Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00941

 

 

 

 

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00941

 

 

 

                                     Г.Ггийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/00416 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Ггийн хариуцагч А.Гд холбогдуулан гаргасан 39,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одхүү, хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: А.Гас үндсэн зээлд 25,000,000 төгрөг, зээлийн хүүнд 1,000,000 төгрөг, алдангид 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг гаргуулна.

 

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Талууд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 25,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлэх тухай зээлийн гэрээг байгуулсан. Гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн. Иргэний хуулийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байна гэжээ.

 

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгад: А.Г нь О.Х, М.Анартай Булган аймгийн Бүрэнхангай сум, Төмрийн нойтон баяжуулах үйлдвэрт байрлах ойролцоогоор 30-50 мянган тонн, 65 хувийн төмрийн агууламжтай төмрийн хүдрийг худалдах, худалдан авах гэрээгээр БНХАУ-руу гарган олсон ашгаа тэнцүү хуваах нөхцөлтэй бизнес хийхээр тохиролцсон. Төмрийн хүдэр нь тухайн үед Голомт банкны барьцаанд байсан ба эхний ээлжинд 10,000 ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон. Тухайн үед М.Ань эхнэр Г.Гд мөнгө байгаа, 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулаад авчих, ажил эхлэхээр буцаагаад өгнө, зээлсэн мөнгөө О.Хд өгье гэсэн. Ингээд тохиролцооны дагуу Г.Ггээс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 25,000,000 төгрөг зээлдэн авч О.Ахамт О.Хд бэлнээр өгсөн. Гэвч уг төмрийн хүдэр нь шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрт хураагдсан байсан тул ажил бүтэлгүйтсэн. М.Ауг нөхцөл байдлыг мэдэж байсан учраас 25,000,000 төгрөгийг О.Хгаас шаардахад тэрээр 1,000,000-2,000,000 төгрөгийг М.Адансанд буцаан шилжүүлж байсан. М.Ань О.Хгаас мөнгөө авч чадахгүй болохоор эхнэр Г.Г А.Гд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийн жинхэнэ хариуцагч нь А.Г биш, харин О.Х гэжээ.

3. Шүүх: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Гас нийт 38,500,000 /гучин найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гд олгож, үлдсэн 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгч Г.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 352,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Гас улсын тэмдэгтийн хураамжид 350,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Гд олгож шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

4.1. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахгүй хэргийг шийдвэрлэсэн тухайд,

4.1.а. Хариуцагч А.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн тул түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэх боломжгүй байсан. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хтөрийн албан хаагч болсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоо больж, шүүх хурал зарлагдахаас өмнө энэ талаар шүүхэд болон шүүгчийн туслахад удаа дараа мэдэгдсэн. Өмгөөлөгч миний бие 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хаалттай 409 дүгээр хорих ангид очиж А.Гтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 409-р хаалттай хорих ангийн даргад итгэмжлэл гэрчлүүлэхээр хүсэлт гаргасан боловч боломжгүй гэдэг хариу өгсөн. Шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй тул шүүх хуралдаанд хариуцагчийг цахимаар болон биечлэн оролцуулж, тайлбарыг нь сонсон мэтгэлцэх эрхээр хангуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авалгүй, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, тайлбар гаргах, мэтгэлцэх эрхийг хангаагүй.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тухайд,

4.2.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн маргаж буй үндэслэлтэй холбоотой А.Гас 25,000,000 төгрөгийг бодитоор авсан О.Х болон нэхэмжлэгчийн нөхөр М.Анарт холбогдуулан 39,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба иргэний хэрэг үүсч ажиллагаа явагдаж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх хэргийг түдгэлзүүлэлгүй шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. О.Х нь тухайн зээлийн гэрээгээр авсан 25,000,000 төгрөгийг бодитойгоор авсан бөгөөд энэ хэргийн нэхэмжлэгч болон түүний нөхөр М.Ашаардлагын дагуу тодорхой хэмжээний мөнгийг буцааж төлсөн байдаг. 2021 оны 11 дүгээр сард эхний ээлжинд 10,000,000 төгрөгийг Г.Г болон түүний нөхөр М.Алдарт төлж, үлдсэнийг нь тодорхой хугацааны дараа өгөхөө илэрхийлсэн. Хэрэв О.Х нэхэмжлэгч болон түүний нөхөрт тодорхой хэмжээний мөнгийг буцаан төлсөн бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шууд өөрчлөлт орно. Үүнийг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй.

4.2.б. О.Хг гэрчээр асуулгах, мөн дансны хуулгыг нь нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй орхиж, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэлэлцээгүй орхигдуулсан. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгүй, зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: .., Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Хариуцагч хорих ял эдэлж байсан учраас шүүхэд дуудаж ирүүлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцуулах боломжгүй байсан тул шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөрөө дамжуулан мэтгэлцэх боломжтой бөгөөд энэ эрхээ эдэлсэн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. А.Г, н.А, н.Х нар нь А.Г, Г.Г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний маргаанд хамааралгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Тухайн зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг н.Хулан бодитоор авсан, тодорхой хэмжээний мөнгийг буцааж өгсөн гэж тайлбарладаг. Эдгээр хүмүүс өөр асуудлаар хоорондоо мөнгө шилжүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ маргаанд тухайн асуудал ач холбогдолгүй, хамааралгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.Г хариуцагч А.Гд холбогдуулан зээлд 25,000,000 төгрөг, зээлийн хүүнд 1,000,000 төгрөг, алдангид 13,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч А.Г 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Г.Ггээс 25,000,000 төгрөг, 1 сарын хугацаатай сарын 1,000,000 төгрөгийн хүүтэй зээлдэн авах, зээл эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй, харин гэрээний үүргийг гүйцэтгэвэл зохих этгээд мөн эсэхт маргасан.

3.а. Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 25,000,000 төгрөг хариуцагчийн дансанд шилжүүлэн өгсөн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /хх5/ Хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж авсан боловч буцааж төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

3.б. Талууд гэрээний 3-т зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр тохиролцсон байна.

4. Шүүх хариуцагчаас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 12,500,000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцэж байх боловч 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасан хүүгээс анз тооцохгүй байх заалтыг баримталсан нь буруу. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад дээрх алдааг залруулсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй. Алдангиас 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ. 

5. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Н.Хангайд 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өмгөөлөгч О.Чулуунбаатартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч өөрөө хариу тайлбар гаргаж, өмгөөлөгч нь түүнийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон байх тул хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.  /хх7, 16-17, 20/

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гомдлын тухайд,

Хариуцагчийн өмгөөлөгч “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа А.Г нэхэмжлэлтэй, О.Х, М.А холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь зөв. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 102/ШЗ2022/02944 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаас харахад А.Г нь О.Х, М.А холбогдуулан ямар үндэслэлээр 39,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь тодорхой бус байх ба уг хэрэг нь энэхүү зээлийн гэрээний маргаантай хамааралтай гэж үзэх баримтгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй. /хх28-29, 32/

7. Гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй орхисон, дансны хуулга нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хэлэлцээгүй гэх гомдлын хувьд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх журамтай. О.Хг гэрчээр асуулгах, дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүх хүсэлтийг хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэсэн байх тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхив. /хх30-31/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/00416 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... 222 дугаар зүйлийн 222.6 ...” гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

        ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

                                                                  А.МӨНХЗУЛ