Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/00775  

 

2022 оны 03 сарын 25 өдөр                                 Дугаар183ШШ2022/00775                                  Улаанбаатар хот

       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7-р хороолол, Их тойруу-60, Барилгын дэвшилтэт технологийн төвд байрлах “Монхорус трейд” ХХК /РД:5800765/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2, Өлзийтийн зам гудамж, 1018 дугаар байр, 52 тоотод байрлах, Буйман харш ХХК /РД:6546145/-нд холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 13.214.355 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Буянтогос,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Гансүх, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

                          

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтогос шүүхэд гаргасан нэхэмжлэл болох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 01 сарын 02-ны өдөр “Буйман харш”-тай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 60-д байрлах БДТТ-ийн 6-р давхрын 48м2 талбай бүхий 603 тоот өрөөг оффисын талбайн зориулалтаар түрээслүүлэхээр түрээсийн 1м2 талбайн сарын төлбөр 25.000 төгрөг буюу 54.5м2 талбайгаар тооцож 1.200.000 төгрөг байхаар, Түрээслэгч түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол түрээслүүлэгчид төлөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөхөөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч нь сар бүр түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч 2021 оны 06 сараас 2021 оны 11 сарын 01 хүртэлх гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлөөгүй. Бид хариуцагч “Буйман харш” ХХК-д 2021 оны 05 сарын 14-ны өдөр албан бичиг хүргүүлж 2021 оны 06 сарын 01-ны дотор түрээсийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд манай талаас үзүүлсэн хөнгөлөлтүүдийг буцаах, улмаар гэрээг цуцалж шүүхийн байгууллагад хандах зэрэг арга хэмжээ авч ажиллах болохоо мэдэгдэж байсан. “Буйман харш” ХХК нь 2021 оны 08 сарын 09-ны өдөр манай компанид албан бичгээр хүсэлт гаргасан. Хүсэлтдээ бид 2021 оны 01 сараас 2021 оны 09 сарыг дуустал хуримтлагдсан түрээсийн 9.684.000 төгрөгийн төлбөрийг 3 сарын хугацаа хувааж төлж барагдуулах “Түрээсийн төлбөрийн төлж барагдуулах хуваарь 8-р сард 1.684.000 төгрөг, 9-р сард 3.000.000 төгрөг, 10 сард 5.000.000 төгрөг төлөхөөр хугацаа илэрхийлсэн  боловч одоог хүртэл энэхүү төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу хариуцагч нь гэрээний төлбөр төлбөр болох 8.867.448 болон гэрээний 4.10-р зүйлд заасны дагуу төлбөр алданги буюу Иргэний хуулийн 232.4-р зүйлийн дагуу төлөх алданги 4.346.907 төгрөг нийт 13.214.355 төгрөг мөн шүүхэд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хамт гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2020 оны 10 сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Хариуцагч нь 2020 оны 10 сараас 11 сар хүртэл төлбөрөө өгсөн. 2021 оны 1 сараас 5 сар хүртэл цар тахал гарсантай холбоотой цахилгаан, дулаан гэх мэт зүйлд хөнгөлөлт үзүүлсэн. 2021 оны 6-8 сард үйл ажиллагаа явуулсан. Харин 2021 оны 9 сард үйл ажиллагаа явуулаагүй. Нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр түрээсийн гэрээний 12.2 дугаар зүйлд зааснаар түрээс төлбөр төлөх хугацааг 15 хоногоос илүү хэтрүүлэх юм бол түрээслэгч тал гэрээгээ цуцална. гэсэн заалтыг нэхэмжлэгч тал зөрчсөн. Мөн түрээсийн гэрээний 4.8 дугаар зүйлд зааснаар иргэний хуулийн 232.4 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч тал төлбөр нэхэх үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч тал гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол улсын засгийн газраас 5 сарын төлбөр хөнгөлөлт үзүүлсэн 5 сарын төлбөр нийт 7.656.848 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. 9 сард үйл ажиллагаа явуулаагүй. 70,3 заасны дагуу нэхэмжлэлийн дагуу нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч байна. Гэрээний 4.1 дэх хэсгийн дангаараа цуцална гэж заасны дагуу дуусгавар болох ёстой байсан. 5 сард компани нь үйл ажиллагаа явуулаагүй. 7 болон 8 сард алдаг оног үйл ажиллагаа явж байсан. Тэгээд 8 сарын сүүлээс гаръя гээд нарийн бичигтээ түлхүүрээ үлдээгээд явсан. Гэтэл нарийн бичиг нь 9 сарын 1-2-нд л өгсөн юм шиг байгаа юм. Тэгээд 9 сард түлхүүрээ авсан болохоор 9 сарын түрээсийг чинь бас нэхэмжилнэ гэж яриад байгаа юм. Ер нь бол түрээслэгч тал төлбөрийн чадваргүй болчихсон байсан. Санхүүгийн хямралд орсон байсан учраас төлбөрийн чадваргүй болсон гэж үзнэ шүү дээ. Яагаад гэхээр энэ төлбөрийг 5 сард хөнгөлөөд өгчихсөн байхад төлж чадахгүй байсан. Алданги 4 сая төгрөг гарсан байгаа үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний 4,10 дэх хэсэгт зааснаар ямар ч алданги гэсэн зүйл байхгүй байна. Гэрээний 4,8 хэсгийн заалттай андуураад байна гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Түрээсийн гэрээ”, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Монхорус трейд ХХК-аас Буйман харш ХХК-д хүргүүлсэн түрээсийн төлбөр төлөх тухай мэдэгдэл, түүний хавсралт, нэхэмжлэх, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Буйман харш ХХК-аас Монхорус трейд ХХК-д гаргасан хүсэлт, түрээсийн төлбөр төлж барагдуулах хуваарь, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн итгэмжлэл, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 00/21 дугаартай итгэмжлэл, 2021 оны 01 сараас 8 сарын түрээсийн нэхэмжлэх зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас санхүүгийн тооцоолол, 2021 оны 8, 9 сарын нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Монхорус трейд ХХК нь Буйман харш ХХК-д холбогдуулан Түрээсийн гэрээний үүрэгт 13.214.355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 7.656.848 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээний 10.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэх тайлбар гаргасан байна.

 

3. Зохигчдын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу 60, Барилгын дэвшилтэт технологийн төвийн 6 дугаар давхарт байрлах 603 тоот өрөөг оффисын зориулалтаар, 2021.01.01-нээс өдрөөс 2021.12.31-ны өдөр хүртэл түрээслэхээр тохирчээ.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний дагуу Буйман харш ХХК нэхэмжлэгчид 2021.08.09-ний өдөр хүсэлт гаргаж, 9.684.000 төгрөгийг 2021 оны 8, 9, 10 дугаар сард хуваан төлөхөө илэрхийлж байжээ.

 

 5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар Монхорус ХХК түрээсийн төлбөр, алданги шаардах эрхтэй байна.

 

6. Хариуцагч нь түрээсийн гэрээний заалтын хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэх тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

8. Иймд 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 8.867.448 төгрөг, алданги 4.346.907 төгрөг, нийт 13.214.355 төгрөгийг хариуцагч Буйман харш ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Монхорус трейд ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Буйман харш ХХК-иас 13.214.355 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Монхорус трейд ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Монхорус трейд” ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Буйман харш ХХК-аас 224.456 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Монхорус трейд” ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО