| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2021/00127/И |
| Дугаар | 132/ШШ2022/00214 |
| Огноо | 2022-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 132/ШШ2022/00214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 7 дугаар байр, 53 тоот хаягт оршин суух, Монгол овогт Самбууцэрэнгийн Оюун /рд:ШБ73081100/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, Жаргалантын 5в-3-8 тоот хаягт оршин суух, Боргочин овогт Намсрайн Баттулга /рд:ГЭ80100910/-д холбогдох
5,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй 132/2021/00127/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 43-18 тоотод оршин суух , өмгөөлөгчийн туслах ажилтай, Илжигэн овогт Буянбатын Батмандах /ГА97031821/ /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 209 дүгээр байр, 01 тоотод оршин суух, Бунь овогт Гүндашийн Пүрэвдүлам /ЙП92020703/,
Нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Оюун нь 5,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие С.Оюун нь Дархан-Уул аймагт барьцаалан зээлдүүлэх төв ажиллуулдаг бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр М.Ганбаатар, Н.Баттулга гэх хүмүүст тэдний хүсэлтээр 5,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Мөнгөө тохирсон хугацаанд төлнө гэдгээ илэрхийлж 40-58 ОРХ улсын дугаартай “Rangerover” маркийн унаж явсан машиныхаа бичиг баримтыг надад үлдээсэн. Ингээд зээлийн хугацаа дуусч мөнгөө нэхсэн боловч М.Ганбаатар болон Н.Баттулга нар нь дахин 7 хоногийн хугацаа сунгах хүсэлт тавьж, 7 хоногийн дараа ямар ч асуудалгүй өгнө” гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл М.Ганбаатар, Н.Баттулга нар нь зээлсэн 5,000,000 төгрөгөөсөө нэг ч төгрөг өгөөгүйн улмаас С.Оюун надад хохирол учруулаад байна.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1020 дугаартай Н.Ганбаатар, Н.Баттулга нарыг эрэн сурвалжлуулах тухай шийдвэрийн дагуу Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 32/6/4505 албан тоотоор Н.Баттулга нь 99141041, 35563637 дугаарын гар утас эзэмшдэг, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Жаргалантын 5в-3-8 тоотод оршин суугаа талаар мэдэгдсэн.
Иймд миний бие Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу “Үүрэг гүйцэтгэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно” гэж заасны дагуу Н.Баттулгаас 5,000,000 төгрөг гаргуулахаар түүний оршин суугаа хаягийн дагуу нэхэмжлэл гаргаж байна.
Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн Н.Баттулгаас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Оюун нь М.Ганбаатар Н.Баттулга нарын хүсэлтийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн. Талууд мөнгөө тохиролцсон хугацаандаа төлнө гэж илэрхийлж Ганбаатар нь өөрийн унаж явсан 40-58 ОРХ улсын дугаартай “Раngегоvеr” маркийн авто машиныхаа бичиг баримтыг Оюунд барьцаа болгон өгсөн. Зээлийн хугацаа дуусч тэдэнтэй холбогдоход 7 хоног сунгаад өгөөч гэж хэлсэн тул 7 хоногоор сунгаж өгсөн. Гэтэл энэ хугацаандаа зээлсэн мөнгөө төлөөгүй 1 жилийн хугацаа өнгөрсөн. 2019 онд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар оршин суугаа газартаа байдаггүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.Оюун нь хариуцагчийг эрэн сурвалжлуулж Н.Баттулгын олдсон хаяг дээр 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу зээлсэн 5,000,000 төгрөгийг Н.Баттулгаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед С.Оюун нь Дархан-Уул аймагт барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулж байсан хэдий ч Ганбаатар, Баттулга нар нь бичиг баримтгүй байсан тул барьцаалан зээлдүүлэх газраасаа биш хувиасаа мөнгө зээлдүүлсэн. Н.Баттулга С.Оюун нарын хооронд өмнө нь зээлийн харилцаа үүсч байсан. Таньдаг учраас зээл авдаг, хамтын харилцаатай байсан. Харин С.Оюун нь Ганбаатарыг танихгүй. Зээл авах хүсэлтийг Н.Баттулга С.Оюунд тавьж бичиг баримтгүй байхад нь тэдэнд зээл өгсөн. Зээлийн мөнгийг бэлнээр өгсөн байдаг. Машинаа өгөөгүй, бичиг баримтыг нь үлдээж, зээлээ авснаа нотолж гарын үсгээ зурж үлдээсэн байгаа. Иймд Н.Баттулгаас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Баттулга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвдулам нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.Баттулга нь 2018 онд өөрийн авто машиныг бичиг баримтын хамт барьцаалан С.Оюуны нөхрийн гражид машинаа үлдээж С.Оюунаас 15,000,000 төгрөг зээлж байсан ба тухайн үед Н.Баттулга би С.Оюунаас зээлсэн 15,000,000 төгрөгөө төлж барагдуулаад өөрийн авто машинаа бичиг баримтын хамт буцааж авсан өдрөөс хойш 7 хоногийн дараа М.Ганбаатар нь С.Оюунаас зээл авах гэсэн юм хоёулаа хамт С.Оюун дээр очоод ирье гэж хэлэхээр нь би Ганбаатартай цуг явсан. Шүүхээс Н.Баттулгын нэр дээр нэхэмжлэл ирсэн тул М.Ганбаатар өөрийн дансаараа энэ мөнгийг тухайн үед авсан юм байна гэж ойлгоод л мөнгийг М.Ганбаатар өөрийн дансаар авсан гэж хариу тайлбар шүүхэд өгсөн байдаг. Нэхэмжлэгч Оюун нь М.Ганбаатарын данс руу тухайн үедээ мөнгө шилжүүлсэн эсэхийг болон хэрэв мөнгө шилжүүлсэн бол хэдэн төгрөг шилжүүлсэн болохыг хариуцагч Н.Баттулга би мэдэхгүй, учир нь би Оюунаас мөнгө зээлээгүй энэ яригдаад байгаа мөнгө надад хамааралтай биш болохоор л тухайн мөнгө М.Ганбаатарын данс руу шилжиж орж ирсэн эсэх болон мөнгийг зээлдэгч бүтнээр нь шилжүүлсэн эсэх, хэрэв мөнгө дансаар орсон бол хэдэн төгрөг шилжиж орсон талаар би Ганбаатараас асууж тодруулж байгаагүй. Н.Баттулга би хэрвээ өөрөө С.Оюунаас 5.000.000 төгрөгийн зээл нэмж авах мөнгөний хэрэгтэй байсан бол өөрийнхөө 570 маркийн авто машиныг үргэлжлүүлэн барьцаанд үлдээж зээл авах байсан. Нэхэмжлэгч мөнгө зээлсэн гэсэн гар бичвэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуурамч гэж үзэж байна. Хавтаст хэргийн 19 дэх талд тооцооны дэвтэр дээр мөнгө зээлсэн тухай баримт үйлдээд тус бүр гарын үсэг зураад явсан. Мөн хавтаст хэргийн Н.Баттулга, М.Ганбаатар нар хамт 5.000.000 төгрөгийг авсан. Мөнгө зээлсэн тухай гараар бичсэн өргөдлийг Н.Баттулга бичсэн ба 2 улаа гарын үсэг зурсан гэх тэмдэглэл. Нэхэмжлэгч талаас энэ гар бичвэрийг хэн бичсэн тухай зөрүүтэй тайлбарыг шүүхэд өгдөг. Нэг болохоор Н.Баттулга бичсэн. Нэг болохоор С.Оюун бичсэн гэж зөрүүтэй тайлбарладаг. 2 дугаарт Н.Баттулгын гарын үсэг 1 удаа байдаг. Н.Баттулгын гарын үсэг мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй. Шинжээчийн дүгнэлт хийлгэх хүсэлт гаргасан боловч харьцуулах гарын үсэг байхгүй тул шинжилгээ хийлгэх боломжгүй гэж Шүүх шинжилгээний албанаас хариу ирсэн байдаг. Энэ гарын үсэг нотолсон шинжээчийн дүгнэлт байхгүй. Тухайн 5,000,000 төгрөгийг өгсөн гэдэг нь нотлогддоггүй. Нэхэмжлэгч тал бэлнээр 5,000,000 төгрөгийг өгсөн гэдэг боловч бэлэн мөнгө хүлээлцсэн баримт байхгүй. Дансаар шилжүүлсэн баримт байхгүй. Ийм учраас С.Оюун болон Н.Баттулга бид хоёрын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хөрөнгийг зээлэх, буцаан төлөх хүсэл зориг илэрхийлэгдээгүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч хариуцагч Н.Баттулга надаас шаардах эрхгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөн манай талаас 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн тайлбараа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, 40-58 ОРХ улсын дугаартай “Раngегоvеr” маркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /нотариатын баталгаагүй/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1020 дугаартай шийдвэрийн хуулбар /нотариатын баталгаагүй/, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3216/4505 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчээс Б.Батмандахад олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилох тухай хүсэлт зэргийг гаргаж өгчээ.
Хариуцагчаас хариу тайлбар, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 132/ШЗ2021/00711 дугаартай захирамж, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нотлох баримт хүргүүлсэн тухай албан тоот, 40-58 ОРХ улсын дугаартай “Раngегоvеr” маркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, мөнгө зээлсэн тухай гэрээний хуулбар, шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШЗ2021/00906 дугаартай “шинжээч томилох тухай” захирамж, Булган аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “шинжилгээний обьектын эх хувийг ирүүлэх” тухай, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13/227 дугаартай “адилтгалын шинжилгээ хийх боломжгүй тул ирүүлсэн шинжилгээний обьектыг буцаан хүргүүлэх” тухай албан бичиг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Оюун нь хариуцагч Н.Баттулгад холбогдуулан 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч С.Оюун нь Н.Баттулга, М.Ганбаатар нарт зээлсэн 5,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасан үндэслэлээр Н.Баттулгаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлаж байна.
Харин хариуцагч Н.Баттулга нь тухайн мөнгийг М.Ганбаатар авсан, би гэрээнд гарын үсэг зураагүй, мөнгийг хэрэглээгүй, хүлээлгэж өгөөгүй тул гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж маргаж байна.
3.Талууд “2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Намсрай овогтой Баттулга нь 40-58 ОРХ дугаартай “Rangerover” маркийн автомашины бичиг баримтыг тавьж, 5,000,000 төгрөгийг 06 сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлж авлаа” гэх бичвэр үйлдэж, Н.Баттулга, М.Ганбаатар нар нь гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /хх-ийн26/
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д зааснаар бичгээр хийсэн хэлцэлд гарын үсэг зурснаар хэлцэл хийсэн гэж үзэх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Зээлийн гэрээ нь бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэгт хамаарах бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар эд хөрөнгө буюу мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэжээ.
Зээлдэгч буюу Н.Баттулга нь мөнгийг бэлнээр болон дансаар аваагүй, М.Ганбаатарт мөнгийг ямар хэлбэрээр өгснийг мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан /гар бичвэр/ хэлцэлд “...хугацаатайгаар зээлж авлаа” гэж бичсэн байгаа нь дээрх татгалзалыг үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл Н.Баттулга, М.Ганбаатар нар нь мөнгийг бэлнээр хүлээн авсан болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч Н.Баттулгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж буй нь үндэслэлтэй юм.
Тус гэрээнд гарын үсгийг хариуцагч Н.Баттулга зураагүй, мөнгийг аваагүй, хэрэглээгүй гэж маргаж байгаа хэдий ч хариуцагч тал нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлэх замаар нотолж чадаагүй байна.
Нэхэмжлэгч тал гарын үсгийн шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасныг шүүх хангасан боловч Шүүхийн шинжилгээний албанаас шинжилгээний объект шаардлага хангахгүй гэж шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгч тал энэ хүсэлтээ дэмжиж дахин хүсэлт гаргаагүй байна.
Харин хариуцагч тал гар өргөдөл гэх бичвэрийн хэвэнд адилтгалын шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан боловч хүсэлтээсээ татгалзсан байна.
Иймд хариуцагч Н.Баттулгаас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Оюунд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Баттулгаас 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Баттулгаас 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Оюунд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Баттулгаас 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН