Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/01000

 

 

 

 

 

 

 

 

 

2022 05 23 210/МА2022/01000

 

 

 

 

М.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25ы өдрийн 183/ШШ2022/00775 дугаар шийдвэртэй

М.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Х ХХК-д холбогдох

түрээсийн гэрээний үүрэгт 13,214,355 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянтогос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б.Х ХХК-тай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу-60, Барилгын дэвшилтэт технологийн төвийн 6 дугаар давхар, 603 тоотод байршилтай, 48 м.кв талбай бүхий өрөөг оффисын талбайн зориулалтаар 1 м.кв талбайг сарын 25,000 төгрөг буюу нийт 54.5 м.кв талбайгаар тооцож 1,200,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Түрээслэгч түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол түрээслүүлэгчид төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөхөөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч нь сар бүр түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлөөгүй. Иймд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу хариуцагч нь түрээсийн төлбөр болох 8,867,448 төгрөг болон гэрээний 4.10-д заасны дагуу алданги буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг зааснаар хязгаарлавал алданги 4,346,907 төгрөг, нийт 13,214,355 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хүчин төгөлдөр түрээсийн гэрээний 12.2-д зааснаар түрээсийн төлбөр төлөх хугацааг 15 хоногоос илүү хэтрүүлэх юм бол түрээслэгч тал гэрээгээ цуцална гэсэн заалтыг нэхэмжлэгч тал зөрчсөн. Хариуцагч тал гэрээний 4.1-д заасны дагуу 5 сарын түрээсийн төлбөр 7,656,848 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Х ХХК-аас 13,214,355 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Т ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар М.Т ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х ХХК-аас 224,456 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэж 4,346,907 төгрөгийн алданги тооцож шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 01 дүгээр сараас дэлхий нийтээр тархсан цар тахал гарч хатуу хөл хорио тогтоосноор тус компанийн бизнесийн үйл ажиллагаа бүрмөсөн зогсож, мөнгө санхүүгийн хямралд орж түрээсийн төлбөрт 2021 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл нэхэмжлэгч хөнгөлөлт үзүүлсэн боловч цар тахалтай холбоотой ажлын захиалга орж ирээгүй тул бид төлбөрөө төлж барагдуулаагүй. Түрээслүүлэгч тал өөрсдийн боловсруулсан гэрээндээ давагдашгүй хүчин зүйл гэсэн заалтыг оруулаагүй, мөн гэрээний 10.2-т түрээсийн төлбөр төлөх хугацааг 15 хоног хэтрүүлсэн тохиолдолд түрээслүүлэгч тал дангаар гэрээг цуцална гэсэн заалтуудыг нэхэмжлэгч тал өөрөө зөрчсөн нь түрээсийн төлбөрийн алданги тооцох үндэслэл болохгүй. Иймд гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн үед алданги тооцохгүй байх заалт тусгаагүй, зөвхөн нэг талын эрх, ашгийг хамгаалж түрээслэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж алданги тооцсоныг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Иргэний хуульд талууд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээнд алдангийн талаарх зохицуулалтыг оруулах эрхтэй гэж заасан байдаг. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 4.10-д алдангийн хэмжээг 0.3 хувь байхаар харилцан зөвшөөрсөн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг хэрэглэж алдангийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч М.Т ХХК нь хариуцагч Б.Х ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 13,214,355 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч түрээсийн төлбөр 7,656,848 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги 4,346,907 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. М.Т ХХК нь Б.Х ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч буюу М.Т ХХК нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу-60-д байрлах, Барилгын дэвшилтэт технологийн төвийн 6 дугаар давхрын 48 м.кв талбай бүхий 603 тоот өрөөг оффисын зориулалтаар түрээслэгчид шилжүүлэх, түрээслэгч буюу Б.Х ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд, нэг сарын 1,200,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн ба анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу түрээсийн зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, гэрээг хугацаанаас өмнө цуцалсан талаар талууд маргаагүй.

3.а. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 8,867,448 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь үүнээс 7,656,848 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзаж байх боловч тэрээр 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21/А-11 дугаартай албан бичгээр 8,867,448 төгрөгийг мөн оны 08-10 дугаар саруудад хуваан төлөхөөр нэхэмжлэгчид хүсэлт гаргаж байсныг анхан шатны шүүх харьцуулан дүгнэж хариуцагчийн төлөөгүй түрээсийн төлбөрийг 8,867,448 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

3.б. Талууд гэрээний 4.10-д Түрээслэгч түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол түрээслүүлэгчид төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлнө гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 4,346,907 төгрөгийн алдангийг шаардах эрхтэй юм.

3.в. Дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу шинэ төрлийн коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоож байсан нь нийтэд илэрхий үйл баримт байхаас гадна хариуцагч Б.Х ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21/А-11 тоот хүсэлт, нэхэмжлэгч М.Т ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 43/21тоот мэдэгдэл /хх 9, 12/ зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алданги 4,346,907 төгрөгийг 50 хувиар багасгаж 2,173,453 төгрөгөөр тогтоож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

4. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч Б.Х ХХК-аас түрээсийн төлбөр 8,867,448 төгрөг, алданги 2,173,453 төгрөг, нийт 11,040,901 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,173,453 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25ы өдрийн 183/ШШ2022/00775 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 232.4 гэснийг 232.6, 232.8 гэж, 13,214,355 гэснийг 11,040,901 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс 2,173,453 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 224,456 гэснийг 191,605 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БЯМБАСҮРЭН