Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2022/01119

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС               

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ТКББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.О, Д.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11 474 371 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, өмгөөлөгч В.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ТКББСБ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхамаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Зээлдэгч П.О, Д.Б нар нь 2019.07.09-нд автомашин худалдан авах зорилгоор .... тоот “Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ”, “Барьцааны гэрээ” байгуулан 15 000 000 төгрөгийг сард 2,8 хувийн хүүтэйгээр, 40 сарын хугацаатай  зээлсэн. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин үндсэн зээл болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг төлөөгүй. Хамгийн сүүлд 2020.02.18-нд төлөлт хийснээс хойш ямар ч төлбөр хийгээгүй. Барьцааны гэрээний зүйл болох автомашин нь 2020.05.04-нд зээлдэгч нарын эзэмшилд байхдаа шатаж ашиглах боломжгүй болсон байдаг. 2021.10.07-нд даатгагч “Бодь даатгал” ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 9 818 280 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнийг зээлдэгч нарын зээлийн үүрэг болох хүүнээс 7 444 607 төгрөг, үндсэн зээлээс 2 235 270 төгрөгийг хасаж тооцсон. Үүнийг гэрээнд заасан зээл төлөх дарааллын дагуу тооцож хассан нь үндэслэлтэй.  Нөхөн төлбөр орж ирэхээс 1 жилийн өмнө зээлдэгч нар зээл төлөх талаар үүргээ биелүүлээгүй. Иймд бид зээлийн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргах тухай мэдэгдлийг хариуцагч нарт хүргүүлсэн. Хариуцагч нар 2021.11.04-ний байдлаар үндсэн зээлд 11 125 476 төгрөг, зээлийн хүүд 290 746 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 58 149 төгрөг, нийт 11 474 371 төгрөг  төлөх үүрэгтэй байна.

Барьцааны гэрээний зүйл автомашин зээлдэгчид байхдаа устаж үгүй болсон тул бид барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй, барьцааны автомашины гэрчилгээ нь манай байгууллагын нэр дээр байсан болохоос бодитоор эзэмшиж ашиглаж байсан хүн нь П.О. байсан. Барьцааны гэрээний зүйлийг хариуцагчид эзэмшүүлсэн, гэрчилгээг нь зээлдүүлэгчийн нэр дээр бүртгүүлсэн фидуцийн гэрээний агуулга байна. Гэвч зээлээс чөлөөлөх үндэслэл байхгүй. Зээлдэгч нараас манайд хандаж зээлийн хүүг бууруулах, зогсоох талаар бичгээр гарагсан өргөдөл, хүсэлт байхгүй. Харин 2021.11.07-нд гаргасан өргөдөл байсныг хэрэгт гаргаж өгсөн, түүнээс өмнө бол гаргасан хүсэлт байхгүй юм билээ.

Компанийн зээлийн эдийн засагчтай уулзаж байсан байх.

Нэхэмжлэлийг хангаж, хариуцагч нараас  11 474 371 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нарын итгэмжлэгсдэн төлөөлөгч Д.М-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: П.О. нь 0000 онд үйлдвэрлэгдсэн 00-00 УБӨ дугаартай, “...” маркийн автомашиныг худалдан авах зорилгоор тус ББСБ-аас  “Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ” гэх нэртэй гэрээг 2019.07.09-ний өдөр байгуулж, 15 000 000 төгрөгийг 40 сарын хугацаатай зээлсэн байдаг. Ингээд уг машинаа зээлийн үүргийг хангуулахаар гэрчилгээг нь “ТТКББСБ” ХХК-ийн нэр дээр бүртгүүлж шилжүүлэн өгсөн. Зээлийн гэрээний төлбөрийг графикт хугацаандаа төлж байсан боловч ...” маркийн автомашин маань 2020.05.04-нд шатаж дахин ашиглагдахгүй болсон. Бүх бичиг баримт машинтай хамт шатсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээчийн   дүгнэлт гарсан.

Даатгалын гэрээний дагуу “Бодь даатгал” ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 9 818 280 төгрөгийг нэхэмжлэгч ББСБ шилжүүлж авсан байдаг. Бид нар автомашин дахин ашиглагдах боломжгүй болсон, зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүг төлөх боломжгүй талаар олон удаа мэдэгдэж хэлсэн. Гэвч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоохгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Зээлийн гэрээндээ барьцааны гэрээ гэж нэрлээд автомашиныг зээлдүүлэгчийн нэр дээр гэрчилгээг нь бүртгүүлж авсан, энэ нь уг зээлийг төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулах гол зорилготой өмчлөлд нь шилжүүлсэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д заасан фидуцийн гэрээ байгуулагдсан байгаа. Нэхэмжлэгч тал фидуцийн гэрээ гэдэгт маргаагүй. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т зааснаар фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, даатгалын нөхөн төлбөрт 9 818 280 төгрөгийг ББСБ өөртөө шилжүүлж авснаар фидуцийн зүйлийг хүлээж авсан гэж тооцно. Иймээс бүх үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Фидуцийн гэрээ дуусгавар болсон тул хариуцагч нар зээл төлөх үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, П.О., Н.Б. нар болон “ТК ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 0000.00.00-ний өдрийн .... тоот “Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ”, зээл эргэн төлөх хуваарь, “Барьцааны гэрээ”, зээлийн дасны хуулга, зээл, хүүний тооцоо, мэдэгдэх хуудас, төлөөлөгч томилсон тухай итгэмжлэл /хх 4-12/, 2020.05.05-ны өдрийн 0020-0947 тоот “ТКББСБ” ХХК-ийн Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн албан бичиг /хх 54/,

Хариуцагч талаас нотлох баримтаар,  0018194 тоот “Ашид билгүүн” ХХК-ийн 2021.01.08-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2020.07.01-ний өдрийн П.О-аас “ТКББСБ” ХХК-д гаргасан гэх өргөдөл, 00-00 УБӨ дугаартай, “...” маркийн автомашины гэрэл зургууд, төлөөлөгчид олгосон итгэмжлэл  /хх 20, 37, 78-80/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

Тус шүүхийн шүүгчийн 2022.02.21-ний өдрийн 182/ШЗ2022/02129 дугаартай,   2022.03.07-ны өдрийн 182/ШЗ2022/02721 дугаартай захирамжуудын дагуу “Бодь даатгал” ХХК-ийн 2022.02.28-ны өдрийн 02/130 тоот, 2022.03.11-ний  02/169 тоот албан бичгээр ирүүлсэн 2021.10.06-ны өдрийн 9 818 230 төгрөгийн дүн бүхий шилжүүлгийн мэдээлэл, ... тоот “Даатгалын баталгаа”, “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” /хх 48-51, 69-71/, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2022.03.15-ны өдрийн 89-1/251 тоот албан бичгээр ирүүлсэн тус төвийн 2020.05.25-ны өдрийн 201/889 тоот “Шинжээчийн дүгнэлт” /хх 66-68/, 2022.04.06-ны өдрийн 182/ШЗ2022/04351 дугаартай захирамжийн дагуу  Авто тээврийн үндэсний төвийн 2002.04.07-ны өдрийн 160 тоот “Тээврийн хэрэгслийн лавлагаа”, 2021.11.07-ны өдрийн П.О-аас “ТКББСБ” ХХК-д гаргасан өргөдөл  зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                             

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ТКББСБ” ХХК  нь хариуцагч П.О , Н.Б  нарт холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт нийт 11 474 371 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 6 291 715 төгрөгийн шаардлагагыг ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч байгууллага  нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн эргэн төлөлтийг төлөхгүй байгаа тул зээлд 11 125 476 төгрөг, хүүгийн төлбөрт 290 746 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 58 149 төгрөгийг төлөх үүрэгтэй, даатгалын нөхөн төлбөрт олгосон мөнгийг зээлийн гэрээний үүрэг болох зээлийн хүүнээс хасаж тооцсон нь үндэслэлтэй, гэрээгээ цуцлах талаар хүсэлт гаргасан зүйл байхгүй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

2.Хариуцагч нар нь нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, бид “...” маркийн 00-00 УБӨ дугаартай автомашиныг 00 000 000 төгрөгөөр худалдаж авах зорилгоор “Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ”-г байгуулсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээний 3.5, 3.7-д зааснаар машин өмчлөлийг банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлсэн, уг машин нь 2020.05.04-ний өдөр шатаж, ашиглах боломжгүй болсон, нэхэмжлэгч даатгагч “Бодь даатгал” ХХК-иас нөхөн төлбөрт 9 818 280 төгрөг шилжүүлэн авч үндсэн зээлээс тооцоогүй, зээлийн хүүнээс тооцож авсан нь үндэслэлгүй,  даатгалын нөхөн төлбөрт 9 818 280 төгрөгийг нэхэмжлэгч өөртөө шилжүүлж авснаар фидуцийн зүйл болох машиныг зээлдүүлэгч шилжүүлэн авсан гэж үзэх учир нэхэмжлэл үндэслэлгүй, машин шатсаны дараа олон удаа нэхэмжлэгч байгууллага дээр очиж хүүг зогсоож өгөөч гэдэг хүсэлтийг гаргаж байсан, хүлээж аваагүй гэж  тайлбарлан маргасан.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.

3.1.Хариуцагч П.О., Н.Б. нар нь  автомашин худалдан авах зориулалтаар  “ТКББСБ” ХХК-иас 2019.07.09-ний өдөр 15 000 000 төгрөгийг сард 2,8 хувийн хүүтэйгээр, 40 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний үүргийг хангахаар  “...” маркийн, 00-00 УБӨ дугаартай УБА улсын дугаартай автомашиныг  болон зурагт, плитка, тоос сорогч, уурын индүү, угаалгын машин зэрэг  2 070 000  төгрөгийн эд  зүйлсийг барьцаалсан байна.

Дээрх үйл баримт нь талуудын хооронд байгуулагдсан 0000.000.00-ний өдрийн ... тоот “Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ”, “Барьцааны гэрээ”, зээл эргэн төлөх хуваарь зэргээр нотлогдсон бөгөөд эдгээр гэрээ нь Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.2., 156 дугаар зүйлийн 156.1.-д заасан шаардлагыг, мөн түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.-д заасан  шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.

3.2.Талууд 2019.07.09-ний өдрийн .... тоот “Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ”-ний 3 дахь хэсэгт  зээлдэгчийн худалдан авсан гэх “...” маркийн, 70-17 УБӨ дугаартай УБА улсын дугаартай автомашиныг  зээлийн үүргийг хангуулахаар барьцаалсан барьцааны гэрээний зохицуулалтыг заасан байна.

Уг гэрээний 3.1-д барьцааны зүйлээр дээрх автомашиныг тодорхойлж, 3.5-д “...зээлдэгч нь зөвхөн барьцааны шаардлага хангах зорилгоор уг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг ББСБ-ын нэр дээр шилжүүлдэг тул зээлдэгчийн учруулсан аливаа хохирол, гэм хор, түүнээс үүдэн гарах аливаа хариуцлагыг зээлдэгч өөрөө бүрэн хариуцахыг хүлээн зөвшөөрч байна”,  3.7-д “ Тээврийн хэрэгслийн өмчлөлийн гэрчилгээг “ТК” өөрийн нэр дээр бүртгүүлэн авах ба зээлдэгч зээлээ бүрэн төлж дуусгавар болсон цагт тээврийн хэрэгслийн эзэмшлийн гэрчилгээг зээлдэгчийн нэр дээр шилжүүлнэ...” гэж тус тус заажээ.

Хэрэгт дээрх автомашины ... тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ хуульд заасан шаардлага хангаагүй хэлбэрээр авагдсан бөгөөд Авто тээврийн үндэсний төвийн 2002.04.07-ны өдрийн 160 тоот “Тээврийн хэрэгслийн лавлагаа”-аар барьцааны зүйл болох автомашин нэхэмжлэгч байгууллагын нэр дээр бүртгэгдсэн байна.  

3.3.Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 3.2-т “зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг ББСБ үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах эрхтэй бөгөөд хуульд заасан журмаар худалдан борлуулна. Барьцаа хөрөнгийг хураан авах, худалдан борлуулахтай холбогдон гарсан бүх зардлыг зээлдэгч хариуцна...”,  3.6-д “Энэ гэрээ дуусгавар болох хугацаанд барьцааны зүйлийг хадгалах, ББСБ-ын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түүний чанар үнэлгээг бууруулахгүй байх, бүрэн бүтэн байдлыг хариуцахыг барьцаалуулагчид, тэдгээрийг өмчлөх, эзэмших эрхийн бичиг баримтын эх хувийг хадгалахыг ББСБ-д тус тус хариуцахаар талууд тохиролцов” гэж заасан байх бөгөөд үүнээс үзэхэд талууд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2., 157.1.3., 157.1.4., 157.6.1.-д заасан барьцаалагч, барьцаалуулагчийн эрх, үүргийг тодорхойлж заасан байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө...барьцааны зүйл байна”, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.-т “Гэрээний үндсэн дээр үүсэх барьцааны үед барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлж болно” гэсэн зохицуулалтуудаар  талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дахь хэсгээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

            Өөрөөр хэлбэл, барьцааны зүйл болох автомашины бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч байгууллагын нэр дээр бүртгүүлснээр фидуцийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.5.-д “барьцааны зүйл устаж үгүй болсон” бол барьцааны эрх дуусгавар болохоор заасан бөгөөд талуудын хоорондох барьцааны гэрээний зүйл болох автомашин 2020.05.04-ний өдөр шатаж, дахин ашиглагдах боломжгүй болсноор уг барьцааны эрх дуусгавар болсон, нэхэмжлэгч байгууллага энэ талаар шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

3.4.Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д заасны дагуу барьцааны зүйл болох “....” маркийн, 00-00 УБӨ улсын дугаартай автомашин нь зээлдэгч нарын эзэмшилд  Чингэлтэй дүүргийн 00 дүгээр  хороо, ... зусланд  байхдаа  0000.000.00ий өдөр тухайн автомашины моторын хэсгээс гарч байгаа яндангийн хэсэгт шатах материал буюу шар өвс хүрч гал түймэр гарснаас шатаж устан, ашиглах боломжгүй болсон нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2020.05.25-ны өдрийн 201/889 тоот “Шинжээчийн дүгнэлт”-ээр нотлогдсон.

3.5.Хэрэгт авагдсан 91050091420002 тоот гэрээний дугаартай “Даатгалын баталгаа”-нд “даатгуулагчийн нэр” гэсэн хэсэгт “ТКББСБ” гэж, “гэрээ байгуулсан” гэсэн хэсэгт “даатгуулагчийг төлөөлж П.О ” гэж,  ... тоот “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-нд  “гэрээ байгуулсан” гэсэн хэсэгт “Даатгуулагч П.О.” гэж тус тус бичигдсэн байх бөгөөд  зохигчид, даатгагч “Бодь даатгал” ХХК-тай харилцан тохиролцож барьцааны зүйл болох “...” маркийн автомашиныг 2019.07.09-ний өдрөөс 2020.07.08-ны өдрийг хүртэл хугацаанд даатгуулсан, гэрээний хугацаанд буюу 2020.05.04-ний өдөр  даатгалын зүйлд уг гэрээний 3.1.1.2-т заасан даатгалын эрсдэл үүссэнээр даатгагч байгууллагаас даатгалын нөхөн төлбөрт  2021.10.06-ны өдөр  9 818 230 төгрөг олгосон болох нь “Бодь даатгал” ХХК-ийн 2021.10.06-ны өдрийн 9 818 230 төгрөгийн дүн бүхий шилжүүлгийн мэдээлэл, 191050091420002 тоот “Даатгалын баталгаа”, “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”, зохигчдын тайлбараар нотлогджээ.

4.Зохигчдын хооронд байгуулсан  “Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч тал нь гэрээний зүйл болох 15 000 000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч талд шилжүүлэх, зээлдэгч нь сард 2,8 хувийн хүү буюу зээлийн үнэ төлөх, гэрээний хугацаанд зээлийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.  

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд нэхэмжлэгч нь 2019.07.10-ны өдөр 15 000 000 төгрөгийг  хариуцагчид шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тэмдэг бүхий зээл, хүүний тооцоолол, зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлд 11 125 476 төгрөг, зээлийн хүүд 290 746 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 58 149 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд Монголбанкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын дагуу  зээлдэгч нарын зээлийн дансны хуулгыг үндэслэн тооцвол:  хариуцагч нар нь 2019.07.10-ны өдрөөс 2020.05.04-ний өдрийг хүртэл хугацаанд буюу даатгалын тохиолдол бий болж барьцааны зүйлд эрсдэл учрах хүртэл хугацаанд зээлийн үлдэгдэл дүнгээс, жилд 33,6 хувийн буюу сард 2,8 хувиар зээлийн хүүг тооцоход  нийт 3 902 306 60 төгрөг төлөхөөс, 9 удаагийн төлөлтөөр 2 992 776.28 төгрөг, үндсэн зээлд 1 648 223.80 төгрөгийг тус тус төлжээ.

Өөрөөр хэлбэл, зээлээр худалдан авсан автомашин  шатсан 2020.05.04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 15 000 000 төгрөгөөс 13 351 776.27 төгрөг, зээлийн хүүд 909 530.32 төгрөг төлөх үүрэг  хариуцагч нарт үлдсэн байх ба  хариуцагч нар дээрх хугацаанаас хойш 2021.11.04-ний өдрийг хүртэл нийт 548 хоногийн хугацаанд зээлийн төлөлт хийгээгүй байна.

            Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3.-т заасны дагуу гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоохгүйгээр үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээг цуцлах эрхтэй бөгөөд тодруулбал, зээлдэгч нар зээл төлөх хуваарьт хугацааг хэтрүүлэн зээлийн үүргийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч байгууллага нь  талуудын хооронд байгуулсан  зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдлийг шаардах эрхтэй байна.  

Хариуцагч нар дээрх хугацаанд  зээлийн хүүг зогсоох тухай хүсэлтээ гаргаж байсан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан П.О-аас 0000.000.00-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад гаргасан гэх өргөдөл баримтаас өөр зээлдэгч нараас уг гэрээг цуцлахаар шаардлага гаргаж байсан гэх нөхцөл байдлыг нотлох баримтгүй байна.

5.Хэрэгт авагдсан баримтуудаар, зээлдэгч нар нь “...” маркийн автомашиныг худалдаж авах гол зорилгоор нэхэмжлэгчээс 15 000 000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд худалдан авсан дээрх автомашин нь шатаж, даатгалын тохиолдол учирснаас цаашид ашиглагдах боломжгүй болсон, түүнчлэн улс орны хэмжээнд  коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, хатуу хөл хорио тогтоосон зэрэг нөхцөл  байдал нь  зээлдэгч нар зээлийг төлөх бодит боломжгүй, зээлдэгч нарын зээлийн үүргээ биелүүлэх төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна.  

 Монгол Улсын Их хурлын 2020.04.29-ний өдрийн 32 дугаар тогтоолын 2.2-т зааснаар “банкны хүүг бууруулах” чиглэлийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн байх бөгөөд Улсын Их хурлаас 2020.04.29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7.-д “Монголбанкнаас ...зээлийн эргэн төлөлтийн хугацааг ... үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх” гэж, мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-д “Зээлдэгч … бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх эрхтэй” гэж, түүнчлэн Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолын 8-д “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж тус тус заажээ.

Мөн Хөдлөх эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.-т “Даатгуулсан барьцааны зүйлийн даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд барьцаалагч даатгалын нөхөн төлбөрийн хөрөнгөөс барьцааны шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасан. 

Дээрх хуульд заасан үндэслэл, нөхцөл байдлуудыг харгалзан үзэж,  даатгалын нөхөн төлбөрт олгогдсон  9 818 230 төгрөгийг, 2020.05.04-ний өдрийн байдлаарх үндсэн зээл, зээлийн хүү болох 14 261 306.50 төгрөгөөс хасаж тооцох боломжтой бөгөөд ингэж тооцсоноор 2020.02.18-ны өдрөөс 2020.05.04-ний өдрийн хоорондох хугацааны зээлийн үлдэгдэл 13 351 776.27 төгрөгийн  сарын 2,8 хувийн  хүү болох 909 530.32 төгрөг бүрэн төлөгдөж, үндсэн зээлээс 8 908 699.68 төгрөг хасагдан,  зээлийн үлдэгдэлд 4 443 026.59 төгрөг төлөх үүрэг хариуцагч нарт үлджээ.

Дээрх зээлийн үүргээс  2020.05.04-ний өдрөөс хойш нэхэмжлэгч байгууллагаас зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн 2021.11.04-ний өдрийг хүртэл 548 хоногт тооцогдох зээлийн хүүнээс  Засгийн газрын 2020 оны 178, 181, 194, 226, 238,  2021 оны 01, 27, 91, 104 дүгээр тогтоолуудаар 2020.11.12-ны өдрөөс 2021.05.08-ны өдрийг хүртэл хугацаанд  төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нийт 96 хоногт тооцогдох хүүг хасаж,  нийт 452 хоногийн зээлийн хүүд 1 848 688.58 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэх үндэслэлтэй гэж үзэв.  

6. Талуудын хооронд байгуулсан  “Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ”-ний 1.1.9-д “ Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэж заажээ.

 Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т зааснаар нэмэгдүүлсэн хүү нь зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр  төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дуусаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхгүй болно.

7.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч тал барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд бүртгүүлсэн нь хариуцагчийн зээлийн гэрээний төлөгдөөгүй үүргийг төлсөн гэж үзэх, төлбөрт тооцон авч үүргийг дуусгавар болгосон гэж үзэх боломжгүй тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлд 4 443 026 төгрөг, зээлийн хүүд 1 848 608 төгрөг, нийт  6 291 715 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэлээ.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 540 төгрөгийг улсын орлгогд хэвээр үлдээж,  хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 115 617 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч П.., Н.Б.нараас зээлийн гэрээний үүрэгт 6 291 715 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  “ТКББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс  5 182 656 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198 540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид  115 617  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                             Ж.БАЙГАЛМАА