Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/03401

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2021/03401

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг * тоотод оршин суух М овогт Балжиннямын Э /РД: ХК64072112 /

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж-3 өөрийн байр Н Ш Ш Г

Үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э

                                   хариуцагчийн төлөөлөгч С.Б

                                нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Эрдэнэбаяр 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 4-144|18693 дугаартай “Үнэлгээний мэдэгдэл, тайлан хүргүүлэх тухай” албан бичгээрээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 978 дугаар захирамжаар “Э Т ” ХХК-иас 120,808,824 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр төлбөр төлөгч “Э Т ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хувь иргэн Б.Э миний “эд хөрөнгө” ч биш тусгай зөвшөөрөл ч биш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт ч нэрлэн заагааагүй гэр бүлийн хэрэгцээний эзэмшил газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар үнэлгээ хийсэн тухайгаа 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэж уг албан бичгээ гардуулж өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу ийнхүү шүүхэд хандаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид “дуудлага худалдаа” гэх/-гаар худалдан борлуулна.” гэж заасан бол харин Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж заасан нь шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч биш миний болоод миний гэр бүлийн гишүүдийн газар эзэмших эрхийг зөрчсөн хэрэг гэж үзэж байна. Баянгол дүүргийн тойргийн шийдвэр гүйцэтгэгчдийн даалгараа үнэлгээ хийгээд байгаа Толден пэйж аудит” ХХК ч дээрх хуулийн заалтуудыг зөрчиж гэрийн бүлийн хэрэгцээнд эзэмшүүлсэн төрийн өмчийн газарт үнэлгээ хийхдээ төрөөс газраас үнэлдэг үнэлгээнээс хэт доогуур үнэлж 8,110,960 төгрөгөөр үнэлгээ тогтоосон нь ч Н Ш Ш Г түүнийг алдбадан дуудлага худалдаанд оруулах талаараа ч мэдэгдэж байгаа нь ч аль аль нь хууль зөрчсөн хэрэг болж байна. Иймд Иргэн Б.Эын эзэмшлийн нэгж талбарын 1501010194 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-4 дугаар гудамжны 48 тоот хаягт байрлах 694 м.кв иргэний зориулалттай газрын үнэлгээг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжпэлийг гаргаж байгааг маань хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Б шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дэслэгч С.Б би тус газарт хандан гаргасан Б.Эын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 978 дугаар захирамжаар “Э Т " ХХК-иас 120,808,824 төгрөгийг гаргуулж “М” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “Э Т  ХХК”-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үүсгэсэн бөгөөд төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх удирдлага Балжиннямын Эад 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эрх үүрэг танилцуулж, эд хөрөнгийн мэдүүлэг авахад эд хөрөнгө байхгүй, гадаадын хөрөнгө оруулалт орж ирвэл төлбөрөө төлнө гэх тайлбар өгсөн тул 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлбөр төлөх хугацаа тогтоосон боловч төлбөрийг төлж барагдуулаагүй төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 18290702/01 дугаар тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд данс эзэмшсэн бүртгэл авагдаагүй тул хариу ирүүлсэн. Төлбөр төлөгч “Э Т  ХХК”-ийн захирал Б.Этай 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр биечлэн уулзаж, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлбөр төлөх хугацаатай мэдэгдлийг дахин өгч, төлбөр төлөх баталгаа гаргуулан авч, тайлбар авахад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээр төлбөр төлнө гэсэн боловч төлбөрийн 120,988,824 төгрөгийг төлж барагдуулаагүй. Төлбөр төлөгч “Э Т  ХХК” нь 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулаагүй болохыг Баянгол дүүргийн татварын хэлтсээс тодруулж, эзэмшил өмчлөлд бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэхийг тодруулсан боловч хөрөнгө бүртгэгдсэн мэдээлэл авагдаагүй. 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 4-144/29010 дугаар мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлмйн 9.3-д зааснаар төлбөр төлөх хугацаа тогтоож мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөр төлөөгүй. Хувьцаа эзэмшигч Б.Этай 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр биечлэн уулзахад компанийн үйл ажиллагаа зогссон, 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, оффис байхгүй, гадаадын хөрөнгө оруулалт орж ирээгүй ирээгүй байна, Англи улсын Маримба финанс компаниас хөрөнгө оруулалт орж ирэх ёстой гэх тайлбар ирүүлж, хувьцаа эзэмшигч Б.Э дуудсан цагт ирж уулзах, тайлбар өгөх, баталгаа гаргах зэргээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, төлбөрийг төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зааснаар “...Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн уүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ..." гэж заасан. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д зааснаар “...Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ...” мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар “...Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна... ” гэж заажээ. Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар “Компанийн тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 14 дүгээр хэсэгт заахдаа “...Мөн зүйлийн 9.5-д заасан “компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэдэг нь компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно...” гэж тайлбарласан байдаг. Баянгол дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтэс рүү төлбөр төлөгч “Э Т ” ХХК-ийг бизнесийн үйл ажиллагаа явуулж тайлан өгдөг эсэх, мөн компанид хөрөнгө оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдсан талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тодруулахаар 2021 оны 4-144/17577 дугаар албан бичгийг хүргүүлэхэд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас төлбөр төлөгч “Э Т " ХХК-ийн хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэх нь тодорхойгүй 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг 2021 оны 2/1937 дугаар албан бичгээр ирүүлсэн. Үүнээс үзэхэд хувьцаа эзэмшигч Б.Эын компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглаагүй учир компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрт зааснаас үл хамаарч тогтоолд дурьдсан төлбөр төлөгч “Э Т ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Балжиннямын Э нь өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааны хэмжээгээр төлбөр төлөх хариуцлага хүлээж, төлбөр төлөгчийн нэгэн адил шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй. Төлбөр төлөгч “Э Т ” ХХК /РД:*/-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Балжиннямын Э /ХК64072112/-ын эзэмшлийн нэгж талбарын *дугаарт /шинэ олгогдсон дугаар 1501010194/ бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-4 дугаар гудамжны 48 тоот хаягт байрлах 694 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай хоосон газрыг 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 18290702-144/02 дугаар топгоолоор битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу хугацаа тогтоож, тогтоолуудын нэг хувийг хэсгийн ахлагч Д.Нарантуяад танилцуулж, гарын үсэг зуруулан энэ тухай тэмдэглэлд тусгасан. 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хувьцаа эзэмшигч Б.Этай биечлэн уулзаж тайлбар авахад төлбөр төлөгч “Э Т ” ХХК-ийн 15 сая төгрөгийн төлбөрт тооцон эзэмшлийн газраа өгөх саналыг гаргасан. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хөндлөнгийн 2 гэрчээр Галданжамцын Доржпалам /ГЭ63092514/, Нянгарын Доржпалам /ХД74060514/ нарт эрх, үүргийг тайлбарлан эзэмшигч Б.Эыг байлцуулан 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 18290702-144/03 дугаар тогтоолоор хурааж тогтоолын нэг хувийг төлбөр төлөгч эзэмшигч Б.Эад хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дйгуу төлбөр төлөгч “Э Т ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эаас үнийн санал авахад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-4 дугаар гудамжны 48 тоот хаягт байрлах 694 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай хоосон газраа 15 сая төгрөгөөр үнэлсэн тухай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр гарган ирүүлсэнийг төлбөр авагч “М” ХХК 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1/39 дугаар албан бичгээр төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эын өгсөн үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул тус газраас 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9/242 тоот тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний “Голден пэйж аудит” ХХК-иар. тогтоолгоход газрыг 8,110,960 төгрөгөөр үнэлсэн тухай үнэлгээний мэдэгдлийг хувьцаа эзэмшигч Б.Эад 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4-144/18693 дугаар мэдэгдлээр биечлэн танилцуулж, ар өвөргүй хэвлэсэн үнэлгээний тайлангийн хуулбарыг 14 цаг 38 минутанд гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр авагч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Тулга тус өдөр ирэх боломжгүй гэдгээ утсаар холбогдон илэрхийлсэн тул 8 хуудас үнэлгээний тайлангийн хуулбарыг 4-144/18694 дугаар мэдэгдлийн хамт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хуулийн үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг *тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн үнэлгээг “тухайн газар нь төлбөр төлөгч “Э Т ” ХХК-ийн өмчид бүртгэлгүй, уг компанийн хувьцаа эзэмшигчийн гэр бүлийн хэрэгцээний газрыг үнэлсэн нь нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн газар эзэмших эрхийг зөрчсөн, төрөөс газар үнэлдэг үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгох шаардлага гаргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/00978 дугаар захирамжаар “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 120,430,834 төгрөгийг “Э Т ” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Дээрх захирамжийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүйгээс Н Ш Ш Г нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч “Э Х” ХХК-ийн банк дахь дансны зарлагын гүйлгээг төлбөрийн хэмжээгээр битүүмжлэх, хөрөнгө олж тогтоох ажиллагааг явуулсан байх ба тухайн компанийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй хөрөнгө тогтоогдоогүй байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөр төлөгч нь “хөрөнгө оруулалт орж ирэхээр төлнө” гэсэн тайлбар гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй 3 жилийн хугацаа өнгөрсөн үйл баримт тогтоогджээ. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг үндэслэн төлбөр төлөгч “Эгц хайрхан” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эын эзэмших эрхэд бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг *тоотод байршилтай 694 м2 талбай бүхий газрыг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон байх ба тухайн хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс битүүмжилсэн эд хөрөнгийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хураан авсан байна.

 

Тогтоосон хугацаанд төлбөр төлөгч үүргээ гүйцэтгээгүйгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ...70 хувиар тооцон тогтооно” гэж заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгчээс үнийн санал авсан байх ба уг саналыг төлбөр авагч “М” ХХК зөвшөөрөөгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилжээ.

 

Тухайн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагчид даалгах тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө.”, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно”, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна”, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасан “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасантай нийцсэн, хуульд заасан журам зөрчөөгүй байна.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг “компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно. Төлбөр төлөгч “Эгц хайрхан” ХХК болон хувьцаа эзэмшигч Б.Эын хөрөнгийг олж тогтоох зорилгоор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар цугласан нотлох баримтуудаас үзвэл Б.Эын эзэмших эрхэд бүртгэлтэй газар эзэмших эрхийг төлбөр төлөгчийн эд хөрөнгөд тооцох үндэслэлтэй бөгөөд уг хөрөнгийг битүүмжилж, хураан авсан ажиллагаа хуульд нийцсэн байна. Мөн хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгийг битүүмжилж, хураан авсан ажиллагааны талаар гомдол гаргаагүйг тухайн ажиллагаануудыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор тогтоосон газрын суурь үнэлгээ нь төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөх төлбөрийг тогтооход хамааралтай бөгөөд худалдан борлуулах зорилгоор хийгдэж буй зах зээлийн үнэлгээ тогтооход хамааралгүй. Зах зээлийн жишиг үнийн хандлага гэдэг нь ижил төстэй хөрөнгийн борлуулалт ба холбогдох зах зээлийн өгөгдлийг харгалзан үзэж харьцуулалт хийж тухайн цаг үед нээлттэй зах зээл дээр хөрөнгийг худалдаж авах, борлуулах бодит үнийг тогтоодог байна. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч нь үнэлгээ тогтоох газрын байдалтай танилцаж, үнэлгээний зорилгод /зах зээлийн үнэ тогтоох/ нийцүүлж, тухайн газартай ойролцоо байршил бүхий хөрөнгүүдтэй харьцуулж зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлгээг тогтоосон байна. Иймд эзэмших эрх бүхий газрын үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ.

 

Иймд Чингэлтэй дүүрэг *тоотод байршилтай 694 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрх бүхий газрын үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Чингэлтэй дүүрэг *тоотод байршилтай, нэгж талбарын * дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрх бүхий газрын үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА