Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2022/00924

 

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00924

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/00733 дугаар шийдвэртэй, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.У, Б.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 46,522,962 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уранбилэг, хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дүүрэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:. Б.Б, Д.У нар нь Т ХХК-тай 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 216 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээс үндсэн төлбөр төлөх үүргээ 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс, хүү төлөх үүргээ 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс зөрчсөн, уг зөрчлөө арилгаагүй. Иймд гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргээ шаардаж байна гэжээ.

2. Хариуцагч Б.Б-гийн гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагч Д.У хүндээр өвчилсний улмаас зээлээ төлөх боломжгүй болсон, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Зээлдэгч нар гэрээний үүргээ 90 хоногоос дээш зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч барьцаа хөрөнгийг худалдан борлуулах эрхтэй, уг эрхээ санаатайгаар хэрэгжүүлэхгүй хүүг хуримтлуулж хариуцагчид санхүүгийн дарамт учруулсан. Гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй тул барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд шилжүүлнэ гэжээ.

3. Хариуцагч Д.У хариу тайлбар гаргаагүй ба 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нас барсан байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Батаагийн Баярмаагаас 42,740,006.79 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т-ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,782,955.54 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.У-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Д.Уын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Дамбадаржаа /14060/ Бэлхийн 48 дугаар гудамжны +++ тоотод байршилтай +++ талбай бүхий эрх улсын бүртгэлийн +++ дугаарт бүртгэлтэй хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460,764.81 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 441,850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Дамбадаржаа /14060/ Бэлхийн 48 дугаар гудамжны +++ тоотод байршилтай 112 м.кв талбай бүхий зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Д.У-ын нэр дээр өмчлөгчөөр бүртгэлтэй байх тул Б.Б-гийн хувьд зээлдэгч нас барсан тул гэрээний дагуу тооцогдсон нийт хүүг зөвшөөрөхгүй, үндсэн зээлийг үүрэг залгамжлагч тогтоогдсоны дараа төлүүлэхээр шийдвэрлүүлэх, барьцаанаас үүрэг гаргуулахыг өв залгамжлагч тогтоогдсоны дараа гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн Т-нь хариуцагч нар зээлийн үндсэн төлбөр төлөх үүргээ 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс биелүүлээгүй байхад шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон харилцагчдаа санхүүгийн дарамт учруулан шүүхэд нэхэмжлэл гаргалгүй, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож явсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. Барьцааны зүйл нь талийгаачийн өмчлөлд байгаа бөгөөд Б.Б-гаас гаргуулах боломжгүй. Жилийн дараа өв нээгдэхээр барьцааны зүйлийг Т-ХХК-д шилжүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах саналтай байгаа гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Зөвхөн өвийн талаар маргаж байгаа биш зээлийн хүүгийн талаар маргадаг гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т-ХХК нь хариуцагч Д.У, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 34,943,304 төгрөг, зээлийн хүү 11,375,721.55 төгрөг, хохиролд 26,500 төгрөг, нийт 46,522,962.33 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч Б.Б нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн байна. Харин хариуцагч Д.У 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нас барсан байна.

3. Зохигчид 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр №403233 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нар нь орон сууц худалдан авах зориулалтаар 40,000,000 төгрөгийг 216 сарын хугацаатай, сарын 3.40 хувийн хүүтэй зээлэх, зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувиар төлөхөөр тохиролцжээ. Мөн хариуцагч Д.Уын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Дамбадаржаа /14060/ Бэлхийн 48 дугаар гудамжны +++ тоотод байршилтай 112 м.кв талбай бүхий эрх улсын бүртгэлийн +++ дугаарт бүртгэлтэй хувийн сууц, гаражаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх 9-12/

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орон сууцны зээлийн болон барьцааны гэрээний нэг тал буюу хариуцагч Д.У нас барсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар эрх залгамжлагч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах шаардлагатай бөгөөд энэ ажиллагааг явуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/00733 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.ЦОГТСАЙХАН