Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 89

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Золжаргал, Л.Батбаяр, Д.Уранцэцэг/цахимаар/

Шүүгдэгч Д.Б

           Нарийн бичгийн дарга Ч.Жавзансүрэн нарыг оролцуулан;

                              

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/289 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор Д.Б эд холбогдох эрүүгийн 2014000030018 дугаар хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, овогт Д.Б , 1953 оны 4 дүгээр сарын 09-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 оны 8 дугаар сарын 06-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

 

Д.Б  нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Дэмбэрэлийн хэвлийн тус газарт хутгалсаны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

          Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Б эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Балсан овогт Д.Б ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Б эд 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 4-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Б эд оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б ийн 2020 оны 06 сарын 09-ний өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл 83 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, Шүүгдэгч Д.Б ийн эдлэх ялыг 2020 оны 08 сарын 31-ний өдрөөс эхлэн тооцож, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цайвар цэнхэр өнгийн иштэй хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгаж, Шүүгдэгч Д.Б ийн эрүүл мэндийн байдалтай холбоотой амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, томографийн зураг 1 ширхэг, рентген зураг 2 ширхэг, 4 ширхэг сиди зэргийг шүүгдэгч Д.Б эд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Л.Батбаяр миний бие Баянхонгор аймгийн Прокурорын газраас иргэн Д.Б эд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх байр суурьнаас хуульд заасан эрх эдлэн үүрэг хүлээн оролцсон бөгөөд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 289 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Учир нь: Д.Б  нь 2019 оны 12 сарын 20-ны өдөр Ж.Дэмбэрэлийн хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж прокурор дүгнэлт гаргаж, анхан шатны шүүх шийдвэрлэхдээ: Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан зөвхөн 1 талыг буюу хутгалсан байна гэж өрөөсгөл дүгнэлтийг үндэслэн, хэргийн шалтаг шалтгаан холбогдогчийн үйлдэл хэрхэн өрнөснийг дүгнэж үзэхгүйгээр хүндрүүлэх нөхцөл байдал болох зэвсэг хэрэглэсэн гэдгийг чухалчилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д заасныг зөрчин шийдвэрлэсэн гэж үндэслэл бүхий гомдлоо тайлбарлаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр эцэслэн шийтгэсэн нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Хохирогч Ж.Дэмбэрэл хэрүүл өдөн, хэл амаар доромжлон, айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж, толгой руу нь удаа дараа цохих үйлдэл хийсэн бөгөөд шүүгдэгч Д.Б ийн хувьд айж сандран сэтгэцийн хэвийн байдал алдагдсан үед хүч хэрэглэсэн үйлдлийг таслан зогсоох зорилгоор учрах хор хохирлыг хүсээгүй санамсар болгоомжгүй байдлаар үйлдсэн байдаг тул Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн санаатай хүссэн үйлдэл биш. Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд заасан өөрт нь хүч хэрэглэсний улмаас сэтгэцийн хэвийн байдал алдагдаж гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд шүүн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэснийг хэрэглэхгүйгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг доруудлсан шийдвэрлэсэн тул гомдлыг хүлээн авч холбогдох хэргийг хянан хэлэлцэж үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Сэтгэцийн байдлын талаарх дүгнэлтийг анхан шатны шүүх анхаараагүй, мөн хохирогчийн зүй бус үйлдлээс эхлэлтэй энэ гэмт хэрэг гарсан тул гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Б ийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан байдаг тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтыг адилхан цуглуулаагүй байдаг.  Шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

   Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан баримтуудаар Д.Б ийн үйлдэл бол санаатай үйлдэл байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл Д.Б  нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Дэмбэрэлийн хэвлийн тус газарт хутгалсаны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 2014000030018 дугаар хэрэгт авагдсан хохирогч Ж.Дэмбэрэл, гэрч Н.Алтангэрэл, Н.Эрчулуун, О.Баяржаргал, Д.Отгонбаатар, А.Ариунтүлхүүр, Н.Ариундөлгөөн нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, мөн Д.Б ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар шинжээчийн дүгнэлт, өвчний түүх, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Д.Б  нь иргэн Ж.Дэмбэрэлийн хэвлийн тус газарт хутгалсан гэмт хэрэг үйлдэж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Д.Б ийн зэвсэг болох хутга хэрэглэн иргэн Ж.Дэмбэрэлийн хэвлийн тус газарт хутгалж, түүний биед хүнд гэмтэл учруулж буй үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүхэлд нь агуулж байх тул түүний өмгөөлөгч Л.Батбаярын “хохирогчийн зүй бус харьцааны улмаас айж сандран сэтгэцийн хэвийн байдал алдагдсан үед хүч хэрэглэсэн үйлдлийг таслан зогсоох зорилгоор учрах хор хохирлыг хүсээгүй санамсар болгоомжгүй байдлаар үйлдсэн учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б ийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.