Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01145

 

 

 

 

 

 

 

 

 

....ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/01119 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ....ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...., ,,,,, нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 11,474,371 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам, хариуцагч ....р, түүний өмгөөлөгч В.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

....р, ..... нар 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр автомашин худалдан авах зорилгоор Бизнес-автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг сард 2,8 хувийн хүүтэйгээр, 40 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй. Барьцааны гэрээний зүйл болох автомашин нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шатаж ашиглах боломжгүй болсон. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Бодь даатгал ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 9,818,280 төгрөгийг шилжүүлсэн. Уг нөхөн төлбөрөөс зээлийн хүүгээс 7,444,607 төгрөг, үндсэн зээлээс 2,235,270 төгрөгийг хасаж тооцсон. Зээлдэгч нар зээлийн хүүг бууруулах, зогсоох талаар өргөдөл, хүсэлт гаргаагүй. Харин 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөдөл гаргасан талаар баримт өгсөн байсныг хэрэгт гаргаж өгсөн. Иймд зээлдэгч нараас үндсэн зээлд 11,125,476 төгрөг, зээлийн хүүд 290,746 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 58,149 төгрөг, нийт 11,474,371 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

....р нь автомашиныг худалдан авах зорилгоор тус ББСБ-аас Бизнес-Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, 15,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар автомашины гэрчилгээг ....ХХК-д шилжүүлсэн. Зээлийн гэрээний төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан боловч автомашин шатсан. Бодь даатгал ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 9,818,280 төгрөгийг ББСБ-д шилжүүлсэн. Бид зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүг төлөх боломжгүй талаар мэдэгдсэн. Гэтэл нэхэмжлэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоохгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан талаар нэхэмжлэгч маргаагүй. Фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүрэггүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ....р, ..... нараас зээлийн гэрээний үүрэгт 6,291,634 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ....ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,182,737 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 115,616 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Зээлдэгч нарын барьцааны зүйл устсантай холбоотой Бодь даатгал ХХК-аас нөхөн төлбөрт 9,818,230 төгрөгийг шилжүүлсэн. Тус нөхөн төлбөрөөс үндсэн зээлд 2,235,270 төгрөг, зээлийн хүүд 7,444,607 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 138,403 төгрөгийг суутгасан нь Хөдлөх эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Гэтэл анхан шатны шүүх нөхөн олговроос үндсэн зээлд 8,908,699.68 төгрөг, зээлийн хүүд 909,503.32 төгрөг хасаж тооцох боломжтой гэж тооцсоноор 4,443,026.59 төгрөг төлөх үүрэг хариуцагч нарт үлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Талууд гэрээний 1.1.11-д зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу нөхөн олговроос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг суутган тооцсон. Шүүх зээлийн хүүг тооцоолохдоо автомашин шатсан үйл баримтаас зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ногдох зээлийн хүүнээс хөл хорио тогтоосон хугацааны хүүг хасаж тооцон, зээлийн хүүд 1,848,688.58 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Бид үндсэн зээлийн үлдэгдэл 11,125,476 төгрөгт ногдох хүүд 290,746 төгрөг шаардсан. Шүүх дээрх байдлаар үндсэн зээл, хүүгийн тооцооллыг хийхдээ Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4, Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолын 8 дахь хэсгийг үндэслэжээ.

Гэтэл Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай 10.7-д төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заасныг буруу тайлбарласан. Мөн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх зохицуулалтыг иш татсан байх боловч уг хуульд ийм зүйл, заалт үгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Зээлдэгч нар 19,000,000 төгрөгөөр автомашиныг худалдан авах зорилгоор ....ХХК-аас 15,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай зээлж уг автомашиныг барьцаалсан. ....р нь автомашины өмчлөлийг ....ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Улмаар 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр автомашин шатаж, ашиглах боломжгүй болсон. Даатгалын нөхөн төлбөр 9,818,280 төгрөгийг ....ХХК-д шилжүүлсэн. Даатгалын нөхөн төлбөр 9,813,280 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Талуудын хооронд Иргэний хулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээ байгуулагдсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх автомашины өмчлөх эрх нэхэмжлэгч талд шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Барьцааны зүйл болох автомашины өмчлөлийг барьцаалагч өөрийн нэр дээр шилжүүлэх талаар Иргэний хуульд тусгагдаагүй. Нэхэмжлэгч автомашин 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шатаж ашиглах боломжгүй болсныг мэдсэн, зээлдэгч үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх боломжгүй талаар мэдэгдсэн байхад тухайн үед нэхэмжлэл гаргахгүйгээр 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-нийг хүртэл хүү бодсон үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

 

1.а. Нэхэмжлэгч ....ХХК нь хариуцагч ....., ....р нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,125,476 төгрөг, зээлийн хүү 209,746 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,149 төгрөг, нийт 11,474,371 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 099070222010 дугаартай Бизнес-Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ....ХХК нь 15,000,000 төгрөгийг зээлдэгч ....р, ..... нарт зээлдүүлэх, зээлдэгч нар 15,000,000 төгрөгийг 40 сарын хугацаанд сарын 2,8 хувийн хүүгийн хамт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцож, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Nissan X-Trail маркийн 70-17 УБӨ улсын дугаартай автомашин болон гэр ахуйн цахилгаан барааг барьцаалсан байна. (хх-ийн 5-7)

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Зээлдүүлэгч ....ХХК нь зээлийн гэрээний дагуу 15,000, 000 төгрөгийг зээлдэгч ....р, ..... нарт шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

1.б. Зээлийн болон барьцааны гэрээгээр барьцааны зүйлийг Nissan X-Trail маркийн 70-17 УБӨ улсын дугаартай автомашин гэж тодорхойлсон ба уг гэрээний 3.7-д тээврийн хэрэгслийн өмчлөлийн эзэмшигчийн гэрчилгээг ....ХХК өөрийн нэр дээр бүртгүүлэн авах талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний шинжийг агуулсан байх боловч гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шатаж үгүй болсноор үүрэг гүйцэтгүүлэгчийн фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх дуусгавар болсон байна.

 

Улмаар Бодь даатгал ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 9,818,280 төгрөгийг нэхэмжлэгч ....ХХК-д шилжүүлснээс үндсэн зээлээс 2,235,270 төгрөг, зээлийн хүүнээс 7,444,608 төгрөгийг хасаж тооцсон нь зээлийн гэрээний 1.1.11-д Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийнг төлбөрийн дарааллаар төлүүлнэ гэсэн талуудын тохиролцоонд нийцсэн гэж үзнэ. (хх-ийн 10, 35) Талуудын тохиролцсон гэрээний хугацаа дуусаагүй тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.

 

Зээлдэгч нарын зээлийн гэрээний хугацаанд төлөх үүргийг тооцвол үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 10,736,491 төгрөг, нийт 25,736,491 төгрөг төлөхөөс үндсэн зээлд 3,874,524 төгрөг, зээлийн хүүд 10,736,491 төгрөг төлж үндсэн зээл 11,125,476 төгрөг, зээлийн хүүд 290,746 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 58,149 төгрөг, нийт 11,474,371 төгрөг төлөөгүй байна.

 

1.в. Зээлийн гэрээний 1.1.9-т ...Нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна... гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн тул хариуцагч нар нэмэгдүүлсэн хүү 58,149 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч ....р, ..... нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,125,476 төгрөг, зээлийн хүү 290,746 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,149 төгрөг, нийт 11,474,371 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ....ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцэх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1.г. Анхан шатны шүүх даатгалын нөхөн төлбөрт олгогдсон 9,818,230 төгрөгийг, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаарх үндсэн зээл, зээлийн хүүгээс хасаж тооцсон, зээлийн үлдэгдлийг 4,443,026.59 төгрөгөөр, зээлийн хүүг 1,848,688.58 төгрөгөөр тодорхойлж, хариуцагч нарын хүлээх үүргийг тодорхойлсон нь хууль болон гэрээнд нийцээгүй, үндэслэл бүхий болоогүй байна.

 

Мөн Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруурлах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан Бизнес-Автомашин худалдан авах зээлийн болон барьцааны гэрээнд уг зохицуулалт хамаарахгүй юм.

 

Түүнчлэн, дээрх хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт Зээлдэгч энэ хуулийн 141.1, 141.2-т заасны дагуу хөнгөлөлттэй зээлийн хүү, алданги төлөх эрхтэй бөгөөд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхыг шаардах эрхтэй гэж заасан нь талуудын хооронд үүссэн зээлийн гэрээнд хамаарахгүй байхад анхан шатны шүүх хамааруулан хэрэглэсэн нь буруу болжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж уг гэрээний нэмэлт үүрэг болох нэмэгдүүлсэн хүү шаардсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлаагүйг залруулах нь зүйтэй байна.

 

1.д. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Nissan X-Trail маркийн 70-17 УБӨ улсын дугаартай автомашиныг барьцаалсан боловч барьцааны зүйл болох автомашин шатаж устсан үйл баримт тогтоогдсон.

 

Зээлийн болон барьцааны гэрээний зарим заалт буюу 3.5, 3.7 дахь заалтууд фидуцийн гэрээний шинжийг агуулсан талаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсэг үндэслэлтэй хэдий ч уг гэрээний зүйл устсан тул нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрийг зээлийн гэрээний зарим үүрэгт тооцсоныг тээврийн хэрэгслийг бодитойгоор гаргуулан авсан гэж, улмаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон гэж тус тус үзэх үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2022/01119 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ....р, ..... нараас 11,474,371 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ....ХХК-д олгосугай гэж,

2 дахь заалтын ...115,616... гэснийг ... 198,540 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар тус тус баримтлан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчийн төлсөн 115,616 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ....ХХК-ийн төлсөн 97,880 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ