Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2022/00526

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Н/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “И” ХХК/РД: /,

 

Хариуцагч: Н.С/РД: / нарт холбогдох,

 

96 380 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Тохиролцооны гэрээ” болон “Захиалгаар орон сууц барих гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алимаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Халиунаа, хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнсор, хариуцагч “И” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов. Хариуцагч Н.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоогийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алимаа, өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Халиунаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч “И” ХХК, Н.С бидний хооронд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Тохиролцооны гэрээ” байгуулагдсан. Н.С нь нэхэмжлэгч миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204079369 дугаартай Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Шинэ суурьшил /13313/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 405 дугаар байрны 41 тоот хаягтай 90 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг “Соломон Инвестментс” ББСБ ХХК-д барьцаалж 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн №ЗГ-20160503-1 дугаартай гэрээг байгуулан зээл авч, зээлийн төлбөрийг өөрөө захиран зарцуулсан.

Н.С нь Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрийг хүүгийн хамт 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлөх ёстой байсан боловч төлөөгүйн улмаас “Соломон Инвестментс” ББСБ ХХК нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Зээлийн үндсэн төлбөрт 47,292,026.69 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүүний 23,769,879.59 төгрөг, нийт 71,061,906.28 төгрөгийг гаргуулах, Ипотекийн гэрээнд заасан баръцаалуулагч Гуравдагч этгээдийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204079369 дугаарт үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж Зээлийн гэрээний үүргийн гүщэтгэлийг хангуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Тухайн үед Н.С шаардаж буй төлбөрийг төлөх боломжгүй байсан тул орон сууцаа зээлийн барьцаанд алдах нөхцөл үүссэн. Ингээд Н.Сгийн гуйлтын дагуу аргагүйн эрхэнд 61,000,000 (жаран нэгэн сая) төгрөгийг би өмнөөс нь Н.С, И ХХК, “Соломон Инвестмент” ББСБ ХХК нартай дараах тохиролцоог хийж “Тохиролцооны гэрээ”-г байгуулан төлж барагдуулсан. Үүнд: “И” ХХК нь Н.Сгийн нэрийн өмнөөс надад 61,000,000 төгрөгийг “Тохиролцооны гэрээ”-нд заасан нөхцлийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг буцаан төлөх үүргийг өөртөө шилжүүлэн авч 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр,

“И” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 61,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд “И” ХХК бидний хооронд байгуулагдсан “Захиалгаар орон сууц барих гэрээ”-ний дагуу эдлэх эрхээ би хэрэгжүүлэхээр,

Миний “Соломон инвестмент” ББСБ ХХК-д төлсөн 61,000,000 төгрөгнөөс нэг сарын 1 хувьтай тэнцэх хүү буюу 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 8 сарын хүү болох нийт 4,880,000 төгрөгийг Н.С нь надад 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр (уг хугацаанд төлөөгүй тохиолдолд хүүг “И” ХХК төлөхөөр),

“Тохиролцооны гэрээ”-нд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хэтрүүлсэн хоног тутамд Н.С надад төлөхөөр(уг хугацаанд төлөөгүй тохиолдолд алдангийг “И” ХХК төлөхөөр) тус тус харилцан тохиролцсон.

Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч “И” ХХК нь мөнгийг “Тохиролцооны гэрээ”-нд заасны дагуу төлж барагдуулахгүй байх тул Үндсэн төлбөр 61,000,000(жаран нэгэн сая) төгрөг, хүү 4,880,000(дөрвөн сая найман зуун наян мянга) төгрөг, алданги 30,500,000(гучин сая таван зуун мянга) төгрөг нийт 96,380,000(ерэн зургаан сая гурван зуун наян мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү.

Талуудын хооронд байгуулсан Тохиролцооны гэрээ болон Захиалгаар орон сууц барих гэрээнүүд хүчин төгөлдөр хэлцэл байна. 61,000,000 төгрөгийг төлөхөөс өмнө гэрээ хэлцэл байгуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Захиалгаар орон сууц барих, Тохиролцооны гэрээнүүд байгуулагдсан. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулагдаад 21,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Эвлэрлийн гэрээний 2.3-т гэрээний 2.2-т заасны дагуу төлсөн 61,000,000 төгрөгийг гуравдагч этгээд нь хариуцагчаас эсхүл өөр хүлээн зөвшөөрсөн этгээдээс гэж байгаа. Яагаад бидний зүгээс Захиалгаар орон сууц барих гэрээний дагуу шаардаад байна вэ гэвэл нэгдүгээрт очиж уулзахад өөр хүмүүст захиалга өгсөн та нарт өгөх боломжгүй гэсэн. Хоёрдугаарт Захиалгаар орон сууц барих гэрээний 1.6-т заасан байгаа. Орон сууцыг ашиглалтад хүлээлгэж өгсний дараа үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор гаргаж өгнө гэсэн. Улсын бүртгэл хүлээн аваагүй гэж байна. Тэгэхээр Захиалгаар орон сууц барих гэрээний дагуу орон сууц авах хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас төлбөрөө шаардаж байна гэв.    

Талуудын хооронд Тохиролцооны гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 198.5-т заасны дагуу энэ гэрээ өөрөө холимог гэрээний шинжийг агуулж байгаа. Өөрөөр хэлбэл баталгаа гаргаж байгаа. Нөгөө талаас тооцоо нийлж байгаа. Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасан. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т заасан Баталгааны гэрээний шинжийг илүү агуулж байгаа учраас “И” ХХК-ийг татан оролцуулж байгаа. “И” ХХК баталгаа гаргасан гэрээний агуулгаар шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй учраас хариуцагчаар Н.Сг татсан. Иргэний хуулийн 234.5-т үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг хүлээсэн баталгаа гаргагч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхгүй гэж заасан. “И” ХХК нь манай үйлчлүүлэгчийн өмнө баталгаа гаргасны үндсэн дээр Н.Сгаас шаардах эрхээ алдаж байгаа. Баталгаа гаргаж байгаа гэрээний зохицуулалтад илүү хамаарч байгаа. Хүү тохиролцсон асуудлыг Иргэний хуулийн 468.5-т заасны дагуу шаардсан. Алдангийг Иргэний хуулийн 232.6-т заасны дагуу бичгээр байгуулсан. Алданги шаардсан нь хуульд нийцсэн. Шаардах эрхтэй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.” гэв.

 

Хариуцагч И” ХХК шүүх гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнсор, өмгөөлөгч Ш.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэгч Ж.Н нэхэмжлэлтэй, хариуцагч “И” ХХК-д холбогдох “Тохиролцооны гэрээ”-ний дагуу үндсэн төлбөр болох 61,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

“Тохиролцооны гэрээ”-ний 2.4-т “Б тал нь Г талд 2018 оны 09-р сарын 25-ны өдөр 61,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд энэхүү гэрээнд хавсаргасан Б болон Г талын хооронд 2018 оны 01-р сарын 22-ны өдөр байгуулсан Захиалгаар орон сууц барих гэрээний нийт төлбөрийн 66,3 хувь буюу 61,000,000 төгрөгийг Г тал төлсөнд тооцох £уюу тус үүргийг биелүүлсэн гэж Б тал үзэж, Г тал нь Захиалгаар орон сууц барих гэрээний дагуу эдлэх эрхээ хэрэгжүүлнэ”, “Тохиролцооны гэрээ”-ний 2.5-т зааснаар Захиалгаар орон сууц барих гэрээнд өөрөөр заасан эсэхийг үл харгалзан, энэхүү гэрээний 2.4-т заасан нөхцөл байдал бүрэлдсэн тохиолдолд Захиалгаар орон сууц барих гэрээний дагуу эдлэх эрх, хүлээх үүргээ Г тал нь Б талын зөвшөөрөлгүйгээр бусад гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй” гэж заажээ.

“Б” тал буюу “И” ХХК нь 2018 оны 09-р сарын 25-ны өдөр 61,000,000 төгрөг төлөөгүй учраас “Г” тал буюу Ж.Н нь “Захиалгаар орон сууц барих гэрээ”-ний дагуу шаардах эрх нь үлдсэн. “Тохиролцооны гэрээ” 2018 оны 09-р сарын 25-ны өдөр дуусгавар болсон.

Ийм учраас нэхэмжлэгч Ж.Н нь “Тохиролцооны гэрээ”-ний дагуу 61,000,000 төгрөг болон түүнтэй холбоотой хүү шаардах эрхгүй.

“И” ХХК нь болон Н.Сгийн нарын хооронд байгуулсан “Тохиролцооны гэрээ” нь дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Учир нь тухайн үед Ж.Н Н.С нарын хооронд мөнгө, төгрөгийн маргаан үүссэн байсан. Н.С нь Ж.Нын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг “Соломон Инвестментс ББСБ” ХХК-д барьцаанд тавин зээл авсан. Уг зээлээ Н.С нь төлж чадаагүй тул барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө алдахгүйн тулд Н.Сгийн өмнөөс нэхэмжлэгч өрийн дарж хаасан. Гэвч Н.С нь “И” ХХК-аас “Тохиролцооны гэрээ” байгуулж өгөөч гэж гуйсны эцэст “И” ХХК нь Н.Сгийн гуйлтын дагуу гэрээн дээр гарын үсэг зурсан.

Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг “И” ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан Тохиролцооны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хариуцагч “И” ХХК-ийн хувьд үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Хэрвээ Тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол гэрээний 2.4-т зааснаар Б тал буюу “И” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 61,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Захиалгаар орон сууц барих гэрээний дагуу эрхээ хэрэгжүүлнэ гэж заасан. 61,000,000 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөөгүй тохиолдолд шүүхэд хандаж төлбөр гаргуулна гэсэн агуулга байхгүй. Төлөөгүй бол Захиалгаар орон сууц барих гэрээний дагуу шаардлагыг хэрэгжүүлнэ.  2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш мөнгө төлбөр төлөхгүй үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Тохиролцооны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх юм бол гэдэг байдлаар тайлбарлаж байна. Тэгэхээр 61,000,000 төгрөгийг “И” ХХК төлөх үндэслэлгүй. Тохиролцооны гэрээний 2.7-т зааснаар алданги, хүүг Н.С төлөхөөр байгаа. Орон сууц захиалгаар барих гэрээ болон Тохиролцооны гэрээг Н.С нь дүр үзүүлэн гадаад илэрхийллийг үзүүлсэн хэлцэл гэж тайлбарлаж гарын үсэг зуруулж авсан. Энэ гэрээ манайд эх хувиар байдаггүй. Яагаад гэвэл байгаа 1 хувиа сөрөг нэхэмжлэл гаргах өдөр өгсөн. Тэгэхээр эдгээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагын “И” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3-т заасны дагуу Н.С нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан түүнийг нотолсон баримтаа өгөөгүй байна. Мөн Н.Сгийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг Н.С нь зөвшөөрсөн гэж үзэж байна.” гэв.

 

Хариуцагч Н.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Норовсамбуу овогтой С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна.” гэжээ.

Хариуцагч “И” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнсор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “И” ХХК болон Ж.Н нарын хооронд Тохиролцооны гэрээ болон Захиалгаар орон сууц барих гэрээг тус тус байгуулагдсан байдаг. Тус Тохиролцооны гэрээ болон Захиалгаар орон сууц барих гэрээнд хариуцагч Н.Сгийн гуйлтын дагуу банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд хураагдах зээлийг янзлах, байраа чөлөөлөн авсан гэсэн тайлбартай байна. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5.2-т дүр үзүүлэхээр хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно гэж тайлбарласан байдаг. 2018 онд “И” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан н.Бадамдорж нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Тохиролцооны гэрээ болон Захиалгаар орон сууц барих гэрээний үр дүнд хүрэх зорилгогүй байсан бөгөөд бодитоор үүрэг хүлээх хүсэл эрмэлзэл байгаагүй. Гадаад илэрхийлэл бий болгохыг зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарсан байдаг. Хариуцагч Н.С нь Тохиролцооны гэрээ болон Захиалгаар орон сууц барих гэрээг дүр үзүүлэн хийсэн гэрээ гэдгээ нотолсон. Банк бус санхүүгийн байгууллагад хураагдах байрны зээлийг янзлахын тулд гэрээ хийлгэсэн. Он, сар, өдөр болон Н.Сгийн гарын үсэг бичигдсэн байдаг. Дээрх үйл баримтаас үзэхэд Иргэний хуулийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Мөн Захиалгаар орон сууц барих гэрээнд “И” ХХК-ийн захирал н.Бадамдорж нь гарын үсэг зурсан. Харин Ж.Н гарын үсэг зураагүй. Иймд 56.1.2-т заасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ж.Н болон “И” ХХК-ийн хооронд байгуулсан Тохиролцооны гэрээ болон Захиалгаар орон сууц барих гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алимаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Д.Нын нэхэмжлэлтэй “И” ХХК нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алимаа би хариуцагч “И” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй танилцаад энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн “2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ж.Н, “И” ХХК-ийн хооронд байгуулсан “Тохиролцооны гэрээ” болон “Захиалгаар орон сууц барих гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох” шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг гэрээнүүдийг талууд харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Тохиролцооны гэрээ”-ий нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Захиалгаар орон сууц барих гэрээ, түүний Хавсралт №1 болон Хавсралт №2-ын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Газрын байршлын кадастрын зургийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “И” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний болон дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 61,000,000 төгрөгийн Кассын орлогын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн “Гэрээ байгуулах, гарын үсэг зурах эрх олгох тухай” шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, “Соломон инвестментс ББСБ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №1/13 албан бичгийн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25,000,000 төгрөгийн төлбөрийн баримт, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6,000,000 төгрөгийн төлбөрийн баримт, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч “И” ХХК-ийн баримтаар гаргасан “И” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний болон дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Захиалгаар орон сууц барих гэрээ, түүний Хавсралт №-2-ын шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Н хариуцагч “И” ХХК, Н.С нарт холбогдуулан үндсэн төлбөр 61,000,000(жаран нэгэн сая) төгрөгийг, хүүнд 4,880,000(дөрвөн сая найман зуун наян мянга) төгрөгийг, алдангид 30,500,000(гучин сая таван зуун мянга) төгрөгийг, нийт 96,380,000(ерэн зургаан сая гурван зуун наян мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч “И” ХХК нэхэмжлэгч Ж.Нт холбогдуулан “Тохиролцооны гэрээ” болон “Захиалгаар орон сууц барих гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “И” ХХК нь Н.СИХХК-иас “Тохиролцооны гэрээ” байгуулж өгөөч гэж гуйсны эцэст “И” ХХК нь Н.Сгийн гуйлтын дагуу гэрээ дээр гарын үсэг зурсан гэж гаргасан.

 

Хариуцагч Н.С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Ж.Н нь хүчин төгөлдөр гэрээнүүд гэж маргасан.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Тохиролцооны гэрээ” байгуулсан болох нь “Тохиролцооны гэрээ”-ий нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

          “Тохиролцооны гэрээ”-ий 2-ын 2, 3, 6, 7-д зааснаар хариуцагч “И” ХХК нь нэхэмжлэгчийн “Соломон инвестментс ББСБ” ХХК-д төлсөн 61,000,000(жаран нэгэн сая) төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх хариуцагч Н.Сгийн үүргийг хариуцагч “И” ХХК шилжүүлэн авч, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 61,000,000(жаран нэгэн сая) төгрөгийг төлөх, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 8(найм) сарын хүү нийт 4,880,000(дөрвөн сая найман зуун наян мянга) төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд 0.5(тэг арваны тав) хувьтай тэнцэх алданийг хэтрүүлсэн хоног тутамд нэхэмжлэгчид төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь “Тохиролцооны гэрээ”-ий нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “... шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.” гэж заасан.

 

          Зохигчид дээрх гэрээг “Тохиролцооны гэрээ” гэж нэрлэсэн байх боловч тус гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Иргэний хуульд шууд нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул нэрлэгдээгүй гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

          Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас үүргийн тухай нийтлэг үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

          Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.”, 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

          Гэрээний 2-ын 6, 7-д зааснаар хариуцагч Н.С нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хүү 4,880,000(дөрвөн сая найман зуун наян мянга) төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагч “И” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид 61,000,000(жаран нэгэн сая) төгрөгийг, хүүнд нийт 4,880,000(дөрвөн сая найман зуун наян мянга) төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь зохигчийн тайлбар, Гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК-иас үндсэн төлбөр 61,000,000(жаран нэгэн сая) төгрөгийг, хүүнд 4,880,000(дөрвөн сая найман зуун наян мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “... хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.”, 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.гэж заасан.

          Гэрээний 2-ын 7-д зааснаар хариуцагч “И” ХХК нь нэхэмжлэгчид 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойшх алдангийг төлөх үүрэгтэй байна.

 

          Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК-иас алдангид 30,500,000(61,000,000x0.5%=305,000, 305,000x365=111,325,000, 61,000,000:2=30,500,000) (гучин сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Гэрээний 2-ын 4-т зааснаар хариуцагч “И” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 61,000,000(жаран нэгэн сая) төгрөгийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь Захиалгаар орон сууц барих гэрээний дагуу эдлэх эрхээ хэрэгжүүлнэ гэжээ.

 

          Хариуцагч нь Захиалгаар орон сууц барих гэрээний дагуу шаардах эрх нь үлдсэн гэж маргаж байна.

 

          Нэхэмжлэгч болон хариуцагч “И” ХХК нар нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Захиалгаар орон сууц барих гэрээ” байгуулсан болох нь “Захиалгаар орон сууц барих гэрээ”-р тогтоогдож байна.

 

          Гэрээний 2-ын 4 болон “Захиалгаар орон сууц барих гэрээ”-д зааснаар хариуцагч “И” ХХК нь нийт 92,000,000(ерэн хоёр сая) төгрөгийн үнэ бүхий орон сууцны гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай баримт бичгийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны үнээс 61,000,000(жаран нэгэн сая) төгрөгийг бэлнээр төлсөнд тооцож, үлдэгдэл 31,000,000(гучин нэгэн сая) төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүлээн авахад төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар болон “Захиалгаар орон сууц барих гэрээ”-р тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх ...хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ.” гэж заасан.

 

          Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний 2-ын 4-т нэхэмжлэгч нь хариуцагч “И” ХХК 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 61,000,000(жаран нэгэн сая) төгрөгийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь “Захиалгаар орон сууц барих гэрээ”-ий эрхээ хэрэгжүлэх талаар заасан байх боловч хариуцагч “И” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид орон сууцны гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай баримт бичгийг хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгч нь 31,000,000(гучин нэгэн сая) төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, Гэрээний “Тохиролцооны гэрээ”-ий нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон “Захиалгаар орон сууц барих гэрээ”-р тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “Болзолд заасан үйл явдал хэзээ ч бий болохгүй нь илт болсон тохиолдолд болзол хүчин төгөлдөр бус болно.” гэж заасан.

          Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК нь нэхэмжлэгчид орон сууцны гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай баримт бичгийг хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгч нь 31,000,000(гучин нэгэн сая) төгрөгийг төлөөгүй байх тул Гэрээний 2-ын 4 дэх заалт хүчин төгөлдөр бус байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний 2-ын 3, 7-д зааснаар хариуцагч “И” ХХК-иас төлбөрийн үүргээ гүйцэтгэх шаардах эрхтэй байх ба хариуцагч “И” ХХК нь тус Гэрээгээр хариуцагч Н.Сгийн үүргийг шилжүүлэн авсан байх тул хариуцагч Н.Сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Зохигчид Гэрээг “И” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулсан талаар мараагүй болно.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК-иас нийт 96,380,000(61,000,000+4,880,000+30,500,000=96,380,000) (ерэн зургаан сая гурван зуун наян мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хариуцагч Н.Сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч “И” ХХК нэхэмжлэгчид холбогдуулан “Тохиролцооны гэрээ” болон “Захиалгаар орон сууц барих гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Сгийн “Соломон инвестментс ББСБ” ХХК-ийн өмнө хүлээсэн 61,000,000(жаран нэгэн сая) төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25,000,000 төгрөгийн төлбөрийн баримт, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6,000,000 төгрөгийн төлбөрийн баримт, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хариуцагч Н.Сгийн нэхэмжлэгчид буцаан төлөх 61,000,000(жаран нэгэн сая) төгрөгийн үүргийг гүйцэтгэх нөхцөлийг харилцан тохиролцсон Гэрээг байгуулсан болох нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25,000,000 төгрөгийн төлбөрийн баримт, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6,000,000 төгрөгийн төлбөрийн баримт, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт нийцсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Захиалгаар орон сууц барих гэрээ”-г Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаар болзол тавьж хийсэн байх ба уг болзол буюу хариуцагч “И” ХХК нь нэхэмжлэгчид орон сууцны гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, нэхэмжлэгч нь 31,000,000(гучин нэгэн сая) төгрөгийг төлөхгүй болох нь дээр дурдсан үндэслэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаар зохигчид “Захиалгаар орон сууц барих гэрээ”-г болзол тавьж хийсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад заасан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Захиалгаар орон сууц барих гэрээ” хүчин төгөлдөр бус байх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Тохиролцооны гэрээ” болон “Захиалгаар орон сууц барих гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас нийт 96,380,000(ерэн зургаан сая гурван зуун наян мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нт олгож, үлдсэн хариуцагч Н.Сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Тохиролцооны гэрээ” болон “Захиалгаар орон сууц барих гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 639,850 төгрөгийг, хариуцагч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,080,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 639,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагч  “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 176,900 төгрөгийг хариуцагч “И” ХХК-иас гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас нийт 96,380,000(ерэн зургаан сая гурван зуун наян мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нт олгож, үлдсэн хариуцагч Н.Сд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Тохиролцооны гэрээ” болон “Захиалгаар орон сууц барих гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 639,850 төгрөгийг, хариуцагч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,080,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 639,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нт, хариуцагч  “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 176,900 төгрөгийг хариуцагч  “И” ХХК-иас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ