Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2020/01344

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Р-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: УБТЗ

 

Хариуцагч: “Э” ХХК,

 

Хариуцагч: Г ХХК холбогдох,

 

15 000 000 төгрөг гаргуулах, үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч Г.Э, хариуцагч Н.Б, хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гэрч Л.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Э.Р-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, О.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 34/515 дугаар албан бичгийн дагуу Замын-Үүд өртөөний ажилчдын 66 айлын орон сууцыг бариулахаар шийдвэрлэсэн ба замын даргын 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03/41 дугаар албан бичгээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах эрхийг Замын-Үүд өртөөний дарга О.Мэндсайханд итгэмжлэлээр олгосон. Үүний дагуу “Х” ХХК, “Э” ХХК, “Г” ХХК зэрэг байгууллагуудтай гэрээ хэлцлийг хийсэн.

 

 

Хариуцагч “Э” ХХК нь дээрх 66 айлын орон сууцны барилгыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах гэрээг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангалаа болон “Ган Ганжир” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж, уг орон сууцыг захиалгаар барьж нийлүүлэх гэрээг, “Дорнын Гэгээ” ХХК-тай болон Замын-Үүд зангилаатай 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хамтран ажиллах гэрээг, “Дорнын Гэгээ” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээг, “Гарьдын бүрд” ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр орон сууцны барилга захиалан бариулах гэрээг, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд зангилаатай тус тус байгуулсан. Өөрөөр хэлбэл, дээрх 66 айлын орон сууцны ерөнхий гүйцэтгэгчээр “Эрдэм түм” ХХК ажиллахаар болж, тухайн орон сууцыг барихад “Гарьдын бүрд” ХХК нь 450 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр, “Дорнын Гэгээ” ХХК-иар барилга угсралтын ажлын 30 хувийн хөрөнгө оруулалтыг хийлгэхээр тус тус тохирсон.

 

Улмаар Замын-Үүд зангилааны дарга О.Мэндсайхан нь “Эрдэм түм” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, “Эрдэм түм” ХХК нь нийт орон сууц захиалан бариулах 52 иргэнтэй гэрээ хэлцлийг байгуулсан.

 

Нэхэмжлэгч Э.Р 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр дээрх орон сууц захиалах гэрээ байгуулах эрх олгосны дагуу 30 хувийн төлбөр болох 15 000 000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Эрдэм түм” ХХК-иас заасан 454045574 дугаар дансанд шилжүүлсэн. Хариуцагч “Э” ХХК нь орон сууцыг 2014 оны 9 дүгээр сард багтаан комисст хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь төлбөрийг бүрэн төлснөөр орон сууц өмчлөх эрх захиалагч буюу нэхэмжлэгчид шилжихээр тохирсон. Гэвч барилгын ажил 2014 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэл зогсонги байдалд орж, “Г” ХХК, “Г” ХХК, “Э” ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар дуусаагүй барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “Гарьдын Бүрд” ХХК-ийн нэр дээр хууль бусаар шилжүүлж, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүргүүлсэн.

 

2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Замын-Үүд зангилаа, “Э” ХХК, “Дорнын гэгээ” ХХК, “Г” ХХК, захиалагч болох 42 иргэн оролцсон хуралдаанаар Замын-Үүд зангилаа, “Э” ХХК-тай байгуулсан гэрээ болон “Э” ХХК нь байр захиалан бариулах 52 иргэнтэй байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээг цуцлахаар шийдвэрлэж, оролцсон иргэд төлөөлөгчид гарын үсгээ зурж баталгаажуулсан. Энэхүү хуралдаанаар “Э” ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэж, гэрээний үүрэгтэй холбоотой захиалагч 52 иргэнд учирсан алдангийн хэмжээг тодорхой гаргах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулахыг УБТЗ-ын Удирдах газраас ирүүлсэн албан бичгийн дагуу УБТЗ-ын харьяа Замын-Үүд зангилааны дарга О.Мэндсайханд үүрэг болгосон боловч тодорхой арга хэмжээ авч шийдвэрлэлгүй, гэрээг дүгнээгүй “Эрдэм түм” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан байдаг.

 

2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Г” ХХК нь уг барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авч, 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүргүүлж, өмчлөгч нь болсон тул захиалагч Э.Р болон “Э” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг “Г” ХХК шилжүүлэн авсан гэж үзнэ. Иймд “Г” ХХК нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.

 

Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хараа хяналт сул, гэрээ хэлцлийг хуулийн хүрээнд хийгээгүй, томилсон эрх бүхий ажилтан нь зохих арга хэмжээг авч ажиллаагүй, 52 ажилтан нь өнөөдрийг хүртэл хохирсоор байтал хохирлыг барагдуулах тал дээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй, хуурамч гэрээ хэлцэл байгуулах эрхийг олгосон нь илт харагдаж байгаа тул энэхүү хохирлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам мөн хариуцах ёстой.

 

“Г” ХХК нь орон сууц захиалан бариулахаар хандсан 52 иргэний хохирлыг төлж барагдуулах хариуцлагаас зугтах үүднээс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Л.Бямбасүрэн, О.Мэндсайхан нартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа орон сууц захиалгаар бариулах иргэдийг оролцуулалгүй, зөвшөөрөл авалгүйгээр, зөвхөн тухайн үед Замын-Үүд өртөөний даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн, Замын-Үүд зангилааны дарга О.Мэндсайхан нарыг байлцуулан хийсэн ба Л.Бямбасүрэн болон О.Мэндсайхан нарт орон сууц захиалагч 52 иргэнээс ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулах, тэднийг төлөөлөн гарын үсэг зурах эрх үүрэг олгогдоогүй, байтал дур мэдэж энэхүү гэрээг “Г” ХХК-ийг хариуцлагаас зугтах боломж олгох үүднээс хийсэн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар дээрх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч хариуцагч “Г” ХХК болон “Э” ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг гаргуулж, “Гарьдын бүрд” ХХК болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Зам-Үүд зангилааны хооронд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Э” ХХК-тай Төмөр замын ажилчдын орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээг хийж, 450 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Өнөөдрийн байдлаар манай компани нь дуусаагүй уг үл хөдлөх эд хөрөнгийн 38.7 хувийг /450 000 000 төгрөгт ноогдох/ эзэмшдэг. Харин үлдэх хэсгийг захиалагч нар болох 52 иргэн эзэмшдэг. Нэхэмжлэгч болон “Г” ХХК-ийн хооронд байгуулсан ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй. Бид гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй тул 15 000 000 төгрөгийг түүнд төлөх үндэслэлгүй. Мөн бэлэглэлийн гэрээний тухайд хууль зөрчиж байгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул “Г” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам байгуулаагүй. Мөн манай байгууллага нэхэмжлэгч Э.Рэнцэнсамбуутай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулаагүй.

 

О.Мэндсайханыг Улаанбаатар төмөр замыг төлөөлж орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах эрхийг олгоогүй. Харин итгэмжлэлээр О.Мэндсайхан нь төмөр замын байгууллагуудтай ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх гэрээ, засвар үйлчилгээ хийлгэх, хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ байгуулах, төмөр замын бус байгууллагуудтай ариутгал устгалын гэрээ дулаан цахилгаан ашиглах гэрээ, цэвэр ус ашиглах гэрээ, мөнгө хураах гэрээ, мөнгө гаргах гэрээ байгуулах гэж нэр дурдаж итгэмжлэл олгосон. Замын-Үүд зангилааны дарга О.Мэндсайхан 2013, 2014 онуудад “Э” ХХК, “Г” ХХК-тай гэрээ байгуулахдаа Улаанбаатар төмөр зам ХНН-ийг төлөөлж гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулах эрх олгогдсон итгэмжлэл олгоогүй. Харин Замын-Үүд зангилааны дарга О.Мэндсайхан энэхүү гэрээнүүдийг байгуулахдаа ажилтнуудаа төлөөлж байгуулсан гэдэг нь хурлын тэмдэглэлээс тодорхой харагддаг.

 

Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулаагүй. Замын-Үүд зангилааны дарга Л.Бямбасүрэн, О.Мэндсайхан нар бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурахдаа 52 ажилтныг төлөөлж зурсан ба энэ 52 иргэнээс зөвшөөрөл, итгэмжлэл авсан эсэх нь маргаантай. Иймд хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Замын-Үүд өртөөний ажилчдын 66 айлын орон сууцны захиалагч тал болох Замын-Үүд зангилааны зүгээс гэрээний шаардлага хангасан 66 ажилтны 30 хувийн хөрөнгө оруулах үүргийн биелэлт биелэгдэхгүй хойшлогдож, гүйцэтгэл хангалтгүй байсан, мөн барилга барих газар олголт маргаантай байсан зэрэг “Э” ХХК-иас үл хамаарах шалтгаанаас болж барилга угсралтын ажил 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бүрэн зогссон.

 

2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хөрөнгө оруулагч “Ган ганжир” ХХК, “Дорнын гэгээ” ХХК хамтран хуралдаж олонхын шийдвэрээр “Г” ХХК өөрсдөө зээлийг авч, барилгыг гүйцээн барьж ашиглалтад өгөхөөр шийдвэр гаргасан тул тус барилгын 60 хувьтай дуусаагүй үйлдвэрлэлийн гэрчилгээг “Ган ганжир” ХХК-ийн охин компани болох ”Г” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Улмаар 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд зангилаа болон “Э” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг дүгнэх асуудал”, “Э” ХХК болон  ажилтны хооронд байгуулсан гэрээг дүгнэх асуудал”-аар Замын-Үүд зангилааны дарга О.Мэндсайхан, ҮЭХ-ны дарга Ц.Цэрэндорж, захиалагчийг төлөөлж Ү.Сангидорж, “Дорнын гэгээ” ХХК-ийн захирал Б.Наранчимэг, “Г” ХХК-ийн захирал Г.Э, “Эрдэм түм” ХХК-ийн захирал Л.Түмэндэмбэрэл, ажилтны төлөөлөл 42 хүн оролцсон хурлаар Замын-Үүд зангилаа болон “Эрдэм түм” ХХК-тай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар гэрээг цуцлах шийдвэрийг хурлаар гаргаж, гарын үсэг зурсан. Түүнчлэн 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Замын-Үүд зангилааны дарга О.Мэндсайхан, “Ган ганжир” ХХК-ийн захирал Ц.Ганбат, “Э” ХХК-ийн захирал Л.Т нар хамтран хуралдаж гэрээ дүгнэж баталгаажуулсан. Мөн уг өргөтгөсөн хурлаар тус орон сууцны барилгыг цааш нь үргэлжлүүлэн барих компаниар Гарьдын бүрд” ХХК-ийг сонгож байгаа талаар шийдвэрлэсэн. Түүнчлэн, нэхэмжлэгч 2014 оны 9 дүгээр сараас хойш орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг шаардаж байгаагүй.

 

Нэхэмжлэгчийн байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 15 000 000 төгрөг уг баригдаж байгаа барилгад шингэсэн бөгөөд тус 60 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээ нь Гарьдын бүрд” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй. Сүүлд байр захиалагч нарын хамтран өмчлөлийн зүйлээр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй болсон. Байр захиалагч нарын хурлаас тэдний өөрсдийнх нь шийдвэрээр “Эрдэм түм” ХХК-ийг гэрээнээс гарснаас хойш “Эрдэм түм” ХХК нь уг гэрээний эрх зүйн харилцаанд оролцох боломжгүй болсон. Үүнийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Иймд “Эрдэм түм” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Рэнцэнсамбуу нь хариуцагч “Э” ХХК болон хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 15 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч “Гарьдын бүрд” ХХК болон хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан бэлэглэлийн гэрээний нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон зарим хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч “Э” ХХК болон хариуцагч “Г” ХХК-д холбогдох 15 000 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “...орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 15 000 000 төгрөгийг буцаан гаргуулах” гэж тодорхойлсон, хариуцагч “Г” ХХК уг үндэслэлийг “...нэхэмжлэгчтэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулаагүй, ...гэрээний харилцаанд оролцоогүй тул зөвшөөрөхгүй” гэж, хариуцагч “Э” ХХК нь “...орон сууц захиалан бариулах гэрээний үүрэг “Э” ХХК-иас “Гарьдын бүрд” ХХК-д бүрэн шилжсэн тул гэрээний үүрэг хүлээхгүй” гэж тус тус үгүйсгэн маргажээ.

 

Хариуцагч “Э” болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Замын-Үүд зангилаа, “Ганганжир консалтинг” ХХК нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан, 1 дугаартай “Орон сууц захиалгаар барьж, нийлүүлэх гэрээ”-ээр хариуцагч “Э” ХХК нь Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар багийн нутагт Замын-Үүд зангилааны ажилчдын 66 айлын орон сууцны барилгыг барьж, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон байна. /2хх-ийн 38-39 дүгээр тал/

 

Улмаар хариуцагч ““Э” ХХК болон хариуцагч “Г” ХХК-ийн хооронд 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 01/14 дугаартай “Орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ”-ээр дээрх орон сууцны барилгыг барьж худалдан борлуулах төслийн эхний үе шатны санхүүжилтэд шаардагдах 750 000 000 төгрөгийн 40 хувь болох 300 000 000 төгрөгийг хариуцагч “Эрдэм түм” ХХК хариуцах, үлдэх 60 хувь болох 450 000 000 төгрөгийг хариуцагч “Г” ХХК хариуцаж, орон сууцны барилга барих төслийг хэрэгжүүлэх бүх үе шатны ажилд хамтран ажиллахаар тохирчээ. /1хх-ийн 111-114 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Өөрөөр хэлбэл, нийтэд илэрхий үйл баримтад шүүхийн шийдвэр хамаарах бөгөөд дээрх үйл баримтыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00788 дугаар шийдвэрээр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 920 дугаар магадлалаар, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2020/00337 дугаар тогтоолоор тус тус тогтоосон байх тул шүүх түүнийг дахин нотлохгүй. Түүнчлэн, талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Хэлцлийн хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үздэг.

 

Нэхэмжлэгчээс 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа, хөгжлийн банкны 454045574 дугаар дансанд 15 000 000 төгрөг шилжүүлсэн талаарх Голомт банкны төлбөрийн баримт /1хх 6 дугаар тал/, хариуцагч “Э” ХХК болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Замын-Үүд зангилаа, “Ганганжир консалтинг” ХХК нарын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1 дугаар “Орон сууц захиалгаар барьж, нийлүүлэх гэрээ”-ний захиалагч тал болох Замын-Үүд зангилааны 2014 оны 6 дугаар 12-ны өдрийн “зөвшөөрөл олгох хуудас”-аар нэхэмжлэгчийг 66 айлын орон сууцны 62.75 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны урьдчилгаа 30 хувьд 15 000 000 төгрөг төлсөн үндэслэлээр захиалагч, гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн баримт /1хх 4 дүгээр тал/, уг орон сууцны барилгад урьдчилгаа төлсөн ажилчдын нэрсийн 49 дэх дугаарт нэхэмжлэгчийн нэр бичигдсэн байгаа баримт /2хх 229 дүгээр тал/ зэргээр нэхэмжлэгчийг “Орон сууц захиалгаар барьж, нийлүүлэх гэрээ”-ний дагуу урьдчилгаа 15 000 000 төгрөгийг хариуцагч “Эрдэм түм” ХХК-д шилжүүлсэн гэж үзэхээр байна. Нөгөөтээгүүр, хариуцагч “Э” ХХК нь уг үйл баримтыг үгүйсгээгүй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч болон хариуцагч “Э” ХХК-ийн хооронд орон сууц захиалан бариулахтай холбоотой бичгийн болон аман хэлбэрээр гэрээ байгуулагдсан талаар баримт авагдаагүй байх боловч дээрх үйл баримтаар тэдний хооронд бодит үйлдлээр буюу Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөө хэлбэл, нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлөх, хариуцагч “Э” ХХК нь орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүргийг тус тус хүлээнэ.

 

Гэвч нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа 15 000 000 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-д төлсөн боловч тэрээр хөрөнгө оруулалт байхгүйн улмаас барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй 2014 оны 7 дугаар сард зогссон, цаашид гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал бий болсон, талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заасны дагуу гэрээг цуцлах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Э” ХХК үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй, цаашид хэрхэн биелүүлэх, үр дүн тодорхойгүй нөхцөлд нэхэмжлэгч мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 15 000 000 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-иас буцаан шаардах эрхтэй.

 

Нөгөөтээгүүр, хариуцагч “Э” ХХК нь дээрх 60 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр хариуцагч “Г” ХХК-д бэлэглэсэн, мөн хариуцагч Г” ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 01/14 дугаар гэрээгээр хамтран ажиллахаар тохиролцсон нь нэхэмжлэгчийн өмнө Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. /2хх-219 дүгээр тал/ Учир нь, хариуцагч “Э” ХХК нь үүргээ бусдад буюу хариуцагч “Г” ХХК шилжүүлэх тохиолдолд мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу анх хэлцэлд оролцсон этгээд болох нэхэмжлэгчтэй энэ талаар хэлцэл хийсэн байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Э” ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хариуцагч “Г” ХХК-д шилжүүлэхдээ нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгч түүнийг нь зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байх бөгөөд мөн зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Түүнчлэн, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд мөн зүйлийн 76.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.

 

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон гэрээний татгалзалтай холбоотой асуудлаар хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан 2014 оноос хойш гомдлын шаардлага гаргаж байсан, энэ талаар хариуцагч “Э” ХХК нь хариу өгч байсан зэрэг үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчийг гэрээтэй холбоотой Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх нь үндэслэлгүй байна.

 

1.1. Хариуцагч “Э” ХХК болон Гарьдын бүрд” ХХК-ийн хооронд 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 01/14 дугаартай “Орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ”-ээр дээрх орон сууцны барилгыг барьж ашиглалт оруулахад хамтран ажиллах талаар тохирсон бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч болон хариуцагч Гарьдын бүрд” ХХК-ийн хооронд орон сууц захиалан бариулах буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Гарьдын бүрд” ХХК-ийг нэхэмжлэгчийн өмнө мөн зүйлд заасны дагуу хариуцагч “Эрдэм түм” ХХК-тай хамт хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрийг хариуцагч “Гарьдын бүрд” ХХК-иас шаардах эрхгүй.

 

Түүнчлэн, хариуцагч “Эрдэм түм” ХХК нь дээрх 60 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгыг 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр хариуцагч Гарьдын бүрд” ХХК-ийн өмчлөлд бэлэглэсэн нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг хариуцагч Гарьдын бүрд” ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд үүссэн гэж үзэх боломжгүй.

 

2. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд:

 

Хэрэгт “Ганганжир консалтинг” ХХК, хариуцагч “Г” ХХК болон хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан гэх “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ” авагдсан байна. /2хх-227-228 дугаар тал/.

 

Уг гэрээнд зааснаар бэлэглэгч “Ганганжир консалтинг” ХХК, Гарьдын бүрд” ХХК нь дээрх 60 хувийн гүйцэтгэлтэй, 5136 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0714002948 дугаарт бүртгэлтэй, дуусаагүй орон сууцны зориулалттай 66А дугаар барилгын 61.3 хувийг Замын-Үүд зангилаанд бэлэглэснээр улсын бүртгэлд тухайн барилгын 38.7 хувь нь хариуцагч “Г ХХК-ийн өмчлөлд, үлдэх 61.3 хувь нь Замын-Үүд өртөөний нэр бүхий 52 иргэний өмчлөлд бүртгэгдсэн. Уг нэр бүхий 52 иргэний нэг нь нэхэмжлэгч хавсралтаар бүртгэгдсэн байна. /2хх 227-228, 245 дугаар тал/

 

Гэрээнд бэлэг хүлээн авагчаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилааны дарга Л.Бямбасүрэн, О.Мэндсайхан нар оролцсон байна.

 

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, бэлэглэгчийн санаал болгосноор бэлэг хүлээн авагч бэлгийг хүлээн авахаар зөвшөөрснөөр гэрээг байгуулсанд тооцохоос гадна гэрээний талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байхыг шаардана.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг бөгөөд уг хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй байдаг. Өөрөөр хэлбэл, Замын-Үүд зангилаа нь бэлэглэлийн гэрээний зүйлийг нэхэмжлэгчийн өмнөөс хүлээн авах гэрээ байгуулахад төлөөлөх эрхгүй, түүнээс зөвшөөрөл аваагүй атлаа түүний нэрийн өмнөөс бэлгийг хүлээн авч, уг хэлцлийг байгуулсан нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.

 

Түүнчлэн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг. Хэрэгт авагдсан баримтаар дээрх бэлэглэлийн гэрээний бэлэглэгч тал болоххариуцагч “Г” ХХК нь хариу төлбөргүйгээр дээрх барилгын 61.3 хувийг бэлэг хүлээн авагчийн нэг болох нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч“Г” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой үүргийн зарим хэсгийг бэлэг хүлээн авагчаар нэхэмжлэгчийг тодорхойлж шилжүүлсэн нь бэлэглэлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэхээр байна.

 

Иймд дээрх 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан гэх “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ” нь нэхэмжлэгчийн хувьд байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “Эрдэм түм” ХХК-иас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Гарьдын бүрд” ХХК болон хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч“Э” ХХК-иас 15 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Р олгож, хариуцагч “Г” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч “Гарьдын бүрд” ХХК болон хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох, “2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Э.Ргийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  “Э” ХХК-иас 232 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН