Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 223/МА2019/0002

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 14 өдөр

     Дугаар 223/МА2018/00002

 

 

“ВГ” ХХК-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 151/ШШ2018/01235 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “ВГ” ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ө.Б-д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг  20.372.853 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхбаатар, хариуцагч Ө.Б , түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгч “ВГ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ө.Б тай 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт зээлийн гэрээгээр 500.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний 800.000 төгрөг, нийт 6.300.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ө.Б  нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй хүү 11.727.377 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.345.475 төгрөг, үндсэн зээл 6.300.000 төгрөгийн хамт нийт 20.372.853 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ө.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие “ВГ банк” бус санхүүгийн байгууллагаас 2013 оны 12 дугаар сарын 6-нд 5.000.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 28-нд 500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 800.000 төгрөг нийт 6.300.000 төгрөг зээлж авсан. Зээлийн хүүг 2014 оны 01 дүгээр сарын 06-нд эхлэн төлж нийт 2.900.000 төгрөг төслөн. Үндсэн зээл 6.300.000 төгрөгийг төлнө. 20.372.853 төгрөг төлөх төлбөрийн чадвар байхгүй.” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг үндэслэн хариуцагч Ө.Б аас 13.652.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “ВГ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Б аас 226.210 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ВГ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

     Нэхэмжлэгч “ВГ” ХХК нь гаргасан давж заалдах гомдолдоо: “ВГ” ББСБ нь Төв аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 151/ШШ2018/01235 дугаар шийдвэрт хариуцагч Ө.Б аас 13.652.000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргасан болно. Гэвч шүүгч тооцохдоо үндсэн зээл 6,300,000 төгрөгийг оруулалгүй орхиж тооцсон байх тул үндсэн зээл болох 6.300.000 төгрөгийг дээрх тооцоон дээр нэмж тооцон, залруулж өгнө үү.” гэжээ.

 

                                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.    

1. Зохигч талууд 2013 оны 12 дугаар сарын 06, 2014 оны 05 дугаар сарын 28, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус тус зээлийн гэрээ, нэмэлт гэрээ зэргийг  бичгээр байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хугацаанд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн үүргийг нийтэд нь хамруулан хариуцагч Ө.Б аас “... төлөгдөөгүй хүү 11 727 377 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 345 475 төгрөг, үндсэн зээл 6 300 000 төгрөгийн хамт  нийт 20 372 853 төгрөгийг “ зээлийн гэрээний үүрэгт шаардсан байна.   

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зээлийн гэрээ тус бүрээр зөв тодорхойлох шаардлагатай.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардах эрх, хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн хэмжээ, хариуцлагыг зээлийн гэрээ тус бүрээр тодорхойлоогүй, зээлийн гэрээ тус бүрийн ерөнхий хугацаа, хүчин төгөлдөр байдал, зээл олгогдсон болон эргэн төлөлт хийсэн хугацаа, зэрэг тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай эрх зүйн асуудлаар хангалттай бүрэн дүгнэлт хийгээгүй, эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь Иргэний хуулийн 451,452, 453 дугаар зүйлд  заасантай нийцэхгүй байна.

3. Шүүх “... зээлийн гэрээний харилцааны хугацаа сунгасан” гэж дүгнэсэн нь  талуудын хооронд байгуулагдсан аль зээлийн гэрээний хугацааг хэдий хугацаагаар сунгасан талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь буруу байна.  

Иймээс аль зээлийн гэрээний хугацааг сунгасан эсэх, гэрээг сунгасан байдал хуульд нийцэж буй эсэх зэрэг үйл баримтыг зөв тогтоох шаардлагатайн дээр энэ нь Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөхөд хууль зүйн хувьд ач холбогдолтой гэж үзнэ.

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан болон “хариуцагчийн төлсөн 1 500 000 төгрөг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээс илүү тооцсон 5 220 853 төгрөгийг хэрэгсэхгүй” болгосон талаар үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгаагүй, тодорхой бус ойлгомжгүй, энэ тухай үндэслэлээ шийдвэрт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцэхгүй байна.

5. Шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын заримыг  шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т заасантай нийцэхгүй байна.  

Иймд маргааны үйл баримтын талаар  үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй  шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж,  нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа  төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан  олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 151/ШШ2018/01235 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн нэхэмжлэгчийн 115 750  төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

          ШҮҮГЧИД                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                         Т.ЭНХМАА