Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00447

 

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар  102/ШШ2022/00447

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Н А” ХХК

 

Хариуцагч: Г.Ж

 

53,307,973 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн төлөөлөгч А.М

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Н А” ХХК нь хариуцагч Г.Жд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 

1.2. 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 48,000,000 төгрөгийг сарын 3,90 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү гэрээний дагуу 48,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн.

 

1.3. Дээрх гэрээний үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүйгээс үндсэн төлбөрт 30,678,355 төгрөг, зээлийн хүүд 19,748,029 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,881,590 төгрөг нийт 53,307,973 төгрөг төлөх үүрэгтэй гэжээ.  

 

2. Хариуцагч Г.Ж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн автомашиныг худалдан авсан этгээдийн орлого хүрэлцээгүй үндэслэлээр миний нэрээр гэрээ байгуулсан, үндсэн зээлдэгч зээлээ төлж дууссан эсвэл зээлээ төлөөгүй бол автомашиныг хураан авснаар зээлийн харилцаа дуусгавар болно гэж хууран мэхлэж гэрээг байгуулсан. Зээл авах зорилгоор зээлийн гэрээ байгуулаагүйг нэхэмжлэгч мэдэж байсан.  

 

2.2. Нэхэмжлэгч тал автомашиныг хураан авч, худалдан борлуулсан байх тул үүрэг дуусгавар болсон.

 

2.3. Хариуцагч нь гэрээнд заасан хаягтаа байнга амьдарч байсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлэх талаар нэхэмжлэгч нэг ч удаа шаардлага гаргаж байгаагүй. Иймд  Иргэний хуулийн 223.2, 224.2.3-д зааснаар нэхэмжлэгч өөрийн буруугаар гэрээний хугацааг хэтрүүлж, хүү авах эрхээ алдсан гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс “Н А” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл хүсэгчийн өргөдөл, анкет, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 206208165 тоот зээлийн гэрээ, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 206208165 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх  гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зээл, хүүгийн тооцоолол, “Н А” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 06/153 тоот тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн /ХХ-ийн 3, 4, 8, 10-29, 157 дугаар тал/

 

4. Хариуцагчаас Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1274 дугаар тодорхойлолт, 2021 оны 9  дүгээр сарын 09-ний өдөр Г.Жаас “Н А” ХХК-д гаргасан хүсэлт, өргөдөл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /ХХ-ийн 127-130, 158 дугаар тал/

 

5. Хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Монгол банк, Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулсан нотлох баримтууд, “Н А” ХХК-иас автомашиныг хураан авсан тухай баримт, гэрч Ц.Энхболдын мэдүүлэг /ХХ-ийн 38-41, 55-74, 102-103 дугаар тал/

 

6. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: “Н А” ХХК-иас автомашиныг худалдан борлуулсантай холбоотой баримтууд /үүнд “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ, зээлийн дансны хуулгыг нэхэмжлэгч ирүүлсэн/ ХХ-ийн 151-156 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлж, 48,000,000 төгрөгийг хариуцагчийн зээлийн дансанд шилжүүлсэн гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Зээл авах хүсэл зориг байгаагүйг нэхэмжлэгч мэдэж байсан, автомашиныг худалдан авсан этгээд зээлээ төлж дууссан эсвэл зээлээ төлөөгүй бол автомашиныг хураан авснаар зээлийн харилцаа дуусгавар болно гэж хууран мэхлэж гэрээг байгуулсан, автомашиныг хураан авч, худалдан борлуулж үүрэг дуусгавар болсон, хүү авах эрхээ алдсан гэж маргасан байна.  

 

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

 

Зохигчийн хооронд 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр №206208165 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь бизнесийн зориулалтаар 48,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3,90 хувийн хүүтэй зээлэх, зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ. Уг гэрээний үүргийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагчийн өмчлөлийн 78-23 УНУ улсын дугаартай тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийг хариуцагчийг зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр автомашиныг 50,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, үүнээс 49,499,100 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасаж 17,321,645 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, 26,956,055 төгрөгийг хүүгийн төлбөрт, 5,221,400 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцсон үйл баримт тогтоогдов. Мөн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хүүгийн төлбөрт 13,541,545 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,319,400 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл зээлийн үндсэн төлбөрт 17,321,645 төгрөг, хүүгийн төлбөрт 40,497,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,540,800 төгрөг нийт 64,360,045 төгрөг төлсөн гэж тооцжээ.  

 

Хариуцагч нь 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр №206208165 дугаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч уг гэрээгээр зээл авах хүсэл зориг илэрхийлээгүй, фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн автомашиныг худалдан авагч н.Г зээлийг авсан, энэ талаар нэхэмжлэгч мэдэж байгаа гэсэн тайлбарыг гаргасан байна. Түүний тайлбарт дурдсан нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэж байсан буюу хариуцагчийг зээл авах хүсэл зориг илэрхийлээгүй гэж үзэх, мөн хариуцагчийг хууран мэхлэж гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд талуудын хооронд 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр №206208165 дугаар гэрээг байгуулагдсан гэж үзэв. Уг гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байна. Энэхүү зээлийн үйл ажиллагааг банк, мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрхлэх бөгөөд энэ талаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан.

 

Харин нэхэмжлэгч “Н А” ХХК нь барьцаалан зээлдэх үйл ажиллагаа эрхэлдэг болох нь тогтоогдсон, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү, хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Иймд гэрээний хугацаанд болон хугацаа дуусгавар болсны дараах хүүг банк, мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн хүү тооцох аргачлалаар буюу Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батласан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д зааснаар үндсэн хүү, хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсоныг буруу гэж үзнэ.   

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь барьцаалан зээлдэх газраас зээл олгох гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаалан зээлдэх газраас зээл олгох журмыг зохицуулсан бөгөөд энэ журмаар барьцаалан зээлдэх газар нь зээл олгохдоо зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийн барьцаа шаардах эрхийг зохицуулсан. Иймд нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээг хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан “хууль зөрчсөн” гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шаардах эрхгүй эрхийг хэрэгжүүлж бусдын хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчээс шилжүүлэн авсан мөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. Иймд хариуцагчийг 48,000,000 төгрөгийг сарын 3.90 хувийн хүүтэй буюу нэг сарын хүүг 1,872,000 төгрөгөөр бодож 4 сарын хүү 7,488,000 төгрөг нийт 55,488,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь гэрээний хугацаанд 5,242,945 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш /фидуцийн гэрээний дагуу автомашиныг худалдахаас өмнө/ 9,618,000 төгрөг төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх хэсэгт зааснаар 5,242,945 төгрөгийг хүүгээс, 9,618,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох бөгөөд автомашиныг худалдан борлуулах хүртэл буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 38,382,000 төгрөг, хүүд 2,245,055 төгрөг нийт 40,627,055 төлөх үүрэгтэй байжээ.  

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь автомашиныг бодитойгоор эзэмшилдээ авч, худалдан борлуулах эрхгүй атлаа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-гээр 50,000,000 төгрөгөөр автомашиныг бусдад худалдсан байх ба уг гэрээний дагуу 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр П.Мөнхтулгын өмчлөлд бүртгэгдсэн байна. Үүний дараа 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр “ЗАСО” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдов. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар автомашиныг буцаан гаргуулах боломжгүй байна. Дээрх худалдах, худалдан авах гэрээгээр автомашины торгууль гэх 500,000 төгрөгийг худалдагч буюу “Н А” ХХК төлөхөөр тохирсон байх ба хариуцагчийн зээлийн дансанд 49,500,000 төгрөг орсноос 49,499,100 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хассан байна. Иймд автомашиныг худалдсан үнэ гэх 50,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс хасаж тооцох үндэслэлтэй бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн үүрэгт 9,372,945 төгрөг илүү төлөгдөж, гэрээний үүрэг дуусгавар болжээ. Иймд нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 53,307,973 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.  

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Гомбоогийн Жд холбогдох 53,307,973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424,489.87 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.ГАНДИЙМАА