Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2022/01183

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2022/01183

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо * тоотод оршин суух Г. Т /РД: */

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Үндсэн  хуулийн  гудамж өөрийн байр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

Үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О,        хариуцагчийн төлөөлөгч Ц.А

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.З

                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан 0 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/00254 дүгээр шийдвэрээр Д.Ж өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан 0 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон.

 

1.2. Уг хөрөнгийг битүүмжлэх, хураах, дуудлага худалдаагаар худалдсан ажиллагаа болон бусад ажиллагааны талаар өмчлөгчид мэдэгдээгүйгээс өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэжээ.  

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар битүүмжилж, хураасан эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосныг мэдэх боломжгүй, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох талаар хүсэлт гаргаж байгаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан.  

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Г.Тын иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00254 дугаар шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05519 дугаар шийдвэр, албадан дуудлага худалдааны зар /I-ХХ-ийн 5-15 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05519 дугаар шийдвэрийг гүйцэтгэхээр явуулж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргээс зарим баримтууд /I-ХХ-ийн 24-142/

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00254 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхээр явуулж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг /I-ХХ-152-181 дугаар тал/

 

6. Шүүхийн санаачлагаар дараах баримтуудыг цуглуулсан байна. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05519 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00282 дугаар тогтоолыг албадан гүйцэтгэхээр явагдаж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулсан. /I-ХХ-189-250, II-ХХ-1-203 дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан 0 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар худалдан борлуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, тухайн хөрөнгөтэй холбоотой явагдсан хөрөнгө битүүмжлэх, хураах, дуудлага худалдааны ажиллагаа болон бусад ажиллагааны талаар өмчлөгчид мэдэгдээгүйгээс өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэжээ.   

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: “Г.Т ыг хураагдсан эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосныг мэдэх боломжгүй, Г.Т нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох талаар хүсэлт гаргаж байгаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05519 дугаар шийдвэрээр Г.Огоос гэрээний үүрэгт 284,743,357.44 төгрөг гаргуулж “О ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө буюу Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамж 96 дугаар байр 0 тоот хаягт байршилтай, 82.77м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00282 дугаар тогтоолоор Г.О гоос үүргийн гүйцэтгэлд 284,743,357.44 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Д.Ж өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамж 96 дугаар байр 0 тоот хаягт байршилтай, 82.77м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.У өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Үйлдвэр ХД-66 дугаар байр 20 тоотод байршилтай, 81.5м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0  дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус хангуулахаар шийдвэрлэжээ. /I-ХХ-ийн 192-200 дугаар тал/

 

Төлбөр төлөгч Г.Огийн “О ББСБ” ХХК-д төлөх мөнгөн төлбөрийн үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн Д.Ж өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.Тыг тогтоосон ба түүнийг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоох ажиллагаанд оролцуулаагүй, мөн бусад ажиллагаанд ч оролцуулаагүйгээс өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгох шаардлагыг нэхэмжлэгч гаргажээ. Уг шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч “барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр Г.Т ыг тогтоосныг мэдээгүй, тухайн этгээд өөрөө ажиллагаанд оролцох хүсэлт гаргаагүй тохиолдолд мэдэх боломжгүй, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан” гэж маргав.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/00254 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Тыг Д.Ж өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамж 96 дугаар байр 0 тоот хаягт байршилтай, 82.77м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон байна. /I-ХХ-ийн 6-8 дугаар тал/

 

Төлбөр төлөх шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Г.О сайн дураар биелүүлээгүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2017/05605 дугаар захирамж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ГХ2017/00593 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах, тухайн хөрөнгүүдийг худалдан борлуулах зорилгоор төлбөр авагч болон төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авах, үнэлгээ тогтоохоор шинжээч томилох, шинжээчээр тогтоосон үнийг талуудад мэдэгдэх, тогтоогдсон үнэлгээний дагуу анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан байна. Дээрх ажиллагаануудаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “эд хөрөнгө хураах ажиллагаа”-г явуулахдаа хөндлөнгийн гэрч оролцуулаагүй үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дугаар тогтоолоор тухайн ажиллагааг хүчингүй болгож, хуульд заасны дагуу зөвтгөн явуулахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгажээ. Уг шийдвэрийг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр барьцаа хөрөнгүүдийг хураан авч, тухайн хөрөнгүүдийг худалдан борлуулах зорилгоор төлбөр авагч болон төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авах, үнэлгээ тогтоохоор шинжээч томилох, шинжээчийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнийг талуудад мэдэгдэх ажиллагааг дахин явуулжээ. /I-ХХ-ийн 191, 201, 227-250, II-ХХ-ийн 1-50, 68-95 дугаар тал/

 

Шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар төлбөр төлөгч Г.О шүүхэд гомдол гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01862 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1526 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ХТ2020/00592 дугаар тогтоолоор үнэлгээ хүчингүй болгох тухай Г.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Дээрх хэргийг шийдвэрлэх хугацаанд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2019/05629 дугаар захирамжаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /II-ХХ-ийн 108-115 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/37 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-оор үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 1/31 дугаар тогтоолоор дахин анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр явуулахаар тогтоожээ. Тухайн дуудлага худалдаагаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй байна. Уг дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт “анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааг хүчингүйд тооцож хоёр дахь дуудлага худалдааг явуулна” гэж заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 2/18 дугаар тогтоолоор  хүчингүйд тооцож, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр явуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ дуудлага худалдаагаар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдсон байна.  /II-ХХ-ийн 117, 120, 133, 134-147, 151, 159-170 дугаар тал/

 

Дээрх ажиллагаануудад буюу 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн хөрөнгө хураах, үнийн санал авах, шинжээч томилох, хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх, дуудлага худалдааны ажиллагаанд нэхэмжлэгч оролцоогүй үйл баримт тогтоогдов. Ийнхүү иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцоогүй байдал нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай холбоогүй байна. Учир нь:

 

2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр явагдах анхны албадан дуудлага худалдааны ажиллагааг хойшлуулсан хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлөгч Г.Огоос иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан байна. Уг хүсэлтдээ “...үл хөдлөх хөрөнгүүд дуудлага худалдаагаар маш хямд үнээр худалдан борлуулагдах болоод байна. Ингэснээр шүүхийн шийдвэрт заасан барьцааны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.У охин У.Н, өмчлөгч Д.Ж хүү Г.Т, Г.Т нарын өмчлөх эрх ноцтой зөрчигдөөд байна. Тэдний хувьд анхнаасаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хүүхдүүд ..., нөгөө талаар ...гэр бүлийн гишүүдийн дундын өмч байхаар хуульчилсан байхад тэдний зөвшөөрөлгүй тэдний өмчийг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байгаа тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж бид хамтдаа шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хандсан байгаа билээ. ...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэсэн байх ба уг хүсэлтдээ Г.Тыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/00254 дугаар шийдвэрийг хавсаргажээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг ажиллагааны журмаар битүүмжлэгдсэн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон байх ба энэ талаар төлбөр төлөгч Г.О нь анхны албадан дуудлага худалдаа зарлагдсаны дараа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж, Г.Тыг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг гаргаж өгсөн байна. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05519 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00282 дугаар тогтоолыг “шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн хөрөнгийн өмчлөгчөөр Г.Т, У.Номин-Эрдэнэ нарыг тогтоосон үндэслэл”-ээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр огноолсон хүсэлтийг Г.О, Г.Т, Г.Т, У.Н нар хамтран гаргаж, уг хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгт нотлох баримтаар гаргаж өгчээ. Дээрх баримтуудаас үзвэл хураагдсан хөрөнгийн өмчлөгчөөр Г.Т ыг шүүхийн шийдвэрээр тогтоосныг шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдсэн, энэ талаар шийдвэр гүйцэтгэгчийг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд шинжээчийг оролцуулах, үнэлгээний талаар өмчлөгчид мэдэгдэх ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. /II-ХХ-ийн 124-131 дүгээр тал/  

 

Мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгөтэй холбоотой иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдээгүй, дуудлага худалдаагаар худалдаалах гэж байгааг хэвлэл мэдээлэлд зарлагдсан мэдээллээс мэдсэн гэсэн түүний тайлбар үндэслэлгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь дуудлага худалдаанд оролцох боломжтой байсан ба энэхүү эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.    

 

Иймд Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамж 96 дугаар байр 902 тоот хаягт байршилтай, 82.77м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг худалдсан 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Г.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны ажиллагаагаар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамж 96 дугаар байр 0 тоот хаягт байршилтай, 82.77м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг худалдсан ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Гантөмөрийн Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА