Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01093

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01093

 

 

Ж.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/00526 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Н, хариуцагч Индустр ХХК, хариуцагч Н.Санжаа-д холбогдуулан 96,380,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Тохиролцооны гэрээ болон Захиалгаар орон сууц барих гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Халиунаа, хариуцагч Н.Санжаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, өмгөөлөгч Д.Батжаргал, Индустр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин, өмгөөлөгч Ш.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Индустр ХХК, Н.Санжаа нар 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Тохиролцооны гэрээ байгуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулагдаад 21,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Н.Санжаа нь миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204079369 дугаартай 3 өрөө орон сууцыг Соломон Инвестментс ББСБ ХХК-д барьцаалж, 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн №ЗГ-20160503-1 дугаартай гэрээг байгуулан зээл авч, зээлийн төлбөрийг өөрөө захиран зарцуулсан.

Н.Санжаа нь үндсэн төлбөрийг хүүгийн хамт 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлөх ёстой байсан боловч төлөөгүйн улмаас Соломон Инвестментс ББСБ ХХК нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн үндсэн төлбөрт 47,292,026.69 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүүний 23,769,879.59 төгрөг, нийт 71,061,906.28 төгрөгийг гаргуулах, Ипотекийн гэрээнд заасан барьцаалуулагч Гуравдагч этгээдийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204079369 дугаарт үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж Зээлийн гэрээний үүргийн гүйэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Тухайн үед шаардаж буй төлбөрийг төлөх боломжгүй байсан тул орон сууцаа зээлийн барьцаанд алдах нөхцөл үүссэн. Ингээд Н.Санжаагийн гуйлтын дагуу 61,000,000 төгрөгийг би өмнөөс нь Н.Санжаа, Индустр ХХК, Соломон Инвестмент ББСБ ХХК нартай дараах тохиролцоог хийж Тохиролцооны гэрээ-г байгуулан, төлж барагдуулсан. Индустр ХХК нь Н.Санжаагийн өмнөөс надад 61,000,000 төгрөгийг Тохиролцооны гэрээ-нд заасан нөхцлийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч, хугацаандаа төлөөгүй тохиолдолд Индустр ХХК бидний хооронд байгуулагдсан Захиалгаар орон сууц барих гэрээ-ний дагуу миний Соломон инвестмент ББСБ ХХК-д төлсөн 61,000,000 төгрөгнөөс 8 сарын хүү болох нийт 4,880,000 төгрөгийг Н.Санжаа нь надад төлөхөөр (уг хугацаанд төлөөгүй тохиолдолд хүүг Индустр ХХК төлөхөөр), Тохиролцооны гэрээ-нд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хэтрүүлсэн хоног тутамд Н.Санжаа надад төлөхөөр(уг хугацаанд төлөөгүй тохиолдолд алдангийг Индустр ХХК төлөхөөр) тус тус тохиролцсон. . Индустр ХХК нь Н.Санжаагийн өмнө баталгаа гаргасны үндсэн дээр Н.Санжаагаас төлбөрөө шаардах эрхээ алдаж байгаа. Хүү тохиролцсон асуудлыг Иргэний хуулийн 468.5-т заасны дагуу шаардсан. Алдангийг Иргэний хуулийн 232.6-т заасны дагуу бичгээр байгуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагч Индустр ХХК нь төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд үндсэн төлбөр 61,000,000 төгрөг, хүү 4,880,000 төгрөг, алданги 30,500,000 төгрөг буюу нийт 96,380,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн Ж.Н, Индустр ХХК-ийн хооронд байгуулсан Тохиролцооны гэрээ болон Захиалгаар орон сууц барих гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг гэрээнүүдийг талууд харилцан тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр гэрээнүүд юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тохиролцооны гэрээ-ний 2.4-т Индустр ХХК нь Ж.Нд 61,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд энэхүү гэрээнд хавсаргасан Индустр ХХК болон Ж.Н нарын хооронд байгуулсан Захиалгаар орон сууц барих гэрээ-ний нийт төлбөрийн 66,3 хувь буюу 61,000,000 төгрөгийг Ж.Н төлсөнд тооцох буюу тус үүргийг биелүүлсэн гэж Индустр ХХК үзэж, Ж.Н нь Захиалгаар орон сууц барих гэрээ-ний дагуу эдлэх эрхээ хэрэгжүүлнэ. Индустр ХХК нь 61,000,000 төгрөг төлөөгүй учраас Ж.Н нь Захиалгаар орон сууц барих гэрээ-ний дагуу шаардах эрх нь үлдсэн. Тохиролцооны гэрээ 2018 оны 09-р сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Гэрээнд 61,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд шүүхэд хандаж төлбөр гаргуулна гэсэн агуулга байхгүй. 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш мөнгө төлбөр төлөхгүй үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Индустр ХХК нь болон Н.Санжаагийн нарын хооронд байгуулсан Тохиролцооны гэрээ нь дүр үзүүлэн хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тухайн үед Ж.Н, Н.Санжаа нарын хооронд мөнгө, төгрөгийн маргаан үүссэн байсан. Н.Санжаа нь Ж.Нын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Соломон Инвестментс ББСБ ХХК-д барьцаалан зээл авсан. Уг зээлээ Н.Санжаа нь төлж чадаагүй тул барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө алдахгүйн тулд Н.Санжаагийн өмнөөс нэхэмжлэгч зээлийг төлсөн. Гэвч Н.Санжаа нь Индустр ХХК-аас Тохиролцооны гэрээ байгуулж өгөөч гэж гуйсны эцэст Индустр ХХК нь Н.Санжаагийн гуйлтын дагуу гэрээн дээр гарын үсэг зурсан. Тохиролцооны гэрээ-ний 2.7-т зааснаар алданги, хүүг Н.Санжаа төлөхөөр байгаа. Иймд 61,000,000 төгрөг болон түүнтэй холбоотой хүү шаардах эрхгүй ба уг нэхэмжлэлийн шаардлагыг Индустр ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Н.Санжаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоолын агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Индустр ХХК-аас нийт 96,380,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нт олгож, үлдсэн хариуцагч Н.Санжаад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Индустр ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Тохиролцооны гэрээ болон Захиалгаар орон сууц барих гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 639,850 төгрөгийг, хариуцагч Индустр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,080,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Индустр ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 639,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нт, хариуцагч Индустр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 176,900 төгрөгийг хариуцагч Индустр ХХК-аас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 4.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэж заасан гэжээ.

Талуудын хооронд байгуулсан гэх Тохиролцооны гэрээний 2.4-т Индустр ХХК нь Ж.Нд 61,000,000 төгрөгийг төлөх нөхцөл нь болзол биелэгдээгүй буюу төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгчид Захиалгаар орон сууц барих гэрээ-ний дагуу эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан. Гэвч Нэхэмжлэгч нь уг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, Захиалгаар орон сууц барих гэрээний үүргийг болзол гэж үзэж, буруу шийдвэрлэсэн. Учир нь 61,000,000 төгрөгийг төлөх нөхцөл нь болзол юм.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч нь Гэрээний 2-ын 3.7-д зааснаар хариуцагч Индустр ХХК-иас төлбөрийн үүргээ гүйцэтгэх шаардах эрхтэй байх ба хариуцагч Инсдстр ХХК нь тус гэрээгээр хариуцагч Н.Санжаагийн үүргийг шилжүүлэн авсан байх тул Н.Санжаад холбогдох хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй... гэжээ

Хариуцагч Н.Санжаа нь өөрийн үүргээ хариуцагч Индустр ХХК-д шилжүүлэн өгөөгүй. Н.Санжаа нь нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг Соломон инвестментс ББСБ-д барьцаанд тавьж 61,000,000 төгрөгөө хувьдаа захиран зарцуулсан. Мөн төлбөрөө төлөөгүйн улмаас Ж. Нямжав нь өмнөөс нь төлж барьцаанд тавьсан орон сууцаа өөрийн эзэмшилд шилжүүлж авсан. Ж.Н шаардах эрхээ хэрэгжүүлж, Н.Санжаагаас төлбөрөө нэхсэн. Уг асуудлаас үүдэн Н.Санжаа нь өр төлөх хугацаа авахын тулд Индустр ХХК захирлаар ажиллаж байсан Р.Бадамдоржоос гуйж, Тохиролцооны гэрээ-нд гарын үсэг зуруулж авсан байдаг. Иймд уг гэрээ нь дүр үзүүлэн хйисэн, хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Н.Санжаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо нь эвлэрэх санал илэрхийлж, Ж.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь урьдчилгаа төлбөр хийвэл эвлэрэх санал хүлээн авна гэсэн болзол тавьсан. Тухайн аман хэлцэлд хариуцагч Индустр ХХК нь оролцоогүй бөгөөд нэхэмжлэгч талд хариуцагч нь эвлэрэх саналд оролцохгүй гэдгээ илэрхийлсэнг хүлээн авснаар Н.Санжаа нь Индустр ХХК-нд Тохиролцооны гэрээ-ны дагуу үүргээ шилжүүлээгүй гэдэг нь нотлолгдож байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тухайд: 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч Н.Санжаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо нь нэхэмжлэгч талтай ярилцаж, тохиролцож, эвлэрэл байгуулъя гэж хүсэлт гаргасан ба хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэвч анхан шатны шүүх нь хариуцагч Н.Санжаагийн итгэмжлэгдсэн төлөөлөлгч Э.Золбоо, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Алимаа нарт хэргийн материалтыг танилцуулалгүйгээр 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлд хамаарч байна. Мөн хариуцагч Н.Санжаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоог оролцуулалгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 үндэслэлд хамаарч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг бол бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж хариуцагч тайлбарлаж байна. Гэтэл бодит байдал дээр тухайн үед Н.Санжаагийн өмнөөс нэхэмжлэгч төлбөр төлөхөд Н.Санжаа Индустр ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал гурав сууж байгаад 61,000,000 төгрөгийг төлчих, Н.Санжаа төлөхгүй бол Индустр ХХК нь төлнө. Орон сууц захиалгаар барих гэрээний дагуу орон сууц өгч болно, орон сууц өгч чадахгүй бол мөнгөө төлнө гэж харилцан тохиролцож, бүгдээрээ очиж тохиролцооны гэрээгээ нотариатаар батлуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тохиролцооны гэрээ захиалгаар орон сууц бариулах гэрээний дагуу гарын үсэг зурах эрхийг, эрх бүхий этгээдэд олгоод, хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаад тухайн үедээ харилцан тохиролцож байсан. Гэтэл өнөөдөр шүүх хургалдаанд дүр үзүүлж хийсэн хэлцэл гэх тайлбар өгсөн. Хэлцэлийг хоорондоо тохиролцоогүй үнэн бодитоороо нотариат ороод хийсэн. Н.Санжаа дүр үзүүлж хэлцэл хйсэн гэх тайлбар өгсөн. Н.Санжаа болон Индустр ХХК-ийн хооронд тухайн үед ямар харилцаа үүсэж бид нарыг итгэж үнэмшүүлээд гэрээнд гарын үсэг зуруулчихсан юм. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах үндэслэл болохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Тохирхоцооны гэрээнд Н.Санжаа зураагүй, Ж.Н зураагүй гэх тайлбарыг хариуцагч тал гаргадаг. Талуудын хооронд захиалгын гэрээ, тохиролцооны гэрээ байгуулагдсан, нотариатаар орсон талууд бүгд гарын үсэг зурсан талаар хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Төлбөрөө төлөхгүй бол захиалгаар орон сууц бариулах гэрээний дагуу нэн тэргүүнд шаардах ёстой гэдэг. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө бид нар холбогдоход захиалгаар орон сууц бариулах гэрээний дагуу орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлсэн гэсэн хариу өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны үеэр мөн өмгөөлөгч миний бие асуусан. Одоо энэ орон сууц хэний өмчлөлд байдаг юм бэ гэхээр бусдад шилжүүлсэн гэх тайлбар өгдөг. Нэгэнт бусдад шилжүүлчихсэн орон сууцыг бид захиалгаар орон сууц бариулах гэрээний дагуу авах боломжгүй бөгөөд тохиролцооны гэрээгээ харахаар аа орон сууц шилжүүлнэ, эсвэл мөнгөн хэлбэрээр төлбөрөө шаардана гэдэг учир бид гэрээнийхээ дагуу төлбөрөө шаардсан. Индустр ХХК-ийн өмгөөлөгч болон төлөөлөгч нар нь удаа дараа ярихдаа Индустр ХХК нь ямар ч үүрэг хүлээгээгүй гэдэг. Бид талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнийхээ дагуу гэрээний үүргээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эвлэрлийн гэрээний талаар анхан шатны шүүх хуралдааны үед яригдсан эвлэрлийн гэрээгээр Н.Санжаатай тохиролцоод байгаа учир Индустр ХХК нь энэ хэрэгт хамааралгүй болох нь нотлогдож байна гэх гомдол гаргасан. Тухайн үед Н.Санжаа миний үйлчлүүлэгчид хандан төлбөрийг төлье гэсэн. Яг эвлэрлийн шатанд хэн төлөхөөс үл хамаараад мөнгөө авъя гэх хүсэл зорилго байгаа, хоёр настай хүн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бол удааширсан. Хуралдааны яг өмнөх хуралдаан дээр манайх таван хуудас баримт гаргаж өгсөн, өөрсдөө гаргаж өгсөн учраас манайх заавал танилцаад байх шаардлагагүй. Харин тухайн үед Н.Санжаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо баримтуудтай танилцъя, хугацаа авъя гэх үндэслэлээр хурал хойшлуулсан уччир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Индустр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч Ж.Н хариуцагч Индустр ХХК, Н.Санжаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 96,380,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Тохиролцооны гэрээ, мөн өдрийн Захиалгаар орон сууц барих гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

2.а Соломон Инвестментс ББСБ ХХК болон Н.Санжаа, Ж.Н нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ж.Н нь Н.Санжаагийн уг компанид төлбөл зохих 61,000,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлөхөөр тохиролцож, гэрээнд Н.Санжаа, Соломон Инвестментс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Билгүүн, Ж.Н нар гарын үсэг зурсан. /Хх 18/

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Н.Санжаа, Индустр ХХК болон Ж.Н нарын хооронд Тохиролцооны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Н.Санжаагаас Ж.Нт төлбөл зохих 61,000,000 төгрөгийг Индустр ХХК төлөхөөр тохиролцсон. Уг гэрээнд Н.Санжаа, Индустр ХХК-ийг төлөөлөн 100 хувийн хувьцаа эзэмшигч Р.Бадамдорж, Ж.Н нар гарын үсэг зурсан. /Хх 6/

Ж.Н нь Н.Санжаагийн Соломон инвестментс ББСБ ХХК-д төлөх төлбөр болох 61,000,000 төгрөгийн төлөх үүргийг барьцаалуулагчийн хувиар төлсөн талаар зааж, уг төлбөрийг хүүгийн хамт буцаан Ж.Нт төлөх үүргээ Н.Санжаа биелүүлээгүй тохиолдолд Индустр ХХК уг үүргийг өөртөө шилжүүлэн авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээ байгуулагдсан.

2.б. Дээрх гэрээг талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 196.1.2-т зааснаар бичгээр гэрээ байгуулан, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар агуулгаа чөлөөтэй тодорхойлсон байна. Эдгээр гэрээний агуулга хууль болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчөөгүй, талуудын бодит хүсэл илэрхийлэл болж тусгагдсан тул эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

2.а. Хариуцагч Н.Санжаа нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дээрх Тохиролцооны гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний заасан хугацаанд гүйцэтгээгүй учраас хариуцагч Индустр ХХК-д гэрээгээр тохиролцсон ёсоор Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд 124.1 дэх хэсэгт заасны дагуу Ж.Нт төлөх 61,000,000 төгрөгийг төлөх үүрэг шилжсэн байна. Энэхүү гэрээний агуулга мөн өдөр байгуулагдсан Индустр ХХК болон Ж.Н нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээнд мөн тусгагдсан байна.

 

3.б. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэж нэрлэгдсэн гэрээгээр 61,000,000 төгрөгийг хариуцагч Н.Санжаа төлөөгүй нөхцөлд нэхэмжлэгч Ж.Нт гэрээнд заасан орон сууцыг шаардах эрхээ үүсэхээр, хариуцагч Индустр ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх, гэрчилгээг гаргаж өгсөн тохиолдолд Ж.Н нь 31,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Энэхүү хэлцлийн агуулгын талаар талууд бичгээр баримт үйлдэн гарын үсэг зурсан, хууль зөрчөөгүй тул хүчин төгөлдөр хэлцэл болно. Уг хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

3.б. Дээрх гэрээнд нэг тал орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх, нөгөө тал тодорхой төлбөр төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсгэсэн байна.

 

4.а. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2 дахь хэсэгт зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол өмнөх гэрээний үүрэг дуусгавар болох учиртай. Иймд Индустр компанийн хувьд Тохиролцооны гэрээгээр хүлээсэн 61,000,000 төгрөг, түүнд хүү төлөх үүрэг дуусгавар болж, худалдах худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх үүрэг үүссэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.Нын өмнө 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Тохиролцооны гэрээгээр хариуцагч Индустр ХХК-ийн хүлээсэн үүрэг, мөн өдрийн Орон сууц захиалан бариулах гэсэн нэртэй худалдах, худалдах авах гэрээний үүргээр солигдсон байна.

 

Дээрх үүргийн харилцааг анхан шатны шүүх нэрлэгдээгүй гэрээ гэж үзэхдээ хууль буруу хэрэглэсэн байгааг залруулах шаардлагатай.

4.б. Нэхэмжлэгч Ж.Н нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243..1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардах эрх үүссэн байна. Орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүсэх үр дагаврын талаар талууд гэрээний 3.4-т Гүйцэтгэгч 2018 оны 09 дүгээр сарын 25-ны дотор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гаргуулан авахад шаардлагатай баримт бичгийг хүлээлгэн өгөөгүй бол захиалагчийн төлсөн 61,000,000 төгрөгийг хуанлийн 3 өдрийн дотор бүрэн буцаан төлөхийг захиалагч шаардах эрхтэй гэж заажээ. Талууд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээнээс татгалзах, түүнээс үүсэх үр дагаврыг гэрээнд тодорхой заасан байна.

Хариуцагч Индустр ХХК нь гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.Нт орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Индустр ХХК-аас 61,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч Ж.Н нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар 61,000,000 төгрөгийг хариуцагч компаниас шаардах эрхтэй.

5. Анхан шатны шүүх гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой алданги гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн анзын агуулгыг тодорхойлсон заалтыг буруу хэрэглэсэн байгааг залруулах шаардлагатай байна.

5.а. Талуудын хооронд байгуулагдсан захиалгаар орон сууц барих гэрээний 4.7-д орон сууцны нийт үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх-өөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох агуулгад нийцэхгүй байна. Хууль зөрчсөн анзын тохиролцоог үндэслэн алданги гаргуулах боломжгүй тул 30,500,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шатгаангүй ирээгүй байна. /хх 139-140/ Анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцнэ. Энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/00526 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Индустр ХХК-аас 61,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,380,000 төгрөгт холбогдох хэсэг болонхариуцагч Н.Санжаад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын 639,850 гэснийг 462,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 639,850 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

  

Д.БЯМБАСҮРЭН