Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/00466

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ж.Н

 

Хариуцагч: Д.Г 

 

Хариуцагч: Б

 

35,900,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 13,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Н, хариуцагч Д.Г, Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, гэрч Б.Г, С.Э

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч Д.Г, Б.Г нарт холбогдуулан гэрээний төлбөр болон хохиролд 35,900,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 

1.1. Д.Г, Б.Г нартай 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу DOOSAN 300 DX маркийн экскаватор, ZL50C маркийн ковшийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлж, үүргээ биелүүлсэн.  

 

1.2. Хариуцагч нар гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс 30,900,000 төгрөгийн төлбөртэй байна.

 

1.3. Хариуцагч нар гэрээний дагуу экскаватор, ковшийг буцааж өгөх үүргээ биелүүлээгүйгээс өөрийн зардлаар очиж авч 5,000,000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.    

 

2. Хариуцагч Д.Г, Б.Г нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Тухайн техникүүд ажиллагаагүй, эвдрэлтэй байсан тул ашиглаагүй, уг эвдрэл, гэмтлийг засварлаж өгөхийг шаардсан боловч энэ үүргээ биелүүлээгүй, техникүүдээ авахыг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч ирж аваагүй гэжээ.

 

3. Хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Ж.Нд холбогдуулан түрээсийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 10,000,000 төгрөг, тээврийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

 

3.1. Түрээслэсэн техникүүд ажиллагаагүй, эвдрэлтэй байснаас ашиглаагүй, гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой техник шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс, эвдрэл, гэмтлийг засварлаж өгөөгүйгээс гэрээнээс татгалзсан. Иймд урьдчилгаа төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан авна. 

 

3.2. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, шаардлага хангасан техник шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс техникийг очиж авсан зардалд 3,000,000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

 

4.1. Гэрээний дагуу шилжүүлсэн техникүүд ямар нэг эвдрэл, гэмтэлтэй байгаагүй, эвдрэл, гэмтлийн талаар огт мэдэгдэж байгаагүй. Тухайн техникийг 4 оператор ээлжлэн очиж ажиллуулж байсан, эдгээр хүмүүст ажилласан хугацааны цалин хөлсийг олгосон.

 

4.2. Гэрээгээр тээврийн зардлыг түрээслэгч буюу хариуцагч нар төлөхөөр тохирсон.

 

4.3. Нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй, техникүүдийг ашиглах боломжгүй эвдрэлтэй байсан гэсэн тайлбараа хариуцагч нотлоогүй гэжээ.   

 

5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2019/02 дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, “Г” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтууд, “Гүнтэлмэн” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 19/05 дугаартай ачаа тээвэрлэлтийн гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 19/08 дугаартай ачаа тээвэрлэлтийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникүүдийн өдөр бүрийн ажлын бүртгэл, ажилчдын цагийн бүртгэл, Ж.Н, Ж.Э нарын Хаан банкны дансны хуулга, “Гүнтэлмэн” ХХК-ийн цалингийн тооцоолол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Ж.Нн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ж.Нн гэрлэсний бүртгэлийн лавлагаа

 

6. Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

7. Шүүх талуудын хүсэлт болон өөрийн санаачлагаар дараах баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Гүнтэлмэн” ХХК-ийн 2019 оны 4,5 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дэлгэрэнгүй лавлагаа, Ж.Э, Ө.Г, С.Э, Б.Г нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, гэрээний дагуу DOOSAN 300 DX маркийн экскаватор, ZL50C маркийн ковшийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлж, үүргээ биелүүлсэн. Хариуцагч нар төлбөр төлөх болон техникийг буцааж өгөх үүргээ биелүүлээгүйгээс өөрийн зардлаар очиж авсан тээвэрлэлтийн зардал 5,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 30,900,000 төгрөг нийт 35,900,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Техникүүд нь эвдрэлтэй байсан, уг эвдрэл, гэмтлийг гэрээний дагуу нэхэмжлэгч засварлах үүргээ биелүүлээгүйгээс тухайн техникүүдийг ашиглаагүй гэжээ.    

 

4. Хариуцагч Б.Г сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, тухайн эд хөрөнгөө засварлах үүргээ биелүүлээгүйгээс гэрээний зорилго биелэгдэх боломжгүй болж гэрээнээс татгалзсан үндэслэлээр түрээсийн урьдчилгаа төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан авна. Мөн нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тээврийн зардал 3,000,000 төгрөг гаргуулна.

 

5. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрөв. Үүнд: Техникүүд ямар нэг эвдрэл, гэмтэлтэй байгаагүй, доголдолтой холбоотой асуудлыг мэдэгдэж байгаагүй, нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн тайлбараа нотлоогүй, гэрээгээр тээврийн зардлыг түрээслэгч тал төлөхөөр тохирсон гэжээ.

 

6. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ”-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр Ж.Н нь 10-52 УН улсын дугаартай экскаватор, 23-16 УБ улсын дугаартай ковш шилжүүлэх, хариуцагч нар нь экскаватор ашигласны нэг сарын хөлс 18,000,000 төгрөг, ковш ашигласны нэг сарын хөлс 10,000,000 төгрөг төлөхөөр тохирсон байна. Тухайн гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсжээ. Дээрх гэрээг байгуулсан талаар зохигч маргаагүй, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Тухайн гэрээг түрээслэгч Д.Гийг төлөөлж Б.Г гарын үсэг зурсан байх боловч уг гэрээг Д.Г, Б.Г нар нэхэмжлэгч Ж.Нтэй байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй. Иймд түрээсийн гэрээг зохигчийн хооронд байгуулагдсан гэж үзэв.

 

Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг “2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл экскаваторын түрээсийн төлбөрийг нэг өдрийн 600,000 төгрөгөөр тооцож 47 өдрийн 28,200,000 төгрөг, ковшийн түрээсийн төлбөрийг нэг өдрийн 334,000 төгрөгөөр тооцож 47 өдрийн 15,700,000 төгрөг нийт 43,900,000 төгрөг үүнээс урьдчилж өгсөн 13,000,000 төгрөгийг хасч 30,900,000 төгрөг” гэж тодорхойлж, техникүүдийг очиж авсан зардал гэж 5,000,000 төгрөг нэмж нэхэмжлэлийн шаардлагаа 35,900,000 төгрөг гэж тодорхойлжээ.   

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч тал экскаватор, ковшийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч нарын эзэмшилд шилжүүлсэн асуудлаар болон төлбөрт төлсөн мөнгөн дүнгийн хэмжээнд зохигч  маргаагүй.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.1.1, 288.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь түрээслэх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх, гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх үүрэгтэй. Энэхүү үүргийг нэхэмжлэгч биелүүлээгүйгээс эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон бол Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар хөлс төлөхөөс татгалзах эрхтэй. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан шаардлага хангаагүй, ажил хийх боломжгүй эвдрэл гэмтэлтэй техник хэрэгсэл шилжүүлсэн, уг эвдрэл гэмтлийг засварлах үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзэв. Хариуцагч талын хүсэлтээр асуусан гэрч Б.Г “экскаватор нь бараг ажил хийгээгүй, ковш нь ганц нэг суурь хийж өдөрт ганц хоёр цаг ажил хийсэн, 2-3 оператор ээлжилж очсон, экскаватор халаад байна, ажил хийж болохгүй байна гээд ажил хийгээгүй“ гэж мэдүүлсэн ба уг мэдээллийг үнэн зөв гэж үзэх өөр баримт хэрэгт байхгүй байна. Иймд гэрчийн мэдүүлгээр техникүүдийг гэрээнд заасан шаардлага хангаагүй, эвдрэл гэмтэлтэй байснаас ашиглах боломжгүй байсан нь тогтоогдсон гэж үзэхгүй.   

 

Талууд техникүүдийг хариуцагчийн эзэмшилд байсан хугацааны асуудлаар маргаантай байх бөгөөд уг хугацааг нэхэмжлэгч нь “2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл” гэж тодорхойлсон, хариуцагч нь эзэмшилдээ авсан хугацааны талаар маргаагүй, техникүүдийг нэхэмжлэгч авч явсныг зөвшөөрч байгаа боловч тухайн хугацааг тодорхойлж чадаагүй, энэ талаар ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй байна.  

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Гүнтэлмэн” ХХК, С.Эр нарын хооронд байгуулагдсан “Ачаа тээвэрлэлтийн гэрээ”-гээр экскаватор, ковшийг Төв аймгийн Заамар сумаас тээвэрлүүлж авчирсан болох нь дээрх гэрээ болон гэрээний төлбөр төлсөн бэлэн мөнгөний зарлагын баримт, гэрч С.Э, Ж.Э нарын мэдүүлгээр тогтоогдсон, техникийг нэхэмжлэгч авч явсан үйл баримтад хариуцагч маргаагүй. Иймд эд хөрөнгүүдийг хариуцагчийн эзэмшилд байсан хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл тодорхойлсныг үндэслэлтэй гэж үзэв.   

 

Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт “Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нар гэрээнд заасан хугацаа дуусгавар болоход эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш эд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байсан хугацаанд түрээсийн гэрээний дагуу тогтоосон төлбөрийн хэмжээгээр түрээсийн төлбөр шаардах эрхтэй гэж ойлгоно.  

 

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь 47 өдрийн экскаваторын түрээсийн төлбөрт 28,200,000 төгрөг /18,000,000 : 30 = 600,000 x 47 = 28,200,000/, ковшийн түрээсийн төлбөрт 15,666,651 төгрөг /10,000,000 : 30 = 333,333 x 47 = 15,666,651/ нийт 43,866,651 төгрөг төлөхөөс урьдчилж төлсөн 13,000,000 төгрөгийг хасч 30,866,651 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймд түрээсийн төлбөрт илүү шаардсан 33,349 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс тооцсон болно. 

 

Талууд гэрээгээр техникүүдийг хүлээн авах болон буцаан өгөхөд гарах зардлыг хариуцагч тал хариуцахаар тохирсон байх ба уг үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч өөрөөсөө зардал гаргаж эд хөрөнгүүдээ буцаан авсан үндэслэлээр хохирол 5,000,000 төгрөг шаардсан. Техникүүдийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Гүнтэлмэн” ХХК, С.Э нарын хооронд байгуулагдсан “Ачаа тээвэрлэлтийн гэрээ”-гээр Төв аймгийн Заамар сумаас тээвэрлэн ирж, зардлыг “Гүнтэлмэн” ХХК төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нь “Гүнтэлмэн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 40 хувийн хувьцаа эзэмшигч боловч “Гүнтэлмэн” ХХК-иас гарсан зардлыг шаардах эрх бүхий этгээд биш. Мөн дээрх зардал нэхэмжлэгчээс гараагүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар 5,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.   

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Б.Г нь нэхэмжлэгчийг гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгөө засварлах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний зорилго биелэгдэх боломжгүй болж гэрээнээс татгалзсан үндэслэлээр түрээсийн урьдчилгаа төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан авах, хохирол 3,000,000 төгрөг нийт 13,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Уг шаардлагаа хариуцагч “13,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөг нь түрээсийн төлбөр, 3,000,000 төгрөг нь тээврийн зардал бөгөөд түрээсийн төлбөрт техникийг ажиллуулах жолоочийн цалин хөлс, техникийг хүргэх, буцаан өгөх зардал, техникийн засвар, үйлчилгээний зардал орсон, нэхэмжлэгч бүрэн бүтэн техник шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол тээврийн зардал 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийг хариуцах ёстой” гэж тодорхойлсон байна.

 

Гэрээний 5.1-д нэг сарын түрээсийн төлбөрийг экскаватор 18,000,000 төгрөг, ковш 10,000,000 төгрөг гэж, 5.6-д “техникийг ажлын талбайд хүргэх болон буцах тээврийн зардлыг Б тал буюу түрээслэгч хариуцна” гэж тохирчээ. Талуудын тохиролцооноос үзвэл түрээсийн төлбөр, тээврийн зардлыг тус тусдаа тогтоож, тээврийн зардлыг хариуцагч өөрөө хариуцахаар тохирсон байх тул 3,000,000 төгрөгийг тээврийн зардал гэж тодорхойлох үндэслэлгүй байна. Иймд хариуцагч нарын төлсөн 13,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцох үндэслэлтэй.    

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 288.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх, уг эд хөрөнгөдөө засвар, үйлчилгээ хийх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нар гэрээг цуцлах эрхтэй байна. Түрээсийн гэрээний хувьд гэрээнээс татгалзах буюу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах шаардлага гаргах боломжгүй бөгөөд харин гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн гэрээг цуцлаж, үүнтэй холбоотой хохирол шаардах боломжтой. Гэрээг цуцлахдаа гэрээнээс татгалзах журмаар буюу Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасны дагуу хэрэгжүүлнэ. Уг хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээ цуцлах тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдэх бөгөөд энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь нэхэмжлэгчид хүрсэн буюу хүлээн авсан байх шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нь гэрээ цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, түүний хүсэл зоригийн илэрхийлэл нэхэмжлэгчид хүрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. Иймд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээ цуцласантай холбоотой хохирол шаардах эрхгүй байна. Мөн техникүүд нь эвдрэл, гэмтэлтэй буюу гэрээний дагуу ашиглах боломжгүй, ашиглалтын шаардлага хангаагүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагч хохирол шаардах үндэслэлгүй. Иймд 13,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г, Б.Г нараас 30,866,651 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж Нд олгож, нэхэмжлэлээс 5,033,349 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ж.Нд холбогдох 13,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Г, Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 312,283 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.ГАНДИЙМАА