Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2022/00733

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2022/00733

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Бага тойруу 7/1 өөрийн байр “Т” ХХК

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Хатанбаатар Магсаржав гудамж 016 дугаар байр 19 тоотод оршин суух Н овогт Д У

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Хатанбаатар Магсаржав гудамж 016 дугаар байр 19 тоотод оршин суух И овогт Б.Б

 

46,522,962.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.М, С.У, хариуцагчийн төлөөлөгч Б.Д

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Б.Б, Д.У нарт холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Б.Б, Д.У нар нь “Төрийн банк” ХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 216 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээс үндсэн төлбөр төлөх үүргээ 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс, хүү төлөх үүргээ 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс зөрчсөн, уг зөрчлөө арилгаагүй. Иймд гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцлаж, гэрээний үүргээ шаардаж байна. 

 

2. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Хариуцагч Д.У хүндээр өвчилсний улмаас зээлээ төлөх боломжгүй болсон, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн.

2.2. Зээлдэгч нар гэрээний үүргээ 90 хоногоос дээш зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч барьцаа хөрөнгийг худалдан борлуулах эрхтэй, уг эрхээ санаатайгаар хэрэгжүүлэхгүй хүүг хуримтлуулж хариуцагчид санхүүгийн дарамт учруулсан.

 

2.3. Гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй тул барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд шилжүүлнэ гэжээ.

 

3. Хариуцагч Д.У хариу тайлбар гаргаагүй ба 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нас барсан байна.

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээ, түүний хавсралт, нотариатын үйлчилгээний баримт, 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 403233 дугаартай орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Б.Б, Д.У нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн зээл олгох гүйлгээний шийдвэр, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, зээлдэгчтэй хийсэн уулзалтын тэмдэглэл, зээл хүүний тооцоолол /ХХ-6, 8-24 дугаар тал/

 

5. Хариуцагч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ /XX-45 дугаар тал/

 

6. Хариуцагчийн хүсэлтээр шүүх барьцаа хөрөнгө болох орон сууцыг Д.Уын өмчлөлд бүртгэсэн гэрээг эрх бүхий байгууллагаас гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. /ХХ-ийн 53-59 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ биелүүлж 40,000,000 төгрөг шилжүүлсэн. Хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үндсэн төлбөр 34,943,304 төгрөг, үндсэн хүү 11,375,721.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 177,436.78 төгрөг, нотариатын зардал 26,500 төгрөг нийт 46,522,962.33 төгрөг төлөх үүрэгтэй байна. 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Гэрээг цуцлаж, үлдсэн төлбөрт тооцож барьцаа хөрөнгийг шилжүүлнэ, хариуцагч Д.У нь хүндээр өвчилсний улмаас зээлийг төлөх боломжгүй болсон, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, үүргээ биелүүлэхийг шаардсан анхны мэдэгдэл ирэх үед гэрээний үүргээ биелүүлээгүй 1671 хоног хэтэрсэн байхад барьцаа хөрөнгийг худалдан борлуулах эрхээ нэхэмжлэгч санаатайгаар хэрэгжүүлээгүй хүү хуримтлуулж хариуцагч нарыг санхүүгийн дарамтад оруулсан, төлбөрт төлсөн 7,645,543 төгрөгөөс үндсэн зээлийг хасаагүй, зөвхөн хүү хассан байгааг зөвшөөрөхгүй гэжээ.  

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2011 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 403233 дугаартай гэрээгээр хариуцагч нар нь “орон сууц худалдан авах” зориулалтаар 40,000,000 төгрөгийг 216 сарын хугацаатай, сарын 3.40 хувийн хүүтэй зээлэх, зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувиар төлөхөөр тохиролцжээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Уын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Дамбадаржаа /14060/ Бэлхийн 48 дугаар гудамжны 0 тоотод байршилтай 112м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, гаражаар хангуулахаар талууд тохирч 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлсэн байна

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ” гэж заасантай нийцжээ. Мөн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байх ба хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдэгч нар нь ашигласан хоногоор хүү төлөх, зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр төлөхөөр тохиролцсон байх ба 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 5,056,696 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хүүд 7,063,259.44 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүүд 56,518.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 198,157.05 төгрөг төлжээ. Талууд зээлийн төлбөрт төлсөн мөнгөний хэмжээнд маргаагүй. Зээлийн гэрээгээр зээлдэгч нарын сар бүр төлөх зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийн хэмжээг тогтоосон байна. Иймд хариуцагч нарын төлсөн төлбөр нь гэрээгээр тохирсон хэмжээнд хүрэлцээгүй тохиолдолд хүү, үндсэн төлбөр төлөх дарааллаар төлүүлэх нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт нийцнэ.   

 

Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд, тохирсон хэмжээгээр төлөөгүй буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Энэ асуудлаар хариуцагч маргаагүй, гэрээг хугацааны өмнө цуцлахыг зөвшөөрсөн байна. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээний үүргээ удаан хугацаанд зөрчсөн, уг үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр гэрээг цуцлаж, тухайн өдөр хүртэлх хугацааны үүргийг шаарджээ.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээг цуцлаж болно гэж заасан. Хүндэтгэн үзэх үндэслэлт гэдэгт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт зааснаас гадна мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасан хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээг цуцлаж болохоор зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон, эсвэл гэрээний үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулах хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол гэрээг цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл болно гэж ойлгоно. Харин “нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой” нөхцөл байдал байгаа тохиолдолд нэмэлт хугацаа олгохгүй байж болохыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт заажээ. 

 

Хариуцагч нар нь зээлийн үндсэн төлбөр төлөх үүргээ 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс хойш биелүүлээгүй, хүү төлөх үүргээ хугацаандаа биелүүлдэггүй, мөн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хүү төлөөгүй үйл баримт тогтоогдсон.  Мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаас үзвэл анх 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар хуримтлагдсан зээлийн болон хүүгийн төлбөрөө 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлөхийг шаардаж, үүнээс хойш 5 удаагийн мэдэгдлээр үүргээ биелүүлэхийг шаардсан байх ба тухайн хугацаанд хариуцагч нар зөрчлөө арилгаагүй, хариуцагч Д.У хүндээр өвчилсний улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй байдлаа нэхэмжлэгчид мэдэгдэж байжээ. Дээрх үйл баримт болон нотлох баримтаас үзвэл Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байна. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөр цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 34,943,304 төгрөг, хүүгийн төлбөрт 7,768,423.83 /2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар төлөх хүү 7,730,129.92 төгрөг + 5 хоногийн хүү 38,293.91 төгрөг/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 28,278.96 төгрөг нийт 42,740,006.79 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэлээс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү 3,756,455.54 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  /ХХ-ийн 19 дүгээр тал/

 

Нотариатын зардал нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх үүрэгтэй нь холбоотой тул нотариатын үйлчилгээний 26,500 төгрөгийг хасаж, нэхэмжлэлээс нийт 3,782,955.54 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.      

 

Хариуцагч Д.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нас барсан, маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт зааснаар Д.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /ХХ-ийн 67 дугаар тал/

 

Зохигчид барьцааны гэрээгээр хариуцагч Д.Уын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон байх ба уг гэрээ Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах үндэслэлтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 42,740,006.79 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,782,955.54 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ут холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Д.Уын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Дамбадаржаа /14060/ Бэлхийн дугаар гудамжны 0 тоотод байршилтай 112м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460,764.81 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 441,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.ГАНДИЙМАА