлэх, Эко констракшн ХХК-аас төлбөрийг бартераар буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны Кинг тауэр хотхоны 124 дүгээр байрны 4-122 тоот, 94 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 272,600,000 төгрөгт, тус хаягт байрлах 125 дугаар байрны 2-203 тоот, 64 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг 185,600,000 төгрөгт, тус хаягт байрлах 126 дугаар байрны 1-102 тоот, 141 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцыг 408,900,000 төгрөгт, Х апартментын С блокын 2 дугаар давхар 10 тоот, 30 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцыг 59,700,000 төгрөгт нийт 926,800,000 төгрөгт тооцон өгөхөөр харилцан тохиролцжээ. Анхан шатны шүүх уг харилцааг худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

2а.Зохигчдын байгуулсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэлд хамаарч байна.

 

Дээрх гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид 4 үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн өгөх үүрэг хүлээж 3 орон сууцыг хүлээлгэн өгснөөс гадна 124 дүгээр байрны 4-122 тоот, 94 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 125 дугаар байрны 2-203 тоот, 64 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус 2020 оны 01 дүгээр сард тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй болон хураангуй бүртгэлээр тооцоо дуусгах актаар хүлээлгэн өгсөн үйл баримтуудыг шүүх зөв тогтоожээ.

 

2.б.Гэрээний талуудын хэн аль нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдүүд байна. Нэхэмжлэгч нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч болохын хувьд нийлүүлж байгаа хөрөнгийг хүлээн авахдаа доголдолтой эсэхийг нэн даруй шалгаагүйгээс эд хөрөнгийн доголдлыг мэдээгүй байх тул гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар зохицуулсан. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно. /4б/

 

2.в.Нэхэмжлэгч нь хуульд зааснаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан тул гэрээгээр шилжүүлэн авсан 3 орон сууцанд Эй Ди интернэшнл ХХК-аар хэмжилт хийлгэсэнд дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүх уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь зөв. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /4в/

 

2.г.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгүүдийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор доголдлын талаар гомдлын шаардлага гаргах тухай зохицуулалтыг хэрэглэснийг залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасныг баримтлахаар өөрчлөлт оруулна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэх гомдлыг хангав. /4а/

 

3.Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний 5.2-т зааснаар алдангид 22,931,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус заалтад нэхэмжлэгч нь хөөсөнцрийг хугацаандаа нийлүүлээгүй бол хариуцагчид төлөх алдангийн талаар зохицуулсан байна. Харин хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй нөхцөлд нэхэмжлэгчид алданги төлөх талаар талууд тохиролцоогүй байх ба гэрээний 5.2 дахь заалт нь хариуцагчийн үүргийн гүйцэтгэлд хамаарахгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Эко констракшн ХХК-аас орон сууцны талбайн зөрүү 45,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч РУХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/00646 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...254 дүгээр зүйлийн 254.6-д гэснийг ...255 дугаар зүйлийн 255.1.2-т гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандахын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,290 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ