Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00379

 

 

 

 

 

         2022         03         04                                              379

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03401 дугаар шийдвэртэй,

Б.Э-ын нэхэмжлэлтэй,

НШШГГт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 978 дугаар захирамжаар “Э” ХХК-аас 120,808,824 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ төлбөр төлөгч “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хувь иргэн Б.Э- миний эд хөрөнгө ч биш, тусгай зөвшөөрөл ч биш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт ч нэрлэн заагаагүй гэр бүлийн хэрэгцээний эзэмшил газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар үнэлгээ хийжээ. Миний болон гэр бүлийн гишүүдийн газар эзэмших эрхийг зөрчиж гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлсэн газарт үнэлгээ хийхдээ төрөөс газрыг үнэлдэг үнэлгээнээс хэт доогуур 8,110,960 төгрөгөөр үнэлгээ тогтоосон нь хууль зөрчиж байна.

Иймд иргэн Б.Э-ын эзэмшлийн, нэгж талбарын 1501010194 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-4 дугаар гудамжны ... тоот хаягт байрлах 694 м.кв иргэний ахуйн зориулалттай газрын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 978 дугаар захирамжаар “Э” ХХК-аас 120,808,824 төгрөгийг гаргуулж, “Монтул” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага Б.Э-ад 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эрх, үүрэг танилцуулсан, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр биечлэн уулзаж, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлбөр төлөх хугацаатай тус тус мэдэгдлийг өгсөн, арилжааны банкуудад хүргүүлэхэд дансанд ажиллагаа хийлгүүлэх тогтоол явуулсан, төлбөр төлөгч Б.Э-ын арилжааны банкуудад данс эзэмшдэггүй, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар улсын бүртгэлд бүртгээгүй.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэг, Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Компанийн тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 27 дугаар тогтоолын 14 дүгээр хэсэгт зааснаар ажиллагаа явуулахад Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас төлбөр төлөгч “Э” ХХК-ийн хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэх нь тодорхойгүй, 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг 2021 оны 2/1937 тоот албан бичгээр ирүүлсэн. Үүнээс үзэхэд хувьцаа эзэмшигч Б.Э-ын компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглаагүй учир компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Б.Э- нь өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааны хэмжээгээр төлбөр төлөх хариуцлага хүлээж, төлбөр төлөгчийн нэгэн адил шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй. Түүний эзэмшлийн нэгж талбарын 18639318256534 дугаарт /шинэ олгогдсон дугаар 1501010194/ бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-4 дугаар гудамжны ... тоот хаягт байрлах 694 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай хоосон газрыг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 18290702-144/02 тогтоолоор битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Б.Э- төлбөр төлөгч “Э” ХХК-ийн 15,000,000 төгрөгийн төлбөрт тооцон эзэмшлийн газраа өгөх саналыг гаргасан. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18290702-144/03 дугаар тогтоолоор газар эзэмших эрхийг хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Э-аас үнийн санал авахад 15,000,000 төгрөгийн саналыг 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр ирүүлснийг төлбөр авагч “Монтул” ХХК уг үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн. Тус газраас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9/242 тоот тогтоолоор томилогдсон шинжээч “Голден пэйж аудит” ХХК нь уг газар эзэмших эрхийг 8,110,960 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг Б.Э-ад 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр биечлэн танилцуулж үнэлгээний тайланг гардуулан өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хуулийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо Сурагчийн 49-4 дугаар гудамжны ... тоотод байршилтай, нэгж талбарын 18639318256534 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эзэмших эрх бүхий газрын үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Балжиннямын Энхбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа/цаашид “дуудлага худалдаа” гэх/-гаар худалдан борлуулна” гэснийг зөрчиж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 978 дугаар захирамжаар “Э” ХХК-аас 120,808,824 төгрөг гаргуулж “Монтул” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр иргэн Б.Э- миний үл хөдлөх эд хөрөнгө ч биш, тусгай зөвшөөрөл ч биш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт ч нэрлэн заагаагүй төрийн өмч бөгөөд гэр бүлийн хэрэгцээний эзэмшил газрыг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар үнэлгээ хийлгэсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль бус үйлдлийг зөвтгөсөн нь энэхүү гомдлыг гаргах үндэс боллоо. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан ба харин мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дах хэсэгт “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж тус тус заасан. Анхан шатны шүүхийн хариуцагчийн үйлдлээр тодорхойлогдож байгаа маргааны зүйл болох дээрх эзэмшил газар нь дээр дурдсан хуулийн заалтуудын алинд нь ч хамаарахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн заалтыг ч буруу тайлбарлаж байгаа нь миний болоод гэр бүлийн гишүүдийн эрхийг зөрчиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэх үндэслэл тогтоогдлоо.

 

3.а Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч НШШГГт холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. б Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/00978 дугаар захирамжаар Монтул ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 120,430,834 төгрөгийг Э ХХК төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, НШШГГ гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулж, төлбөр төлөгч байгууллагын банк дахь зарлагын гүйлгээг төлбөрийн хэмжээгээр битүүмжлэх, хөрөнгө олж тогтоох ажиллагааг явуулсан байх ба тухайн компанийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй хөрөнгө тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

НШШГГ нь иргэн Б.Э-ын эзэмших эрхэд бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо Сурагчийн 49-4 дугаар гудамжны ... тоотод байршилтай 694 м.кв талбай бүхий газар, хэзээ эзэмших эрхийг битүүмжилж 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хураан авсан ч, уг эрхэд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилжээ.

3.в Нэхэмжлэгч Б.Э- уг үнэлгээг хүчингүй болгуулах гомдлын үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч биш иргэний эд хөрөнгөд ажиллагаа явуулсан нь буруу гэж тайлбарласан байх ба түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл хоорондоо зөрүүтэй байхад анхан шатны шүүх тодруулалгүй шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох гэж тодорхойлж байгаа бол үндэслэлийг уг үнэлгээ тогтоох ажиллагаа буруу буюу хууль зөрчин явагдсан байхыг тайлбарлах учиртай. Хэрэв нэхэмжлэгч нь төлбөр төлөгч биш этгээдийн хөрөнгөд ажиллагаа явуулсан гэж үндэслэлийг зааж буй бол шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдох учиртай.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад тодруулалгүйгээр шийдвэрлэсэн, энэ талаар мэтгэлцээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03401 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                               

                                      ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

                                                                                                 

                                                                                                 Э.ЗОЛЗАЯА