Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/00625

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “ХХ” ХХК/ /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “КИ ББСБ” ХХК/РД:/,

 

Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов. “КИ ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалагийн эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““ХХ” ХХК /РД: 2098636/, “Субутийн гэгээ” ХХК /РД: 5441226/-ийн гүйцэтгэх захирал нь Ц.Жигжиддорж бөгөөд иргэн Т.Чинбат гэх хүнээр зуучлуулан “КИББСБ” ХХК-иас 3 ширхэг автомашин худалдан авсан юм.

Ингэхдээ Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москвагийн гудамж, 47 дугаар байрны 136 тоот 61 м.кв орон сууц, мөн тус байрны 147 тоот 72 м.кв орон сууц, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 202 дугаар байрны 136 тоот 56.21 м.кв орон сууцуудыг /нийт 3 орон сууц/ “КИББСБ” ХХК /РД: 5399912/-ийн захирлаар ажиллаж байсан Сүхбаатарын Оюун /РД: ЧИ75111861/-ны өмчлөлд шилжүүлсэн.

Гэтэл “КИББСБ” ХХК нь иргэн Т.Чинбаттай хуйвалдан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москвагийн гудамж, 47 дугаар байрны байрны 147 тоот 72 м.кв орон сууцыг аваагүй мэтээр нуун дарагдуулж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийг болон манай компанийг төөрөгдүүлэн хууран мэхэлж, хуульд заасан “үнэн зөв тайлбар, мэдүүлэг гаргах” үүргээ биелүүлээгүйгээс болж, манай компани 150.000.000 төгрөгийг “КИББСБ” ХХК-д төлөхөөр болсон.

Тодруулбал, Тухайн үед буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Чинбат нь Монгол Улсад байхгүй байсан тул шүүх нөхцөл байдлыг тодруулж, тайлбар, мэдүүлэг авч чадаагүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамжаар “Ханхур ходинг” ХХК-аас 150.000.000 төгрөг гаргуулж, “КИББСБ” ХХК-д олгохоор болсон тул гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байдаг.

Мөн тус компаниудын зүгээс дээрх асуудалтай холбоотой Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Үндэслэлгүй хөрөнгөжсөн тул Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/ Москвагийн гудамж, 47 дугаар байрны байрны 147 тоот 72 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эсхүл 118.000.000 төгрөгийг “КИББСБ” ХХК-аас гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжпэл гаргасан.

Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02097 дугаар шийдвэрээр хариуцагч С.Оюунаас 118.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХХ” ХХК, “Субутийн гэгээ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Саяболд дээрх асуудлыг мэдсээр байж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, манай компанийн авах авлагатай холбоотой 650.000.000 төгрөгийн шийдвэрийг 2015 оноос огт биелүүлэхгүй, зориуд хэрэгжүүлэхгүй байж “Кингдом инвест” ХХК-д давуу байдал бий болгон 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 8/40 дүгээр тогтоолыг гэнэт гарган албадан дуудлага худалдааг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар болж, хуульд зааснаар тус тогтоолд гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүй, төлбөр төлөгчийн эрхийг хязгаарласан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна" гээд 12.2.8-д тогтоолд гомдол гаргах журам, хугацааг заавал заахаар хуульчилжээ.

Үүнээс үзэхэд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 8/40 дүгээр тогтоол нь гомдол гаргах журам хугацаа зэргийг заагаагүй, төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчсөн.

Энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа процессын хувьд алдаатай явагдаж байгаа бөгөөд 8/40 дүгээр тогтоолд дурдсанаар энэхүү дуудлага худалдаа нь анхны дуудлага худалдаа юм бол тухайн эд хөрөнгийг заавал үнэлэх ёстой. Үнэлгээний талаар гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар дахин үнэлгээ тогтоолгох эрх төлбөр төлөгчид байсаар байхад энэ эрхийг эдлүүлээгүй.

Түүнчлэн, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдэлнэ” гэсэн эрхийг мөн эдлүүлэлгүй, хууль бусаар хязгаарласан.

Иймээс бидний зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Гомдлыг хариуг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Иргэн, хуулийн этгээдийг энэ мэтээр хохироогоод яваад байгаа зүйлийг шүүх хууль хэрэглэж зөв замд оруулах нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөч ээ. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн анхны дуудлага худалдаа явагдаад дуусгавар болсон.

Иймд Сүхбаатар дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 8/40 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Н газар шүүх гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Хан Хур холдинг ХХК-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамжаар ХХ ХХК-иас 150.453.975 төгрөгийг гаргуулж, КИББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

ХХ ХХК /РД:2098636/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 2201034774 дугаарт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт /18101/, Москвагийн гудамж 486 байрны нэг давхарт байрлах 16 тоот хаягт байрлах, 167.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдпөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гүйцэтгэх хуудас бичигдэж ирэхдээ 3 машин худалдаж авах гэрээнд 2 байр өгөөд үлдэгдэл 140,000,000 төгрөгт гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн. Дуудлага худалдаанд ороод байгаа барьцаа хөрөнгө болоод манай дээр гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн байдаг. Үүний дагуу ажиллагаа явагдсан. Хоорондоо байр өгөлцөж, авалцаж авсан гэж яриад байна. Энэ бол манайд холбогдолгүй. Мөн үнэлгээтэй холбоотой гомдлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаад 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээд манай талд гарсан. 3 шатны шүүхээр явсны дараа манайх анхны дуудлага худалдааг бүртгүүлсэн. Тухайн үед мэдэгдээд явсан. Мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгч байсан” гэв.

 

Шүүгч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2021 оны 08 сарын 06-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас иргэн Э.Энхрийцэцэгт гомдолд хариу өгөх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8/40 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02097 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан Шийдвэр гүйцэтгэлийн №18280293 хувийн хэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 02 дугаар сары 07-ны өдрийн 181/ГХ2017/00193 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №18280293/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 сарын 18-ны өдрийн №18280293/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 4/923 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 сарын 19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4/1748 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.Идэрчулуунд хүргүүлсэн 4/1748 тоот албан бичгийн хариуны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 01 сарын 14-ний өдрийн 04/2019 тоот Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд үнийн санал хүргүүлсэн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны ХХ ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201034774 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн ХХ ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201034774 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4/3114 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02097 дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2020/00554 дугаар тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 07 дугаар 20-ны өдрийн 8/40 дугаар Анхны албадан дуудлага явуулах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4-226/13019 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4-226/15082 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 08 дугаар 17-ны өдрийн 9/22 дугаар Хоёр дахь албадан дуудлага явуулах тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК хариуцагч Н газарт холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 08/40 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаарХХХХК-иас 150,000,000(нэг зуун тавин сая) төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 453,975(дөрвөн зуун тавин гурван мянга есөн зуун далан тав) төгрөгийг гаргуулан КИББСБ” ХХКолгохоор шийдвэрлэж, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 181/ГХ2017/00193 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон болох нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, 181/ГХ2017/00193 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх ... шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.”, 44.2.8-д “гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн ... бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах ...” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 1Б тоот, 167.8 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 5 дугаар сарын 08-ний өдөр битүүмжлэн, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хураасан болох нь 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 18280293/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын болон 18280293/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө;” гэж заасан.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон төлбөр авагч нар нь 1Б тоот, 167.8 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тохиролцоогүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн албан бичгийн хуулбар, “КИББСБ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн № 04/2019 албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шинжээчээр “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг томилж, шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь 1Б тоот, 167.8 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 281,904,000(хоёр зуун наян нэгэн сая есөн зуун дөрвөн мянга) төгрөгөөр үнэлсэн болох нь 2019 оны Үнэлгээний тайлангийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02098 дугаар шийдвэрийн болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 31 дугаар магадлалын хуулбар, Улсын Дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 00554 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нь 1Б тоот, 167.8 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 281,904,000(хоёр зуун наян нэгэн сая есөн зуун дөрвөн мянга) төгрөгөөр үнэлсэн үнэлгээний 70(дал) хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны тогтоолыг хүчингүй болголгүй хууль зөрчиж, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр анхны албадан дуудлага худалаагаар худалдан борлуулах тогтоол дахин гаргасан гэж маргаж байна.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дараахь мэдээллийг тусгана:” гэж заасан.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч нь 1Б тоот, 167.8 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 281,904,000(хоёр зуун наян нэгэн сая есөн зуун дөрвөн мянга) төгрөгөөр үнэлсэн үнэлгээний 70(дал) хувиар тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 8/40 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргажээ.

 

          Хариуцагч нь 2019 онд Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргасны дараа нэхэмжлэгч нь иргэний хэргийн шүүхэд хандсанаар анхны албадан дуудлага худалдаа явагдах боломжгүй болж тус тогтоол нь хууль зүйн үр дагавар үүсгээгүй байх тул хариуцагч нь уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан эрхээ эдлэх боломжоор хангаагүй гэж маргаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно.” гэж заасан.

 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 1Б тоот, 167.8 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон болохоо нотолж, хариуцагчид дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

          Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин үнэлгээ тогтоолгох  тухай хүсэлт гаргаж байгаагүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн № 01/1704 Гомдлын хариу албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

         

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 08/40 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

          Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 08/40 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 08/40 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ