Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2022/00416

 

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Гэ/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Г/РД: /-д холбогдох,

 

39 000 000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү, хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунбаатар, нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов. Хариуцагч А.Гантулгын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Гэ шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Г.Гэ би иргэн А.Гантулгын хүсэлтээр 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг 4 хувийн хүү буюу 1 000 000/нэг сая/ төгрөгийн хүүтэй зээлдүүлж, гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлэн мөнгийг хариуцагчид шилжүүлсэн билээ.

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд талууд алдангийн талаар тохиролцсон бөгөөд гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас алдангийг хоног тутам тооцоход хэтэрч байгаа тул 50 хувиар хязгаарлаж 13 000 000 төгрөгийг хариуцагч үндсэн үүргээс гадна хариуцан төлөх ёстой.

Иймд Хариуцагч А.Гас үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөг, алданги 13 000 000 төгрөг, нийт 39 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Г.Гэгийн хувьд Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ А.Гд зохих ёсоор гүйцэтгэсэн нь мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байгаа. Зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тийм болохоор 281.1-т зааснаар А.Гас Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байна.” гэв.

 

Хариуцагч А.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч О.Чулуунбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гэгийн нэхэмжлэлтэй, А.Гд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

А.Г миний бие О.Хулан, М.Алдар нартай Булган аймгийн Бүрэнхангай сум, Төмрийн нойтон баяжуулах үйлдэрт байрлах ойролцоогоор 30-50 мянган тонн, 65 хувийн төмрийн агууламжтай төмрийг хүдрийг “Худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулан БНХАУ-руу гаргаж олсон ашгаа тэнцүү хуваахаар харилцан тохиролцож, бизнес хийхээр болсон юм.

Уг төмрийн хүдэр нь тухайн үед Голомт банкны барьцаанд байсан бөгөөд эхний ээлжинд 10,000 ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон. Ингээд Г.Гэгийн нөхөр М.Алдарын хамт шаардлагатай мөнгийг хайж байхад М.Алдар нь ... манай эхнэр Г.Гэд мөнгө байгаа. Чи зээлийн гэрээ байгуулаад 1 сарын хугацаатай зээлчих, ажил эхлэнгүүт буцаагаад өгнө биз. Тэр зээлсэн мөнгөө 2 уулаа О.Хуланд өгье.” гэсэн.

Ингээд ярилцаж тохиролцсоны дагуу миний бие Г.Гэгээс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 25,000,000/хорин таван сая/ төгрөгийг авч О.Алдарын хамт О.Хуланд бэлнээр өгсөн.

Гэвч дээрх төмрийн хүдэр нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрт хураагдсан байсан тул энэ ажил маань бүтэлгүйтсэн.

Улмаар М.Апдар нь дээрх нөхцөл байдлыг өөрөө мэдэж, ойлгож байсан учраас 25,000,000 төгрөгөө О.Хулангаас шаардсан байдаг. Үүний дагуу тухайн үед О.Хулан нь 1-2 сая төгрөгийг М.Алдарын дансанд буцаан шилжүүлж байсан.

Гэтэл М.Алдар нь О.Хулангаас мөнгөө авч чадахгүй болонгуут түүний эхнэр болох Г.Гэ нь надад холбогдуулан 39,000,000/гучин есөн сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, улмаар миний бие 39,000,000 төгрөгийн үүрэг хүлээх болоод байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, энэ хэргийн хариуцагч нь би биш О.Хулан юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч асуулт, хариултын үе шатанд О.Хулан, М.Алдарын дансанд тодорхой хэмжээний мөнгө шилжүүлж байсан гэдгийг үгүйсгэхгүй, хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргалаа гэж үзэж байна. Жинхэнэ хариуцагч А.Г биш юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна.” гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг №1878 Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хаан банкны Мөнгөн шилжүүлэгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Гэ хариуцагч А.Гд холбогдуулан үндсэн зээл 25,000,000/хорин таван сая/ төгрөгийг, хүү 1,000,000/нэг сая/ төгрөгийг, алданги 13,000,000/арван гурван сая/ төгрөгийг, нийт 39,000,000/гучин есөн сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч А.Г 25,000,000/хорин таван сая/ төгрөгийг авч О.Алдарын хамт О.Хуланд бэлнээр өгсөн, энэ хэргийн хариуцагч нь би биш О.Хулан юм гэх тайлбар ирүүлсэн.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчтай 25,000,000/хорин таван сая/ төгрөгийн Зээлийн гэрээ байгуулсан болох нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 1878 Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчид 25,000,000/хорин таван сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь “Хаан банк” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

          Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нь 25,000,000/хорин таван сая/ төгрөгийг О.Хулан гэх иргэнд өгсөн гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн 25,000,000/хорин таван сая/ төгрөгийг шилжүүлсэн, зохигчид №1878 Зээлийн гэрээг байгуулсан болох нь №1878 Зээлийн гэрээний болон 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

          Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зохигчид 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 25,000,000/хорин таван сая/ төгрөгийг 1/нэг/ сарын хугацаатай шилжүүлэх, сарын хүүг 1,000,000/нэг сая/ төгрөг байхаар харилцан тохиролцсон болох нь №1878 Зээлийн гэрээний болон 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан №1878 Зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ” гэх/ нь хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь зээлийн төлбөрт төлөлт хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт нэхэмжлэгчид 25,000,000/хорин таван сая/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ ...” гэж заасан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар зохигчид сарын 1,000,000/нэг сая/ төгрөгийн хүү тогтоосон байх ба хариуцагч нь хүүний төлбөрт төлөлт хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 1,000,000/нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.

 

Зээлийн гэрээний 3-т зааснаар зохигчид алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5/тэг аравны тав/ хувиар тогтоосон болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д “Хүүгээс анз тооцохгүй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар хүүгээс алданги тооцох үндэслэлгүй ба нэхэмжлэгчийн хүүгээс тооцсон алдангийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 12,500,000/2019.10.02.-2020.10.02=365, 25,000,000x0.5%=125,000, 125,000x365=45625000/ /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, алдангиас үлдсэн 500,000/13,000,000-12,500,000=500,000/ /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.  

 

Шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Гас нийт 38,500,000/гучин найман сая таван зуун мянга/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гэд олгож, үлдсэн 500,000/таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 350,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Гас нийт 38,500,000/гучин найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гэд олгож, үлдсэн 500,000/таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Гэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 352,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гас улсын тэмдэгтийн хураамжид 350,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гэд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ