Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01117

 

 

 

..... ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/00625 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ..... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, түүний өмгөөлөгч О.Чулуунбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ононтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

..... ХХК-ийн захирал ..... нь ............ зуучлуулан ............. ББСБ ХХК-аас 3 ширхэг автомашин худалдан авч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 47 дугаар байр, 136 тоот 61 м.кв орон сууц, мөн тус байрны 147 тоот 72 м.кв орон сууц, тус дүүргийн 4 дүгээр хороо, 202 дугаар байрны 136 тоот 72 м.кв орон сууцыг ............. ББСБ ХХК-ийн захирал С.Оюуны өмчлөлд шилжүүлэн өгсөн. Гэтэл ............. ББСБ ХХК болон Т.Чинбат нар хуйвалдаж Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 47 дугаар байрны 147 тоот 72 м.кв орон сууцыг аваагүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамжаар ..... ХХК-аас 150,000,000 төгрөг гаргуулж, ............. ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Тухайн үед Т.Чинбат Монгол улсад байхгүй тул шүүх нөхцөл байдлыг тодруулж тайлбар, мэдүүлэг авч чадаагүй.

............. ББСБ ХХК-аас Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 47 дугаар байр, 147 тоот 72 м.кв орон сууц эсхүл 118,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02097 дугаар шийдвэрээр хариуцагч С.Оюунаас 118,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ..... холдинг ХХК, Субутийн гэгээ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар энэ үйл баримтыг мэдсээр байж 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 8/40 дугаар тогтоолоор гэнэт гарган албадан дуудлага худалдааг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Уг тогтоол гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна" гэж, мөн зүйлийн 12.2.8-д тогтоолд гомдол гаргах журам, хугацааг заавал заахаар хуульчилсан.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа алдаатай явагдаж байгаа бөгөөд 8/40 дугаар тогтоолд дурдсанаар анхны дуудлага худалдаа юм бол тухайн эд хөрөнгийг заавал үнэлэх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч дахин үнэлгээ тогтоолгох эрх байхад энэ эрхийг эдлүүлээгүй. Түүнчлэн, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг албадан худалдан борлуулах ажиллагааны явцад өөрийн хөрөнгийг бие даан худалдах эрх эдэлнэ гэснийг эдлүүлээгүй. Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Гомдлыг хариуг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 8/40 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамжаар ..... ХХК-аас 150,453,975 төгрөгийг гаргуулж, ............. ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт /18101/, Москвагийн гудамж 486 байрны нэг давхарт байрлах ..... ХХК-ийн өмчлөлийн 16 тоот хаягт байрлах, 167.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдпөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээ тогтоосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. 3 автомашин худалдаж авах гэрээнд 2 байр өгөөд үлдэгдэл 140,000,000 төгрөгт гүйцэтгэх хуудас бичигдсэн. Дуудлага худалдаанд орсон орон сууц нь гүйцэтгэх хуудаст бичигдсэн. Мөн үнэлгээтэй холбоотой гомдлыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж улмаар 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ..... ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 8/40 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ..... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэг авагдсан баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж, мөн хуулийн 12.2.8-д тогтоолд гомдол гаргах журам хугацаа-г заана гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Мөн хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн талаар дурдсан. Гэтэл энэ талаар дүгнэлт хийгээгүй. 8/40 дугаар тогтоолд дурдсанаар анхны дуудлага худалдаа гэж ойлгогдохоор байгаа. Анхны дуудлага худалдааны тогтоол хүчин төгөлдөр талаар дүгнэлт хийгээгүй. Үнэлгээ тогтоохоос эхлэж дуудлага худалдааны тогтоол гарах хүртэл хууль зөрчсөн. Үнэлгээний компани орон сууцыг үзэлгүй хийсвэрээр үнэлгээ гаргасан.

Шийдвэр гүйцэтгэгч нь манай компанийн авах ёстой 650,000,000 төгрөгт шийдвэр гүйцэтгэх ажилллагааг явуулаагүй атлаа манай компанийн төлөх төлбөрийг гүйцэтгэх ажиллагаанд хууль зөрчиж биелүүлж байна. Үнэлгээ хийх талаар мэдэгдээгүйгээс албадан дуудлага худалдааг хийхээр тогтоол гаргасан. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан нотлох баримтад дүгнэлт хийгээгүй. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үзлэг хийх зэргээр хөтөлбөргүй тогтоох байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан эрхийг төлбөр төлөгч, төлбөр авагчид тайлбарлаж өгөх ёстой байсан. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж, эсхүл шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудаст 2 орон сууцыг шилжүүлэн өгсөн, үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар бичсэн байсан. Тухайн орон сууцны маргаан 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдээд, анхан шатны шүүхэд буцаасан нь манай байгууллагад хамааралгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй. Мөн үнэлгээнд өөрчлөлт орсон гэх нотлох баримт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч ..... ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 8/40 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

1.б. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамжаар ..... ХХК нь 150,000,000 төгрөгийг ............. ББСБ ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталсан ба уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг. (хх-ийн 14-15)

 

Төлбөр төлөгч ..... ХХК нь дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ГХ2017/00193 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. (хх-ийн 28)

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, Толгойт (18101), Москвагийн гудамж 48б байр, 1б тоот хаягт байрлах 167,8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 18280293/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 18280293/02 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. (хх-ийн 32-37)

 

1.г. Мөн хариуцагч байгууллага 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдэлээр талуудаас төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд төлбөр төлөгч 1 м.кв-ыг 3,000,000 төгрөгөөр тооцож нийт 503,400,000 төгрөг үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй гэж үзнэ. (хх-ийн 38-45) Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаар тогтоолоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч уг үл хөдлөх эд хөрөнгийг 281,904,000 төгрөгөөр үнэлсэн байна. (хх-ийн 46-73)

 

Төлбөр төлөгч ..... ХХК дээрх үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/02098 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. (хх-ийн 79-91) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй заасан тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ... үнэлгээ тогтоохдоо хууль зөрчсөн, шинжээч тухайн үл хөдлөх хөрөнгийг үзэлгүй дүгнэлт гаргасан... гэх гомдол үндэслэлгүй байна.

 

1.д. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/40 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт 00 минутад анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.8-т Тогтоолд гомдол гаргах журам, хугацааг заана гэж зохицуулжээ.

 

Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж ... төлбөр төлөгчид өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах эрх олгоогүй, хязгаарласан... гэсэн агуулгатай гомдол гаргаж улмаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01/1704 дугаар албан бичгээр албадан дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хууль зөрчөөгүй гэсэн хариу өгснөөс дүгнэвэл, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/40 дугаар тогтоолд гомдол гаргах журам, хугацааг заагаагүй хэдий ч төлбөр төлөгч нь гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй. (хх-ийн 7)

 

1.е. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өөрчлөгдсөн гэх үндэслэлээр дахин үнэлгээ тогтоолгох талаар хүсэлт гаргасан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө худалдах талаар санал, хүсэлт гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/00625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ