Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/ма2022/01056

 

 

 

 

 

 

2022 05 30 210/МА2022/01056

 

 

Г.Т ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01ий өдрийн 102/ШШ2022/01183 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Т ын хариуцагч Н т холбогдох,

үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Н т холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан 96- тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/00254 дүгээр шийдвэрээр Д.Жаргалсайханы өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан 96- тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоосон. Уг хөрөнгийг битүүмжлэх, хураах, дуудлага худалдаагаар худалдсан ажиллагаа болон бусад ажиллагааны талаар өмчлөгчид мэдэгдээгүйгээс өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэжээ. 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар битүүмжилж, хураасан эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоосныг мэдэх боломжгүй, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох талаар хүсэлт гаргаж байгаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан.гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н т холбогдох 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны ажиллагаагаар Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Зайсан хороолол Ар зайсан гудамж 96 дугаар байр тоот хаягт байршилтай, 82.77м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031493 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг худалдсан ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Гантөмөрийн Тамирын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Төлбөр төлөгч Г.Онон нь Г.Т ыг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг гаргаж өгсөн байхад шийдвэр гүйцэтгэгч түүнийг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй гэснийг зөвшөөрөхгүй. Мөн Г.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох эрхтэй бөгөөд өөрийнх нь өмчлөлийн хөрөнгө дуудлага худалдаагаар орох гэж байгаа талаар тааж мэдэх боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч түүнд энэ тухай мэдэгдэх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг хангаж дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянахад хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Н т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4.а. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05519 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00282 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Г.Ононгоос гэрээний үүрэгт 284,743,357.44 төгрөг гаргуулж Ориент инвест ББСБ ХХК-д олгож, төлбөр төлөгч үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Жаргалсайханы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол Ар зайсан гудамж 96 дугаар байр тоот хаягт байршилтай, 82.77 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031493 дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Уламбаярын өмчлөлийн Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-66 дугаар байр 20 тоотод байршилтай, 81.5 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011496 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдээр тус тус хангуулахаар шийдвэрлэсэн байна. /1хх-ийн192-193, 194-197, 198-200/

4.б. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/00254 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Т ыг Д.Жаргалсайханы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол Ар зайсан гудамж 96 дугаар байр тоот хаягт байршилтай, 82.77 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031493 дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 6-8 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

4.в. Нэхэмжлэгч Г.Т нь дээрх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоогдсон байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг надад мэдэгдээгүй, оролцуулахгүйгээр ажиллагаа хийсэн нь миний эрхийг зөрчсөн гэж, хариуцагч байгууллага нь барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосныг мэдээгүй, мэдэх боломжгүй бөгөөд тухайн этгээд өөрөө хүсэлт гаргаагүй гэж тус тус тайлбарлажээ.

5.а. Төлбөр төлөгч Г.Онон нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-ийн хүсэлтээр Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 102/ГХ2017/00593 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 191/

5.б. Хариуцагч Н нь нэхэмжлэгч Г.Ононд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүдийг хүргүүлж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол Ар зайсан гудамж 96 дугаар байр тоот хаягт байршилтай, 82.77 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031493 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр битүүмжилж, хураасан байна. /2хх-66-67/

5.в. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч Г.Ононгоос үнийн санал авахад 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 289,695,000 төгрөг, өмчлөгч Д.Жаргалсайхан нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 382,000,000 төгрөг гэж тус тус санал өгсөн боловч төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-аас шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /2хх-68, 69, 70/

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгийг 136,500,000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна./2хх71, 81-85/

5.г. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчийн дүгнэлт болон анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад хүргүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. /хх136-145/ Улмаар хариуцагч Н нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулах тогтоол үйлдэж, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгч Г.Онон, өмчлөгч Д.Уламбаяр, Д.Жаргалсайхан нар болон Ориент инвест ББСБ ХХК нарт мэдэгдсэн болох нь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогджээ. /2хх149-151/

6. Анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагдаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдсон талаар зөв дүгнэсэн байна. Иймд өмчлөгч Г.Т т мэдэгдэлгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. /2хх157-168/

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ... эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасан.

Хариуцагч Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 122.5 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01ий өдрийн 102/ШШ2022/01183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

Д.ЦОГТСАЙХАН