Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00773

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00447 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн хариуцагч Г.Ж-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 53,307,973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Иргэн Г.Ж-тай 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээл болон фидуцийн гэрээ байгуулж, 48,000,000 төгрөгийг, сарын 3,9 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү гэрээний дагуу 48,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн. Г.Ж- нь зээлийн гэрээний төлбөрөө цаг хугацаандаа төлж барагдуулаагүй тул 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр автомашиныг 49,499,100 төгрөгөөр тооцож авсан. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 30,678,355 төгрөг, зээлийн хүү 19,748,029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,881,590 төгрөг, нийт 53,307,973 төгрөгийг хариуцагч Г.Ж-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн автомашиныг худалдан авсан этгээдийн орлого хүрэлцээгүй үндэслэлээр миний нэрээр гэрээ байгуулсан, үндсэн зээлдэгч зээлээ төлж дууссан эсвэл зээлээ төлөөгүй бол автомашиныг хураан авснаар зээлийн харилцаа дуусгавар болно гэж хууран мэхэлж гэрээг байгуулсан. Зээл авах зорилгоор зээлийн гэрээ байгуулаагүйг нэхэмжлэгч мэдэж байсан. Нэхэмжлэгч тал автомашиныг хураан авч, худалдан борлуулсан байх тул үүрэг дуусгавар болсон гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ж-д холбогдох 53,307,973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424,489.87 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Г.Ж- нь “Н-” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулан 48,000,000 төгрөгийг автомашин худалдан авах зориулалтаар сарын 3,9 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай байгуулж, зээлдэгч Г.Ж- нь үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хугацаанд бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Зээлдэгч Г.Ж- нь зээлийн гэрээний төлбөрөө цаг хугацаандаа төлж барагдуулаагүй тул “А-” ХХК-аар үнэлгээ тогтоолгож 49,499,100 төгрөгөөр тооцож, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дах хэсэгт заасны дагуу манай байгууллага хүлээн авсан. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний төлбөрөө цаг хугацаандаа төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийг гэрээний 6.2.1, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцлахаар шаардах эрхтэй ба 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүүний талаарх тохиролцоог гэрээнд тусгаж баталгаажуулсан. Мөн зээлийн гэрээнд төлбөр төлөх хуваарийг тусгасан боловч түүний дагуу төлөлт хийгдээгүй, зээлдэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 30,678,355 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 19,748,029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,881,590 төгрөг, нийт 53,307,973 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Н-” ХХК-ийг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг гэдгийг тогтоосон. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш гэж дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн  286 дугаар зүйлийн 286.1, 286.2 хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч “Н-” ХХК нь хариуцагч Г.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 53,307,973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Зохигчид 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Н-” ХХК нь 48,000,000 төгрөгийг нэг сарын 3,9 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Г.Ж- нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 12-13-р тал/

3.а.Мөн өдөр талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, хариуцагч Г.Ж- нь өөрийн өмчлөлийн 78-23 УНУ улсын дугаартай, “Тоёота ланд круйзер” маркийн автомашиныг нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /хх-14-15-р тал/

4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар зөрүүтэй дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

5.Нэхэмжлэгч “Н-” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх-ийн 3-р тал/. Иргэний хуульд зээлдүүлэгч буюу субьектээс нь хамаарч зээлийн гэрээний төрлийг тодорхойлсон бөгөөд барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд тусгайлан зохицуулжээ. Гэвч анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааны талаар зохицуулсан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт хамааруулан дүгнэсэн нь үндэслэлгүй.

5.а.Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасанд нийцэж байх тул талуудын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

5.б.Нэхэмжлэгч “Н-” ХХК нь хариуцагч Г.Ж-ыг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотойгоор фидуцийн гэрээний зүйл болох 78-23 УНУ улсын дугаартай, “Тоёота ланд круйзер” маркийн автомашиныг хураан авч, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон, үндсэн зээл 30,678,355 төгрөг, хүү 19,748,029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,881,590 төгрөг, нийт 53,307,973 төгрөг нэхэмжилсэн.

5.в.Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.4-т “нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь” гэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байна. Учир нь зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох тухай зохицуулалт нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлд хамааралтай болно. Иймд нэхэмжлэгч “Н-” ХХК нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.г.Нэхэмжлэгч “Н-” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус гэрээний хугацаа 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дууссан байна. /хх-ийн 12-13-р тал/. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алддаг журамтай. Иймд нэхэмжлэгч “Н-” ХХК нь гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүүг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.д.Хариуцагч Г.Ж- нь зээлийн гэрээний үүрэгт дансаар 14,860,945 төгрөг төлсөн болох нь хэргийн 18-р талд авагдсан зээлийн тооцооллоор тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Г.Ж-ы төлбөл зохих үүргийг үндсэн зээл 48,000,000 төгрөг, 4 сарын хүү 7,488,000 төгрөг, нийт 55,488,000 төгрөг гэж зөв тогтоосон байна. 

5.е.Нэхэмжлэгч “Н-” ХХК нь хариуцагч Г.Ж-ыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг хураан авч, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэн П.Мөнхтулгад 50,000,000 төгрөгөөр худалдаж өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд хариуцагч Г.Ж- нь автомашиныг хураан авснаар үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзсан. /хх-ийн 56, 156-р тал/

5.ё.Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулах эрхтэй боловч мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт зааснаар барьцаалан зээлдэх газрын хувьд барьцааны зүйлийг өмчлөх эрхгүй. Гэтэл нэхэмжлэгч нь фидуцийн гэрээгээр барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.

Хэдийгээр талуудын байгуулсан фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус байх боловч автомашиныг 50,000,000 төгрөгт тооцон авсан үйл баримтад хариуцагч маргаагүй, энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байх тул иргэний эрх зүйн диспозитив зарчмын хүрээнд талуудын маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм.

6.Хариуцагч Г.Ж- нь дансаар 14,860,945 төгрөг, автомашиныг 50,000,000 төгрөгт тооцон өгснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дах хэсэгт нийцсэн байна.

6.а.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00447 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424,490 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.НЯМБАЗАР

                                    ШҮҮГЧИД                               Д.БЯМБАСҮРЭН                                                                                                                        Г.ДАВААДОРЖ